Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1500

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бямбагэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04740 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Бямбагэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Батцэнгэлд холбогдох

Гэрээний үүрэгт 3 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Л.Батцэнгэлийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Батцэнгэл нь 2015 оны 12 дугаар сарын 11-нд өөрийн өмчлөлийн 86-99 УБҮ улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машиныг нэхэмжлэгч Д.Бямбагэрэлд 17 000 000 төгрөгөөр тооцож зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр өгсөн байна. Гэрээ байгуулах үед худалдан авагч нь 1 500 000 төгрөг бэлнээр төлж цаашид cap бүр 650 000 төгрөг төлөхөөр, худалдагч тал тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээнд тохиролцсон байна. Худалдан авагч Д.Бямбагэрэл нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 1 600 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөг төлсөн  байна. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдагч Л.Батцэнгэл нь худалдсан эд хөрөнгийн эрхийг худалдан авагч талд шилжүүлж өгөхгүй. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, гэрээний 3.8-д заасан үүргээ ноцтой зөрчиж байсан тул Д.Бямбагэрэл нь энэ үүргээ биелүүлэхийг хэд хэдэн удаа шаардаж 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш төлөлт хийх асуудлаа зогсоож гэрээнээс татгалзахаа мэдэгдсэнээр худалдагч Л.Батцэнгэл нь автомашиныг булааж буцааж авсан байна. Д.Бямбагэрэл нь гэрээний дагуу урьдчилан төлсөн нийт 3 100 000 төгрөг буцаан авах шаардлага гаргахад өгөхгүй гэж байгаа юм. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзаж болох ба учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх тул Л.Батцэнгэлээс 3 100 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л.Батцэнгэл нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие иргэн Д.Бямбагэрэлтэй Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, мөн 12 дугаар сарын 11-ний өдөр 2 удаа хийсэн болно. Гэрээг 2 удаа хийх болсон шалтгаан нь Д.Бямбагэрэлтэй холбоотой бөгөөд анхлан авсан машинаа тухайн өдрийнхөө маргаашнаас өөлж, он залуу машинаар солимоор байна гэж удаа дараа гуйж эхэлсэн ба түүний хүсэлтээр 2009 онд үйлдвэрлэсэн УБҮ 86-99 дугаар бүхий Тоёота Приус 20 маркийн машиныг 12 дугаар сарын 11-ний өдөр ямар ч сэв, доголдолгүйгээр хүлээлгэн өгсөн болно. Энэхүү машиныг худалдан авахын тулд миний эхнэр 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл авсан. Дээрх гэрээнүүдийн явцад миний бие иргэн Д.Бямбагэрэлд аливаа доголдолгүй, тээврийн хэрэгслүүдийг жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгалуудын хамт хүлээлгэн өгсөн.

Д.Бямбагэрэл нь 7 хоногийн дараа гадаад руу явах болсон гэж өөрөө надад хэлсэн тул миний хувьд өөрийн эрсдлээ тооцоолох нь зайлшгүй. Тиймээс би түүнд тодорхой орлоготой, гэрээг үргэлжлүүлээд явах чадвартай хүн авчиртал машинаа хураалаа, түүнтэй гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлж, тайлбарласан болно...Миний хувьд дээрх машиныг одоогоор бусдад худалдаж, түрээслэх байдлаар ашиг олоогүй харин зогсоолын болон банкны төлбөрийг төлсөөр байгаа...Мөн бидний хооронд бичилцсэн мессеж, утасны дуудлагуудыг шалгана уу. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 3.8 дахь заалт хууль дүрмийн дагуу хэрэгжих хугацаа болоогүй байсан. Учир нь аливаа хөрөнгийг зээлээр худалдахад зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дууссанаар худалдагч нь худалдан авагчид нэрийг шилжүүлж өгдөг журамтай. Миний хувьд гэрээнээс татгалзаж эд хөрөнгөө хураах эрхтэйгээс гадна гэрээний 3.1 дэх заалтын дагуу түүнд “урьдчилгаа болон явцын төлбөрийг буцаан төлөхгүй тохиролцоотой болно” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Батцэнгэлээс 3 100 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бямбагэрэлт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Батцэнгэл давж заалдах гомдолдоо: “...Гэрээний явцад Д.Бямбагэрэл нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүдийг гаргаж 6 хоногт 116 200 төгрөгийн торгууль тавиулж төлөөгүй, мөн гэрээний хугацаанд тогтмол cap бүр мөнгөө өгч байгаагүй ба утсаа салгаж зугтах, залгахаар авахгүй байх үйлдэл гаргаж, машины урд гуфер, сетка хагалж 2 удаа шүргэлцэж тэнхлэг тохиргоо алдуулж багагүй хэмжээгээр хохироож ирсэн. Энэ талаар нь хэлж шаардлага тавихад миний машин болж байгаа юм чинь яахав, зүгээр хамаагүй гэж хэлдэг байсан. Одоо 205 000 төгрөгийн торгуулийн үлдэгдэлтэй байгаа. Д.Бямбагэрэл нь 2016 оны 03 дугаар сарын 26-ний өдөр уулзаад Австри улс руу явах болсон машины урьдчилгаа 1 500 000 болон явцын дунд төлсөн 1 600 000 төгрөгөө буцааж авах, эсвэл Австри улсаас cap бүр төлөлтийг хийх санал тавьсан. Гэрээ цуцлах саналыг би биш, худалдан авагч Д.Бямбагэрэл тавьсан...гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь cap бүрийн 10-нд төлбөрийг төлөх ба энэ хугацаанаас 7 хоног хэтэрвэл худалдагч нь тээврийн хэрэгслийг буцаан авна. Урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг буцаан олгохгүй гэж тохиролцсон. Энэ гэрээг 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зурсан байхад шүүх гэрээний энэ заалтыг анхааран үзэлгүй нэг талыг барьсан шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Зээлээр машин худалдаж байгаа тохиолдолд машины үнэ бүрэн төлөгдөөгүй байхад машины гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх боломжгүй юм. Гэрээний нэг тал болох миний зүгээс аливаа зөрчил дутагдал гаргаагүй байхад миний машиныг 4-5 cap унаж хэрэглэчихээд одоо болилоо гэж дураар аашлан мөнгөө нэхэж болохгүй юм. Машины элэгдэл хорогдол, жолоочийн буруугаас оногдуулсан торгуулийг хариуцахгүй, өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Мөн хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулж гарын үсэг зуруулах ёстой юм байна. Гэтэл надад энэ эрх, үүргийг танилцуулалгүй энд гарын үсгээ зур, энд зур гээд зуруулаад байсан. Уншиж танилцах боломжоор хангаагүй байна. Ингэснээс болж би нотлох баримт цугпуулах, сөрөг нэхэмжлэл гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Д.Бямбагэрэл нь хариуцагч Л.Батцэнгэлд холбогдуулан автомашины үнэд төлсөн 3 100 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний  дагуу хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч үнийг нь төлөх хуваарийн талаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” зэрэг баримтаар тогтоогдсон, хариуцагч Л.Батцэнгэл нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас автомашиныг буцаан авсан, гэрээний 3.1-д заасны дагуу түүнд урьдчилгаа болон явцын төлбөрийг буцаан төлөхгүй гэж тайлбарласан байна. /хх 23-25/

            Зохигчдын хэн алины тайлбараар талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй.

Зохигчдын хэн алины тайлбараар нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчид 3 100 000 төгрөг төлсөн, хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлсэн автомашинаа буцаан авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгийг буцаан шаардах эрхтэй.

            Шүүх талууд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаах үүрэгтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Талуудын хоорондын гэрээний 3.1-д тусгасан “Төлбөрийг сар бүрийн 10-нд төлөх ба 7 хоног хэтэрсэн тохиолдолд худалдагч тээврийн хэрэгслийг буцаан авна. Урьдчилгаа төлбөр болон явцын төлбөрийг худалдан авагчид буцаан олгохгүй” гэж заасан нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэрээний хариуцлагаас үүссэн хохирлыг шийдвэрлэх хуулиар тогтоосон журамд нийцэхгүй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол, зардлаа худалдагч нь худалдан авагчаас шаардах эрхтэй боловч уг хохирол, зардал бодитой бий болсон гэдгийг Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нотолсон байх шаардлагатай.

            Уг нөхцөл байдлыг буюу 3 100 000 төгрөгийн бодит хохирол учирсан гэдгийг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг хүлээн зөвшөөрөхгүй талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг нэхэмжлэгч гэж эрх зүйн байдлыг нь буруу бичсэн, зохигчдын тайлбарыг давхардуулсан, хэрэгт хамаагүй зүйлсийг тусгасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасантай нийцүүлэх нь зүйтэйг тэмдэглэсэн болно.

Түүнчлэн хэргийн оролцогч нарын эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулсан баримт хэрэгт авагдсан байх тул шүүхээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04740 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Батцэнгэлийн төлсөн 64 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН