Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                             

Л.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмон, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1184 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаар магадлалтай, Л.Б-д холбогдох 2008000001332 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, урьд Улаанбаатар хотын Октябрын районы ардын шүүх 1990 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр магадлалаар эдлээгүй үлдсэн 9 сар 3 хоногийн хорих ялыг тэнсэж байсан Л.Б.

 

Л.Б- нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Б-ыг онц харгис хэрцгийгээр, хоёр хүнийг алах гэмт хэргийг болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь хэсэгт зааснаар Л.Б-ыг бүх насаар хорих ял,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг бүх насаар нь тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Л.Б- нь хяналтын шатны шүүхэд “...Уг хэргийг үйлдсэндээ өдөр бүр маш ихээр харамсаж байна. Энэ гэмт хэрэг нь ах дүү нарын дунд бус шуналын сэтгэлтэй эхнэрүүдийн хоорон дахь эрх ашгийн тэмцэлдээнээр эхэлсэн. Миний эцэг, эхийн амьдарч байсан хашаа байшин газарт орж, орон сууцаар солих санал ирсэн. Дүү бид хоёр тус тусдаа нэг өрөө байраар солих гэрээ хийхдээ хамт явахаар тохиролцсон боловч дүүг маань эхнэр нь ятгаж, надад хэлэлгүйгээр нэг өрөө байр болгон миний авах ёстой мөнгийг өөртөө авсан гэж боддог. Үүнд ач холбогдол өгөлгүйгээр тахилт руу нүүж, хашаа байшин барин амьдрах болсон.

Хэрэг явдал болсон өдрийн орой миний эхнэр н.Э согтуу ирж, надаас архи нэхсэн. Дэлгүүр хаалттай байсан тул бурхны тахил дээрх архийг хуваан уусан. Эхнэр өглөөний 05:30 цаг хүртэл агсам тавьсан. Тэгэхдээ намайг алаад өг, чи тэр хоёрыг ална гэдэг алсан чинь хаана байна, чи алж чадахгүй лдээ гэж хэлэхээр нь би уур бухимдлаа барьж дийлэлгүйгээр шууд гарч талийгаач дүүгийн гэрт нь очиж, энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж сууна. Уусан архи, уурын мунхаг, зүрхний өвчин хавсарч ухаан санаагаа алдан уг хэргийг үйлдсэн. Гэнэт сэхээрэхэд бүх зүйл дууссан. 

Би энэ хэрэгт буруутай боловч ямар шалтгаанаар уг хэрэг гарав, хэн энэ хэргийг үйлдэхэд үйлдэхэд хүргэсэн бэ гэдгийг прокурор нотлолгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хуульд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх шалтгаан олон байдаг атал энэ талаар авч хэлэлцсэнгүй. Эхнэрийн шунал нь намайг шордож энэ гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн.

Одоогоор би 66 настай, эх орны бүтээн байгуулалтад 36 жил ажилласан, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан бүх насаар хорих ялыг хугацаатай хорих ял болгон өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмон шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...хоёр шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг хуульчилсан. Л.Б-ын хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, өөрийгөө илчилсэн, гэмт хэрэг үйлдсэн зэвсгээ цагдаагийн албан хаагчид хүлээлгэн өгсөн, одоогоор 65 настай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар хорих ялыг хугацаатай хорих ялаар сольж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Б-од холбогдох хэргийг хянан хэлэлцэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулсан байна. Шүүгдэгч Л.Б- нь хоёр хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн биед хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан гомдлыг үндэслэн Л.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжны задгайд байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Э-тэй маргалдаж, толгойд нь цохиж, зодон гар, хөлийг нь цахилгааны утсаар сандалтай холбож хүлэн, амыг нь скочоор дарж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн өглөөний 06 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39/А дугаар байрны 24 тоотод очиж, урьд үүссэн эд хөрөнгийн маргаанаас төрсөн дүү Л.С-ыг цээж, хэвлийн тус газруудад нь олон удаагийн үйлдэл, давтамжтайгаар хутгалж олон тооны шарх гэмтлийг учруулж онц харгис хэрцгийгээр алсан,

мөн талийгаач Л.С-ыг хутгалах явцдаа түүний гэмт үйлдлийг таслан зогсоохоор ирсэн талийгаачийн эхнэр Г.Б-ыг олон удаагийн үйлдэл, давтамжтайгаар хутгалж, олон тооны шарх гэмтлийг учруулж онц харгис хэрцгийгээр алсан буюу онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

 

Хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, тэдний тайлбар, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Л.Б-ыг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, ялын тэнцвэр тохирооны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосоныг хамааруулан үздэг тул амь хохирогч Л.С, Г.Бнарыг удаа дараа хутгалж, амь тасраагүй байхад нь Л.С-ын хоолойг нь хэрчиж, Г.Б-ны биед ир үзүүртэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр олон тооны шарх гэмтэл үүсгэж, тэднийг үхэлд хүргэсэн болох нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, тайлбар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсоныг харгалзан “онц харгис хэрцгийгээр, хоёр хүнийг алсан” хүндрүүлэх шинжүүдээр нь түүний үйлдлийг шүүх хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гэмт хэрэг гарахад хохирогч Р.Э-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, эрүүл мэнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан бүх насаар хорих ялыг хугацаатай хорих ял болгуулахыг хүссэн агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

 

Л.Б нь амь хохирогчийг эд хөрөнгийн маргаанаас үүдэлтэйгээр алах санаагаа хамтран амьдрагч Р.Э-т удаа дараа илэрхийлж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэний дараа урьдаас төлөвлөсөн гэмт үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх, төгс үйлдэх зорилгоор хутга авч гаран амь хохирогчдын гэрт шууд зорин очиж, нэг амиар өөрийн төрсөн дүү, түүний эхнэр болох гэр бүлийн хоёр гишүүнийг онц харгис хэрцгий байдлаар алсан буюу урьдчилан төлөвлөж зэвсэг хэрэглэн гэмт санаагаа хэрэгжүүлж, үйлдлээ төгсгөсөн санаа, сэдэлтийн болоод учруулсан хор уршгийн ноцтой байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

Түүнчлэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүх хэргийн нөхцөл байдлаас хамааран хэрэглэх эсэхээ тогтох эрхтэй тул Л.Б-д хэрэглээгүй явдлыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцох үндэслэлгүй юм.

 

Хоёр шатны шүүх Л.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1184 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б болон түүний өмгөөлөгч Г.Цолмонгийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

 

                                              ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                               Ч.ХОСБАЯР

 

                                                                                                               Б.ЦОГТ

 

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН