Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 207/ма2024/00102

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2024/00102

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Д.*******ад холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/01044 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******ад холбогдох,

Машины засварт 4.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Д.*******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран цахимаар, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн автомашины моторыг засууллахаар *******тай утсаар ярьж ажлын хөлс 500.000 төгрөгөөр тохиролцож манай хашаанд ирж засаж янзлахаар болсон. Ирээд моторыг задлахад доор касчирын тагны дотор байдаг маслоны шүүрийн хос гинж тасарсан байсан. Тиймээс болоод масло гүйхгүй болоод мотор зуурсан байсан. Нэгэнт задалсан юм чинь сольж хийчихье гэж тохиролцоод Улаанбаатар хотоос 605.000 төгрөгөнд ком кольц 330.000 төгрөг, уклак их гар бие 230.000 төгрөг, гиришикийн жийрэг 45.000 төгрөг захиж авчруулаад, Орхон аймгаас 280.000 төгрөгөнд хос гинж 40.000 төгрөг, дахин хос гинж 100.000 төгрөг, масло шүүр 40.000 төгрөг, тосол 10 литр 45.000 төгрөг. Эдгээр сэлбэгүүдийг авчраад моторыг угсарч дуусаад асаах гэтэл астачираар асахгүй машинаар чирэхээр хүчээр асдаг болгосон.

Ажилтай байна хэд хоногоос ирээд астачираар асдаг болгож өгнө гээд ажлын хөлснөөсөө бэлэн 300.000 төгрөг аваад явсан. Түүнээс хойш одоог болтол ганц удаа ирээгүй. Тухайн үед машинаар чирж хүчээр асаагаад гэрийн хажуу талын засмал зам дээр 2 км хүрэхгүй яваад машиныг унтрааж тавьсан. Д.*******ийг ирэхгүй болохоор 2023.08.17-ны үед айлаас үхэр ачих хэрэг гарсан болохоор машиныг чирж асаасан чинь дээд хос гинжний таг хагарч цуураад том маслоо цацаад унасан. Унтраагаад Д.*******ид утсаар хэлтэл 2-3 хоногоос очно гэсэн. Ирээгүй. Хүлээгээд ирэхгүй 7-8 хоносон. Хадлан өвч авах ид ажлын үе байсан. Ирэхгүй болохоор нь өөрөө задалсан. Тэгтэл дээд духны хөтлөгч хос гинжний хоёр хөтлөгч арааны 17-ийн хоёр боолт сугараад гадна тагаа дотор талаас нь хавирч түлхээд хагалсан байсан. Хоёр боолт сулраад их биеэн дэх дээд ангины ирзвоо алагдсан байсан. Д.******* руу утсаар энэ тухай хэлэхэд ирзвоо тогтоогч шингэн байдаг түүнийг түрхээд боочих гэсэн. Хэлсэнээр нь Эрдэнэтээс таарах таг задаргаанаас 90.000 төгрөгөөр аваад резво тогтоогчийг нь түрхээд угсарсан. Ажилтай очиж чадахгүй байна. 4 форсункыг аваад Эрдэнэт ороод форсунк шалгадаг газар ороод шалгуулчихаарай гэхээр нь дахиад л өөрөө задлаад 4 форсункыг тайлж аваад Эрдэнэт орж шалгуулахад 3 ширхэг нь огт ажиллахгүй 1 ширхэг форсук муухай ажиллаж байсан. Машиныг засаж янзлах үед 2023.08.09-12 ны үед айрагийн баяр болж тэр үед *******ийг гэртээ үлдээгээд явсан. Эрдэнэт орж тасарсан гинж ирнэ гэхээр нь бензиний мөнгө шилжүүлж өгч явуулж байсан. Уг машин нь маслоны шүүрний хос гинж тасраад мотор зуурч зогссон болохоос 4 форсукнаас болж эвдэрч зогсоогүй юм. 1 ширхэг форсук нь 390,000 төгрөгийн үнэтэй. Эзгүй хойгуур гинж олж авах нэрээр Эрдэнэт явж байхдаа үнэ өндөр болохоор 4 форсукыг нь сольсон нь үнэн юм. Мөн дээд духны 2 хөтлөгч арааны 17-ийн 2 боолтыг мартаж чангалаагүй орхисноос тагаа хагалж дээд ангины суурь ирзвоо алагдсан болохоор дээд ангти тэр чигээр нь солих болж байгаа юм. Д.*******аас Улаанбаатар хотоос авсан 605.000 төгрөг, Эрдэнэт хотоос авсан 280.000 төгрөг, хагарсан тагны мөнгө 90.000 төгрөг, ком дээд анги 1.650.000 төгрөг, 4 ширхэг, просукны 1.560.000 төгрөг, цалин хөлс 300.000 төгрөг, бензин 40.000 төгрөг нийт 4.525.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2023 оны 08 сард Булган аймгийн Булган сумын төвд оршин суудаг ******* гэгчийн Бонго-3 автомашины мотор цохисон байсныг засаж моторыг боож асаагаад өгсөн. Миний бие энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/01044 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар 352.2.2-д заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 4.525.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 87.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-07-22 ны өдрийн 142/ШШ2024/01044 дугаартай шийдвэрийг "Монгол Шуудан"-гаас 2024-08-08-ны өдөр гардан аваад энэхүү шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх "... нэхэмжлэгч моторыг засаж, ээлж хийхэд шаардлагатай эд ангиудыг авчирч хариуцагч моторыг угсарч дуусаад машин түлхүүрдээд асахгуй машинаар чирэхэд хүчээр асч байсан ... хариуцагч энэхүү доголдлыг арилгаж стааачераар асдаг болгоно гэж хэлээд ажлын хөлсөнд 300.000 төгрөг авч явсан боловч ирээгүй доголддыг арилгах үүргээ биелүүлээгүй ... Хариуцагч гүйцэтгэсэн ажлынхаа догодлыг арилгаагүйн улмаас нэхэмжлэгч машиныг чирж асаахад дээд хос гинжний таг хагарч цуураад тос маслаа цацсан, нэхэмжлэгч моторыг өөрөө задалж үзэхэд дээд духны төлөгч хос гинжний хоёр хөтлөгч арааны 17-гийн 2 боолт сулраад гадна тагаа дотор талаас нь хавирч түлхээд хагалсан, хоёр боолт сулраад их биен дэх дээд ангийн резьба алдагдсан байсан, цаашид ажиллах боломжгүй болсон байсан тул шинээр мотор худалдан авч тавьсан..." талаар хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад нэгталыг барьж хийвсэр дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гэж үзнэ.ҮНДЭСЛЭЛ НЬ: 1.Хохирол болох ком кольц 330.000 төгрөг, уклад их гар бие 230.000 төгрөг, крышкний жийрэг 45.000 төгрөг, 2 хос 140.000 төгрөг, масло шүүр 40.0000 төгрөг, масло 65.000 төгрөг, тосол 10 литр 45.000 төгрөг, хагарсан тагны 90.000 төгрөг, ком дээд анги 1.650.000 төгрөг, 4 ширхэг форсунка 1.560.000 төгрөг, цалин хөлс 300.000 төгрөг, бензин 40.000 төгрөг нийт 4.525.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна..." гэж шүүх дүгнэлт хийсэн нь дэндүү хийсвэр дүгнэлт болжээ. Тодруулбал: " ... моторыг засаж, ээлж хийхэд шаардлагатай эд ангиудыг авчирч хариуцагч моторыг угсарч , дуусаад машин түлхүүрдээд асахгүй машинаар чирэхэд хүчээр асч байсан." Талаар нэхэмжлэгч маргахгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэл 3 дугаар талд " Хариуцагч ... би энэ хүний авч өгсөн бүх сэлбэгийг бүгдийг нь тавьсан.Мотор тавьж, ээлж хийхэд хүүхэд нь хараад байж байсан.Би хүний юм авахгүй... Даргалагчаас: Яагаад астачраар асахгүй, чирж асаагаад байсан юм бэ? Асуултанд: Порсункаа голоод байсан.Анх задлахдаа энэ порсунк ажиллахгүй юм байна гэж өөрт нь хэлсэн ... Асахад ямар ч доголдол байхгүй ассан ..." тухай Хариуцагчийн тайлбарт шүүх огт дүгнэлт хийхгуй байгаа нь буруу юм. ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.1 "шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах:" үүргээ хариуцагч Д.******* биелүүлж, ХХ-ийн 20 дугаар хуудаст 2024-06-20 ны өдөр бичгээр тайлбар гаргаж "...Бонго-3 автомашины \мотор цохисон байсан\ засаж, моторыг боож асаагаад өгсөн..." гэх тайлбарыг шүүх үнэлээгүй, дүгнэлт хийсэнгүй. 2.ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 " шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татлтаглазах үндэслэл , тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх:" үүргээ нэхэмжлэгч Д.******* хэрэгжүүлээгүй байхад нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж байнаа нь үндэслэлгүй. ИХШХШТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д "хэрэгхянан шийдвэрлэхэд шинжлах ухаа, тооцоо, тоо бүртгэл ...техникийн зэрэг тусгай мэдлэг шаардлагдах асуудлыг тодруулахын тулд ... шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно ..." гэсний дагуу нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлд дурьдсан " шинээр мотор худалдан авч, тавьсан..." гэх байддыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолж чадаагүй. Хэрэгт худалдан авсан эд зүйлийн И баримт бүхий худалдан авалтын баримт огт байхгүй. Шинээр мотор авсан бол хуучин мотор хаана байгаа, аль эд ангийг нь буцаан хэрэглэх боломжтой талаарх баримт хэрэгт авагдаагүй. Маргаан бүхий дээрх байдпыг эцэслэн тогтоохгүйгээр нэхэмжлэлийг бүрэн хангаж байгаа нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчил гэж үзнэ. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, давж заалдах гомдлыг хүлээн авч, ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу 01044 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Д.*******, би сонгон авсан өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0627/-ийн хамт биечлэн оролцоно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Л.*******аас машин засварын мөнгө 4.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өөрийн УАМ 45-83 тоот улсын дугаартай Бонго-3 маркийн машины моторыг засуулахаар Д.*******тай амаар ярилцаж тохироод Улаанбаатар хотоос 605.000 төгрөгийн сэлбэг, Эрдэнэтээс 280.000 төгрөгийн сэлбэг тус тус худалдан авч мотороо засуулах ажлын хөлсөнд 500.000 төгрөг өгөхөөр тохирч 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мотороо угсарч дуусаад асаахад статераараа асахгүй байсан, машинаар чирж асаасан. Хэд хоногоос ирж статераараа асаадаг болгоно гээд явсан. Утсаар ярьж хэлсэн боловч ирээгүй. Иймд машин засуулахаар авсан сэлбэгийн үнэ 4.525.000 төгрөг гаргуулна гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.

Хариуцагч Д.******* машины моторыг засаж асааж өгсөн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Бонго-3 маркийн машины моторыг засуулахаар Улаанбаатар хот болон Эрдэнэтээс машины сэлбэг худалдан авсан, машины моторыг засаж уг сэлбэгүүдийг тавьсан, ажлын хөлсөнд 500.000 төгрөг өгөхөөр тохиролцож 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн, моторыг засварласны дараа машинаа чирж асаалгасан, энэ талаар зохигчид маргаагүй, хариуцагч дахин ирж машиныг үзэж засаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгаагүйн улмаас нэхэмжлэгч машиныг чирж асаахад дээд хос гинжний таг хагарч тос масло цацсан, 2 боолт суларсан, резва нь алдагдсан цаашид ажиллахгүй болсон тул мотороо сольж шинэ мотор авч тавьсан Иргэний хуулийн 325 дугаар зүйлийн 325.2.3.-д доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар ч арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгах, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэсэн дүгнэлт хийж, хариуцагчаас 4.525.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагчаас 4.525.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Д.******* нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх тухай үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.

Хариуцагч Д.******* нь хэдийгээр доголдолтой үр дүн хүлээлгэн өгсөн, доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй боловч нэхэмжлэгчийн шаардаад байгаа 4.525.000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл тухайн машины моторыг засах өөр мотороор сольж тавихад ийм хэмжээний зардал гарах эсэхэд тусгай мэдлэг шаардагдах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар шүүх өөрийн санаачилгаар захирамж гарган шинжээч томилж дүгнэлт гаргуулан маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад энэ ажиллагааг хийгээгүй хариуцагчаас сэлбэгийн үнэ 4.525.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/01044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Д.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ