Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 103

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч М.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж 1814007180063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 хоногийн хорих ял оногдуулсныг Баянхонгор аймгийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулан өөрчилж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 18 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, мөн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан, хэрэг хариуцах чадвартай, М.А,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч М.А нь согтуурсан үедээ 2018 оны 10 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Ярдаг гэх газарт Б.Эийн эзэмшлийн Л-470 маркийн 08-04 БНХ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Х.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 08-н цагийн үед манайд А, Б.Э нар ирсэн. Ирээд манай нөхөртэй хамт 2 шил архи уугаад дууссан. М.А, Э нартай нөхөр бид нар сумын төв рүү явахаар болоод манай гаднаас М.А машиныг бариад сумын төв рүү хөдөлсөн. Замд Яардаг гэх даваагаар даваад уруудаад бага ярдаг гэх газар явж байгаад замаас гарах шиг болсон. Нэг мэдсэн машин онхолдсон байсан, сэрэхэд би замын хажууд, нөхөр хүүхдээ тэврээд суусан. М.А машины хойд суудлын хажууд хэвтэж байсан. Б.Э миний баруун талд хэвтэж байсан. Би тухайн үед хүүхэд гэж орилоход толгой эргээд босч чадахгүй байсан. Нэг мэдсэн эмч, цагдаа нар ирсэн бид нарыг сумын төв рүү эмнэлэг рүү аваад явсан .. .М.А, Б.Э нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, бага зэрэг уусан харагдаж байсан ... Миний нуруу нэг сэртэн дарагдаж хугарсан. Улаанбаатар хотод очиж хагалгаанд орсон, хагалгаанд орсноос хойш биеийн байдал зүгээр эдгэсэн байгаа ... Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, М.А надад эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/,

Иргэний нэхэмжлэгч Э.Сын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... М.А ах хөдөө айлд оччихоод ирье гэж хэлсэн. Аав тэгье гээд дэлгүүр орж 1 шил архи аваад хөдөө явсан. Хөдөө С.С гэх айлд очоод дэлгүүрээс авсан 1 шил архиа уугаад дууссан. Аав унтаад өгсөн. Тухайн айл дахиж нэг монгол архи задлаад С.С ах М.А ах хоёр хувааж уугаад С.С ах, эхнэр хүүхдийн хамт сумын төв явахаар болоод М.А ах аавын машиныг бариад явсан. Ярдагын даваан дээр гараад уруудаад явж байхад хөндлөн зам орж ирээд машин өнхөрөөд яваад өгөх шиг болоод онхолдсон. ... Яг хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Бууж байхад их хурдтай явсан. Би удаан яваач гэхэд дуугарахгүй байсан. Тэгтэл хөндлөн зам орж ирээд машин өнхрөх шиг болоод онхолдсон. Би арын суудал дээр сууж байсан. Надтай цуг аав хойд суудал дээр байсан. Бусад хүмүүс машины гадаа хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

Иргэний нэхэмжлэгч Б.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Сынх нэг шил 0.5 литртэй ерөөл архи өгсөн, архийг М.А С.С бид 3 хувааж уусан. М.А бид 2 сумаас нэг шил ерөөл архи авсан байсан. Архиа бид 3 мөн хувааж ууж байгаад би унтаад өгсөн байсан, нэг мэдсэн намайг сэрээгээд явъя гээд сэрээсэн гэтэл С.С эхнэр, хүүхдийн хамт явахаар болсон би машинаа барина гэтэл М.А би арай согтолт гайгүй байна би барина гэхээр нь би машины түлхүүрээ өгсөн, намайг арын суудалд оруулсан, би унтаад өгсөн гэнэт эмэгтэй хүн орилохоор нь сэрэхэд машин онхолдсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58/,

Гэрч С.Сын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 10 сарын 16-ны 07 цагийн үед манайд М.А, Б.Э хүүхдийн хамт ирээд 2-уулаа шөнөжингөө тоглож байгаад ирлээ гээд тал шил архи гаргаж Б.Э бид хоёр ихэнхийг нь уусан. М.А архинаас нэг уучихаад унтлаа гээд унтсан. Дахиж 1 шил архи гаргаж ирээд Б.Э бид хоёр хувааж уусан. Эхнэр бид хоёр хүүхдээ аваад сумын төв явахаар болоод бид нар машинд суугаад хөдөлсөн. Би машинд суугаад унтаад өгсөн. Нэг мэдсэн сэрхэд ярдагийн ар талруу машин унасан, эхнэр хүүхдээ тэвэрсэн сууж байхаар нь би хүүхдээ аваад өвөр дээрээ сууж байтал цагдаа болон түргэний машин ирээд бид нарыг авч яваад сумын эмнэлэгт эхнэр хүүхдээ хэвтүүлчихээд би малруугаа явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 3 тоот шинжээчийн ... Тухайн зам тээврийн осол нь жолооч М.Агийн буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Тухайн зам тээврийн осол гарах үед М.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогдож байгаа тул энэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн ба тухайн үйлдэл нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 65-66/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 672 тоот шинжээчийн ... Э.Сын гэх амбулаториор эмчлүүлэгчдийн картны үзлэгээс хархад тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн авто осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 673 тоот шинжээчийн ... Б.Эийн гэх амбулаториор эмчлүүлэгчдийн картны үзлэгээс хархад тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн авто осол болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 84-85/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 05 тоот шинжээчийн ... Х.Бын биед бүслэхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 89/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 27-31/,

Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-25/,

“Энх Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-94/,

Зам тээврийн ослын хэмжилт хийсэн бүдүүвч зураг /хх-ийн 101-102/,

Эвлэрлийн гэрээ /хх-ийн 130/,

Шүүгдэгч М.Аий иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 110-129, 131, 139-155/ болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч М.А нь 2018 оны 10 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Ярдаг гэх газарт Б.Эийн эзэмшлийн LEXUS 470 маркийн 08-04 БНХ улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Х.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Э, Э.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Эт 8.290.000 төгрөгийн эд зүйлийн хохирол тус тус учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.

Иймд шүүгдэгч М.Аг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.

Шүүгдэгч М.А нь хохирогч Х.Б, иргэний нэхэмжлэгч Б.Э, Э.С нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж хэргийн 130 дугаар хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгч М.Аг бусдад учруулсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч М.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан LEXUS 470 маркийн 08-04 БНХ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Эт буцаан олгож, шүүгдэгч М.Агийн №948328 тоот жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч М.Аг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 сарын 16-ны өдрөөс эхлэн тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан LEXUS 470 маркийн 08-04 БНХ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Б.Эт буцаан олгож, шүүгдэгч М.Агийн эзэмшлийн

№948328 тоот В ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА