Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 056

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

     шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

     орчуулагч А.Е,  

     улсын яллагч М.Ф,

     хохирогч Ж.Д ,

     хохирогчийн өмгөөлөгч С.Т,

     шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

     Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-гийн Б д холбогдох эрүүгийн 1913000000000 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Алтай сумд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багт оршин суудаг, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овгийн Б  Б , регистрийн дугаар: БА00000000.

     Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

     Б.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Алтай сумын төвд өөрийн эзэмшлийн Уаз-31510 маркийн 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, явган зорчигч болох бага насны буюу 5 настай хүүхэд Д.Ф г мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос гаргасан мэдүүлэг.

     1. Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Би хүүхдүүдийг буулгачхаад сумын доод тал руу явж байсан чин хүүхэд дагуулсан ах явж байсан. Тэгээд би ирээд өөрөө түрүүлээд гарчих байх гэж бодсон чин гарч амжаагүй ба хүүхэд гүймээр шиг болсон, тоормос гишгэж машин зогсоох арга хэмжээ авсан чин зам халтиргаатай болоод тоормос барилгүй хүүхдийг мөргөсөн. Тэгээд хүүхдийг лагуулж эмчид үзүүлэн арга хэмжээ авсан. Хохирогчид нийт 2.500.000 төгрөгийн өгч, хоорондоо эвлэрсэн. Хийсэн хэргээ хүлээж, гэмшиж байна гэв.

     2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д аас мэдүүлэхдээ: Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. 2 сар ажилгүй байсан хохирол болох 1.000.000 төгрөгийг төлж өгвөл боллоо гэв.

     Хоёр: Эрүүгийн 1913000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     1. Насанд хүрээгүй хохирогч Д.Ф гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ...Манай гэр Алтай сумын 4 дүгээр багт байдаг ба аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. Би Ж.Д ын 2 дахь хүүхэд нь одоо 5 настай юм. Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 10 цагийн үед гэрээс гарч цэцэрлэг рүү ах, 2 дүүгийн хамт гудамжаар явган явж байхад цагаан өнгийн супер Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл миний араас шүргэсэн ба би тухайн үед ухаан алдсан байна. Тэгээд миний төрсөн ах аав, ээжийг дагуулж ирсэн. Тэгээд намайг сумын эмнэлэгт үзүүлсэн ба яаралтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэж эмч нар аав, ээжид хэлсэн. Тэгээд надыг сумаас таксигаар аав ээж маань аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

... 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өглөө 10 цагийн үед цэцэглэг рүү ах болох А, миний 2 дүүтэй бид дөрвүүлээ гэрээс гарч гудамжаар явган явж байхад цагаан өнгийн супер Уаз-469 маркийн тээврийн хэрэгсэл миний араас мөргөсөн ба би газар унаж босоод ирэхэд уг тээврийн хэрэгсэл дахиж ирж мөргөж зогссон юм. Тэгэхэд надыг дагуулж явж байсан А миний аав, ээж рүү залгаж хэлсэн. Тэгээд надыг сумын төвийн эмнэлэгт авч ирж үзүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93, 99 дүгээр хуудас/,

     2. Гэрч А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Би сумын төвд Ж.Д  гэдэг ахын гэрт амьдардаг. Миний бие тэр өдөр өглөө 10 цагийн үед төрсөн ахын хүүхдүүдийг сумын төвд цэцэрлэг рүү хүргэхээр гэрээс гарсан юм. 2 настай дүүг баруун гарт тэврээд, 3 настай дүүгээ зүүн талын гараар хөтөлж, 5 настай дүү маань өөрөө миний хажууд хамт явж байсан. Тэгэхэд сумын дээд талаас цагаан өнгийн Уаз-469 маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эмэгтэй хүн жолоодож ирж явсан ба уг тээврийн хэрэгсэл 40-50 км цагийн хурдтай ирж байсныг анзаарч хараад 5 настай дүүгээ замаас гараарай гэж хэлж амжаагүй байхад нөгөө тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд гулзаад замаас гарч 5 настай дүүгээ араас нь мөргөж унгаагаад нөгөө хүүхэд босоод ирэхэд нь дахин мөргөж зогссон юм. Тэгээд машинаас нэг эмэгтэй хүн бууж ирсэн. Тэгээд би гүйж очиж ах, бэр эгч хоёрт утсаар мэдэгдсэн. Тэгээд бэр эгч маань ирж дүүгээ сумын эмнэлэгт хүргүүлсэн. Тухайн үед дүүгийн амнаас цус гарч 2 шүд нь унасан байсан. Тэгээд би үлдсэн 2 дүүгээ цэцэрлэг рүүн хүргэж өгөхөөр явсан юм. Тухайн үед тээврийн хэрэгсэн жолоодож явсан хүн бага насны эмэгтэй хүн байсан. Ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба эрүүл байсан юм. Тухайн үед 5 настай дүү маань машины замаар явж байсан. Уг тээврийн хэрэгсэл замын хажууд мөргөсөн ба машины дугуй гулзаад замаас гарч дахиж мөргөж унагаагаад зогссон болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95, 106 дугаар хуудас/,

     3. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт:

     - Иргэн Д.Ф гийн биед нэмэлт шинжилгээгээр тархины доргилттой, тархины хальсны архаг үрэвсэлтэй, тархины бор цагаан бодисын ялгарал буурсан, атираа ховилын захын тодрол буурсан, зүүн талын чихний хэнгэрэг цоорсон, баруун талын элхэгийн хөндий болон зүүн талын дунд чих ба хөхлөг сэртэнгийн хөндийд хана дагасан шингэний болон зөөдөн эдийн нягттай үрэвслийн дээд эрүүний баруун зүүн талын үүдэн 1 шүд хугарсан, үүдэн 1, 2, 3 шүд суларсан, дээд уруулын дотор талд язарсан шарх, хамрын нурууны мурийлттай, зүүн талын архаг чихний үрэвсэлтэй, хамрын хөндийн архаг үрэвсэлтэй зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     - Иргэн Д.Ф гийн биед үүссэн гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.

     - Ерөнхий хөдөлмөрийн чадварт удаан нөлөөлөх гэмтэл болно.

     - Нэмэлт    шинжилгээгээр дээрх гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж эрүүл мэндийг 30 хоногоос дээш сарниулсан, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 3 заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно.

     - Иргэн Д.Ф гийн дээрх гэмтлүүд бүгд шинэ гэмтэл ба гэмтлийн үлдэц хор уршиг нь тогтоогдсон байна.

     - Иргэн Д.Ф гийн биед нэмэлт шинжилгээгээр дээрх гэмтэл ЗТО-р үүссэн шинэ гэмтлийн хор уршиг үлдэц нь чихний хэнгэрэг цоорсон үрэвсэж хүндрэл өгч улмаар эмчлэгдсэн эрүүл мэндийг удаан сарниулж эмчлэгдэж байна.

     - Иргэн Д.Ф гийн амбулаторийн карт, КТГ-ийн СД УБ хотод эмчлүүлсэн карт зэргийг хавсаргав гэх дүгнэлт /хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,

     4. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т ын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт:

     1.Жолооч Б.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.

     - Осол гарах болсон шалтгаан нь жолооч Б.Б  нь зогсоох арга хэмжээ аваагүй, хурдыг тохируулж яваагүй улмаас зам тээврийн осол болох гол шалтгаан болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/,

     5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д аас мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын тооцооны баримтууд /хавтаст хэргийн 73-87 дугаар хуудас/,

     6. Насанд хүрээгүй хохирогч Д.Ф д яаралтай тусламж үзүүлсэн тухай эмнэлгийн хуудас, өвчтөний түүх, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хавтаст хэргийн 59-69, 88-91 дүгээр хуудас/,  

     7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Миний охин Д.Ф  энэхүү зам тээврийн осолд холбогдож, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирснаас нийт эмчилгээний зардалд 2.490.000 төгрөгийн бодит хохирол гарсан болно. Иймд буруутай этгээд буюу яллагдагч Б.Б гаас бүх хохирлыг нэхэмжилж байгаа. Яллагдагч Б.Б  миний охин Д.Ф д учирсан нийт хохиролд 2.500.000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж, Д.Ф  болон түүний хууль ёсны төлөөлөгч надыг гомдол саналгүй болгож, бид нар хоорондоо сайн дураараа эвлэрч, цаашил яллагдагч Б.Б гаас нэхэмжлэх зүйл байхгүй болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/,

     8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д ын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтэд: “Эрүүгийн 1913000000000 дугаарын хохирогч Л.Ф гийн хууль ёсны төлөөлөгч буюу төрсөн эцэг билээ. Энэ хэргийн яллагдагч Б.Б  бид хоёр хоорондоо эвлэрсэн ба ямар нэгэн гомдол байхгүй. Би хүүхдээ Улаанбаатар хот оруулж эмчлүүлсэн гарсан зардалд хохирол болох 2.500.000 төгрөгийг авлаа” гэж бичсэн баримт /хавтаст хэргийн 136 дугаар хуудас/,

     9. Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн шалган ажиллагаанд мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгаас өглөө 07 цагт өөрийн эзэмшлийн Уаз-31510 маркийн 0000 БӨА улсын дугаартай машинаар гараад Алтай сумын төвд 10 цагийн үед очсон. Эхлээд ээжийг сумын төвд хүргэчхээд дараа нь аймгаас зорчиж явсан 3 хүүхдийг нэг айлд буулгачхаад сумын дээд талын гудамжаар ганцаараа 40 км цагийн хурдтай явж байхад үзэгдэх орчин нь 40-50 метрийн зайтай нэг том эрэгтэй залуу хажууд нь 3 бага насны хүүхдийн нэгийг баруун гартаа тэвэрсэн, нэг хүүхдийг зүүн гар талд хөтөлж нэг хүүхэд нь хажууд нь явж байсныг харсан. Тэгэхэд цуг явж байсан нэг эмэгтэй хүүхэд миний тээврийн хэрэгслийн урдуур замаар хөндлөн гүйгээд гарахад нь машины хурдыг хасаж тоормос гишгэсэн. Тэгэхэд нөгөө хүүхэд буцаад зам руу эргэж хараад гүйх шинжтэй байхаар нь зогсоох арга хэмжээ авахаар тоормос гишгэсэн боловч машины дугуй гулзаад замаас гарч нөгөө хүүхдийг араас нь мөргөчихсөн. Тэгэхэд нийлээн сандарсан ба машинаас бууж очиход нөгөө ах нь хүрч ирээд машинд мөргүүлсэн дүүгээ босгож авсан ба амнаас нь цус гарчихсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/,

     10. Шүүгдэгч Б.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 127 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 128 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

     Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

     1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

     Б.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд өөрийн эзэмшлийн Уаз-31510 маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт буюу Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчиж явган зорчигч болох бага насны буюу 5 настай хүүхэд Д.Ф г мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Ф гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 93, 99 дүгээр хуудас/, гэрч А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 95, 106 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х ын 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т ын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д аас мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн хохирлын тооцооны баримтууд /хавтаст хэргийн 73-87 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Д.Ф д яаралтай тусламж үзүүлсэн тухай эмнэлгийн хуудас, өвчтөний түүх, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хавтаст хэргийн 59-69, 88-91 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д ын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 136 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/ болон шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон нотлогдон тогтоогдож байна.      

     Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө өөрийгөө өмгөөлж, өөрийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

     Хууль зүйн дүгнэлт:

     Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд өөрийн эзэмшлийн Уаз-31510 маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт буюу Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчиж явган зорчигч болох бага насны буюу 5 настай хүүхэд Д.Ф г мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б гаас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

     Иймд шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

     Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

     Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

     Шүүгдэгч Б.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Ф гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагаанд явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д тай сайн дураараа эвлэрсэн байна. Мөн учруулсан хохирлын мөнгө болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б гаас  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д ад төлсөн ба шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д аас 2 сар ажилгүй байсан хугацааны цалин 1.000.000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байна.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д аас гаргаж өгсөн баримтыг А.Ш  хэмээх иргэн бичсэн ба агуулгаас үзэхэд “...надад машин жолоодох эрхийн үнэмлэх байхгүй улмаас Жагсал овогтой Д тай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийж, миний эзэмшлийн tkak маркийн 0000 БӨТ улсын дугаартай автомашиныг Өлгий, Алтай хооронд жолоодож ачаа ачих, жолоодохоор тохиролцож А.Ш  би сард хөлсөнд Ж.Д ад 500.000 төгрөг өгч байхаар болсон билээ.

     Гэвч иргэн Ж.Д ын охин Д.Ф г машин мөргөж гэмтээснээр иргэн Ж.Д  хоёр сар ажил эрхэлж чадаагүй болно. Иймд хоёр сарын цалин хөлс 1.000.000 төгрөг авч чадаагүй хохирсон болно. 2019 оны 2 дугаар сарын 20-ноос эхлэн дахиж ажилд орж одоо ажиллаж байгаа болно” гэжээ.

     Дээрх баримтыг иргэн А.Ш  гэгч бичиж, нотариатчаар гэрчлүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өөрийгөө бусдын машиныг жолоодож, орлого олж байсан талаар мэдүүлж байгаагүй, энэ талаар хавтаст хэрэгт хөндлөнгийн бусад нотлох баримт аваагүй, мөн мөрдөн байцаалтын ажиллагаа болон хэргийг прокурорын шатанд хянах явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д аас яллагдагч Б.Б гаас нийт хохиролд 2.500.000 төгрөг төлүүлж авсан тухай тодорхой мэдүүлж, хүсэлтээ бичгээр гаргасан тул шүүгдэгч Б.Б гаас 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д ад олгох боломжгүй тул энэхүү иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Хохирогчийн өмгөөлөгч С.Т  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд насанд хүрээгүй хохирогч Д.Ф гийн биед учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүссэнийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.     

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б.Б гаас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5/35  дугаартай саналд яллагдагч Б.Б д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б.Б  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

     Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

     Шүүгдэгч Б.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

     Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

3. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Б.Б д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн СД бичлэг 2 ширхгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Ц овогт Б -ын Б г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     4 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д ын хоёр сарын цалин хөлс 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б  нь хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

     5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчид цагдан хорих   таслан   сэргийлэх   арга   хэмжээ   авагдаагүй,  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

     6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Шийтгэх  тогтоол   хүчин   төгөлдөр  болмогц  шүүгдэгч   Б.Б гийн   иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Х-д даалгаж, хэрэгт авагдсан СД бичлэг 2 ширхгийг хэрэгт хадгалсугай.

     8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

     9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б д авсан   хувийн   баталгаа   гаргах  таслан  сэргийлэх   арга  хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т