Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/49

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Х.Г,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч М.Ю нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой М-ын Ю-д холбогдох эрүүгийн 1917000000040 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогтой М-ын Ю /РД:ЕЙ98081321/, Г аймгийн С суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эмэгтэй, Г аймгийн С сумын .. дугаар баг, Х-ны ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл 3, ах, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч М.Ю нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний шөнө 23 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Геологийн заалны хажууд иргэн Б.М-тай маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохин зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч М.Ю нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  23 цагийн орчим Г аймгийн С сумын 1 дүгээр баг, Геологийн заалны хажууд Б.М-тай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж улмаар харилцан зууралдан түүний нүүрэн тус газарт цохиж самардан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч М.Ю шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Геологийн заалны хажууд М О-тэй уулзах гээд ирсэн. Би М-г дуусан чинь намайг тоохгүй байсан. Урьд нь бид найз нөхөд байсан юм. Найзууд байж намайг тоохгүй, хараагүй царайлаад байхаар нь би уурлаад хамраа сөхчихсөн юм бэ гэж хэлсэн. Намайг эхлээд өшиглөсөн. Тэгэхээр нь би үсдээд нэг л удаа самардсан. Тэгээд цагдаа дээр очоод харахад хамар дээр нь аймар болсон байсан. Би уучлалт гуйгаад нэг тос авч өгсөн. Сайн эдгэхгүй байна гээд 300 000 төгрөгөөр тос авч түрхэнэ гэж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би 2019 оны 05 дугаар сарын 01-ний шөнө төмөр замын вокзал орох гээд гэрээсээ гараад Геологийн заалны хажууд явж байтал О, Ю хоёр нэг танихгүй хүний хамт явж байхаар нь О-ийг дуудсан. Би О-д хандаад хоёулаа хамт яваад Ц-ыг хайж олье гэж хэлтэл завгүй гээд буцаад эргээд явсан. Гэтэл Ю сайн уу гэхээр нь би амандаа сайн гэж хэлээд цаашаа явах гэтэл Ючи ямар их зантай юм бэ хамраа сөхчихөөд гэхээр нь хамраа сөхөх гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэж хэлтэл юу гээд хуцаад байгаа юм бэ янхан минь гээд миний цээж рүү түлхсэн. Тэгэхээр нь би Ю-д хандаад битгий давраад байгаарай гээд баруун хөлөөрөө зүүн талын хөл орчимд зөөлхөн өшиглөтөл Ю миний үснээс зулгаагаад бариад авахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаагаад бариад авсан. Тэгтэл Ю миний хамрын нурууны зүүн хэсэгт нэг удаа нүүрний баруун хэсэгт гараараа нилээн хэдэн удаа самардсан. Мөн миний зүүн талын хөл рүү 2 удаа өшиглөсөн. Цагдаа дээр ирсэний дараа нүүрээ толинд харахад баруун талын хацар, хамрын нуруун дээр маажигдсан байсан. Мөн гэртээ хариад хөлөө хартал зүүн талын гуя хөхөрсөн байсан. Ю бид хоёрт ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Ю-аас өөр хүн намайг зодож цохиогүй.  300 000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 6-10 хуудас/

 

1.3. Гэрч Г.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 05 дугаар сарын 01-ний орой гэртээ байж байтал Ю руу О залгаад Геологийн заалны баруун талд байдаг караокены хажуу талд О-тэй уулзсан. Тухайн үед цаг 23 цаг өнгөрч байсан. Гэтэл М Геологийн заалны хажуунаас ирээд О-тэй юм яриад байсан. Ю М-д хандан хөөе гээд дуудахад М дугарахгүй байсан. Ю Мэгмийсанд хандаад чи ямар их зантай болсон юм бэ, хамраа сөхчихсөн юм бэ гэхэд М хамраа сөхөнө гэж яадаг юм бэ юу яриад байгаа юм бэ гэсэн чинь Ю Мг нэг удаа гараараа цээж рүү нь түлхтэл М Ю-ын гарнаас барьж аваад зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Ю М нар бие биеийгээ үсдээд бариад авсан. О, Т бид нар салгах гэсэн боловч салахгүй байсан. М-ийн нөхөр нь ирээд салгасан. Тэр хоёрыг бие биеийнхээ хаана хаана цохисон талаар мэдэхгүй байна. Зууралдаж байгаад салахад нь Мг харахад хамар, баруун хацар дээр нь маажуулсан байсан. Анх уулзахад    М-д маажуулсан шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/

 

1.4. Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 05 дугаар сарын 01-ний орой гэртээ байж байтал манай эхнэр Ч, найз Ю нар нь хүнтэй уулзъя хамт гараад ирье гээд Геологийн заалын баруун талд байдаг караокены хажуу Отэй уулзсан. Тэнд байж байтал Мэ Геологийн заалны хажуунаас хүрч ирээд Отэй юм яриад байсан. Ю М-тай мэндлэхэд М дугарахгүй байхаар нь Ю чи яасан хамраа сөхсөн юм бэ гэсэн. М хамраа сөхнө гэж яадаг юм бэ гэхэд Ю М-г нэг удаа гараараа түлхсэн. М Ю-мыг нэг удаа хөл рүү өшиглөсөн. Тэгээд Ю М нар бие биеийгээ үсдээд бариад авсан. Би голоор нь ороод салгах гэтэл салахгүй байсан. М-ийн нөхөр гэх залуу ирээд салгасан. Тэр хоёрыг бие биеийнхээ хаана, хаана цохисон талаар мэдэхгүй байна. Дараа нь цагдаа дээр ирээд харахад М-ийн баруун хацар, хамар дээрээ нь маажуулсан шархтай болсон байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/

 

1.5. Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 23 цагийн орчим Геологийн заалны баруун талд явж байтал хойноос М дуудсан. Би М-тай уулзаад юм яриад зогсож байтал Ю М-ыг дуудахад тоохгүй зогсоод байсан. Ю ирээд М-д хандаад чи ямар хамраа сөхсөн юм бэ гэсэн чинь М хамраа сөхнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэж хэлэхэд Ю М-ийн цээж рүү гараараа нэг удаа түлхсэн. М Ю-ын гараас барьж аваад хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Ю, М нар бие биеийгээ үсдээд бариад авсан. Ю М-д хандаад чи манай нөхөртэй унтсан биз дээ гээд байсан. М би үгүй гэж хэлсэн биз дээ гээд байсан. Тэгтэл М-ны нөхөр ирээд тэр хоёрыг бид нар салгасан. Цагдаа дээр ирээд гэрэлд харахад М-ны хамар, баруун хацар хэсэгт нь маажигдсан шархтай харагдаж байна. М надтай анх уулзахад ямар нэгэн ил харагдах шарх байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/

 

1.6. Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар дүгнэлтэнд: Б.М-ийн биед хамрын нуруунд, духны баруун талд, баруун чамархайд, баруун хацарт, хүзүүнд зулгаралтууд, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Ж гэжээ. /х.х-ийн 18 хуудас/

 

1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 4-5 хуудас/ зэрэг болно.

 

  Иймд шүүгдэгч М.Ю-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Шүүгдэгч М.Ю нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч М.Ю-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Ю зан байдлын хувьд найз нөхөдтэйгээ эвсэг харилцаатай, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, элдэв муу зуршил байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/

 

2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /х.х-ийн 38 хуудас/

 

2.3. М.Ю-мын мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 45-46 хуудас/ зэрэг болно.

 

        Шүүгдэгч М.Ю-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Улсын яллагчаас шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч М.Ю нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1 нас 8 сартай хүүхэдтэй ганц бие эх зэргийг тус тус харгалзан шүүхээс түүнд торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хохирогч Б.М нь 300 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Шүүгдэгч М.Ю нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогтой М-ын Ю-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ю-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ю-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ю-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Ю нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.М нь 300 000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ю-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА