Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 059

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т  даргалж,

     нарийн бичгийн дарга К.Е,

     орчуулагч Ө.Э,

     улсын яллагч Я.Д ,

     шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д,

     шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.К ,

     шүүгдэгч Ч.А, О.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А , О.А нарт холбогдох 1813000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     1. Оросын холбооны улсын Бүгд найрамдах Тува улсын иргэн, яс үндэс тува, Ч.А , 2001 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, ах дүү нарын хамт Оросын холбооны улсын Бүгд найрамдах Тува улсын Мөнгөнтайга хошууны Мөнгөнбүрэн тосгонд оршин суудаг, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх,

     2. Оросын холбооны улсын Бүгд найрамдах Тува улсын иргэн, яс үндэс тува, О.А , 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, эгчийн хамт Оросын холбооны улсын Бүгд найрамдах Тува улсын Мөнгөнтайга хошууны Мөнгөнбүрэн тосгонд оршин суудаг, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх.

     Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

     1. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь үгсэн тохирч, бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр хилийн 74 дүгээр тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, иргэн И.А ийн хашаанаас 3 тооны адууг хулгайлсан,

     2. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хилийн 78/1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 400 метр газраар хяналт шалгалтаас гадуур Оросын холбооны улсын талаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,

     3. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хяналт шалгалтаас гадуур /боомт бус газар/ зохих эрхийн бичиг баримтгүйгээр хууль бусаар хил нэвтэрч, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Т.М ын 1 тооны адуу, хохирогч Б.Д гийн 1 тооны адуу, хохирогч Б.М ийн 1 тооны адуу, хохирогч А.С ын 1 тооны адуу нийт 4 тооны адуу хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулж, Монгол Улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Оросын холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн,

     4. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 86 дугаар тэмдэгтийн баруун тал 150 метр /86.1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 80 метр/ зайд хилийн торон саадыг таслан Оросын холбооны улсын талаас хууль бусаар Монгол улсын хил нэвтэрч, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.О , Б.Б  нарын 2 адууг хулгайлан Оросын холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

     1. Шүүгдэгч Ч.А  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү гэв.

     2. Шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: Хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

     Хоёр: Эрүүгийн 1813000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     1. Хилийн зөрчил гарсан газар оронд үзлэг хийсэн тухай тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

     2. Улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийг илрүүлэн баталгаажуулсан акт /1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дугаар хуудас/,

     3. Хил зөрчигчийг шалгасан тухай нотломж, бүдүүвч зургууд /1 дүгээр хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/, 

     4. Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тухай тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 21-28 дугаар хуудас/,

     5. Хилийн зөрчигчийг шалгасан нотломж, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн протокол, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-53 дугаар хуудас/,

     6. Хохирогч И.А ийн 2 морийг хүлээлгэж өгсөн тухай нотломж /1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

     7. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/,

     8. Эд мөрийн баримтаар тооцогдсон мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

     9. Хохирогч И.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 22:30 минутад би сумын төвөөс ирж хоол ундаа уугаад 23:30 цагт гарч гэрийн гаднах малын хашаанд байсан 3 адуундаа өвс тавьж өгсөн юм. Тэгээд би гэрт орж унтсан бөгөөд ээжийн бие муу байсан тул гэрлээ унтраалгүй гэрэлтэй унтаад шөнө 03 гарч бие засахдаа харахад адуу байсан. Тэгээд гэрт орж гэрлээ унтраагаад унтсан бөгөөд өглөө 08 цагт босож үзэхэд адууг хулгай авсан байсан. Тэгээд мөрийн үзэхэд гэрийн урьд талын байшингийн хажуугаар 3-4 хүн явсан мөр малын хашаа дотор байсан 3 адууны 2-ны уяаг тайлж 1-ийн хутгаар хэрчиж хаалгаар нь авч гарсан. Хашаан дотор 1 хүний гутлын мөр гарсан байсан. Тэгээд мөрийн мөшгөхөд манай баруун талын толгод руу 3 мөрийг 4 хүн хөтөлж гарсан мөр тод гарсан байсан. Манай гэрийн гадна бол газрын хөрс хатуу хээгүй гуталтай хүний мөр муу гардаг тул яг хэд болох нь мэдэгдээгүй. Толгод руу гарсан хэсэгт 1 арзгар, 1 цагаан ултай, 2 нь хээгүй монгол гутал шиг гуталтай 4 нь явган хүн явсан нь тод мэдэгдсэн. Толгод дээр морь унасан бололтой 1 морь туйлж эргээд байсан мөр байсан. Тэгээд тэндээс 3 адууг унаад баруун урд зүг явсан мөр байсан тул би буцаж гэрт ирж заставт утсаар мэдэгдэхэд хилийн тор бүтэн байгаа, нэг бол Монголоос авсан эсхүл хил зөрчигч гараагүй дотор нуугдаж байгаа бид оллоо гэж хэлсэн.

     Тэгээд би Е ыг дуудаж ирүүлэхэд хилийнхэн ирсэн бөгөөд мөр улыг үзээд Е  бид 2-ыг мөрөөр нь мотоциклоор яв гээд өөрсдөө хил дагуу мөр үзэхээр явсан. Е  бид хоёр мотоциклоор 3 адууны мөрийг мөшгөж явсаар Галт гэдэг манай гэрээс 10 гаруй км зайтай байх ууланд очиход хаднаас миний хулгайд алдсан саарал, хөх дээлтэй морь 2-ыг хаднаас уячихсан байсан. Тэгээд би хилд мэдэгдэхэд заставын дарга Х  нар ирсэн. Тэгээд 2 морь уясан газрын эргэн тойрныг шалгахад манай гадна гарсан 4-н хүний гутлын тод байсан. Мөн 1 хазаар, 1 ташуур болон миний хээр азарганы дэлийг тайрч хаясан байсан. ...Цагдаа сумаас ирсэн. Бид хамт мөр мөшгөж уулан дээр гарахад 2 цүнх байсан ба дотор Оросуудын эд зүйл орос юмнууд байсан. Тэгээд Оросууд хил зөрчиж орж ирсэн нь ойлгомжтой болсон. ...явж байтал А энэ чулуу хүн байна гэж орилсон. Тэгээд Х  ирж гарч ир гэхэд чулуун доороос гарч ирэхгүй байсан. ...хутга барьсан 2 хүн гарч ирж чулуудсан тэгээд хүн дуудахад буцаад орчихсон байсан. Х  ирээд дээш буудахад 2 хүн гарч зугтсан. Дахин буудахад зогсчихсон. Тэгээд зугтсан 2 хүнийг Х  Ажилчин хоёр барьж байх үед А дахин 2 хүн байна гэж дуудсан. Х  яваад дахин буудаад 2 хүн гаргаж ирсэн. ...Хил зөрчигч нар Тувагаар ярьж байсан тул Тува хэлтэй хүнээр асуулгахад хулгай хийх гэж ирсэн 3 адуу хулгайлсан нэгийн алдчихсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр морио авч харьсан. ...3 адуугаа одоо зүсээр нь олж авсан. ...Би морио ижилхэн 2.5 сая, азаргаа 5 сая төгрөгөөр үнэлнэ. ...хайхад бензин тосны зардал гарсан. Дүү А ээр сумын төвөөс бензин авхуулж адуу хайхад оролцсон машин мотоциклд хийж өгсөн тул А80-360 литр бензинийг 594.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Хулгай хийсэн хүмүүст гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-86 дугаар хуудас/,

     10. Гэрч А.Е ын /хоч нэр Е / мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 26-ны өглөө 8 цаг өнгөрч байхад нагац ах А  залгаж 3 морийг хашаанаас хулгайлсан байна мөр мөшгөх хэрэгтэй боллоо. Мотоциклээр ир гэж дуудсан. А ийн хашаанаас 4 явган хүн 3 морийг хөтөлж гараад хажуугийн уулын орой дээрээс унаад явсан мөр байсан. Бид мөр мөшгөж явсаар 15 цагийн орчимд Галт ууланд очиход хадан дотор алдагдсан 2 морь маань байсан. Тэгээд А  хил, цагдаад мэдэгдсэн. Цааш явахад 2 цүнх олдсон дотор нь орос сонин хоол унд байсан тул бид оросууд ирж хулгайлсныг мэдсэн. А хадан доор хүн байна гэж хэлсэн ба Х  дээш нь 2,3 буудаж байж тэднийг барьж авсан. Нэг морио алдчихсан гэж тэд хэлж байсан. Тэгээд тэр 4 хүнийг хилийнхэн аваад явсан бид 2 морио авч буцсан. Хээр азаргаа 4-5 хоног мотоциклээр явж хайж байгаад Нарийн гол гэдэг газраас олж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дугаар хуудас/,

     11. Гэрч Р.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...цүнхээ хаясныг бодоход биднийг хараад зугтсан байх ойрхон байгаа байх гэж бүгд тарж уул самнасан би нэг хадан цохион дээр гарч доош харахад 1 хүн харагдсан....Х  дарга дахин дээш хий буудаж зогсоосон. Би нуугдаж байсан хадан дээр очиж харахад доор нь дахин хүний гутал цухуйж байсан дахин хүн байна гэж Х ийг дуудсан ба дээш буудахад 2 хүн гарч ирсэн. Алдсан нэг азаргаа 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр олсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас/,

     12. Гэрч Х.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...4 этгээдийг барьж хаанаас ямар зорилгоор явсан талаар асуухад хулгай хийхээр ирсэн. 3 морь хулгайлсан 1 морь алдсан гүйгээд явчихсан гэж хэлсэн. Хилийн 74 дүгээр тэмдэгтийн зүүн талаар голын эргээр орж ирсэн талаар мэдүүлсэн. Уг газарт үзлэг хийхэд мөсөн дээр хүмүүсийн гутлын мөр байсан ба нөгөө 4 хил зөрчигчийн мөртэй таарч байсан. Уулзалтад Оросын тал хил зөрчигч нарын 2 хүний зургийг авч ирсэн байсан. 2 А гэдэг адилхан нэртэй хүний зургийг үзүүлээд эдгээр хүмүүс танайх руу гарсан байх бид Увсаас адуу хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа юм гэж хэлсэн. Бид 4 хил зөрчигчтэй тулгаж үзэхэд 2 А  нь мөн байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас/,

     13. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгч У.Б ын “Эд зүйлд үнэлгээ тогтоох шинжилгээ хийх тухай” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,

     14. Шүүгдэгч Ч.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад сонсгож буй зүйл ангиудыг зөвшөөрч байна. Би хил зөрчиж хүний мал хулгайлсан гэмт хэрэг хийсэн маань үнэн. Өөрийн бурууг ойлгож байгаа тул хуулийн хариуцлага хүлээхэд гомдолгүй. ...Ярилцаж байгаад сайн дураараа хамтарч гэмт хэрэг хийсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас/,

     15. Шүүгдэгч О  А  М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад сонсгож буй зүйл ангиудыг зөвшөөрч байна. Би хил зөрчиж хүний мал хулгайлсан гэмт хэрэг хийсэн маань үнэн....Ярилцаж байгаад сайн дураараа хамтарч гэмт хэрэг хийсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудас/,

     16. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/-ийн ул мөрийг баримтжуулсан “...хилийн 78-78/1 дүгээр тэмдэгтийн хооронд хамтран шалгахад хилийн 78/1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 400 метр газраар морин уналгатай хоёр хүн Оросын холбооны улсын талаас Монгол Улсын тал руу зөрчсөн ул мөрийг илрүүлж хүлээлцэв” гэх акт /3 дугаар хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

     17. Гэрч Р.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 78.1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын талаас 2 морьтой хүн тор тасалж хил нэвтэрсэн зөрчил гарсан юм. Тасалсан тор нь холбооны хоёр утас бөгөөд торны холбоо таслаад байсан тул манаа явж шалгаад тасарсан газрын олж нааш мэдэгдсэний дагуу би ангийн төвөөс шалгахаар очсон юм. Очиход Оросын талын 5 утастай торыг тасалж 2 морьтой хүн орж ирээд Монголын торыг таслан Монголын нутагт 2-3 км гүнд тойрог үүсгэн 6 орчим км яваад буцаж хилийн 79.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буцаж манай торыг бахь мэт иртэй зүйлээр тэгш тасалж гарсан байсан. Тороо Оросын тал руу шидэж хаясан байсан. Орж ирэхдээ тороо манай тал хаясан байсан. Оросын талын торыг бас тасалсан байсан ба Монголын нутагт явахдаа ямар нэг хаяж гээсэн зүйл байхгүй, ямар нэг хүнтэй уулзсан эд зүйл авч, өгөлцсөн гэхээр ул мөр мэдэгдээгүй. Тэдний явсан газар нь малчин айлгүй газар боловч өдрийн цагаар адуу, үхэр бэлчдэг газар юм” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

     18. Гэрч Ж.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө хилээр хилийн 78.1 дүгээр тэмдэгтээр 2 хүн орж ирээд хилийн 79.2 дугаар тэмдэгтээр буцаж гарсан зөрчил гарсан. Хил зөрчигч нарын 2 морины морийг бид явсан газрын шалгаж яваад ямар нэг хулгай хийлгүйгээр нутгийн гүнд 11 км ороод буцаж гарсан байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,

     19. Гэрч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Хилийн 78.1 дүгээр тэмдэгтээр 5 утастай өргөний торыг тасалж тахтай 2 морьтой хүн хил нэвтэрсэн мөр гарсан байсан. 2 морьтой хүн нутгийн гүнд 5 км орчим гүн явж тэгэхдээ нааш цааш холхиод мал хайсан бололтой явсан байсан. Хамгийн гүндээ 5 км хол яваад орж ирсэн газраасаа 4-5 км орчим зайд байх хилийн 79.2 дугаар тэмдэгтээр бас тор таслаад гадагшаа гарсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

     20. Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Б т гаргасан “...Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн иргэн Т.М , Б.Д , М.Б , А.С а нар “Цагаан түнгэ” нэртэй газар намаржиж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө гэрийн гадна аргамжилсан зээрд морь, халиун морь, хул морь, 4 шийр цагаан алаг морь зэрэг зүсмийн 4 морийг Оросын холбооны улсын талаас 2 морьтой хүн хулгайлан хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр гарсан тул бидний дээрх хулгайлагдсан морьдыг олж өгч тусална уу” гэх өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 145 дугаар хуудас/,

     21. Хилийн зөрчлийн тухай “...газар орны бартаатай хэсгээр явж инженерийн өргөст утсан хашаагүй хэсгээр улсын хил давсан...” гэх бүртгэл /3 дугаар хавтаст хэргийн 146 дугаар хуудас,

     22.  Хилийн зөрчлийг шалгасан тухай “...Хилийн 8 дугаар тэмдэгтийн чиглэлд хилээс 23 км зайд Цагаан түнгэ нэртэй газраас Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн иргэн Б.Д , Т.М , А.С а, М.Б  нарын тус бүр 1 адуу, нийт 4 адууг морин уналгатай үл таних этгээд хулгайлан тууж хилийн 82/2 дугаар тэмдэгтийн баруун тал 300 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу хил давсан.” гэх хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, бүдүүвч, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /3 дугаар хавтаст хэргийн 147-150 хуудас/,

     23. Хохирогч Т.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Би Бөхмөрөн сумын Гурван Жигэртэй нэртэй багт мал маллаж амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой гэрийн гадна аргамжилсан зээрд зүсмийн морь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө авах гэхэд аргамжилсан газар нь морины аргамжааг хутгаар огтлоод аваад явсан байсан. Гэрээс ойролцоогоор 200 м орчим зайтай газар аргамжилсан байсан өглөө нь авах гэтэл хулгай авсан байсан. ...Манайх улсын хилээс 30-35 км орчим Цагаан түнгэ нэртэй газар намаржиж байгаа. Миний хулгайд алдагдсан морины мөрийг мөшгөөд явахад улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтээр Монгол улсын талаас Оросын холбооны улсын тал руу хулгайлагдан гарсан байсан. Миний морь зээрд зүсмийн, 7 настай, буруу гуяндаа нүцгэн сар тамгатай имгүй байсан. ...Миний мориноос өөр Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн иргэн М.Б ын халиун, буруу гуяндаа өргөстэй давхар саран тамгатай, имгүй 6 настай морь, Б.Д гийн хул морь, өргөстэй ширээтэй сар тамгатай, бяруу гуяндаа имгүй, 10 настай, А.С ын хул алаг дөрвөн шийр цагаан, буруу гуяндаа өргөстэй ширээтэй, сар тамгатай зэрэг адуунууд цуг хулгайлагдсан.

     ...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр намайг Оросууд хил дээр хохирогчоор байцаасан. Миний 2017 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө алдсан адууг хулгайлсан 2 хүн баригдсан, одоо нэгийн барих гэж байна. Малыг тань олж өгнө гэж хэлсэн. 1 адуу хураагдсан байгаа гэсэн. Баригдсан хулгайч нь энэ адууг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө Монголоос хулгайлсан 4 адууны 1 нь гэж хэлж өгсөн тул та 4-н нэгний адуу дараа дахин дуудаж хилээр адууг тань оруулж өгнө тэгэхэд хэнийх нь адуу болох нь мэдэгдэнэ гэсэн гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 184-187 дугаар хуудас/,

     24. Хохирогч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би өөрөө хул зүсмийн морио гэрээс 100 метр орчим газар аргамжсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө аргамжсан морио авах гэтэл миний морь байгаагүй, аргамжааг нь хутгаар хэрчсэн байсан. Тэгээд би морио аргамжсан газар ул мөр үзэхэд 2 тахтай морьтой хүн ирээд аваад явсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 190-195 дугаар хуудас/,

     25. Хохирогч А.С ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн үед хоо алаг зүсмийн 15 настай морио гэрээс 100 орчим метрт архлаасан юм. Өглөө 10 цагт морио авах гэхэд алга болсон байсан. Архалсан уяа хазаартайн хамт аваад явсан байсан. Зөөлөн хөрстэй газар тул мөр тод байсан. Хоёр морьтой хүн ирээд хөтлөөд явсан байсан. Оросуудын хэрэглэдэг тулгатай тахтай морьд унаж ирсэн. Манай Монголчууд тулгатай тах хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 198-202 дугаар хуудас/,

     26. Хохирогч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ноос 04-нд шилжих шөнө манай гэрээс 150-200 метрийн зайд чөдөртэй аргамжсан байсан халиун зүсмийн буруу гуяндаа өргөстэй давхар сар тамгатай морийг өглөө босож ирэхэд хулгай авсан байсан. Чөдөр нь үлдээд архлаг нь хутгаар хэрчиж таслаад аваад явсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 205-210 дугаар хуудас/,

     27. Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19 цаг 40 минутын үед а/д Б  хилийн 82/2 дугаар тэмдэгтээр зөрчил гарч Оросын Холбооны Улсын тал руу адуу гарсан мөр байна гэж холбоогоор мэдэгдсэн. Тэгээд би очиход а/д Б  адууны эзэн нар байсан. Тэд нутгийн гүнээс мөр мөшгөж ирсэн гэсэн. Хилийн торгүй хэсгээр 6 адууны мөр гарсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 213-214 дугаар хуудас/,

     28. Гэрч Ж.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр нуурын эргээр гарах хэсэгт 3-4 адууны мөр тод гарсан. Яг хэдэн адууны мөр болох нь тодорхой гараагүй. Адууны эзэд 2 морьтой хүн авч явсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 215 дугаар хуудас/,

     29. Увс Финанс-Аудит ХХК-ны үнэлгээний мэргэжилтэн Я.Н гийн “Нас гүйцсэн морь үнэлсэн тухай” тайлан /3 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудас/,

     30. Улсын хилийн дэглэм дэглэм зөрчигч /амьтад/-ийн ул мөрийг илрүүлэн баталгаажуулсан акт /3 дугаар хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

     31. Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /3 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

     32. Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны орой ойролцоогоор 20 цагийн үед би өөрийн 9 настай халтар морио өвсний хашаанд оруулж тавьсан юм. Өглөө 08 цагийн үед босож үзэхэд хашаа нурж унасан морь маань байхгүй байсан. 6-7 орчим гадас нь унаж хашааны нэг шал нураад уначихсан байсан тул би эхэндээ хашааг морь маань нураагаад гараад явчихсан гэж бодоод хайж байтал манай хотонд танихгүй чөдөр хэвтсэн. Урд өдөр чөдөр байгаагүй тул сэжиглэж мөр хайж байгаад манай саахалт айл О ын чөдөртэй морь алдсаныг мэдсэн. Манай гаднаас олдсон чөдөр О ын чөдөр байсан. Тэгээд О  бид хоёр морио хулгайд алдсанаа мэдэж сумын цагдаа болон Заставт мэдэгдэхэд шөнө хилээр зөрчил гарсан, Орос улс руу адууны мөр гарсан гэсэн.

     ...Гэрийн гадна бол мөр гараагүй, хатуу хөрстэй газар тул хаанаас хэдэн хүн ирж аль зүгт явсныг мэдэх мөр гараагүй.

     ...Маргааш нь Оросууд ирж мөр хүлээж авахаар оролцож үзэхэд 4 адууны мөр гарсан ба 2 нь тахтай байсан. Миний адуу тахтай байсан ба мөр мөшгөхөд О  оролцсон гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/,

     33. Хохирогч Н.О ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Бөхмөрөн сумын 1 дүгээр багт Шархаргант Улаантолгой гэх өвөлжөөн дээрээ байхад гэрээс 100 орчим метр зайд чөдөрлөсөн морио өглөө 07 цагт үзэхэд алга болсон байсан. Тэгээд морио хайгаад олохгүй байтал Б  шөнө морио хулгайд алдлаа, манай гадна ийм чөдөр хаясан байна гээд миний морины чөдрийг үзүүлсэн. Тэгээд бид хоёрын морийг хулгай авсныг мэдсэн. Мөрийг хайхад Заставын зүүн талын нуурын хоолд цасан дээр 2 адуу хөтөлж явсан 4 адууны мөр байсан ба миний хулгайд алдсан морь тахтай, Б гийн адуу мөн тахтай байсан. 2 тахтай морь гарсан тул бидний морь хил гарсан байна гэж үзээд Застав дээр очиход хилийн тор тасарч хүн гарсан зөрчил гарсан гэж хэлсэн юм. Хулгайлсан хүн хоёр байсан бололтой 2 тахтай адуу хөтөлсөн 2 мөр нийт 4 адууны мөр цасан дээр гарсан байсан. ...ямар нэгэн эд зүйл олдоогүй, манай нутагт цас багатай хад чулуу их тул ирсэн мөр олдоогүй. ...Би халиун зүсмийн 9 настай, буруу гуянд сар тамгатай уналгын морио алдсан. ...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр адуу хүлээлцсэн , уулзалтад очиход миний халиун морийг Оросууд авч ирсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 73-76 дугаар хуудас/,

     34. Гэрч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед байх Улаанхад харуултай торны холбоо тасарсан тул М  ахлагч бид хоёр холбоог шалгаж явсан юм. Бид шөнийн 01 цаг хүртэл хилийн 82 дугаар тэмдэгт хүртэл яваад буцсан. Харанхуйд явж торны 2 утастай холбоог гэрэл тусгаж шалгаж яваад буцсан юм. ...өглөө Улаанхадаас явсан харуул тор тасарсан хилийн 86 дугаар тэмдгээс 86.1 дүгээр тэмдэгт хооронд байх хэсгийг олсон байсан. ...уг тор тасарсан газар очиход алаг цоог цаастай газар 3-4 орчим адууны мөр энд тэнд гарсан байсан. Орж ирсэн мөр олдоогүй гарсан мөр энд тэнд гарсан байсан бөгөөд 3-4 орчим адуу гарсан байна гэж би үзсэн. Аймгаас бүрэлдэхүүн ирж Оросын холбооны улсын талтай мөр хүлээлцсэн. ...Торыг бахь мэт хурц иртэй зүйлээр тасалсан байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,

     35. Гэрч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хилийн 86 дугаар тэмдэгтээс 86.1 дүгээр тэмдэг хооронд байх хилийн торны холбоо тасарсан зөрчил гарсан. Тухайн үед тасарсан газрыг ололгүй маргааш өдөр нь олж мэдэгдсэний дагуу Улаангомоос очиж шалгаж Оросын холбооны улсын талтай хүлээлцсэн. Зөрчил гарсан газар нь 2 утастай тортой, хатуу чулуурхаг газар байсан ба 4 адууны мөр Оросын холбооны улсын тал руу гарсан мөр байсан юм. 2 морь нь тахтай тул мөр нь тод гарсан 2 тахгүй мөр бас хажууд нь байсан. ...Гарсан мөр нь олдоод орж ирсэн газар нь олдоогүй. Гарсан мөрийг сөрөг мөрдөхөд Шархаргант гол дагаж 10 орчим км яваад алдагдсан. Мөр алдагдсан газраас холгүй 2-3 км зайд байсан 2 айлын 2 адуу хулгайлагдсан талаар мэдэгдсэн. ...Гарсан газар нь 2 утастай тортой Оросын талд 5 утастай тор байсан тул мөр нь олдсон” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 79-81 дугаар хуудас/,

     36. Гэрч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цагт торны холбоог торны дагуу явж шалгасан. Гэтэл хилийн 86 дугаар тэмдэгтээс 86.1 дүгээр тэмдэгт хооронд уулын жижиг орой хэсгээр тор тасалж адуу Оросын холбооны улсын тал руу гарсан мөрийг илрүүлсэн. ...нутгийн гүн рүү мөшгөж 1 км орчим яваад алдсан. 2 морийг хөтөлж явсан бололтой 2 эгнээ мөр зарим газар гарсан байсан. ...Манай тал 2 утастай тортой Оросын тал 5-6 утастай тортой бөгөөд 2 торыг бүгдийн тасалсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/,

     37. Гэрч Ж.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Улаанхад” харуулаас гарсан манаа торны холбоо тасарсан газрыг олж мэдэгдсэн. Хилийн 86 дугаар тэмдэгтийн баруун талаар торны хоёр утастай торыг тасалж хаясан адууны мөр илэрсэн. ...Тор тасарсан газрын хөрс нь хатуу бөгөөд алаг цоог цастай газар 3-4 адууны мөр гарсан байсан. ...гарсан мөрийг шалгаж явж байхад 4-өөс их адууны мөр илрээгүй. Манай торны утсыг хурц иртэй бахь шиг зүйлээр тасалсан байсан. ...Оросын талд мэдэгдэж ул мөрийг хүлээлцсэн. Бид алдсан 2 адууны зүсний бүртгэлийг Оросуудад өгөөд нэг талын эрэлд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

     38. Гэрч Х А  Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би О.Э.А , Ч.М.А  нартай хамт Монголын хил гарч ирж 2 адуу хулгайлаагүй. ...2017 оны 12 дугаар сарын 20-ны үед надтай О.Э.А , Ч.М.А  нар Мөнгөнтайг районы Мугаржигэртэй гэдэг газар байхад ирж уулзаад Монголын хилээр орж адуу хулгайлж ирье гэсэн. Мал харах хүнгүй байсан тул яваагүй. Тэгээд 5 хоноод О.Э.А , Ч.М.А  2 той уулзахад түрүүн хэлж байснаараа яваад 2 адуу хулгайлсан гэж хэлсэн. Миний хадгалж байсан адуу бол О.Э.А , Ч.М.А  нарын өгсөн адуу юм.

     ...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр О.Э.А , Ч.М.А  нартай хамт хил нэвтрээгүй. ...О.Э.А , Ч.М.А  нар хамт явъя гэхэд нь яваагүй юм. Тэд хоёулаа явж энэ 2 адууг хулгайлж ирсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудас/,

     39. Увс Финанс-Аудит ХХК-ны үнэлгээний мэргэжилтэн Я.Н гийн “Нас гүйцсэн морь үнэлсэн тухай” тайлан /3 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

     Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.А , О.А нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

     1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

     1.1. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь үгсэн тохирч, бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 74 дүгээр тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар нэвтэрч, Монгол Улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн гэмт хэрэг нь:

     - Хилийн зөрчил гарсан газар оронд үзлэг хийсэн тухай тодорхойлолтод “Хил зөрчигч нь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 24.00 – 01.00 цаг орчимд хилийн 74 дүгээр тэмдгийн зүүн гар талаар 100 метр орчим газраар гол даган мөсөн дээгүүр явж, хадан хясааг тойрон өгсөж, торон сааданд тулсан, торон саадын 3, 4 дүгээр төмөр утсыг дээш, доош татаж байгаад гарч, цааш Бөхмөрөнгийн голын чиглэлд гүйн 04.00 – 05.00 цагийн орчим иргэн И.А ийн адууг хулгайлсан нь тогтоогдсон. Адууг хулгайлж буцах үед үүр цайж, үзэгдэх орчин нэмэгдэх үед Талын хар уулын чиглэл хадан хясаанд нуугдсан байсныг заставаас томилогдсон ахмад А.Ажилчин ахлагчтай баг илрүүлэн саатуулсан” хэмээн бичигдсэн байдал болон гэрэл зургийн үзүүлэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/,

     - Улсын хилийн дэглэм зөрчигчийн ул мөрийг илрүүлэн баталгаажуулсан “Хил зөрчигчийг цагийн байдлын дагуу мөрдөж, Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэн Иргешхан овогтой А ийн 3 тооны адууг хулгайлж, нэг морийг алдаж, 2 морийг өндөр уул, хаданд нууж, нуугдаж байгаа газраас илрүүлэн саатуулсан” гэх акт /1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дугаар хуудас/,

     - Хил зөрчигчийг шалгасан тухай нотломж, бүдүүвч зургууд /1 дүгээр хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/,

     - Хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тухай тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 21-28 дугаар хуудас/,

     - Хилийн зөрчигчийг шалгасан нотломж, хил зөрчигчийн биед үзлэг хийсэн протокол, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 31-53 дугаар хуудас/,

     - Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/,

     - Эд мөрийн баримтаар тооцогдсон мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

     1.2. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь үгсэн тохирч, бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт иргэн И.А ийн хашаанаас 3 тооны адуу хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

     -  Хохирогч И.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 22:30 минутад би сумын төвөөс ирж хоол ундаа уугаад 23:30 цагт гарч гэрийн гаднах малын хашаанд байсан 3 адуундаа өвс тавьж өгсөн юм. Тэгээд би гэрт орж унтсан бөгөөд ээжийн бие муу байсан тул гэрлээ унтраалгүй гэрэлтэй унтаад шөнө 03 гарч бие засахдаа харахад адуу байсан. Тэгээд гэрт орж гэрлээ унтраагаад унтсан бөгөөд өглөө 08 цагт босож үзэхэд адууг хулгай авсан байсан. Тэгээд мөрийн үзэхэд гэрийн урьд талын байшингийн хажуугаар 3-4 хүн явсан мөр малын хашаа дотор байсан 3 адууны 2-ны уяаг тайлж 1-ийн хутгаар хэрчиж хаалгаар нь авч гарсан. Хашаан дотор 1 хүний гутлын мөр гарсан байсан. Тэгээд мөрийн мөшгөхөд манай баруун талын толгод руу 3 мөрийг 4 хүн хөтөлж гарсан мөр тод гарсан байсан. Манай гэрийн гадна бол газрын хөрс хатуу хээгүй гуталтай хүний мөр муу гардаг тул яг хэд болох нь мэдэгдээгүй. Толгод руу гарсан хэсэгт 1 арзгар, 1 цагаан ултай, 2 нь хээгүй монгол гутал шиг гуталтай 4 нь явган хүн явсан нь тод мэдэгдсэн. Толгод дээр морь унасан бололтой 1 морь туйлж эргээд байсан мөр байсан. Тэгээд тэндээс 3 адууг унаад баруун урд зүг явсан мөр байсан тул би буцаж гэрт ирж заставт утсаар мэдэгдэхэд хилийн тор бүтэн байгаа, нэг бол Монголоос авсан эсхүл хил зөрчигч гараагүй дотор нуугдаж байгаа бид оллоо гэж хэлсэн.

     Тэгээд би Е ыг дуудаж ирүүлэхэд хилийнхэн ирсэн бөгөөд мөр улыг үзээд Е  бид 2-ыг мөрөөр нь мотоциклоор яв гээд өөрсдөө хил дагуу мөр үзэхээр явсан. Е  бид хоёр мотоциклоор 3 адууны мөрийг мөшгөж явсаар Галт гэдэг манай гэрээс 10 гаруй км зайтай байх ууланд очиход хаднаас миний хулгайд алдсан саарал, хөх дээлтэй морь 2-ыг хаднаас уячихсан байсан. Тэгээд би хилд мэдэгдэхэд заставын дарга Х  нар ирсэн. Тэгээд 2 морь уясан газрын эргэн тойрныг шалгахад манай гадна гарсан 4-н хүний гутлын тод байсан. Мөн 1 хазаар, 1 ташуур болон миний хээр азарганы дэлийг тайрч хаясан байсан. ...Цагдаа сумаас ирсэн. Бид хамт мөр мөшгөж уулан дээр гарахад 2 цүнх байсан ба дотор Оросуудын эд зүйл орос юмнууд байсан. Тэгээд Оросууд хил зөрчиж орж ирсэн нь ойлгомжтой болсон. ...явж байтал А энэ чулуу хүн байна гэж орилсон. Тэгээд Х  ирж гарч ир гэхэд чулуун доороос гарч ирэхгүй байсан. ...хутга барьсан 2 хүн гарч ирж чулуудсан тэгээд хүн дуудахад буцаад орчихсон байсан. Х  ирээд дээш буудахад 2 хүн гарч зугтсан. Дахин буудахад зогсчихсон. Тэгээд зугтсан 2 хүнийг Х  Ажилчин хоёр барьж байх үед А дахин 2 хүн байна гэж дуудсан. Х  яваад дахин буудаад 2 хүн гаргаж ирсэн. ...Хил зөрчигч нар Тувагаар ярьж байсан тул Тува хэлтэй хүнээр асуулгахад хулгай хийх гэж ирсэн 3 адуу хулгайлсан нэгийн алдчихсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр морио авч харьсан. ...3 адуугаа одоо зүсээр нь олж авсан. ...Би морио ижилхэн 2.5 сая, азаргаа 5 сая төгрөгөөр үнэлнэ. ...хайхад бензин тосны зардал гарсан. Дүү А ээр сумын төвөөс бензин авхуулж адуу хайхад оролцсон машин мотоциклд хийж өгсөн тул А80-360 литр бензинийг 594000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Хулгай хийсэн хүмүүст гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-86 дугаар хуудас/,

     - Гэрч А. Е ын /хоч нэр Е / мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2018 оны 2 дугаар сарын 26-ны өглөө 8 цаг өнгөрч байхад нагац ах А  залгаж 3 морийг хашаанаас хулгайлсан байна мөр мөшгөх хэрэгтэй боллоо. Мотоциклээр ир гэж дуудсан. А ийн хашаанаас 4 явган хүн 3 морийг хөтөлж гараад хажуугийн уулын орой дээрээс унаад явсан мөр байсан. Бид мөр мөшгөж явсаар 15 цагийн орчимд Галт ууланд очиход хадан дотор алдагдсан 2 морь маань байсан. Тэгээд А  хил, цагдаад мэдэгдсэн. Цааш явахад 2 цүнх олдсон дотор нь орос сонин хоол унд байсан тул бид оросууд ирж хулгайлсныг мэдсэн. А хадан доор хүн байна гэж хэлсэн ба Х  дээш нь 2,3 буудаж байж тэднийг барьж авсан. Нэг морио алдчихсан гэж тэд хэлж байсан. Тэгээд тэр 4 хүнийг хилийнхэн аваад явсан бид 2 морио авч буцсан. Хээр азаргаа 4-5 хоног мотоциклээр явж хайж байгаад Нарийн гол гэдэг газраас олж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дугаар хуудас/,

     - Гэрч Р.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...цүнхээ хаясныг бодоход биднийг хараад зугтсан байх ойрхон байгаа байх гэж бүгд тарж уул самнасан би нэг хадан цохион дээр гарч доош харахад 1 хүн харагдсан....Х  дарга дахин дээш хий буудаж зогсоосон. Би нуугдаж байсан хадан дээр очиж харахад доор нь дахин хүний гутал цухуйж байсан дахин хүн байна гэж Х ийг дуудсан ба дээш буудахад 2 хүн гарч ирсэн. Алдсан нэг азаргаа 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр олсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас/,

     - Гэрч Х.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...4 этгээдийг барьж хаанаас ямар зорилгоор явсан талаар асуухад хулгай хийхээр ирсэн. 3 морь хулгайлсан 1 морь алдсан гүйгээд явчихсан гэж хэлсэн. Хилийн 74 дүгээр тэмдэгтийн зүүн талаар голын эргээр орж ирсэн талаар мэдүүлсэн. Уг газарт үзлэг хийхэд мөсөн дээр хүмүүсийн гутлын мөр байсан ба нөгөө 4 хил зөрчигчийн мөртэй таарч байсан. Уулзалтад Оросын тал хил зөрчигч нарын 2 хүний зургийг авч ирсэн байсан. 2 А  гэдэг адилхан нэртэй хүний зургийг үзүүлээд эдгээр хүмүүс танайх руу гарсан байх бид Увсаас адуу хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа юм гэж хэлсэн. Бид 4 хил зөрчигчтэй тулгаж үзэхэд 2 А  нь мөн байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас/,

     - Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгч У.Б ын “Эд зүйлд үнэлгээ тогтоох шинжилгээ хийх тухай” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,

     - Шүүгдэгч Ч.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад сонсгож буй зүйл ангиудыг зөвшөөрч байна. Би хил зөрчиж хүний мал хулгайлсан гэмт хэрэг хийсэн маань үнэн. Өөрийн бурууг ойлгож байгаа тул хуулийн хариуцлага хүлээхэд гомдолгүй. ...Ярилцаж байгаад сайн дураараа хамтарч гэмт хэрэг хийсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас/,

     - Шүүгдэгч О  А  М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад сонсгож буй зүйл ангиудыг зөвшөөрч байна. Би хил зөрчиж хүний мал хулгайлсан гэмт хэрэг хийсэн маань үнэн....Ярилцаж байгаад сайн дураараа хамтарч гэмт хэрэг хийсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудас/,

     - Хохирогч И.А ийн 2 морийг хүлээлгэж өгсөн тухай нотломж /1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг хотлох баримтуудаар,

     1.3. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 78/1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 400 метр газраар хяналт шалгалтаас гадуур Оросын холбооны улсын талаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, Монгол Улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн гэмт хэрэг нь: 

     - 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/-ийн ул мөрийг баримтжуулсан “Хилийн 78 - 78/1 дүгээр тэмдэгтийн хооронд хамтран шалгахад хилийн 78/1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 400 метр газраар Оросын холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хил давсан 2 морины ул мөр, мөн 79/2 дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу хил давсан морин уналгатай 2 хүний ул мөрийг илрүүлж хүлээлцэв” гэх акт /3 дугаар хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

     - Гэрч Р.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 78.1 дүгээр тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын талаас 2 морьтой хүн тор тасалж хил нэвтэрсэн зөрчил гарсан юм. Тасалсан тор нь холбооны хоёр утас бөгөөд торны холбоо таслаад байсан тул манаа явж шалгаад тасарсан газрын олж нааш мэдэгдсэний дагуу би ангийн төвөөс шалгахаар очсон юм. Очиход Оросын талын 5 утастай торыг тасалж 2 морьтой хүн орж ирээд Монголын торыг таслан Монголын нутагт 2-3 км гүнд тойрог үүсгэн 6 орчим км яваад буцаж хилийн 79.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буцаж манай торыг бахь мэт иртэй зүйлээр тэгш тасалж гарсан байсан. Тороо Оросын тал руу шидэж хаясан байсан. Орж ирэхдээ тороо манай тал хаясан байсан. Оросын талын торыг бас тасалсан байсан ба Монголын нутагт явахдаа ямар нэг хаяж гээсэн зүйл байхгүй, ямар нэг хүнтэй уулзсан эд зүйл авч, өгөлцсөн гэхээр ул мөр мэдэгдээгүй. Тэдний явсан газар нь малчин айлгүй газар боловч өдрийн цагаар адуу, үхэр бэлчдэг газар юм” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

     - Гэрч Ж.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө хилээр хилийн 78.1 дүгээр тэмдэгтээр 2 хүн орж ирээд хилийн 79.2 дугаар тэмдэгтээр буцаж гарсан зөрчил гарсан. Хил зөрчигч нарын 2 морины морийг бид явсан газрын шалгаж яваад ямар нэг хулгай хийлгүйгээр нутгийн гүнд 11 км ороод буцаж гарсан байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,

     - Гэрч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Хилийн 78.1 дүгээр тэмдэгтээр 5 утастай өргөний торыг тасалж тахтай 2 морьтой хүн хил нэвтэрсэн мөр гарсан байсан. 2 морьтой хүн нутгийн гүнд 5 км орчим гүн явж тэгэхдээ нааш цааш холхиод мал хайсан бололтой явсан байсан. Хамгийн гүндээ 5 км хол яваад орж ирсэн газраасаа 4-5 км орчим зайд байх хилийн 79.2 дугаар тэмдэгтээр бас тор таслаад гадагшаа гарсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

     1.4. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар нэвтэрч, Монгол Улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн гэмт хэрэг нь:

     - Хилийн зөрчлийн тухай “Газар орны бартаатай хэсгээр явж инженерийн өргөст утсан хашаагүй хэсгээр улсын хил давсан. Хил хамгаалах ерөнхий газрын штабт 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 09:40 цагт илтгэсэн” гэх бүртгэл /3 дугаар хавтаст хэргийн 146 дугаар хуудас,

     - Хилийн зөрчлийг шалгасан тухай “Хилийн 8 дугаар тэмдэгтийн чиглэлд хилээс 23 км зайд Цагаан түнгэ нэртэй газраас Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн иргэн Б.Д , Т.М , А.С а, М.Б  нарын тус бүр 1 адуу, нийт 4 адууг морин уналгатай үл таних этгээд хулгайлан тууж хилийн 82/2 дугаар тэмдэгтийн баруун тал 300 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу хил давсан.” гэх хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, бүдүүвч, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /3 дугаар хавтаст хэргийн 147-150 хуудас/,

     - Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19 цаг 40 минутын үед а/д Б  хилийн 82/2 дугаар тэмдэгтээр зөрчил гарч Оросын холбооны улсын тал руу адуу гарсан мөр байна гэж холбоогоор мэдэгдсэн. Тэгээд би очиход а/д Б  адууны эзэн нар байсан. Тэд нутгийн гүнээс мөр мөшгөж ирсэн гэсэн. Хилийн торгүй хэсгээр 6 адууны мөр гарсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 213-214 дугаар хуудас/,

     - Гэрч Ж.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр нуурын эргээр гарах хэсэгт 3-4 адууны мөр тод гарсан. Яг хэдэн адууны мөр болох нь тодорхой гараагүй. Адууны эзэд 2 морьтой хүн авч явсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 215 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

     1.5. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Т.М ын 1 тооны адуу, хохирогч Б.Д гийн 1 тооны адуу, хохирогч Б.М ийн 1 тооны адуу, хохирогч А.С ын 1 тооны адуу нийт 4 тооны адуу хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

     - Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Б т нэр бүхий иргэдээс гаргасан “Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн иргэн Т.М , Б.Д , М.Б , А.С а нар “Цагаан түнгэ” нэртэй газар намаржиж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө гэрийн гадна аргамжилсан зээрд морь, халиун морь, хул морь, 4 шийр цагаан алаг морь зэрэг зүсмийн 4 морийг Оросын холбооны улсын талаас 2 морьтой хүн хулгайлан хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр гарсан тул бидний дээрх хулгайлагдсан морьдыг олж өгч тусална уу” гэх өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 145 дугаар хуудас/,

     - Хохирогч Т.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Би Бөхмөрөн сумын Гурван Жигэртэй нэртэй багт мал маллаж амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой гэрийн гадна аргамжилсан зээрд зүсмийн морь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө авах гэхэд аргамжилсан газар нь морины аргамжааг хутгаар огтлоод аваад явсан байсан. Гэрээс ойролцоогоор 200 м орчим зайтай газар аргамжилсан байсан өглөө нь авах гэтэл хулгай авсан байсан. ...Манайх улсын хилээс 30-35 км орчим Цагаан түнгэ нэртэй газар намаржиж байгаа. Миний хулгайд алдагдсан морины мөрийг мөшгөөд явахад улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтээр Монгол улсын талаас Оросын холбооны улсын тал руу хулгайлагдан гарсан байсан. Миний морь зээрд зүсмийн, 7 настай, буруу гуяндаа нүцгэн сар тамгатай имгүй байсан. ...Миний мориноос өөр Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн иргэн М.Б ын халиун, буруу гуяндаа өргөстэй давхар саран тамгатай, имгүй 6 настай морь, Б.Д гийн хул морь, өргөстэй ширээтэй сар тамгатай, бяруу гуяндаа имгүй, 10 настай, А.С ын хул алаг дөрвөн шийр цагаан, буруу гуяндаа өргөстэй ширээтэй, сар тамгатай зэрэг адуунууд цуг хулгайлагдсан.

     ...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр намайг Оросууд хил дээр хохирогчоор байцаасан. Миний 2017 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө алдсан адууг хулгайлсан 2 хүн баригдсан, одоо нэгийн барих гэж байна. Малыг тань олж өгнө гэж хэлсэн. 1 адуу хураагдсан байгаа гэсэн. Баригдсан хулгайч нь энэ адууг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө Монголоос хулгайлсан 4 адууны 1 нь гэж хэлж өгсөн тул та 4-н нэгний адуу дараа дахин дуудаж хилээр адууг тань оруулж өгнө тэгэхэд хэнийх нь адуу болох нь мэдэгдэнэ гэсэн гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 184-187 дугаар хуудас/,

     - Хохирогч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би өөрөө хул зүсмийн морио гэрээс 100 метр орчим газар аргамжсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө аргамжсан морио авах гэтэл миний морь байгаагүй, аргамжааг нь хутгаар хэрчсэн байсан. Тэгээд би морио аргамжсан газар ул мөр үзэхэд 2 тахтай морьтой хүн ирээд аваад явсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 190-195 дугаар хуудас/,

     - Хохирогч А.С ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цагийн үед хоо алаг зүсмийн 15 настай морио гэрээс 100 орчим метрт архалсан юм. Өглөө 10 цагт морио авах гэхэд алга болсон байсан. Архалсан уяа хазаартайн хамт аваад явсан байсан. Зөөлөн хөрстэй газар тул мөр тод байсан. Хоёр морьтой хүн ирээд хөтлөөд явсан байсан. Оросуудын хэрэглэдэг тулгатай тахтай морьд унаж ирсэн. Манай Монголчууд тулгатай тах хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 198-202 дугаар хуудас/,

     - Хохирогч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ноос 04-нд шилжих шөнө манай гэрээс 150-200 метрийн зайд чөдөртэй аргамжсан байсан халиун зүсмийн буруу гуяндаа өргөстэй давхар сар тамгатай морийг өглөө босож ирэхэд хулгай авсан байсан. Чөдөр нь үлдээд архлаг нь хутгаар хэрчиж таслаад аваад явсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 205-210 дугаар хуудас/,

     - Увс Финанс-Аудит ХХК-ны үнэлгээний мэргэжилтэн Я.Н гийн Нас гүйцсэн морь үнэлсэн тухай “Нас гүйцсэн морь 700.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тайлан /3 дугаар хавтаст хэргийн 243 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

     1.6. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Т.М ын 1 тооны адуу, хохирогч Б.Д гийн 1 тооны адуу, хохирогч Б.М ийн 1 тооны адуу, хохирогч А.С ын 1 тооны адуу нийт 4 тооны адууг Монгол Улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Оросын холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлж, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

      - Хилийн зөрчлийг шалгасан тухай “Хилийн 8 дугаар тэмдэгтийн чиглэлд хилээс 23 км зайд Цагаан түнгэ нэртэй газраас Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн иргэн Б.Д , Т.М , А.С а, М.Б  нарын тус бүр 1 адуу, нийт 4 адууг морин уналгатай үл таних этгээд хулгайлан тууж хилийн 82/2 дугаар тэмдэгтийн баруун тал 300 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу хил давсан.” гэх хил зөрчигчийн явсан газар оронд үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, бүдүүвч, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /3 дугаар хавтаст хэргийн 147-150 хуудас/,

     - Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19 цаг 40 минутын үед а/д Б  хилийн 82/2 дугаар тэмдэгтээр зөрчил гарч Оросын холбооны улсын тал руу адуу гарсан мөр байна гэж холбоогоор мэдэгдсэн. Тэгээд би очиход а/д Б  адууны эзэн нар байсан. Тэд нутгийн гүнээс мөр мөшгөж ирсэн гэсэн. Хилийн торгүй хэсгээр 6 адууны мөр гарсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 213-214 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

     1.7. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 86 дугаар тэмдэгтийн баруун тал 150 метр /86.1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 80 метр/ зайд хилийн торон саадыг таслан Оросын холбооны улсын талаас хууль бусаар Монгол улсын хил нэвтэрч, Монгол Улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн гэмт хэрэг нь:

     - Улсын хилийн дэглэм дэглэм зөрчигч /амьтад/-ийн ул мөрийг илрүүлэн баталгаажуулсан “Монгол Оросын хилийг Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хилийн 86 дугаар тэмдгийн баруун тал 150 метр газраар хил давсан 4 адууны ул мөр, үүний зэрэгцээ Монгол Улсын талын шугамыг 1 утсыг таслагчаар, Оросын холбооны улсын шугамыг чулуугаар тасалж гарсан ул мөрийг хилийн 86 дугаар тэмдгийн баруун талын 150 метр газарт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08.30 цагт илрүүлсэн” гэх акт /3 дугаар хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

     - Хилийн зөрчлийг шалгасан тухай “...Үзлэг шалгалт явуулахад хилийн 86/1 дүгээр тэмдгийн хажуу тал 80 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу 3-4 адуу хил давсан нь тогтоогдсон” гэх нотломж /3 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

     - Гэрч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед байх Улаанхад харуултай торны холбоо тасарсан тул М  ахлагч бид хоёр холбоог шалгаж явсан юм. Бид шөнийн 01 цаг хүртэл хилийн 82 дугаар тэмдэгт хүртэл яваад буцсан. Харанхуйд явж торны 2 утастай холбоог гэрэл тусгаж шалгаж яваад буцсан юм. ...өглөө Улаанхадаас явсан харуул тор тасарсан хилийн 86 дугаар тэмдгээс 86.1 дүгээр тэмдэгт хооронд байх хэсгийг олсон байсан. ...уг тор тасарсан газар очиход алаг цоог цаастай газар 3-4 орчим адууны мөр энд тэнд гарсан байсан. Орж ирсэн мөр олдоогүй гарсан мөр энд тэнд гарсан байсан бөгөөд 3-4 орчим адуу гарсан байна гэж би үзсэн. Аймгаас бүрэлдэхүүн ирж Оросын холбооны улсын талтай мөр хүлээлцсэн. ...Торыг бахь мэт хурц иртэй зүйлээр тасалсан байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,

     - Гэрч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хилийн 86 дугаар тэмдэгтээс 86.1 дүгээр тэмдэг хооронд байх хилийн торны холбоо тасарсан зөрчил гарсан. Тухайн үед тасарсан газрыг ололгүй маргааш өдөр нь олж мэдэгдсэний дагуу Улаангомоос очиж шалгаж Оросын холбооны улсын талтай хүлээлцсэн. Зөрчил гарсан газар нь 2 утастай тортой, хатуу чулуурхаг газар байсан ба 4 адууны мөр Оросын холбооны улсын тал руу гарсан мөр байсан юм. 2 морь нь тахтай тул мөр нь тод гарсан 2 тахгүй мөр бас хажууд нь байсан. ...Гарсан мөр нь олдоод орж ирсэн газар нь олдоогүй. Гарсан мөрийг сөрөг мөрдөхөд Шархаргант гол дагаж 10 орчим км яваад алдагдсан. Мөр алдагдсан газраас холгүй 2-3 км зайд байсан 2 айлын 2 адуу хулгайлагдсан талаар мэдэгдсэн. ...Гарсан газар нь 2 утастай тортой Оросын талд 5 утастай тор байсан тул мөр нь олдсон” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 79-81 дугаар хуудас/,

     - Гэрч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цагт торны холбоог торны дагуу явж шалгасан. Гэтэл хилийн 86 дугаар тэмдэгтээс 86.1 дүгээр тэмдэгт хооронд уулын жижиг орой хэсгээр тор тасалж адуу Оросын холбооны улсын тал руу гарсан мөрийг илрүүлсэн. ...нутгийн гүн рүү мөшгөж 1 км орчим яваад алдсан. 2 морийг хөтөлж явсан бололтой 2 эгнээ мөр зарим газар гарсан байсан. ...Манай тал 2 утастай тортой Оросын тал 5-6 утастай тортой бөгөөд 2 торыг бүгдийн тасалсан байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/,

     - Гэрч Ж.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Улаанхад” харуулаас гарсан манаа торны холбоо тасарсан газрыг олж мэдэгдсэн. Хилийн 86 дугаар тэмдэгтийн баруун талаар торны хоёр утастай торыг тасалж хаясан адууны мөр илэрсэн. ...Тор тасарсан газрын хөрс нь хатуу бөгөөд алаг цоог цастай газар 3-4 адууны мөр гарсан байсан. ...гарсан мөрийг шалгаж явж байхад 4-өөс их адууны мөр илрээгүй. Манай торны утсыг хурц иртэй бахь шиг зүйлээр тасалсан байсан. ...Оросын талд мэдэгдэж ул мөрийг хүлээлцсэн. Бид алдсан 2 адууны зүсний бүртгэлийг Оросуудад өгөөд нэг талын эрэлд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

     1.8. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.О , Б.Б  нарын 2 тооны адууг хулгайлан, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь;

     -  Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны орой ойролцоогоор 20 цагийн үед би өөрийн 9 настай халтар морио өвсний хашаанд оруулж тавьсан юм. Өглөө 08 цагийн үед босож үзэхэд хашаа нурж унасан морь маань байхгүй байсан. 6-7 орчим гадас нь унаж хашааны нэг шал нураад уначихсан байсан тул би эхэндээ хашааг морь маань нураагаад гараад явчихсан гэж бодоод хайж байтал манай хотонд танихгүй чөдөр хэвтсэн. Урд өдөр чөдөр байгаагүй тул сэжиглэж мөр хайж байгаад манай саахалт айл О ын чөдөртэй морь алдсаныг мэдсэн. Манай гаднаас олдсон чөдөр О ын чөдөр байсан. Тэгээд О  бид хоёр морио хулгайд алдсанаа мэдэж сумын цагдаа болон Заставт мэдэгдэхэд шөнө хилээр зөрчил гарсан, Орос улс руу адууны мөр гарсан гэсэн.

     ...Гэрийн гадна бол мөр гараагүй, хатуу хөрстэй газар тул хаанаас хэдэн хүн ирж аль зүгт явсныг мэдэх мөр гараагүй.

     ...Маргааш нь Оросууд ирж мөр хүлээж авахаар оролцож үзэхэд 4 адууны мөр гарсан ба 2 нь тахтай байсан. Миний адуу тахтай байсан ба мөр мөшгөхөд О  оролцсон гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/,

     - Хохирогч Н.О ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Бөхмөрөн сумын 1 дүгээр багт Шархаргант Улаантолгой гэх өвөлжөөн дээрээ байхад гэрээс 100 орчим метр зайд чөдөрлөсөн морио өглөө 07 цагт үзэхэд алга болсон байсан. Тэгээд морио хайгаад олохгүй байтал Б  шөнө морио хулгайд алдлаа, манай гадна ийм чөдөр хаясан байна гээд миний морины чөдрийг үзүүлсэн. Тэгээд бид хоёрын морийг хулгай авсныг мэдсэн. Мөрийг хайхад Заставын зүүн талын нуурын хоолд цасан дээр 2 адуу хөтөлж явсан 4 адууны мөр байсан ба миний хулгайд алдсан морь тахтай, Б гийн адуу мөн тахтай байсан. 2 тахтай морь гарсан тул бидний морь хил гарсан байна гэж үзээд Застав дээр очиход хилийн тор тасарч хүн гарсан зөрчил гарсан гэж хэлсэн юм. Хулгайлсан хүн хоёр байсан бололтой 2 тахтай адуу хөтөлсөн 2 мөр нийт 4 адууны мөр цасан дээр гарсан байсан. ...ямар нэгэн эд зүйл олдоогүй, манай нутагт цас багатай хад чулуу их тул ирсэн мөр олдоогүй. ...Би халиун зүсмийн 9 настай, буруу гуянд сар тамгатай уналгын морио алдсан. ...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр адуу хүлээлцсэн , уулзалтад очиход миний халиун морийг Оросууд авч ирсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 73-76 дугаар хуудас/,

     - Увс Финанс-Аудит ХХК-ны үнэлгээний мэргэжилтэн Я.Н гийн Нас гүйцсэн морь үнэлсэн тухай “Нас гүйцсэн морь 700.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тайлан /3 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,

     1.9. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Н.О , Б.Б  нарын 2 тооны адууг Монгол Улсын хилээр Оросын холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлж, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

     - Хилийн зөрчлийг шалгасан тухай “...Үзлэг шалгалт явуулахад хилийн 86/1 дүгээр тэмдгийн хажуу тал 80 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу 3-4 адуу хил давсан нь тогтоогдсон” гэх нотломж /3 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

     - Гэрч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед байх Улаанхад харуултай торны холбоо тасарсан тул М  ахлагч бид хоёр холбоог шалгаж явсан юм. Бид шөнийн 01 цаг хүртэл хилийн 82 дугаар тэмдэгт хүртэл яваад буцсан. Харанхуйд явж торны 2 утастай холбоог гэрэл тусгаж шалгаж яваад буцсан юм. ...өглөө Улаанхадаас явсан харуул тор тасарсан хилийн 86 дугаар тэмдгээс 86.1 дүгээр тэмдэгт хооронд байх хэсгийг олсон байсан. ...уг тор тасарсан газар очиход алаг цоог цаастай газар 3-4 орчим адууны мөр энд тэнд гарсан байсан. Орж ирсэн мөр олдоогүй гарсан мөр энд тэнд гарсан байсан бөгөөд 3-4 орчим адуу гарсан байна гэж би үзсэн. Аймгаас бүрэлдэхүүн ирж Оросын холбооны улсын талтай мөр хүлээлцсэн. ...Торыг бахь мэт хурц иртэй зүйлээр тасалсан байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,

     - Гэрч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хилийн 86 дугаар тэмдэгтээс 86.1 дүгээр тэмдэг хооронд байх хилийн торны холбоо тасарсан зөрчил гарсан. Тухайн үед тасарсан газрыг ололгүй маргааш өдөр нь олж мэдэгдсэний дагуу Улаангомоос очиж шалгаж Оросын холбооны улсын талтай хүлээлцсэн. Зөрчил гарсан газар нь 2 утастай тортой, хатуу чулуурхаг газар байсан ба 4 адууны мөр Оросын холбооны улсын тал руу гарсан мөр байсан юм. 2 морь нь тахтай тул мөр нь тод гарсан 2 тахгүй мөр бас хажууд нь байсан. ...Гарсан мөр нь олдоод орж ирсэн газар нь олдоогүй. Гарсан мөрийг сөрөг мөрдөхөд Шархаргант гол дагаж 10 орчим км яваад алдагдсан. Мөр алдагдсан газраас холгүй 2-3 км зайд байсан 2 айлын 2 адуу хулгайлагдсан талаар мэдэгдсэн. ...Гарсан газар нь 2 утастай тортой Оросын талд 5 утастай тор байсан тул мөр нь олдсон” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 79-81 дугаар хуудас/,

     - Гэрч Х А Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би О.Э.А , Ч.М.А  нартай хамт Монголын хил гарч ирж 2 адуу хулгайлаагүй. ...2017 оны 12 дугаар сарын 20-ны үед надтай О.Э.А , Ч.М.А  нар Мөнгөнтайг районы Мугаржигэртэй гэдэг газар байхад ирж уулзаад Монголын хилээр орж адуу хулгайлж ирье гэсэн. Мал харах хүнгүй байсан тул яваагүй. Тэгээд 5 хоноод О.Э.А , Ч.М.А  2 той уулзахад түрүүн хэлж байснаараа яваад 2 адуу хулгайлсан гэж хэлсэн. Миний хадгалж байсан адуу бол О.Э.А , Ч.М.А  нарын өгсөн адуу юм.

     ...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр О.Э.А , Ч.М.А  нартай хамт хил нэвтрээгүй. ...О.Э.А , Ч.М.А  нар хамт явъя гэхэд нь яваагүй юм. Тэд хоёулаа явж энэ 2 адууг хулгайлж ирсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч Ч.А , О.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хулгайлсан адууг идэшинд хэрэглэсэн болно” гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Шүүгдэгч Ч.А , О.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх”, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

     Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.А , О.А нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

     Хууль зүйн дүгнэлт:

     Шүүх хуралдаанд улсын яллагчаас

     1. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь үгсэн тохирч, бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр хилийн 74 дүгээр тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, иргэн И.А ийн хашаанаас 3 тооны адууг хулгайлсан,

     2. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө хилийн 78/1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 400 метр газраар хяналт шалгалтаас гадуур Оросын холбооны улсын талаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,

     3. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр хяналт шалгалтаас гадуур /боомт бус газар/ зохих эрхийн бичиг баримтгүйгээр хууль бусаар хил нэвтэрч, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Т.М ын 1 тооны адуу, хохирогч Б.Д гийн 1 тооны адуу, хохирогч Б.М ийн 1 тооны адуу, хохирогч А.С ын 1 тооны адуу нийт 4 тооны адуу хулгайлж 2.800.000 төгрөгийн хохирол учруулж, Монгол Улсын хилийн 82/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Оросын холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн,

     4. Шүүгдэгч Ч.А , О.А нар нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 86 дугаар тэмдэгтийн баруун тал 150 метр /86.1 дүгээр тэмдэгтийн зүүн тал 80 метр/ зайд хилийн торон саадыг таслан Оросын холбооны улсын талаас хууль бусаар Монгол улсын хил нэвтэрч, Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Н.О , Б.Б  нарын 2 адууг хулгайлан Оросын холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ч.А , О.А , шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К  нараас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

     Иймд шүүгдэгч Ч.А , О.А нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

     Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

     Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

     Ч.А , О.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.А т гэмт хэргийн хор уршигт 594.000 төгрөг, хохирогч Б.М ид 700.000 төгрөг, хохирогч Б.Д д 700.000 төгрөг, хохирогч О.С д 700.000 төгрөг, хохирогч Т.М ад 700.000 төгрөг, Б.Б  /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н /-д 700.000 төгрөг, хохирогч Н.О т 700.000 төгрөгийн бодит хохирол гарсан бөгөөд хохирогч И.А  иргэний нэхэмжлэл болох 594.000 төгрөгөө төлүүлж авсан /2 дугаар хавтаст хэргийн 187 дугаар хуудсанд авагдсан орлогын мэдүүлгээр/, хохирогч Н.О  нь халиун зүсмийн 9 настай, буруу гуянд сар тамгатай уналгын морио Оросын холбооны улсын эрх бүхий этгээдээс амьдаар нь буцааж авсан байна.

     Иймд шүүгдэгч Ч.А , О.А нар нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч И.А , Н.О  нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, мөн шүүгдэгч Ч.А , О.А нараас 700.000 төгрөг гаргуулан хохирогч Б.М ид, 700.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Д д, 700.000 төгрөг гаргуулан хохирогч О.С д, 700.000 төгрөг гаргуулан хохирогч Т.М ад, 700.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н  нарт тус тус олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг энэ шийтгэх тогтоолд дурдаж өгөх нь зүйтэй гэж үзлээ.

     2. Эрүүгийн хариуцлагын талаар.

     Улсын яллагчаас шүүгдэгч Ч.А , О.А нарын үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалтай, мөн шүүгдэгч Ч.А  шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх үед насанд хүрсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.А , О.А нарын тус бүрт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэх, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор сольж, 60 хоног буюу 2 сарын хорих ялаар тогтоох, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслээд хүнд ял болох 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгээд шүүгдэгч тус бүрийн нийт эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг,

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К аас шүүгдэгч Ч.А , О.А нар үйлдсэн гэмт хэргээ хүлээж, гэмшиж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, ар гэрийн байдал хүнд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ч.А , О.А нарт улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон хорих ялыг доош нь татаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч, шүүгдэгч тус бүрийн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг,

     Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д ээс шүүгдэгч Ч.А  гэм буруугаа хүлээж байгааг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

     Шүүх шүүгдэгч Ч.А , О.А нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

     Хэрэгт авагдсан ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Ч.А , О.А нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” нь тогтоогдож байна.

     Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д энэ гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн хэмээн тухайн гэмт хэргийн шинж болгож заасан тул тус зүйл хэсгээр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй болно.

     Иймд шүүгдэгч Ч.А , О.А нарын тус бүрт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хорих ял, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч нарын тус бүрт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор сольж, 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

     Мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан хүнд ял болох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулан 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.А , О.А нарын тус бүрийн нийт эдлэх хорих ялыг 4 жил 4 сарын хугацаагаар тус тус тогтоов.

     Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А  нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй тул түүнд оногдуулсан 4 жил 4 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоон шийдвэрлэв.

     Шүүгдэгч О.А нь 2017 оны 10, 11 дүгээр сард шүүгдэгч Ч.А тай бүлэглэж гэмт хэрэг үйлдэх үед 17 нас 10 сартай байжээ. Шүүгдэгч О.А нь хамгийн сүүлд 2018 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэхэд арван найман насанд хүрсэн тул түүнд оногдуулсан 4 жил 4 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хоёр дахин багасгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй” байхаар хуульчилсан байна.

     Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ч.А , О.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

     Шүүхээс шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ч.А т оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг, шүүгдэгч О.А т оногдуулсан 4 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.      

3. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.А , О.А нарт 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хорих ялыг эдэлсэн байна. Шүүгдэгч Ч.А , О.А нарын цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн хугацааг тооцож үзэхэд 280 хоног цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн тул энэхүү 280 хоногийг шүүгдэгч Ч.А , О.А нарын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

     Шүүгдэгч Ч.А , О.А нарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд өнөөдрөөс эхлэн шүүгдэгч нарт авагдсан урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

     Шүүгдэгч Ч.А , О.А нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Ч.А , О  А нарын тус бүрийг Монгол Улсын хилийг бүлэглэн хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг,

     - Мөн шүүгдэгч Ч.А , О  А нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг,

     - Мөн шүүгдэгч Ч.А , О  А   нарыг Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Шүүгдэгч Ч.А , О  А нарын тус бүрт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хорих ял,

     - Шүүгдэгч Ч.А , О  А нарын тус бүрт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

     - Шүүгдэгч Ч.А , О  А нарын тус бүрт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.А , О  А нарт тус тус Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 өдрөөр тооцож, 60 хоног буюу 2 сарын хорих ялаар тогтоосугай.

     4 Шүүгдэгч Ч.А, О  А нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хүнд ял болох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч тус бүрийн нийт эдлэх хорих ялыг 4 жил 4 сарын хугацаагаар тогтоосугай.

     5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.А т оногдуулсан 4 жил 4 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

     6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А , О  А   нарын цагдан хоригдсон 280 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

     7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А ийн эдлэх 2 жил 2 сарын хорих ялыг, шүүгдэгч О  А  ийн эдлэх 4 жил 4 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.А, О  А   нар нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч И.А , Н.О  нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, мөн шүүгдэгч Ч.А, О А нараас 700.000 төгрөг гаргуулан хохирогч Б.М ид, 700.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Д д, 700.000 төгрөг гаргуулан хохирогч О.С д, 700.000 төгрөг гаргуулан хохирогч Т.М ад, 700.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н д тус тус олгосугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдсугай.

     10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.А , О  А нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

     11. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.А , О  А   нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

     12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     13. Шийтгэх  тогтоолд  давж  заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т