| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0101/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/104 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Г.Х,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хт холбогдох 1914000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, Г.Х,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Г.Х нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-3-19 тоотод байх иргэн Г.Аийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд 2019 оны 01 сарын 19-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад мөсний баярын үйл ажиллагаанд оролцож байгаад 18 цагийн үед гэртээ ортол манай байшингийн гал тогооны харалдаа цонх онгойсон, цонхны тавцан дээр байсан цэцгийн шороо унаад асгарсан байдалтай зурагтын хажууд цэнэглээд тавьсан байсан iphone-4 маркийн гар утас байхгүй болсон байсан. Тэгээд бурхны авдараа онгойлгоод үзсэн тэгтэл манай нөхрийн ногоон өнгийн хурган дээл байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. Би анхандаа дүү Хыг манай гэр лүү орно гэж бодоогүй цагдаад дуудлага өгсөн сүүлд нь дүү Хыг авсан юм болов уу гээд тэр өдөр хайгаад олоогүй. Тэгээд тэр өдрийн маргааш өглөө нь айлд байна гэх сургаар очиход Хөх толгойд нэг танихгүй айлд согтуу байсан. Тэгээд алдсан хурган дээл, гар утас хоёроо Хаас асуухад эхлээд юун дээл би мэдэхгүй гээд байсан. Тэгээд түүнийг аваад ээж дээр очих гээд Баруун бүс худалдааны төврүү явсан. Явах замдаа дээл, гар утсаа чамаас өөр авах хүн байхгүй гээд загнаад Баруун бүс худалдааны төвийн үүдэн дээр иртэл миний iphone-4 маркийн гар утсыг гаргаж өгсөн. Тэгээд Баянхонгор аймгийн Номгон 1 дүүгээр багт байрлах караокены эзэн дээр очоодохъё гэж хэлээд хамт очтол үйлчлэгч нь байсан. Тэгээд би ямар хүмүүстэй орж ирсэн эсэхийг нь харах гээд камерыг нь шүүлгээдэхье гэтэл шүүлгээгүй тэгээд тэндээс гараад Хыг аавынд хүргэж өгсөн. Тэгсэн тэр өдрийн 12 цагийн үед Х миний утас руу аавын утсаар залгаад хүнд 300.000 төгрөгөөр өгсөн. Ямар хүнд өгсөнөө мэдэхгүй, машиных нь дугаарыг санахгүй байна 150.000 төгрөг нь караокены эзэнд байгаа очоод мөнгөө аваад камерыг нь шүүлгээдэхье гэсэн. Тэгээд тэнд 150.000 төгрөгийг караокены эзний эхнэрээс авсан. Тэгээд би цагдаа дуудаад шүүлгэвэл хурдан гэж Хт хэлхэд эгчээ би тэнсэнтэй байгаа гээд байхлаар нь цагдаа дуудвал хурдан шүүж өгнө гээд мөрдөгч Ерэнбаярыг дуудсан. Тэгээд ирээд камер шүүлгэтэл камерт тод дүрс харагдахгүй бүрзийгээд байсан улмаар мөрдөгч Ерэнбаярт мэдүүлэг өгсөн. Тэгсэн дараа нь хэргийг чинь тань руу шилжүүлсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд дээлээ алдсанаас хойш бараг 7 хоногийн дараа алдсан хурган дээл буцааж авсан буцааж авахад дээлийн өнгийг сольсон дутуу оёсон доод хэсэгт нь арьс нэмж оруулсан байдалтай байсан тэгээд түүнийг тэр чигээр нь буцааж авсан өмнөх өнгийг нь дахиж ашиглах боломжгүй болсон байсан. Тэгээд тэр өдөр Хыг байлцуулж байгаад дээл авсан хүнд 300.000 төгрөгийг нь өгөөд буцааж авсан. Х тэр зарсан хүний шинэ өнгө, нэмж оруулсан арьсны үнийг төлөхөөр болсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/,
Гэрч Л.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2019 оны 01 дүгээр сарын 19-ний шөнийн 23 цаг өнгөрч байсан байх үед нөхөр Дийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хөх толгойн голоор таксинд явж байтал 7-18 дугаар гудамжны харалдаа үзүүр дээр өнгийн нь одоо сайн санахгүй байна цэнхэр дээл байсан байх үнэгэн малгай өмссөн өндөр туранхай дуу залуу гартаа ногоон өнгийн дээл барьсан гараа өргөөд манай таксинд суусан хаашаа очих уу гэтэл эхлээд 10 мянгат орно гэсэн. Тэгэхээр нь тийшээ явж байтал утсаа өгөөч гээд манай нөхрийн утсыг аваад нэг хүнтэй утсаар ярьснаа болилоо Хөх толгой оръё гэсэн тэгсэн дахин утсаар яриад буцаад 10 мянгат гарсан тэгээд тийшээ явж байснаа миний очих айл байхгүй байна. Энэ дээлийг зарчихмаар байна гэсэн тэгэхээр нь би хэний дээл юм хулгай хийж зарах гэж байгаа юм биш үү яахаараа дээлээ зардаг юм гэхэд үгүй миний дээл ноднин хийсэн 30 хэдэн ширхэг арьс орсон шинэ хурган дээл байгаа юм гэсэн. Тэгээд хэд юм гэтэл 700.000 төгрөгөөр зарна гэсэн тэгээд нэлээн явж байтал тэр залуу та дээл авах гэж сонирхоод байгаа юм бол энэ дээлийг авчихаач гэсэн тэгэхэд нь чи тэгвэл дээлээ зарах гэж байгаа бол маргааш болъё гэсэн тэгвэл очих айл алга байна танайд очоод хоночихъё гэхээр нь би юу гэж тийм юм байдгийн хаана очих юм буугаач гэтэл төв руу ороод буучихъя гээд Баянхонгор сумын 1 дүгээр баг Ноён караоке гэх газар руу явсан. Тэгээд замд машин дотор үүнийг авчихаач гээд байсан тэгэхээр нь чи хаанахынх юм гэтэл Эрдэнэцогт сумынх сумын засаг дарга Төмөрбаатарын ах дүүгийн хүүхэд гээд аавынхаа нэрийг хэлчих гэхэд аавынхаа нэрийг хэлж болохгүй гэсэн тэгж ярьсаар Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Ноён караокены гадаа ирсэн. Тэгтэл тэр залуу та энэ хурган дээлийг хэдэд авах гээд байгаа юм гэсэн. Тэгээд би дээлийг нь үзтэл ханцуй нь дотор талдаа урагдсан, хормойны арьс нь урагдсан байна 300.000 төгрөгөөр авбал авна гээд манай нөхөр өмсөж үзтэл богинодож байсан тэгсэн хэр нь авахаар болсон. Тэгээд мөнгөө бэлнээр авах гээд байсан тэгэхээр нь би мобайлд нь гэж хэлсэн. Тэгтэл тэр караоке руу орж дансны дугаар авч ирж өгч би тэр данс руу нь 300.000 төгрөг хийсэн тэгэхэд тэр залуу би танд 2-3 хоногийн дараа сэлбэх арьс авч ирж өгнө гээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. Тэгэхэд тэр залуу архи бол үнэртүүлсэн байсан гэхдээ тийм айхтар согтуу бол байгаагүй эрүүл саруул ухаантай байсан. Маргааш өглөө нь түүний өгсөн дугаар луу зүгээр залгаж үзтэл ашиглалтад байхгүй гэсэн хариу өгч байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/,
Гэрч Э.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2019 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 20 руу шилжих шөнө 02 цагийн үед намайг гэртээ 2 хүүхэдтэйгээ унтаж байхад гадаа манай нохой хуцаад байсан. Тэгээд гэрлээ асаатал Х ороод ирсэн манай нөхөр тэр үед хөдөө явсан байсан орж ирээд эхнэр Удвалыг хаана байна гэж асуусан тэгэхэд нь би мэдэхгүй гэртээ байгаа гэж хэлсэн. Тэгтэл миний гар утсаар Удвал руу залгатал утсаа аваагүй тэгээд унтлаа гээд гэрийн баруун талын орон дээр унтсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цаг 30 минутад эхнэр Удвал нь над руу залгаад шөнө залгасан байсан гэхээр нь Х наана чинь байгаа юм уу А эгч нь над руу залгаад гэрт нь хулгай орсон байна гээд Хыг хайгаад байна наана чинь хоносон юм бол сэрээгээд байж байгаарай эгчтэй нь хамт наана чинь яваад очъё гээд манайд ирсэн. Эгч нь хурган дээл хаана байна гэсэн тэгсэн чинь Х юу яриад байгаа юм би аваагүй гэж хэлсэн тэгээд явъя бос гээд тэр хэд машиндаа суугаад манайхаас яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,
Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2019 оны 01 сарын 19-ний өдөр намайг хөдөө байхад манай эхнэр А залгаад авдар дотор байдаг хурган дээл чинь алга болсон байна гэсэн. Тэгээд би эхнэрт танай дүү Х авсан байх гарцаагүй гэж хэлхэд эхнэр Х авахгүй гэж хэлж байсан. Би яагаад тэгж хэлсэн гэхээр дээл алга болдогийн урд өдөр Х манай гэрт ирээд намайг хаана байгаа талаар асуухад эхнэр хөдөө явсан гэж хэлж байсан байдаг. Тэгээд маргааш нь мөсний баяр болдог өдөр манай байшин эзгүй байхаар нь орж миний дээлийг аваад гарсан байсан. ... эхнэр бид хоёр манай байшингаас явхаараа аргалын пинд хийчихээрэй гэж хэлээд явдаг, гадуур явж ирхэд үлдээсэн байдаг байсан. Тэрнээс бол байшингийн түлхүүр тэнд энд байгаа талаар Хт хэлж байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Шүүгдэгч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 12 цагийн алдад "Түйн” голд зохион байгуулагдаж байсан Мөсний баярт оролцох гэж гол дээр очоод хүйтэн болохоор нь арай зузаан дээл олж өмсөх гээд эгч Арүү залгасан тэгтэл утсаа авсан тэгээд танай байрлаж байгаа гэр чинь хаана байгаа талаар асуухад Эрүүл мэндийн газрын хажууд байгаа гэж надад хэлээд цаанаа юм яриад тастсан. Уг нь бол би хүргэн ахын дээлийг авах гэж асуух гэж байсан юм. Тэгээд эгч Аийн ажлын газрын байрлуулсан гэрийг хайгаад олоогүй. Тэгээд хүргэн ахыг гэртээ байгаа байх гэж бодоод тэр өдрийн 15 цагийн үед Баянхонгор сумын 9-3-19 тоот байшинд нь очсон тэгтэл байшин нь эзэнгүй байсан. Тухайн үед би хүргэн ахыг хөдөө явсан гэснийг мэдээгүй байсан тэгээд түлхүүр байдаг газар болох түлшний амбаарт нь үзхэд байшингийн түлхүүр нь байхгүй байсан. Тэгээд гал тогооны цонх нь хүчтэй татхаар онгойчихдог өмнө дотор талаас нь түлхэж гэрийн эзэнтэй байшингийн юмнаас нь хийлцэж байсан учраас мэддэг байсан. Тэгээд ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан гал тогооны цонхоор байшин руу нь ороод бурхных нь авдар нь онгорхой байсан тэндээс ногоон өнгийн эрэгтэй хүний хүргэн ахын хурган дээлийг авч өөрийн өмсөж явсан бор өнгийн нимгэн дээлийн гадуур нь өмсөөд зурагтын өмнө цэнэглээтэй байсан iphone 4 маркийн гар утсыг авч гараад өөрийнхөө утасны сим картыг хийсэн. Тэгтэл асааж чадаагүй тэгэхэд миний барьж байсан гар утасны цэнэг дууссан байсан болохоор тэр утсыг авсан. Тэгээд буцаад голын зах дээр мөсний баярт очоод арван жилд байсан ганц нэг найз таараад машин дотор хүний тус бүр 2 ширхэг жижиг лаазтай нийслэл пиво уусан. Түүнийгээ уучхаад бас Мазаалай парк дээр найзын таньдаг хүн дээр очиж 0.75 граммтай Соёрхол архи хувааж 3-уулаа уусан жолооч нь уугаагүй. Тэгээд орой 18 цагийн үед Хөх толгойд таньдаг ахындаа очиж дээлээ эвхэж тавчихад бас нэг ахтай 0.75 граммтай хараа нэртэй архи хувааж уугаад тэгж байж байгаад тэднийхаас харилаа гэж гарахдаа дээлээ аваад гарч яваад Хөх толгойн голоос такси бариад таксины жолоочийн утсаар найз нар руугаа залгаад ганц нэг айлд очсон байхгүй байсан яг сайн санахгүй байна улмаар Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Ноён караокед” очсон. Тэгээд тухайн үед мөнгөгүй байсан болохоор найзууд дээрээ ороод ганц шил архи ууя гэж бодоод таксины жолооч хамт сууж явсан эхнэр хоёроос хурган дээл авах уу гэхэд ямар дээл юм үзье гэсэн. Тэгээд нөхөр нь өмсөж үзсэн тэгээд намайг хаанаас ирсэн юм гэхэд нь би хөдөөнийх найзуудтайгаа уулзах гээд ирсэн гэж тэр хоёрт хэлээд мөн авбал 700.000 төгрөгөөр ав гэсэн. Тэгсэн тэр эхнэр нь надад байгаа нь 300.000 мянга байна гэсэн. Тэгэхээр нь би тэг гээд зарсан мөнгөө би машинаас буугаад Ноён караоке руу ороод эзнийх нь дансыг аваад хийлгүүлсэн тэгээд дээлийг өгч явуулаад тэндээ үлдсэн. Тэгээд караокед ороход найзууд байхгүй байсан болохоор хаатал нь ганцаараа сууж 3 пиво уугаад нэлээн муудсан байсан болохоор найзындаа очоод хоносон байсан. Маргааш өглөө нь унтаж байхад манай эхнэр А эгчтэй ирсэн. Ирээд гэрээс дээл авч өмссөн үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь авч өмссөн гэж хэлээд хаана байгаа талаар асуусан тэгэхэд нь хаана орхисон талаар санаанд орохгүй байсан нэлээн бодож байгаад Ноён караокены үүдэн дээр хүнээс мөнгө аваад өгөөд явуулсан гэж хэлээд Ноён караоке дээр очоод мөрдөгч Ерэнбаярын хамт камер шүүлгэхэд машины дугаар харагдахгүй байсан. Би авсан мөнгөнөөсөө 50-иад мянган төгрөг үрсэн байсан үлдэгдлийг нь эгчид өгсөн тэр өдрөө гар утсыг нь гаргаж өгсөн. Тэгээд эгч чамайг авсан гэдгийг мэдэлгүй цагдаад өгсөн цагдаагаар дээл авсан хүнийг олуулна дансны дугаарыг өгч бүртгүүлж хайж олно гэж хэлээд цагдаа дансны дугаараар нь миний дээл өгсөн хүнийг олсон байсан. Тэгээд дээлээ авахад өнгийг нь сольсон байсан мөн шинэ арьс хормойд нь нэмсэн байсан би дээл авсан хүнд анх зарсан 300.000 төгрөг дээлийн өнгө солиулсан болон шинэ арьс нэмхэд зарцуулсан 177.500 төгрөгийн хохирлыг барагдуулж эгчид дээлийг нь буцааж өгч хохиролгүй болгосон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-62/,
Хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 3-7/,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10-12/,
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-23/,
“Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/,
Шүүгдэгч Г.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 66-68, 71-99/,
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 01 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-3-19 тоотод байрлах Г.Аийн байшинд нууцаар нэвтэрч 500.000 төгрөгийн үнэлгээтэй эрэгтэй хурган дээл болон 80.000 төгрөгийн үнэлгээтэй iphone 4 маркийн гар утас зэргийг хулгайлж бусдад нийт 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.А, гэрч Л.А, Э.На, Д.Б, З.Б нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, “Энх-Нахиа” ХХК-ны эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч Г.Хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Хыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Г.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Хыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Г.Х нь урьд нийт 2 удаа ял шийтгэгдэж байсан ба хамгийн сүүлд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.
Гэтэл шүүгдэгч Г.Х нь дээрхи тэнссэн хугацаанд буюу 2019 оны 01 сарын 19-ний өдөр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Хын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Хын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Г.Хыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Хт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Хт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Хт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 сарын 16-ны өдрөөс эхлэн тооцсугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Хын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА