Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 207/ма2024/00098

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2024/00098

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/01082 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Барааны дутаасан мөнгө 11.948.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж, шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******* худалдааны төвд байрлах цүн чемодамны төрөлжсөн лангуун дээрээ Отгонбаярыг зарын дагуу худалдагчаар ажилд авсан. Ажилд авахдаа хоёулаа хоорондоо итгэлтэй найдвартай ажиллана гэж тохиролцсон. 2023 оны 09 сарын 02-ноос 2024 оны 06 сарын 13-ныг хүртэл 9 сар 13 хоногийн ажиллах хугацаандаа нийт 11,948,000 төгрөгийг дутааж ажилласан. Иймд энэ дутаасан мөнгийг маань гарсан зардлын хамт яаралтай гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* миний бие нь 2023 оны 09 сарын 02-ны өдөр ******* худалдааны төвд байрладаг цүнх чемоданы төрөлжсөн лангуунд худалдагчаар орсон. 2023 оны 9 дүгээр сарын 02-нд тооллого хийгээд хүлээж авсан боловч 3 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 05-ны өдөр хуучин худалдагчаас их дутлаа, арай л дутаад зөрөөд байна гэж хэлээд дахин өөрөө тоолсон боловч би хамт тоолж, хамт сууж эхний үлдэгдлээ шахаж яг хэдэн төгрөгийн бараа хүлээж авсанаа хүлээж аваагүй. Би худалдагч хийх 9 сарын хугацаанд 11.948.000 төгрөг дутаагаагүй. Дутах ёс байхгүй. 2024 оны 6 дугаар сарын 13-нд тооллого хийж хүлээлгэж өгсөн. 11.948.000 төгрөг дутсан гэсэн боловч би өөрөө хөтөлж байсан 2 дэвтрээ шалгаж давхар цохиж үзье гэж хэлсэн боловч өгөөгүй. Би дээрх 11.948.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний хүсэлтийн дагуу үнэн зөвөөр шалгаж, нягталж шийдвэрлэж өгнө үү гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/01082 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас 3.000.000 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.948.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 62.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

2023 оны 9 дүгээр сараас 9 сар ажиллаад 2024 оны 6 дугаар сард гарахдаа 4.064.000 төгрөгийн бараа гарын үсэг зурж хүлээж авсан. 34.132.000 төгрөгийн бараа 9 сарын хугацаанд нэмж авсан. 9 сард нийт 26.103.000 төгрөгийн орлого надад өгсөн. 35.784.000 төгрөгийн барааг 2024 оны 6 дугаар сард надад хүлээлгэж өгсөн. Буцаасан бараа 515.000 төгрөг, цалин 422.000 төгрөг хасаад 11.948.000 төгрөг дутуу хүлээлгэж өгсөн. *******тай 2 удаа гэрт нь очиж тулгалт хийж баталгаажуулж гарын үсгээ зурсан. ...Сүүлд уулзахад хүүхэд, ах дүү нартаа чамд өгөх ёстой гэж бүгдэд нь хэлчихсэн, төлж дуусгана гэж байсан боловч шүүх хурал дээр би аваагүй гээд сууж байсан. ...Бичиг баримт дутуу байхад шийдвэр гаргасанд гомдолтой байна... гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Батмягмармаа нь хариуцагч *******т холбогдуулан Барааны дутаасан мөнгө 11.948.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.948.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч *******ыг ******* худалдааны төвд байрлах цүнх чемоданы төрөлжсөн лангуун дээр худалдагчаар ажилд авсан ба сарын 650.000 төгрөгний цалин өгөхөөр тохиролцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч *******ын өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр 3.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.948.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч ******* ...Бичиг баримт дутуу байхад шийдвэр гаргасанд гомдолтой байна... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зохигчийн нэрийг зөв бичсэн атлаа хариуцагч гэдгийг нэхэмжлэгч гэж бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.118 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/01082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.118 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР