Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/50

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Б-н Х-т холбогдох эрүүгийн 1917000000041 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 24-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа жонш хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, Ханангийн  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр 1 сарын баривчлах ялыг бүгдийг нь нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож байсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Боржигин овогт Б-н Х /РД: 

 

Яллагдагч Б.Х нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 147 тоот хашааны гадна Т.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн гарын шуу, зүүн хөлийн гуян тус газар тус тус 2 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Х нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 147 тоот хашааны гадна хохирогч Т.М-тай маргалдаж, улмаар түүний зүүн гарын шуу, зүүн хөлийн гуян тус газар тус тус нэг удаа буюу нийт 2 удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй гэв.

1.2. Шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.М хутгалж биед нь гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ханангийн 147 тоот гэртээ ганцаараа байж байтал манай найз М, Б нар 11 цагийн үед манай гэрт орж ирсэн. Б Улаанбаатар хотод байдаг юм. Б Улаанбаатар хотоос тэр өдөр ирсэн байсан. Тэгээд М-н гэрт нь очоод 2 литрийн Нийслэл нэртэй пиво 2 ширхэгийг уусан. М-н гэрээс 14 цагийн үед гараад манай гэрт ирээд мах чанаж идсэн. Манайд мөн 2 ширхэг 2 литрийн Нийслэл нэртэй пиво уусан. Б Улаанбаатар хот руу буцлаа гэсэн. Б мөн нэг залуутай хамт явсан. Тэр залуу машин барьж яваа гээд пиво уугаагүй. Би Э гэх ахыг машинтай нь дуудаад Б Улаанбаатар хот руу гаргаж өгөхөөр болсон. Тэгээд үдэлтийн хаалган дээр очоод 2 литрийн Нийслэл нэртэй пиво 2 ширхэгийг уусан. Нэг пивоны тал нь үлдсэн байсан. Эрдэнээ ах бид хоёр М-г гэрт нь хүргэж өгсөн. Би үлдсэн тал 1 литр орчим пивийг ганцаараа уусан. Тэгээд би Г гэх айлын гадаа Э ахын машинаас буугаад үлдсэн. Тухайн үед 22-23 цагийн үед болж байсан. Г ахын гэрт хүн байхгүй байхаар буцаад Ханангийн эгнээ рүү гэр лүүгээ алхаад явсан. Замдаа салхинд цохиулсан юм шиг байна лээ. Зарим зүйлийг санахгүй байгаа юм. Тэгээд гэрийнхээ гадаа очтол М ах явж байхаар нь дуудаад тамхи гуйгаад татсан байсан. Нэг мэдсэн М ах намайг газар унагаачихсан гүйгээд яваад өгсөн. Тэгээд юу болсон талаар санахгүй байгаа юм. Нэг мэдсэн гэртээ орчихсон байсан. Гадаа хүмүүс дуудаад байхаар нь гараад ирсэн чинь цагдаагийн хүмүүс ирсэн байсан. Тэгээд намайг цагдаа дээр авчирч эрүүлжүүлсэн. Дараа нь манай гэрийн урд талд байдаг хүнсний дэлгүүрийн бичлэгээс харахад би газар унасныхаа дараа М ахын зүүн гуя, зүүн шуу орчимд хутгаар хутгалж байгаа нь харагдаж байна лээ. Камерт харагдаж байгаа нь хутга шиг гялалзаад харагдаж байна лээ. Би тэр хутгыг хаанаас авсан талаараа санахгүй байгаа юм. Мөн тэр хутгыг яасан талаараа санахгүй байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

1.3. Хохирогч Т.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 05 дугаар сарын 09-ний орой 22 цаг 30 минутын үед хэрчсэн гурил авахаар охин М-н хамт Ханангийн эгнээний зүүн талд байдаг “Андууд” дэлгүүр орсон. “Андууд” дэлгүүрээс гараад Ханангийн 141 тоотод байдаг гэр лүүгээ явж байтал Ханангийн эгнээний урд талын эгнээний нэг хашаанаас миний танил Х нэг танихгүй залуугийн хамт гарч ирсэн. Тэр танихгүй залуу нь буцаад хашаандаа орсон. Х намайг харчхаад дуудахаар нь би Ханангийн 147 тоот хашааны урд талд явган хүний зам дээр хүлээгээд зогссон. Х зам хөндлөн гараад миний хажууд ирсэн. Х архи уусан байдалтай баруун гартаа хутга барьсан байсан. Тэгээд Х надад хандаад тамхилаач гэхээр нь тамхи гаргаад асааж өгсөн. Х баруун гартаа барьсан хутгаа савчуулаад байхаар нь чи наад хутгаа надад өг, хүн амьтан алах нь уу гэж хэлээд хутгыг нь авах гэсэн өгөхгүй байсан. Тэгэхээр нь хутгыг нь авах гээд Х-г баруун хөлөөрөө хавираад газар унагаагаад хутгыг нь авах гэсэн чинь Х хутгаараа миний зүүн гуяны гадна хэсэгт 1 удаа, мөн зүүн гарын шуу тохойн орчмын гадна хэсэгт тус тус нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би энэ Х хүн алах юм байна гэж бодоод Х-с салаад зугтаасан. Манай охин М цаана хараад зогсож байсан. М-д хандаад миний охин гүйгээрээ гэж хэлээд гэр лүүгээ зугтаасан. Эргээд харахад Х Ханангийн эгнээгээр зүүн тийшээ явж байгаа харагдсан. Тэгээд гэртээ ороод харсан чинь зүүн талын гуяны гадна хэсгээс цус гараад өмд нэвтэрсэн байсан. Мөн зүүн гарын шууны дээд тохойн орчимд цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг дуудаад дараа нь цагдаад мэдэгдсэн. Манай охин М хажуунаас хараад зогсож байсан. Гэхдээ бид хоёроос зайтай зогсож байсан. Өөр хүн хажууд байгаагүй. Тэр хавьд мөн хүн харагдаагүй. Х хутгаа өөрөө бариад үлдсэн. Хүрэн модон иштэй хутга байсан. Хутгаа яасан талаараа Х өөрөө мэдэж байгаа.

Би гомдолтой байна. Би хувиараа хар бор ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Би гагнуур хийдэг. Сард 1 000 000-1 200 000 төгрөгийн хооронд орлого олдог. Би одоогийн байдлаар 11 хоног  ажил хийж чадаагүй. Би эмчилгээний зардал болон сарын орлогоо нийлүүлээд Х-с 1 200 000 төгрөг нэхэмжилж байна. Хохирол барагдуулаад өгөх юм бол гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

1.4. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 05 дугаар сарын 09-ний орой 22 цаг өнгөрч байхад манай нөхөр М охин М нар дэлгүүр ороод хэрчсэн гурил аваад ирье гээд явсан. Тэгээд 22 цаг 30 минутын үед М охин М нар гаднаас сандарсан М доголсон орж ирсэн. М намайг хүн хутгалчихлаа гэсэн.  М-н өмднийх нь зүүн гуя хэсэг нь цус болсон байсан. Өмдийг нь тайлаад үзэхэд зүүн гуяны гадна хэсэгт онгойсон шарх гарсан. Тэрнээс нь цус гарч байсан. Мөн зүүн гарын шууны дээд хэсэгт тохой орчимд нь мөн дүрэгдсэн шархтай байсан. Тэгээд эмнэлэг цагдаад мэдэгдсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод М-н гуяны шарх болон шууны шарханд оёдол тавьсан. Улаанаа гэх залууд хутгалуулсан гэж байсан. Гэр лүүгээ явж байхад нь Улаанаа хутга барьсан тааралдаад хутгаа савчуулаад дүрчих гээд байхаар нь хутгыг нь булааж авах гэж байгаад гуя шуундаа хутгалуулсан гэсэн. У гэдэг залуугийнх манай эгнээний 147 тоот хашаанд байдаг юм байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

1.5. Насанд хүрээгүй гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 05 дугаар сарын 09-ний орой 22 цаг өнгөрч байхад хойд аав М-н хамт Ханангийн эгнээний зүүн үзүүрт байх Андууд дэлгүүр орчхоод хэрчсэн гурил, ундаа аваад Ханангийн 141 тоотод байдаг гэр лүүгээ явж байтал манай эгнээний урд талын эгнээний нэг хашааны ард хаалгаар 2 эрэгтэй хүн гарч ирсэн. 1 ах нь буцаад хашаандаа орсон. Нэг ах нь манай аавыг Д ах гээд дуудсан. Тэр ах нилээн согтуу байсан. Тэгээд засмал замын нөгөө талаас аав бид хоёрын явж байсан талд гараад ирсэн. Тэр ах аавын хажууд ирээд У байна, та намайг таньж байна уу гэсэн. Аав таньж байна, гэртээ харьж унт гэж хэлсэн. Тэр ах баруун гартаа урт хутга барьсан байсан. Би айгаад зайтай зогсож байсан. Тэр ах ааваас тамхи байна уу гээд тамхи авч байсан. Аав хутгатай гарыг нэг гараараа өөрөөсөө холдуулж түлхээд чи хүн дүрэх нь үү наад хутгаа хая гэсэн. Аав тэр согтуу ахын хутгыг авах гэж байгаад хөл, хөлөндөө тээгэлдээд тэр согтуу ах газар унасан. Тэр ах босох гээд аавын өөдөөс дайраад цохиод байх шиг байсан. Аав тэр ахаас холдоод над руу гүйгээд ирсэн. Аав надад хандаад аав нь хутгалуулчихлаа хурдан ээж дээр нь очъё гээд гэр лүүгээ гүйгээд ирсэн. Гэрт ирээд харахад аавын зүүн гуяны гадна талаас цус гарч байсан. Тэгээд хувцсаа тайлсны дараа харахад зүүн гуяны гадна талд, зүүн гарын шууны дээд хэсэгт тохой хавьд 2 газар хутгалсан байсан. Аавыг хутгалсан ах хутгаа бариад Ханангийн эгнээний зүүн үзүүр лүү явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

1.6. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байтал 16 цаг өнгөрч байхад Х /У/ над руу утсаар яриад У хотоос найзууд ирсэн, үдэлтийн хаалган дээр гаргаж өгчихөөд ирье гэсэн. Тэгээд Х-н гэрт машинтайгаа ирэхэд М болон Улаанбаатар хотоос ирсэн гээд 2 залуу байсан. Нэг залуу нь архи уугаагүй, машин барьж байгаа гээд эрүүл байсан. М, Б, Х нар нилээн согтсон байсан. Үдэлтийн хаалга руу явах замдаа 2 том Сэнгүүр нэртэй 2 литрийн пиво авсан. Тэгээд үдэлтийн хаалган дээр очоод нэг пивийг нь М, Б, Х нар хувааж уусан. Нэг пивийг нь задлаад ууж байгаад ихэнхийг нь үлдээсэн. Тэгээд Б жолооч залуу нар Улаанбаатар хот руу хөдөлсөн. М бараг тасарсан байсан. М-г гэрт буулгаж өгсөн. Х үлдсэн том пивоны талыг нь ганцаараа уусан. Тэгээд Г гэдэг айлын хашааны үүдэнд буугаад үлдсэн. Тухайн үед цаг 20 цаг өнгөрч байсан. Тэгээд би хөдлөөд гэртээ харьсан. Х нилээн согтсон байсан. Дараа нь Х-г хүн хутгалсан байна гэж сонсоод Х-с асуухад юу болсон талаараа санахгүй байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаартай дүгнэлтэд:

- Т.М-н биед зүүн гуя, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/,

1.8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4 дүгээр хуудас/,

1.9 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

1.10. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /9-10 дугаар хуудас/ зэрэг болно.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Х-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Х нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Б.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хохирогч Т.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Х-тэй ярьж тохироод 1 000 000 төгрөг хохиролдоо авахаар болсон. Х надад 300 000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн 700 000 төгрөгийг 17 хоногийн дотор хувааж төлөхөөр тохиролцсон. Х-тэй сайн дураараа эвлэрсэн.  Хохирлын тал дээр харилцан тохиролцсон. Гомдол санал, байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэгт шалгуулах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

2.2. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Найзууд У гэж дууддаг. Хишигдэлгэр гэдэг нэрийг нь сая л мэдлээ. Зан байдлын хувьд ажилсаг, хар бор ажил сайн хийдэг. Надтай хамт жонш хийдэг. Хүнтэй эвсэг найрсаг харилцаатай. Архи уусныхаа маргааш зарим зүйлээ санахгүй байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

2.3. Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Х-н хувьд хүнд их тусар хуу. Найз нөхөд гэр бүлтэйгээ эвсэг харилцаатай. Хар бор ажил голохгүй хийдэг. Хүнтэй нийтэч эвсэг харилцаатай. Аливаа ажлыг эхлүүлсэн бол заавал хийж дуусгадаг. Хишигдэлгэрийн хувьд энэ тэнд хар бор ажил хийж гэр бүлээ авч явдаг. Саяхнаас хувиараа жоншин дээр ажиллаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

2.4. Хохирогч Т.М-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

2.6. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-70 дугаар хуудас/,

2.7. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-66 дугаар хуудас/,

2.8. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-57 дугаар хуудас/,

2.9. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

2.10. Шүүгдэгч Б.Х-н 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Х нь урьд 3 удаа шийтгүүлж байсан боловч прокуророос түүнд холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.

Иймд шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.М хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

          Харин шүүгдэгч Б.Х нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.М-н нэхэмжилсэн 1 000 000 /нэг сая/ төгрөгнөөс 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х-с 700000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.М олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Б-y Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.М хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х-с 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.М-д олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАНДАХ