| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0037/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт М.А-д холбогдох эрүүгийн 192.0000.0000.42 тоот хэргийг 2019 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, краны дохиочин мэргэжилтэй, Ж ХХК-д краны дохиочин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багт оршин суух хаягтай, Ө овогт М.А,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.А нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 3-р багт хашаанд Б.Н-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг түлхэн унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 18-ны орой 19 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гэр хороололд гадаа хамт ажилладаг Н-н хамт цэргийн баяр тэмдэглээд 1 шил 0,5 гр Х архи хувааж уусан. Тэгээд байрандаа ирээд С.Ц-г дагуулж гадагшаа гараад Ц, Н бид 3 гудамжинд гадаа 1 шил 0,75 гр Х архи хувааж уусан. Тэгээд 1 шил 0,5 гр Х архи аваад байрлуугаа очсон. Тэр архинаас бид 3 амсаад орхисон, учир нь согтчих гээд байсан. Би Ц-тай зэрэгцээд хувцастайгаа хажуулсан, жаахан унтаж байгаад босч хувцасаа тайлъя гэж бодсон юм. Тэгсэн чинь Н, Ц бид хоёрыг зуураад босгох гээд согтуурхаад байсан. Бас Г гэдэг найзыгаа доромжлоод ор зас энэ тэр гээд дээрэлхээд хачин аашлаад байсан. Ц болиоч гээд Н-г газар хэвтүүлээд дараад хэвтчихсэн чинь өөдөөс нь зодолдох гээд агсраад эхэлсэн. Энэ үед Г Ц-г холдуулаад Н-г дарж хэвтээд унтуулах гэтэл Г-г дарамтлаад агсараад эхэлсэн. Тэгээд над руу ирээд агсараад надтай зууралдаад байхаар нь салаад босоод гадагшаа 00 орохоор гарсан. Гадаа 00 руу том машины хажуугаар алхаж байтал Н араас гарч ирээд бариад авахаар нь би түлхсэн. Тэгтэл Н хойшоо ойчсон ба ойчихдоо хажууд байсан том машины дугуйны обуд төмрийг дагзаараа мөргөөд унасан. Толгой нь хагарсан, цус гарсан байсан гэжээ. /хх-ийн 35-36/
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 18-ны орой 19 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт гадаа хамт ажилладаг А-н хамт 1 шил 0,5 гр Х архи хувааж уусан. Цэргийн баяр тэмдэглээд л согтууруулах ундаа уусан юм. Бид нар Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт нийтийн хөлсний байранд байрлаж байгаа. Тэгээд байрандаа ирээд С.Ц-г дагуулж гадагш гараад гурвуулаа ахиад гудамжинд 1 шил 0,75 гр-ын Х архи хувааж уусан. Ахиад 1 шил 0,5-гр-ын Х архи аваад байрлуугаа очсон. Тэр архинаас бид 3 амсаад согтоод байсан учраас уугаагүй. Ц, А 2 хувцастайгаа унтах гээд хэвтчихээр нь би хоёуланг нь татаж босгоод найз Г-р орыг засуулаад унтуулах гэсэн чинь Ц, А хоёр зөрүүлээд намайг унт гээд уурлацгаасан. Би та хоёрын орыг засуулсан миний буруу юм уу гээд орилж хашгирсан. Тэгсэн чинь Ц чи яагаад байгаа юм гээд намайг тэврээд газар унтуулах гээд хэвтэхэд Г боль боль гээд салгасан. Би А-тай маргаад зууралдаад авсан чинь намайг хойш нь түлхээд байрнаас гараад явчихсан. Би шарандаа хойноос нь гадаа гараад том машины хажууд очоод А-г бариад авсан. Тэр үед А надаас салах гээд намайг хойш нь түлхсэн. Би унахдаа тэнд зогсож байсан том машины доогуур шургаж ямар нэг юм мөргөөд толгойгоо хагалчихсан. Хэрэг гарснаас хойш А-тай учир зүйгээ олоод эвлэрсэн. А надаас уучлалт гуйж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна лээ. Бид одоо урдны адил харьцаатай, хамт ажиллаад, хамт амьдраад байж байгаа. А-д гаргах гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл үгүй гэжээ. /хх-ийн 7-8/
Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 18-ны 20 цаг өнгөрөөгөөд байрандаа амарч байхад гаднаас Н, А нар халамцуу орж ирээд намайг гаръя гээд би хамт тэр хоёртой гадагшаа гарсан. Дэлгүүрээс 1 шил 0,75 гр Х архи мөнгөө нийлүүлж аваад гудамжинд гурвуулаа хувааж уусан. Тэгээд ахиад 0,5 гр-ын 1 шил Х архи аваад байрлуугаа явж байхдаа тэр архиа задлаад дээрээс нь бага зэрэг амссан. Ахиж тэр архинаас уугаагүй. Н бүр илүү согтоод ааш зан нь эвдрээд байсан. Ингээд жаахан хажуулдаж байгаад босч ороо засаад унтана гэж бодоод би А-н хажуугаар хувцастайгаа хэвтсэн. Энэ үед цаг 00 цаг болох гэж байсан байх. Н унтуулахгүй татаж чангаагаад заамдаж босгоод байсан. Ор засуулах гээд байсан ба Г луу загнаж уурлаад, элдвээр хэлээд ор зас энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би чи ямар сонин юм бэ, ор засаад яахийн, зүгээр унтчих гээд Н-г зуурч дороо оруулаад хэвтсэн. Унтахгүй гээд босохоор ноцолдоод байсан. Г ирээд надаас Н-г салгаад ахиад дараад хэвтсэн. Н унтахгүй гээд агсараад Г-с мултрангуутаа А-тай зууралдаад эхэлсэн. А гарыг нь тавиулаад би 00 орлоо гээд гадагшаа гарсан. Хойноос нь Н гараад гүйсэн. Би зодолдчих вий гэж бодоод хойноос нь босоод гартал Н толгойгоо барьчихсан том машины дугуйны хажууд сууж байсан. А хажууд нь зогсчихсон түлхсэн чинь ойчоод дугуй мөргөчихлөө гэж байсан. Миний араас тогооч Т, Г нар гарч ирсэн. Бид нар Н-г аваад дотогш орсон ба Н толгойн араас нь цус гарсныг хараад тэрүүгээр нэг орилж хашгираад бүр их агсарч цамнаад эхэлсэн гэжээ. /хх-ийн 10/
Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 18-ны 23 цагийн үед байранд гаднаас Н, А, Ц нар орж ирсэн. Тэд архи уусан байсан. А, Ц 2 орж ирээд ороо засалгүй хөнжилөө дэрлээд унтахаар хэвтээд өгсөн. Н унтаагүй, хүн хүнтэй юм яриад суугаад байсан. Тэгсэнээ Н надруу агсарч чи муу ор засаадах, А, Ц хоёрын орыг зас, засахгүй бол чамайг унтуулахгүй үзз гэсэн. Би наад 2 чинь унтаж байна ш дээ гэсэн чинь Н босч ирээд А, Ц хоёрыг заамдаад босгосон. Ц Н-г чи өөрөө унталдаа гээд Н-г газар дараад хэвтсэн. Н өөдөөс нь сөрөөд хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь би зодолдчихож магадгүй гээд тэр хоёрыг салгаад Н-г дараад хэвтсэн. Н намайг дарамтлаад босох гээд зууралдаад байсан. Цохих гээд байхаар нь би босгосон. Тэгсэн чинь Н А ах руу бас очоод зууралдах гээд байсан ба А орхичихоод бие заслаа гээд гарсан. Тэгсэн чинь хойноос нь Н гарсан. Бас Ц гадагшаа гарахаар нь Т бид хоёр бас гарсан. Гадаа Н толгойгоо барьчихсан А, Ц хоёрт агсраад зогсож байсан. Би яасан бэ гээд очтол Н чи ийм байдаг юм уу гээд гараараа миний эрүү рүү 1 удаа цохиод авсан. Н ер нь шал согтуу байсан. Аймар агсан зан гаргасан. Намайг цохиод надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Би А-с Н-н толгой нь яасан юм бэ гэж асуусан. А би түлхчихсэн чинь ойчихдоо машины юм мөргөчихсөн гэж байсан. Тэгээд бид нар Н-г байр уу оруулсан гэжээ. /хх-ийн 12/
Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 сарын 18-ны 23 цаг болж байхад гаднаас Н, А, Ц нар орж ирсэн. Тэд архи уусан байсан. Н нэлээд согтуу байсан. Нөгөө хоёр нь арай гайгүй байсан. А, Ц 2 орж ирээд шууд бүхлээрээ хэвтээд өгсөн. Н хугас шил архи барьчихсан байранд байсан хүмүүст тойруулж байсан. Нөгөөдүүл нь амсаад л өнгөрсөн. Тэгсэнээ Н Г-т А, Ц хоёрын орыг засаадах гэсэн. Г ор засах гээд босоод ирсэн ба Н А, Ц хоёрыг босгох гээд зууралдаад байсан. А Ц 2 байж бай, байж бай, 2 ах нь жаахан байж байгаад босно гээд байсан. Тэгтэл Н хүчээр тэр хоёрыг заамдаад босгоод ирсэн ба Ц чи өөрөө эхлээд унт гээд Н-г дараад хэвтсэн. Н Ц-н өөдөөс эсэргүүцээд байсан. Дараа нь Г Н-г хүзүүдээд өөрийнхөө хажууд унтуулах гээд хэвтсэн. Н хүмүүсийг элдвээр хэлж хараагаад Г-г ална тална гэсээр байгаад боссон. Тэгээд А-г ах шигээ бодож явсан шүү гээд агсарсан. А зөрүүлээд би ч чамайг дүү шигээ бодож явдаг, одоо унталдаа гээд бие засахаар гарсан. Хойноос нь Н бас гарсан. Ц бас тэр хоёрын хойноос гарахаар нь би юу болоод байгаа юм гээд хувцсаа өмсөөд гарсан. Тэгтэл гадаа зогсож байсан том машины дугуйны хажууд А түлхчихсэн чинь дугуй мөргөөд толгой нь хагарчихлаа гээд зогсож байсан. Н толгой хагалчихлаа гээд уйлаад зогсож байсан ба Г луу элдвээр хэлээд дайрч байсан гэжээ. /хх-ийн 14/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 02/
Шинжээчийн 02/0171 дугаартай дүгнэлт: 1.Б.Н-н биед толгойн оройн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 22-26/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 31-34/
Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багт шүүгдэгчийн оршин суух хаягийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-42/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 46-47/
Хялбаршуулсан журмаар явуулсан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 54/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч М.А нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 3-р багт Б.Н-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг түлхэн унагааж биед нь толгойн оройн хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Н-н “Би шарандаа хойноос нь гадаа гараад том машины хажууд очоод А-г бариад авсан. Тэр үед А надаас салах гээд намайг хойш нь түлхсэн. Би унахдаа тэнд зогсож байсан том машины доогуур шургаж ямар нэг юм мөргөөд толгойгоо хагалчихсан.” гэх мэдүүлэг, гэрч С.Ц-н “Би зодолдчих вий гэж бодоод хойноос нь босоод гартал Н толгойгоо барьчихсан том машины дугуйны хажууд сууж байсан. А хажууд нь зогсчихсон түлхсэн чинь ойчоод дугуй мөргөчихлөө гэж байсан.” гэх мэдүүлэг, гэрч М.Г-н “Би А-с Н-н толгой нь яасан юм бэ гэж асуусан. А би түлхчихсэн чинь ойчихдоо машины юм мөргөчихсөн гэж байсан.” гэх мэдүүлэг, гэрч П.О-н “Тэгтэл гадаа зогсож байсан том машины дугуйны хажууд А түлхчихсэн чинь дугуй мөргөөд толгой нь хагарчихлаа гээд зогсож байсан. Н толгой хагалчихлаа гээд уйлаад зогсож байсан ба Г луу элдвээр хэлээд дайрч байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 02/0171 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-26/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч М.А-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Б.Н-н зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь гэрч М.Г-н “...Н босч ирээд А, Ц хоёрыг заамдаад босгосон. Ц Н-г чи өөрөө унталдаа гээд Н-г газар дараад хэвтсэн. Н өөдөөс нь сөрөөд хэрэлдээд эхэлсэн. Тэгэхээр нь би зодолдчихож магадгүй гээд тэр хоёрыг салгаад Н-г дараад хэвтсэн. Н намайг дарамтлаад босох гээд зууралдаад байсан. Цохих гээд байхаар нь би босгосон. Тэгсэн чинь Н А ах руу бас очоод зууралдаах гээд байсан ба А орхичихоод бие заслаа гээд гарсан. ... Гадаа Н толгойгоо барьчихсан А, Ц хоёрт агсраад зогсож байсан. Би яасан бэ гээд очтол Н чи ийм байдаг юм уу гээд гараараа миний эрүү рүү 1 удаа цохиод авсан. Н ер нь шал согтуу байсан. Аймар агсан зан гаргасан.” гэх мэдүүлэг, гэрч П.О-н “...Тэгтэл Н хүчээр тэр хоёрыг заамдаад босгоод ирсэн ба Ц чи өөрөө эхлээд унт гээд Н-г дараад хэвтсэн. Н Ц-н өөдөөс эсэргүүцээд байсан. Дараа нь Г Н-г хүзүүдээд өөрийнхөө хажууд унтуулах гээд хэвтсэн. Н хүмүүсийг элдвээр хэлж хараагаад Г-г ална тална гэсээр байгаад боссон. ... Н толгой хагалчихлаа гээд уйлаад зогсож байсан ба Г луу элдвээр хэлээд дайрч байсан” гэх мэдүүлэг, гэрч О.А-н “...Ц би өөрөө эхлээд унт гээд Н-г дараад хэвтсэн. Н унтахгүй гээд үгэнд нь орохгүй асгаад байсан. А бие засах гээд гарсан чинь хойноос нь Н пизда, шээс, гөлөг, лалар гэж дуудаж байгаад араас нь гарсан” гэх мэдүүлэг, гэрч З.Б-н “Намайг сэрэхэд Н орилж хашгираад Г дараад хэвтчихсэн байсан. Н толгой нь хагарчихсан чинь та нар бүгдээрээ нийлж зодлоо гээд дайраад байсан. Утсаар ярихдаа хүртэл эд нар намайг пойлпож зодлоо ч гэх шиг сонин сонин юм яриад оршилж хашгираад байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Д-н “...Н хүн хүн рүү агсраад, заримыг нь доромжлоод эхэлсэн. Унтаж байсан Ц, А хоёрыг татаж чангаагаад байлгахгүй байсан. Н-н дуу шууд унтаж болохгүй байсан. Н А-руу агсараад эхлэхтэй зэрэгцээд А тоолгүй 00 орлоо гээд гараад явчихсан. Хойноос нь Н ална шүү гээд орилоод гараад явчихсан” гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан болно.
Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага байхгүй байна.
Хохиролын хувьд:
Шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Н нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б