Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2016/00001

 

С.****************ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Н.Баярхүү шүүгч М.Хүрэлбаатар, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.****************ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****************нарт холбогдох 8,540,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2015 оны 12 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.****************,

Хариуцагч: ****************,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Төмөрчулуун,

Нарийн бичгийн дарга: Ц.Батцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч С.**************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие **************** нь **************** ****************нар нь охин ОХУ-д сурдаг охин маань мөнгөгүй болчихлоо мөнгө нэхээд сургуулиас нь хөөх гээд байна гэж гуйсаны дагуу 2013-11-17-ны өдөр 8,000,000 төгрөгийг зээлсэн. ****************нь миний нөхөр *******тай 8 жилийн ангийн хүүхдүүд юм. Би **************** танихгүй. **************** таньдаг, мөн ****************-д ажилладаг учраас ****************ад итгээд өгсөн. Гэвч мөнгө өгөхгүй болохоор нь 2014-09-10-ны өдөр уулзаж бид бичгээр гэрээ байгуулсан. Гэрээгээр 8,0 сая төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс хойш *******, ****************нараас мөнгөө шаардахаар удаахгүй өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. 100,000 төгрөгийг 2014-12-16-ны өдөр өгсөн. Гэрээний дагуу одоо би үндсэн зээл 8,000,000 төгрөг,1 сарын хүү 640,000 төгрөг нийт 8,640,000 төгрөгөөс өгсөн 100,000 төгрөгийг хасаад 8,540,000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд ****************,Ч.****************нараас 8,540,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч **************** шүүхэд гаргасан тайлбартаа: С.****************ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би С.****************өөс 2013 оны 10-р сард 500,000 төгрөг,2013-11- 17-нд 7,300,000 төгрөг тус тус нийт 7,800,000 төгрөг зээлж авсан юм. **************** нь энэ мөнгийг надад өгөхдөө маш олон хүн рүү утасдаж өөрийн данс руугаа шилжүүлж бараан захын Хас банк руу орж данснаасаа авч өгсөн юм.

Ингээд 2013-12-15-нд 500,000 төгрөгийг С.****************өд хүүгийнхээ хамт ХААН банкны 4-н замын уулзварын зам дээр аваачиж өгсөн. Мөн үүний дараа буюу 2013 оны 1-р сард өөрийнх нь ажилладаг бараан захын гутлын лангуун дээр өөрийн нөхөр.хүү 2- ын хамт 3 сая төгрөгийг тус тус өгч нийтдээ 3,500,000 төгрөгийг буцааж төлсөн юм. Ингээд 4,300,000 төгрөг үлдсэн. Үлдэгдэл мөнгө 4,300,000 төгрөгийн хэрүүл үргэлжилсээр 2014-09-10-ны өдөр нөхөр *******ын хамт уулзъя гэж дуудан би ганцаараа уулзахаар очтол тэд өөрсдийн машиндаа суулган айлгаж сүрдүүлэн,бид үлдсэн мөнгөө мэдэж байгаа,энэ цаасан дээр гарын үсгээ зур,гэрээ хийе,А4-ийн хэмжээтэй цасны доод талд миний нэрийг бүтнээр бичүүлж гарын үсэг зуруулан өөрөө би дээд хэсгээ бөглөнө хэмээж авсан. Иймд би өөрийн гараар С.****************өөс нийт 7,800,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд миний 2 удаагийн цувуулан өгсөн 3,500,000 төгрөгийг хасаад 4,300,000 төрөгийн үлдэгдэлтэй ба өөрөөр хэлбэл би С.****************өд 4,300,000 төгрөгийг төлөх ёстой юм. Ч.****************нь уг хэрэгт ямар ч холбогдолгүй болохыг **************** би үнэн зөвөөр гэрчилж байна. Иймд би С.****************өд 4,300,000 төгрөгийг л төлнө гэжээ.

Хариуцагч Ч.****************шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ****************ийн гаргасан нэхэмжлэлд ямар ч холбогдол байхгүй. Би ****************тэй уулзаж мөнгө төгрөг зээлж аваагүй, ямар нэгэн зээлийн гэрээ хийгээгүй болно. Энэ хүнийг би сайн танихгүй бөгөөд миний эхнэр *******ын хамт 2013 оны 1-р сард зах дээр явж байгаад 3 сая төгрөг өгөхийг харж байсан юм. Эхнэрээсээ асуухад би өгөх ёстой юмаа гэж хэлж байсан юм. Янз бүрийн хүн эхнэрээс мөнгө авдаг учраас би тэр үед тоогоогүй Мөн 2014 оны 12 сард миний эхнэр уйлан утасдаж намайг 2 хүн явуулахгүй, мөнгө нэхээд хамаг юмыг маань дээрэмдчихлээгэж утасдаж би БОЭТ-ийн урд очиж эхнэр дээрээ очиход С.****************ийг 2 дахь удаагаа харсан юм. Яасан ийсэн юу болохыг асууж, миний эхнэр нь С.****************д мөнгө өгөх ёстойг мэдсэн ба өөрийн эхнэрээс чи зах дээр 3 сая төгрөг өгч байсныг асуухад дахиад үлдэгдэл болох 4,300,000 төгрөгийг өгөх ёстой юм аа гэж хариулсан. Ингэж би асуудлыг мэдсэн. Ингээд би тэдэнтэй уурлаж муудалцаад өөрийн машины бичиг баримт болон эхнэрийн цүнх, түрийвч, үнэмлэх зэргийг эргүүлэн авсан. Би ****************ийн нөхөр *******тай нэг ангид хамт сурч байгаагүй болон Эрдэнэт хотод өсөж торниж ажиллаж байгаагын хувьд таньж мэддэг, мэндийн зөрүүтэй болохоос энэ хэрэгт огт холбогдолгүй юм. С.**************** нь намайг гүтгэсэн байна. Би өөрийн охины төлбөрийг төлөх чадвартай ба Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс охины төлбөр болох 1500 доллар төлдөг юм. Тийм учраас би ****************өөс мөнгө авч охины төлбөрийг төлсөн нь огт үндэслэлгүй юм. Уг нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцаг Ч.****************ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ****************аас 8,450,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.****************өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,590 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ****************аас 151,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч **************** давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь би С.****************өөс 2013 оны 10 сард 500,000 төгрөг, 2013 оны 11 сард 7,300,000 төгрөг нийт 7,800,000 төгрөг өгсөн. Үүний 7,300,000 төгрөг нь Хас банкны баримтаар нотлогдох юм. Би 2013 оны 12 дугаар сарын 15-нд 500,000 төгрөг, мөн 2014 оны 1 сард 3 сая төгрөг нийт 3,500,000 төгрөгийг өгсөн. Үүнийг би хариу тайлбартаа бичсэн. С.**************** 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр намайг айлган сүрдүүлж цаасан дээр гарын үсэг зуруулсан. Үүнийгээ ч би анхан шатны шүүхэд хариу тайлбартаа дурдсан. Намайг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хоригдож байхад шүүх хурлын товыг ирүүлсэн бөгөөд би цагдан хоригдож байх үедээ шүүх хуралд өөрийн биеэр оролцох тухай хүсэлтийг гараар бичиж явуулсан билээ. Гэтэл шүүх намайг оролцуулалгүйгээр миний эрхийг зөрчин шүүх хурлыг хийж 1079 дугаартай шийдвэрийг гаргажээ. Миний хувьд эрх ашиг минь хөндөгдсөн тул шүүх хурал дээр шинээр нотлох баримт гаргаж өгөх байсан бөгөөд энэ эрхээр минь шүүх хангасангүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.**************** нь хариуцагч ****************нарт холбогдуулан 8,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ .

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нар нь хариу тайлбараа 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн байгаа хэдий ч 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа учир түтгэлзүүлэх, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох талаарх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч **************** нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 6 сар хорих ялаар шийтгэгдэж хоригдсон байхад түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүй, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Мөн 2015 оны 10 дугээр сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Гэтэл хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчээс хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн ...Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1079 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэх давж заалдсан гомдлыг хангаж, давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,600 /зуун тавин нэгэн мянга, зургаан зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

ИХШХШТ хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 1079 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,600 /зуун тавин нэгэн мянга, зургаан зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

М.ХҮРЭЛБААТАР