Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2024/00901/И |
Дугаар | 207/ма2024/00100 |
Огноо | 2024-09-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 207/ма2024/00100
2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 207/МА2024/00100 |
Ү.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон
аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437
дугаар нээлттэй хорих ангид холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00975 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ү.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох,
Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Ү.*******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Зодвоо, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/00455 дугаартай шүүхийн шийдвэрээр *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс Төрийн банк ХХК болон хариуцагч Ү.*******, ******* нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 105200468510 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч А.Халиун явуулж байна. Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч А.Халиун нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******,*******,од 29 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 136.161.200 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Тус барьцаа хөрөнгө болох Бидний өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгө нь Эрдэнэт хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон. Тус барьцаа хөрөнгийн үнийн саналыг надаас бичгээр аваагүйд гомдолтой. Тухайн барьцаа хөрөнгө нь бидний гэр бүлийн өмч. Бидний зүгээс тухайн зээлийн төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд хэрвээ ороход хүрвэл жинхэнэ өмчлөгч болох Ү.******* миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж миний хувьд үзэж байна. Тухайн асуудлаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Иймээс Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 сарын 10-ны мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун, Б.Эрдэнэболд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Ү.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 142/ШШ2023/00455 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч *******, Г.Дашдэжид, Б.Энх-Апдар ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* баян-өндөр сум 1-р баг Зэст 1 хороолол, 19 байр, 20 тоот хаягт байрлах, 29м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс Төрийн банк ХХК болон хариуцагч Ү.*******, *******, нарын хороонд 2017 оны 03 дугаар сарын16-ны өдөр байгуулагдсан 105200468510 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ү.******* ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн 10-ны өдрийн мэдэгдлээр танилцуулсан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Үнэлгээтэй холбогдсон нэхэмжлэлийг тус газар хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ашид Билгүүн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Зодвоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөрөнгийн үнэлгээ дээр тайлбар хэлье. Нэхэмжлэгч ******* Баян-өндөр сум 1-р баг Зэст 1 хороолол, 19 байр, 20 тоот хаягт байрлах, 29м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэл гаргасан байна. Нэгдүгээр микрогийн байрнууд хамгийн анх баригдаж байсан байрууд, эхнээсээ ипотекийн зээлд орохгүй болсон байгаа. Энэ байрыг манайх зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн. Зах зээлийн хандлагын арга гэдэг нь тухайн байртай адилхан нэгдүгээр микрод байрлалтай, адилхан метр квадраттай тийм 2 өрөө байрнуудыг харьцуулж жишиж, есөн итгэлцүүр ашиглан үнийн тохируулга хийж үнэлгээг гаргасан. Харьцуулсан байр нь 1-15 дугаар байрны 2 өрөө, 51м.кв байр, 1-12 дугаар байрны 2 өрөө 51м.кв орон сууц гээд нийт 3 орон сууцтай харьцуулсан. 1-15 дугаар байр зах зээлийн үнэ ханш нь 147.000.000 төгрөг, 1-12 дугаар байр 145.000.000 төгрөг, нөгөө нэг байр нь 155.000.000 төгрөг байсан. Эдгээр харьцуулалт хийсэн байрууд бүгд бүрэн засвар хийгдчихсэн байсан. Тэгэхээр Ү.*******тай гэрээ хийж байх үед нэхэмжлэгчид бүрэн засвар хийчих юм бол 160.000.000 төгрөгөөр зарах боломжтой байна гэж хэлж байсан. Ү.*******ын ******* Баян-өндөр сум 1-р баг Зэст 1 хороолол, 19 байр, 20 тоот хаягт байрлах, 29м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь засвар хийгдээгүй, хуучнаараа, хулдаасан шалтай, паркетан шал байхгүй харин вакум цонх хийсэн байсан. Манай харьцуулсан байрнууд бол бүрэн засвар хийгдсэн байрууд байсан. Манайх гурван байртай жишиж үнэлээд, зах зээлийнх нь үнийг 1м.кв үнэ 2.634.000 төгрөгөөр тогтоосон. Тохируулгын итгэлцүүрээ ашиглаад, ашиглалтад орсон он, зориулалт, барилгын байршил, давхрын байршил, талбайн хэмжээ, гадна орчны тохижилт, зогсоол, инженерийн байгууламж гэсэн илтгэлцүүрүүдийг ашиглаад ижил төстэй байдлаар нь тохируулга хийж, 1м2 нь 2.000.643 төгрөгөөр үнэлсэн. Хэрвээ банк үнэлэх юм бол 1 м.кв 2.000.100 төгрөгөөр үнэлэх байсан. Ойр орчны байртай нь харьцуулж үнэлсэн болохоор 1м.кв нь 2.600.000 төгрөгөөр үнэлсэн. ******* Баян-өндөр сум 1-р баг Зэст 1 хороолол, 19 байр, 20 тоот хаягт байрлах, 29м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ нь 136.000.000 төгрөг гэж гарсан нь зах зээлээс хэт доогуур үнэлгээ биш юм гэжээ.
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00975 дугаар шийдвэрээр:
Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. дахь хэсэгт заасныг баримтлан ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид холбогдох, Үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ү.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ү.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2023/00455 дугаартай шүүхийн шийдвэрээр *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс Төрийн банк ХХК болон хариуцагч Ү.*******, ******* нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1105200468510 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын 53 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч А.Халиун явуулж байна. Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч А.Халиун нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ******* *******, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******,*******, Зэст баг 19-р байрны 20 тоотод 29 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 136.161.200 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Тус барьцаа хөрөнгө болох бидний өмчлөлийн дээрхи үл хөдлөх хөрөнгө нь Эрдэнэт хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурьдсанаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон. Тус барьцаа хөрөнгийн үнийн саналыг надаас бичгээр аваагүйд гомдолтой. Тухайн барьцаа херөнгө нь бидний гэр бүлийн өмч. Бидний зүгээс тухайн зээлийн төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд хэрвээ ороход хүрвэл жинхэнэ өмчлөгч болох Ү.******* миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж миний хувьд үзэж байна. Тухайн асуудлаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа юм. Тухайн асуудлаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийг 142/ШШ2024/00975 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, ******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2024/00975 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т заасан шаардлагыг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянав.
Нэхэмжлэгч Ү.******* нь хариуцагч ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Ү.******* хамтран зээлдэгч ******* нар 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банктай зээлийн гэрээ байгуулан 35 сая төгрөгийг 24 сарын хугацаатай зээлэн авсан ба зээлийн барьцаанд ************** 1-р баг Зэст 1-р хороолол 19-р байрны 20 тоот 29м2 2 өрөө байрыг барьцаалсан. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1757 дугаар шийдвэрээр Ү.*******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53.558.853 төгрөг гаргуулж Төрийн банканд олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 65.872.366 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр хариуцагч *******, Г.Дашдэжид, *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй ************** Зэст баг 1-р хороолол, 19-р байр 20 тоотод байрлах 29м2 талбайтай 2 өрөө байрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс Төрийн банк болон хариуцагч Ү.*******, ******* нарын хоооронд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн эд хөрөнгө хураах тогтоол үйлдэгдсэн, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилох тухай тогтоолоор Ч.Жамъяан шинжээчээр томилогдсон, хариуцагч Ү.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыш үл хөдлөх эд хөрөнгийг 160.000.000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн санал гаргасан, Ашид билгүүн ХХК 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 136.161.200 төгрөгөөр үнэлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.
Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т заасан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55 дугаар зүйлийн 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлэхээр заасан шийдвэр гүйцэтгэх газар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нарт танилцуулсан нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги нь төлбөр төлөгч үнийн талаар санал зөрүүтэй байсан тул үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг томилсон нь хууль зөрчөөгүй, үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2024/00975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ү.*******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ү.*******ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ