Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 34

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 124/ШШ2017/0034

Увс аймаг

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Иргэн Ж.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд холбогдох,

         “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамжийн иргэн Ж.Батдоржид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: иргэн Ж.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Э.Наранмандах, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

      Иргэн Ж.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: иргэн Жаргал овогтой Батдорж нь Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дүгээр захирамжийн дагуу Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1000 мкв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх авсан бөгөөд тухайн газартаа энэ жилдээ үйлчилгээний төвөө барьж амжаагүй байтал Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Ингэснээр иргэн Ж.Батдорж нь хуулийн дагуу эзэмшиж авсан газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, иргэн Ж.Батдоржийн хуулиар олгогдсон эрх хууль бусаар зөрчигдөөд байна. Хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамжийг мэдээгүй байсан бөгөөд саяхан хүнээс хүчингүй болгосон захирамж гаргасан гэж дуулаад Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр очиж уг захирамжийг авсан болно. Ингээд хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд хандаж байна. Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамжийн иргэн Ж.Батдоржид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Иргэн Ж.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Батдорж нь Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дүгээр захирамжаар Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 1000 метр квадрат газар эзэмших эрхийг авсан. Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дүгээр захирамжийг хүчингүй болгож, иргэн Ж.Батдоржийн 000617780 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Ингэснээр иргэн Ж.Батдоржийн газар эзэмших эрхийг хууль бусаар хөндөж, хуулийн дагуу эзэмшиж авсан газраа ашиглах боломжгүй болж, газар эзэмших эрх нь зөрчигдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн газрыг хүчингүй болгосон үндэслэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар тухайн газар нь бусдын эзэмшил газартай давхцаж байна гэж үзсэн. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт маргаан бүхий газрыг 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/286 дугаар захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театр болон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Архивын тасагт албан конторын зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд уг захирамж хүчингүй болоогүй, хүчинтэй хэвээр байгаа гэж тайлбарласан. Аймгийн Засаг даргын захирамж гарснаар тухайн этгээд газрын хууль ёсны  эзэмшигч болохгүй, зөвхөн эзэмших эрх олгосон. Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дахь заалтуудыг зөрчсөн. Маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгээр иргэн Ж.Батдоржид эзэмшүүлсэн газар нь Ойрад хөгжимт театрт эзэмшүүлсэн гэх газартай давхцсан байсан. Ойрад хөгжимт жүжгийн театрт  2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрх олгосон боловч гэрчилгээ байхгүй, гэрээ байгуулаагүй, мөн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар мөн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн албан тоот зэргээр хангалттай нотлогдож байна. Ойрад хөгжимт жүжгийн театрыг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн нэгж талбарын хувийн хэргээс харахад 2013 оны аймгийн Засаг даргын захирамж гарсны дараа буюу 2014 оны 04 дүгээр сард Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт хандаж хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг нь үндэслээд Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байдаг. Өнөөдөр хүртэл Ойрад хөгжимт жүжгийн театр нь тухайн эрх олгосон газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авах талаар хүсэлт гаргаагүй.  Мөн хэрэгт авагдсан Ойрад хөгжимт жүжгийн театрын нягтлан бодогч Х.Өнөрдулам шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр “манайх тухайн газрыг хуулийн дагуу эзэмшиж авсан. Мөн Ардын язгуур урлагын төвийн зураг төсөв төслийн ажил хийгдэж байгаа” гэсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулиар тухайн газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд эзэмшихийг хориглож байгаа. Мөн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон өдрөөс хойш тухайн байгууллага тухайн газрын хууль ёсны эзэмшигч байхаар зохицуулж өгсөн. Хэрэгт авагдсан Ойрад хөгжимт жүжгийн театрын газрын кадастрын зураг гэх баримтад шалгасан этгээд болох тухайн үед Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга байсан Г.Отгонболд гэх хүний гарын үсэг, тамга тэмдэг зурагдаагүй. Тухайн кадастрын зураг хэзээ хийгдсэн тодорхой бус байгаа. Кадастрын зураг нь газар эзэмших эрхийн салшгүй нэг хэсэг мөн. Газар гэдэг бол үл хөдлөх эд хөрөнгө. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, ашиглах эрх, эзэмших эрхийг хуулиар олгосон хэлбэрийн шаардлага тавигддаг байгаа. Гэрээг заавал бичгээр байгуулна. Гэрчилгээ олгоход эзэмших, өмчлөх, ашиглах эрх нь тухайн этгээдэд шилждэг. Ойрад хөгжимт жүжгийн театр нь тухайн газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн баримт одоогоор байхгүй. Тэгэхээр  Ойрад хөгжимт жүжгийн театр нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч, мөн Ойрад хөгжимт жүжгийн театрын газартай иргэн Ж.Батдоржид олгосон газрыг давхцуулан олгосон гэж тайлбарлах боломжгүй. Мөн 2013 оны захирамж өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Эрх бүхий захиргааны байгууллага нь хэрэгжүүлэх талаар ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй. Цаг хугацааны хувьд Ойрад хөгжимт жүжгийн театрт эрх олгосон захирамж 2013 онд гарсан. Харин Ж.Батдоржид эзэмшүүлэх эрх олгосон захирамж 2015 онд буюу 2 жилийн дараа гарсан боловч иргэн Ж.Батдоржид эзэмшүүлсэн захирамж гарсан даруй хэрэгжээд, тухайн захирамжийг үндэслээд гэрээ, гэрчилгээ олгогдож, улсын бүртгэлд бүртгэгдэж, нэгж талбарын хувийн хэрэг, кадастрын зураг, газрын мэдээллийн санд орсон. Ойрад хөгжимт жүжгийн театрын газартай давхцуулж иргэн Ж.Батдоржид газар эзэмших эрх олгосон  гэх ойлголт яригдахгүй. Харин Ж.Батдоржийн газартай давхцуулаад Ойрад хөгжимт жүжгийн театрт газар эзэмших эрх олгох гээд байгаа  юм биш үү гэж харагдахаар байна. Одоо Ойрад хөгжимт жүжгийн театрт эзэмшүүлсэн 2013 оны захирамжийг хэзээ хэрэгжүүлж, тухайн байгууллагад гэрээ, гэрчилгээ олгох өдрөөс эхлээд уг байгууллага тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж бүртгэгдэж явах ёстой. Бид яагаад 2013 оны захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байна вэ гэвэл, хэрэгжээгүй байгаа захирамж, мөн одоо захирамжийг хэрэгжүүллээ гэхэд Ж.Батдоржоос хойш гарах үр дагавар учраас тухайн захиргааны байгууллага 2013 оны захирамжийг хэрэгжүүлэхдээ иргэн Ж.Батдоржтой холбоотой хэсэгт зохицуулалт хийх учраас 2013 оны захирамжтай холбогдох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамж нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гарах ёстой. Гэтэл хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 275 тоот Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны мэдэгдэл юм шиг байгаа. Хэрвээ уг албан тоот нь сонсох ажиллагааны мэдэгдэл бол Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан үндэслэлүүдийг тухайн албан тоотод тусгасан байх ёстой. Хариуцагч тал иргэн Ж.Батдоржийн эзэмшлийн газрыг бусдын эзэмшлийн газартай давхцаж байна гэх үндэслэлээр хүчингүй болгосон гэх тайлбар гаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт буюу бусдын эзэмшлийн газартай давхцсан гэх заалт сонсох ажиллагааны мэдэгдэл дээр тусгагдаагүй. Тэгэхээр эрх ашиг нь хөндөгдөж буй иргэн Ж.Батдоржид захиргааны акт гаргахаас өмнө өөрийнхөө эзэмшлийн газар бусдын эзэмшлийн газартай давхцаж байна гэдгийг мэдэх боломжоор хангаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг иргэн Ж.Батдоржид ямар нэгэн байдлаар өөрт нь хүргүүлэх эсхүл мэдэгдэх ёстой байсан. Уг 275 тоот мэдэгдлийг иргэн Ж.Батдоржид мэдэгдээгүй, харин түүний найз Батхишигт мэдэгдсэн. Энэ нь хэрэгт авагдсан Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын явуулсан бичигт байгаа. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Мөн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тусгай зарчим тусгаж өгсөн. Гэтэл уг зарчим зөрчигдсөн. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах байгууллага сонсох ажиллагааг явуулахаар заасан. Захиргааны шийдвэр гаргах байгууллага гэдэгт юуг ойлгох вэ гэхээр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгаа этгээд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан сонсох ажиллагааг явуулах ёстой. Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар аймгийн Засаг даргын дэргэпэх хэрэгжүүлэгч агентлагийн хувьд сонсох ажиллагааг явуулж болох ч гэсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын бус аймгийн Засаг даргын нэрээр явуулах ёстой. Маргаан бүхий А/566 дугаар захирамж нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан шаардлагыг хангасан байх ёстой. Иймд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамжийн Ж.Батдоржид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

            Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2013 оны А/286 дугаар захирамжаар Дэчинравжаалин хийдийн зүүн талд Ойрад хөгжимт жүжгийн театрт 9900 мкв газрыг, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт 1800 мкв газрыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт 1260 мкв газрыг албан конторын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн газартай давхцуулан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж, иргэн Ж.Батдоржид газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/789 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандах шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ардын язгуур урлагийн төв театрын барилга барих зориулалтаар тус газрыг эзэмшүүлэхээс өмнө нь аймгийн Засаг дарга байсан Э.Цасчихэрийн 2010 оны 215 дугаар захирамжаар Дэчинравжаалин хийдийн зүүн талд 1,45 га газрыг “Ирээдүй энерже группт” зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 62 тоот албан бичгээр Ойрад хөгжимт жүжгийн театрын дарга байсан Бямбажав аймгийн Засаг дарга байсан Д.Цэндсүрэнд хандсан байдаг. Тухайн албан  бичгээр хандсан хүсэлттэй танилцаад Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Чулуунбатад цохолт хийж өгснөөр 2013 оны А/286 дугаар захирамжаар 9900 метр квадрат газрыг Ардын язгуур урлагын төв театрын барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн. Тус захирамжийг хүчингүй болгоогүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар дурьдаагүй байгаа. Нэхэмжлэгч Ж.Батдоржид эзэмшүүлсэн газар нь Архивын тасаг болон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст эзэмшүүлэхээр шйидвэрлэсэн газартай давхцаагүй бөгөөд Ойрад хөгжимт жүжгийн театрт Язгуур урлагийн төв байгуулах зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөн 2013 оны А/286 дугаар захирамжаар 9900 метр квадрат газар олгож, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ардын язгуур урлагийн төв театрын барилгын ажлын зураг төсөв боловсруулах үйлчилгээг үзүүлэх, захиалагч зөвлөхийн хооронд буюу “Кон инженерс” ХХК-тай тухайн үеийн Засаг дарга Д.Цэндсүрэн болон аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж ажилласан. Тухайн гэрээний дагуу тус компани зураг төсөв боловсруулан захиалагч талд хүлээлгэн өгсөн байдаг. Ардын язгуур урлагийн төв театрын барилгын ажлын зураг гүйцэтгэх гэрээг дүгнэсэн тухайн акт, зураг хүлээлцсэн актаар нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж иргэн Ж.Батдоржид аймгийн Засаг даргын 2015 оны А/789 дүгээр захирамжаар газар эзэмшүүлснээр Ойрад хөгжимт жүжгийн театрын газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2013 оны А/286 дугаар захирамжийг зөрчсөн учраас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны А/789 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өнөөдөр хүртэл Ардын язгуур урлагийн төвийн барилга угсралтын ажил нь төсвийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан хийгдэхгүй байгаа бөгөөд цаашид тус барилга баригдах нь гарцаагүй. Төсөв үргэлж хүндрэлтэй байхгүй нь ойлгомжтой. Ойрад хөгжимт жүжгийн театрын барилга нь анх соёлын зориулалтаар 1955 онд ашиглалтад орсноос хойш одоо хүртэл их засвар үйлчилгээ хийгдээгүй байгаа. 2009 онд Мэргэжлийн хяналтын газраас шалгасан шалгалтын дүнгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ж.Батдоржийн хуульд заасан ашиг сонирхлыг хөндөхгүйн тулд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх  ажиллагаа явагдсан. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газрын асуудлыг дагнан эрхэлдэг чиг үүрэг бүхий Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас хариуцан зохион байгуулж ажилласан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болор-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/286 дугаар захирамжаар Ойрад хөгжимт жүжгийн театрт 9900 метр квадрат газрыг эзэмшүүлсэн. Тухайн захирамжийн 2 дугаар хэсэгт “эзэмшилд олгосон газарт гэрээ байгуулж гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар Г.Отгонболдод үүрэг болгосон. Газар эзэмшүүлэх захирамж гараад гэрээ байгуулж, гэрчилгээ бичигдээгүй нь аймгийн Засаг даргын буруу биш юм. Тухайн үед үүрэг болгосон Г.Отгонболд гэх хүний буруу. Мөн 3 жилийн дараа Ж.Батдоржид газар эзэмшүүлж тус захирамжийн 2 дугаар заалтыг биелүүлсэн нь ялгавартай хандсан гэж үзэж байна гэв.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Тус шүүх хуралдаанаар “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжийн иргэн Ж.Батдоржид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий иргэн Ж.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд холбогдох хэргийг хянан шийдвэрлэв.

       Төлөөлөн нэхэмжлэгчийг хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан гэж үзлээ. Учир нь иргэн Ж.Батдоржид газар эзэмшүүлэх талаар шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж, 2017 оны 1 сарын 16-ны өдөр гарын үсэг зуруулсан баримт[1] хэрэгт авагдсан байна.

            Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогчдын төлөөлөгч нарын тайлбар бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, иргэн Ж.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

          Иргэн Ж.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга нь “Газрыг зориулалтын дагуу эзэмших хугацаа дуусаагүй байхад болон маргаан бүхий газар бусдын эзэмшлийн газартай давхцаагүй байхад уг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг болон газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгосон нь иргэн Ж.Батдоржийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

          Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “иргэн Ж.Батдоржид эзэмшүүлсэн газар нь Ойрад хөгжимт жүжгийн театрт эзэмшүүлсэн газартай давхцсан, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу аймгийн Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн нь зөв гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 сарын 06-ны өдрийн А/566 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 12 сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/789 дүгээр захирамжийг хүчингүй болгож, уг захирамж гарсантай холбогдуулан Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Батдоржид Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар олгосон 000617780 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцжээ.

        Маргаан бүхий газар нь Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах бөгөөд  инженерийн шугам сүлжээ бүхий суурьшмал газар байна. Уг газарт иргэн Ж.Батдорж 1000 мкв газрыг эзэмших тухай өргөдлийг газрын тойм зургийн хамт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 2015 оны 12 сарын 12-ны өдөр гаргаснаар аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дүгээр захирамжаар Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 1000 мкв газрыг түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

         Уг газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэн Ж.Батдоржтой “иргэнд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан, кадастрын зургийг үйлдэж, 2016 оны 04 сарын 16-ны өдөр 000617780 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 8516009187 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэг үүсгэсэн байна.

            Энэхүү маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө Увс аймгийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/286 дугаар захирамжаар аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрт 9900 мкв, аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтэст 1800 мкв, аймгийн Архивын тасагт 1260 мкв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба энэ шийдвэрийг гаргасан эрх бүхий албан тушаалтан болон эрх бүхий бусад этгээдийн зүгээс хүчингүй болгоогүй одоог хүртэл хүчин төгөлдөр байна.

        Тухайлбал, дээрх захирамжийг үндэслэн Ойрад хөгжимт жүжгийн театр эзэмшсэн газар дээрээ орон нутгийн төсвийн хөрөнгөөр 91.3 сая төгрөгийн үнэ бүхий Ардын язгуур урлагийн төв театрын барилгын ажлын зураг хийлгүүлсэн, уг зургийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүлээлгэн өгсөн болох нь ажил гүйцэтгэх гэрээний үнийг аймгийн ЗДТГ-аас гаргуулсан шүүхийн шийдвэр, барилгын зургийн хуулбар, барилгын зураг хүлээлцсэн актаар нотлогдож байна. Иймд аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрыг  уг маргаан бүхий газар дээр хэсэгчлэн хууль ёсны газар эзэмшигч байна үзэх үндэслэлтэй байна.

        Түүнчлэн аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрт эзэмшүүлсэн газартай хэсэгчлэн давхцуулж иргэн Ж.Батдоржид газар эзэмшүүлсэн болох нь маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[2] нотлогдож байна. Энэ байдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж олгогдсон хууль бус захирамжийг хүчингүй болгосон хариуцагч аймгийн Засаг даргын шийдвэрийг зөвтгөж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болж байна.

           Нөгөө талаар Увс аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/789 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх залтуудыг илт зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/07 дугаар тогтоолоор иргэн хуулийн этгээдэд төсөл сонгон шалгаруулах замаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байхад иргэн Ж.Батдоржид аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/789 дүгээр захирамжаар шууд эзэмшүүлсэн нь хууль бус давуу байдал бий болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байх тул дээрх 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/789 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу  хариуцагч аймгийн Засаг дарга 2016 оны А/566 дугаар захирамжаараа хүчингүй болгосон нь хуульд нийцэж, төлөөлөн нэхэмжлэгчийн “иргэн Ж.Батдоржид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар олгосон газартай аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрт давхцуулан газар эзэмшүүлсэн” гэх тайлбарыг зөвтгөх, хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

            Увс аймгийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/286 дугаар захирамжийн хоёр дахь заалтаар эзэмшилд олгосон /маргаан бүхий газар/ газарт гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэж ажиллахыг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар /Г.Отгонболдод/ үүрэг болгосон хэдий ч энэхүү үүргээ биелүүлээгүй нь энэ үндэслэлээр Ойрад хөгжимт жүжгийн театрыг буруутгаж, газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэх боломжгүй юм.

         Иймд маргаан бүхий акт нь эрх бүхий албан тушаалтан хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуульд нийцүүлэн гаргасан,  уг актын улмаас иргэн Ж.Батдоржийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл байдал тогтоогдохгүй, маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

          Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсанаар мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, төлөөлөн нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ.

        1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан иргэн Ж.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгын “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/566 дугаар захирамжийн иргэн Ж.Батдоржид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан төлөөлөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       У.БАДАМСҮРЭН