Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/0090

 

 

О.О-ийн нэхэмжлэлтэй, Улсын

бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч,

танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      Д.Батбаатар

                                         М.Батсуурь                         

                                          Ц.Цогт                              

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч                

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж                 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар  сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0505 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2023/0549 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, Ө.М нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 432 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч О.О нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “О.О-ийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/220 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “О.О-ийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/220 дугаар тушаалаар ....... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч О.О-ийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтсийн төрийн үйлчилгээний ... нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилсон.

2.2.Дээрх тушаалыг нэхэмжлэгч О.О эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 08 дугаар албан бичгээр гомдлын шаардлага үндэслэлгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд ханджээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... ...... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/220 дугаар тушаалаар намайг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн үүрэгт ажлаас 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтсийн төрийн үйлчилгээний ... нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилж, тушаалыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан. Ямар үндэслэлээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажлаас чөлөөлж байгаа талаараа надад урьдчилж мэдэгдээгүй, тушаалд үндэслэлээ тодорхой заагаагүй, надтай ямар нэг байдлаар зөвшилцөөгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн болон иргэний улсын бүртгэлийн хийгдэх ажил, хууль тогтоомжийн зохицуулалт, бүртгэлийн систем ч өөр байдаг. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар сэлгэн ажиллуулах хэрэгцээ шаардлага байгаа тохиолдолд тэр талаараа албан хаагчтай тохиролцох ёстой. Мөн хуулийн тайлбарт “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл байдлыг ойлгоно” гэж заасан. Гэтэл ямар зорилго, зайлшгүй шаардлагаар албан тушаал шилжүүлж байгаа талаар тушаалдаа тодорхой тусгаагүй ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/220 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг дурдаагүй,  мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5-д заасны дагуу нэхэмжлэгчийг эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлсэн. Энэ нь нэхэмжлэгч болоод байгууллагыг цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж буй арга хэмжээний нэг хэлбэр юм. Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллах хугацаандаа удаа дараа, давтан гаргасан зөрчил, урьд өмнө авагдсан сахилгын шийтгэл, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүдээс харахад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр цаашид ажиллахад мэргэжил, ур чадвар дутмаг байгаа нь нотлогдсон бөгөөд албан хаагчийн амьдралын нөхцөл байдал, тухайн байгууллагад олон жил ажилласныг харгалзан үзэж 3 сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Улсын бүртгэлийн байгууллагад улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч ажиллана.” гэж заасан, харин эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч, иргэний улсын бүртгэгч гэж байхгүй, аль чиглэлд ажиллуулах нь дотоод зохион байгуулалтын болоод удирдлагын эрх хэмжээний асуудал болно. Маргаан бүхий тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий, хуульд нийцсэн шийдвэр юм. Нэхэмжлэлд нэхэмжлэгчийн ямар эрх нь сэргээгдэх эсэх, ямар хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа талаар тодорхойгүй байна ...” гэж маргажээ.  

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар  сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0505 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О-с Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/220 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:  

5.1. ... Захиргааны байгууллага төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах хууль зүйн үндэслэлийг дурдаж, тухайн нэгжийн ямар албан тушаалд ажиллуулах талаар мэдэгдсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй “... шилжүүлэн ажиллуулахдаа урьдчилж мэдэгдээгүй ...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгчийн өмнө эрхэлж ажиллаж байсан ажил болон одоо томилогдсон ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв өөрчлөгдөөгүй байх тул хуулийн урьдчилсан нөхцөлийг хангасан байна.

5.2.Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг зөрчиж, зөвшилцөх ажиллагаа явуулаагүй нь хууль зөрчсөн гэж маргасан бөгөөд маргаан бүхий тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг бус 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн гарсан, төрийн байгууллага хооронд төрийн албан хаагчийг шилжүүлэн томилоогүй тохиолдолд ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.5 дахь хэсгийн зохицуулалт нь эрх зүйн хэм хэмжээний бүрдэл, урьдач нөхцөлийн хувьд ялгаатай агуулгатай байх бөгөөд системчлэлийн хувьд заавал хамтатган хэрэглэх үндэслэлгүй, захиргааны актын зорилго, төрийн алба дахь хөдөлмөрийн харилцааны онцлогоос хамааран төрийн өөр байгууллага хооронд шилжүүлэн томилох эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн томилох нь хууль зүйн хувьд адилгүй ойлголт байхад хариуцагч байгууллагыг хуулийг буруу хэрэгжүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.3.Хариуцагчийн тушаал хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй ...” гэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2023/0549 дүгээр магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 44.5, 44.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

6.1.Нэхэмжлэгч О.О-ээс сэлгэн ажиллуулахыг зөвшөөрсөн баримт хэрэгт байхгүй, энэ талаар хүсэлт гаргаж байсан нь тогтоогдоогүй.

6.2. ... нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасагт “... шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах” зэрэг нөхцөл байдал бий болоогүй байхад нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шилжүүлж ажиллуулсан нь хууль бус байна.

6.3.Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч болон иргэний улсын бүртгэгч ялгаатай чиг үүргийг хэрэгжүүлдэг байхад хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа хуульд заасан “төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх зарчим”-ыг анхаараагүй нь буруу, нэхэмжлэгчээс зөвшөөрөл авахгүйгээр албан ажлыг шилжүүлсэн нь хуульд нийцээгүй ...” гэж үзжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М хяналтын журмаар  гаргасан гомдолдоо “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

7.1.Шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж шийдвэрлэсэн тухайд: Маргаан бүхий тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч О.О-ийг тус хэлтсийн төрийн үйлчилгээний нэгдсэн ..... төвийн улсын бүртгэлийн тасагт иргэний улсын бүртгэгчээр томилж, шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх тус албан хаагчийг сэлгэн ажиллуулсан мэтээр ойлгож, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн ...

7.2.Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 44.5, 44.7-д заасан өөр хоорондоо ялгаатай буюу өөр өөр агуулгатай хуулийн зохицуулалтыг баримтлан бодит нөхцөл байдлаас зөрүүтэйгээр хуулийг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэхтэй холбоотой харилцааг, 44.2-т төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулахтай холбоотой харилцааг, 44.5-д төрийн жинхэнэ албан хаагчийг тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэхтэй холбоотой харилцааг тус тус зохицуулсан. Нэхэмжлэгч О.О-ийг тухайн байгууллагын нэгж хороонд буюу ..... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэг тасгаас нөгөө тасагт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д зааснаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, заавал зөвшөөрөл авсан байх шаардлагыг хангаагүй гэх шалтгаанаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...

7.3.Магадлалын 8-д “Нөгөө талаар, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгаагаар хангагдана” гэж тус тус заажээ.” гэж, мөн магадлалын 9-д “Өөрөөр хэлбэл, .....  нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасагт “шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах” зэрэг нөхцөл байдал бий болоогүй байхад шилжүүлж ажиллуулсан нь хууль бус байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна ...

7.4.Түүнчлэн О.О нь өөрийн хүсэлтээр 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох үндэслэлгүй. Маргаан бүхий тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, зөрчөөгүй тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх хууль ёсны эрх, ашиг сонирхол үгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.   

8.Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбарыг өгөв.

ХЯНАВАЛ:

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

10.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

11.Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд зохицуулсан байх бөгөөд 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэж төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллах нөхцөлийг, 44.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсоны дагуу, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно ...” гэж төрийн өөр байгууллагад эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд түр хугацаагаар сэлгэн ажиллуулахыг, харин 44.5-д “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно.” гэж байгууллагын дотоодод өөр нэгж, албан тушаалд шилжүүлэх нөхцөлийг ялгамжтай байдлаар зохицуулжээ.

12.Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-ийн дагуу 1)шилжүүлэн авах байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг шаардлага үүссэн тохиолдолд төрийн албан хаагчтай өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр; 2)шилжүүлж буй байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан төрийн албан хаагчийг удирдлагын санаачилгаар өөр байгууллагад хугацаа заалгүйгээр шилжүүлэн ажиллуулж болох ба аль аль тохиолдолд шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон байна.

13.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-ын тухайд, төрийн албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, хоёр байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсоноор нөгөө байгууллагад, эсвэл тухайн байгууллагын нэгж хооронд ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар ажиллуулахаараа ялгаатай. Ийнхүү “сэлгэн ажиллуулах” зорилго нь “ажлын тодорхой чиглэл”-ээр буюу төрийн албан хаагчийн мэдлэг ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага туршлагыг нь бусдад эзэмшүүлэх, бусдын туршлагаас суралцуулах, ажил сайжруулах болон ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх зэрэгт бодит шалтгаан байна.  

14.Харин Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-ын дагуу томилох эрх бүхий этгээд төрийн албан хаагчийг байгууллага дотроо өөр албан тушаалд шилжүүлэхэд хуулиар ямар нэгэн болзол, шаардлагыг заагаагүй, гагцхүү өөрт нь мэдэгдсэнээр мөн зүйлийн 44.3-т заасанчлан эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн томилж болохоор хуульчилжээ. Гэхдээ хэдийгээр энэ нь захиргааны “сонгох боломж” боловч уг эрхийг “зорилгодоо нийцсэн” байдлаар хэрэгжүүлэх учиртай, өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн тохиолдолд, тухайлбал хүний нөөцийн дутагдлыг зохицуулах, мэдлэг ур чадварыг нь хөгжүүлэх, дээшлүүлэх, эсхүл түүнд нь тохирсон ажлыг хийлгэх зэрэг зайлшгүй объектив шалтгаан нөхцөл байхаас бус захиргаа субъектив байдлаар, төрийн албан хаагчийн хамгаалагдсан эрхийг зөрчиж, дур зоргоор хэрэглэх ёсгүй.  

15.Энэхүү хэргийн тухайд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны Б/220 дугаар тушаалаар О.О-ийг ..... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус хэлтсийн төрийн үйлчилгээний ..... нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 болон 44.3 дахь хэсгийг баримталсан ба хариуцагч ийнхүү томилохдоо нэхэмжлэгчид урьдчилж мэдэгдсэн байх бөгөөд шилжүүлэн томилсон албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв нь өөрчлөгдөөгүй байх тул маргаан бүхий акт хууль ёсны, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

16.Түүнчлэн, “... нэхэмжлэгч нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажиллахдаа алдаа дутагдал давтан гаргасан, урьд өмнө авагдсан сахилгын шийтгэл, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүдээс харахад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр цаашид ажиллахад мэргэжил, ур чадвар дутмаг байгаа нь нотлогдсон бөгөөд албан хаагчийн амьдралын нөхцөл байдал, тухайн байгууллагад олон жил ажилласныг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр өмнө ажиллаж байсан иргэний улсын бүртгэгчээр ажиллуулахаар шийдвэрлэсэн ...” гэсэн агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаас үзвэл хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасан сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэх үндэслэл тогтоогдсонгүй. 

17.Гэтэл давж заалдах шатны шүүх “... төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр хугацаатай сэлгэн ажиллуулж болох бөгөөд ингэхдээ сэлгэн ажиллахыг төрийн жинхэнэ албан хаагч зөвшөөрсөн талаарх баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байхыг шаардсан..., нэхэмжлэгчээс сэлгэн ажиллуулахыг зөвшөөрсөн баримт хэрэгт байхгүй, ... Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаас бусад үндэслэлээр төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй ... ........ нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасагт “... шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил ... үйлчилгээний чанарыг сайжруулах” зэрэг нөхцөл байдал бий болоогүй байхад хариуцагч нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шилжүүлэн ажиллуулсан нь хууль бус ...” гэх зэргээр захиргааны байгууллага дотооддоо шилжүүлэн ажиллуулсан хэргийн бодит нөхцөл байдлыг “төрийн өөр байгууллагад шилжүүлэх” болон “сэлгэн ажиллуулах” нөхцөлтэй адилтгаж, мөн хэрэгт хамааралгүй төрийн албанаас чөлөөлөгдөх, халагдах харилцааг зохицуулсан хуулийн зүйл заалтыг хэрэглэх зэргээр хууль хэрэглээний алдаа гаргажээ.

18.Иймд “давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 44.5, 44.7-д заасан өөр хоорондоо ялгаатай буюу өөр өөр агуулгатай хуулийн зохицуулалтыг баримтлан бодит нөхцөл байдлаас зөрүүтэйгээр хуулийг хэрэглэсэн ...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

19.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2023/0549 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                 ШҮҮГЧИД                                                      Д.БАТБААТАР

                                                                                         М.БАТСУУРЬ

                                                                                   Ц.ЦОГТ  

                                                                       Г.БАНЗРАГЧ