| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2015/00527/И |
| Дугаар | 207/МА2016/00003 |
| Огноо | 2016-01-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 207/МА2016/00003
Л.****************ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
*******, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 441 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Л.****************ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ****************д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.****************,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Хариуцагч ****************,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Л.**************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ****************д бүжгийн багшаар ажиллаж байсан ба намайг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Энэ шийдвэрийг би зөвшөөрөлгүй Сум дундын 4 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг манай сумын шууданч 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1144 минутанд манай гэрт аваачиж өгсөн байсан. Би 1400 цагт гэртээ ирж мэдсэн.
Ингээд би 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн үдээс хойш 15 цагт *******ийн эрхлэгч ****************тэй уулзахад чамайг ажилд авах тушаал гарсан, дуртай үедээ ажилдаа ороорой гэж хэлсэн. Тухайн үед ажилд томилсон тушаалыг надад үзүүлээгүй, танилцуулаагүй, тэгээд ч 7 хоногийн сүүлд ажилдаа ороод яахав гэж бодоод нэг дэх өдөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа очиход чамайг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажилд эргүүлэн томилсон тушаал гаргасан байсан, чи 3-4 хоног ажил тасалсан учир чамайг ажлаас халсан гэж хэлж маргааш нь буюу 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас халсан Б/13 дугаар тушаалыг өгсөн.
Эрхлэгч надад хандан чи шүүхдэж чадаж байгаа юм чинь ажилдаа хэзээ орохоо мэдэж байгаа биз дээ, чамайг ажилдаа ор гэж хэлсэн, урьж залж авчирах уу гэсэн. Ажилд томилсон тушаалыг надад албан ёсоор мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй, ажил төрөл, өрөө тасалгааг хүлээлгэж өгөөгүй байж 3-4 өдрийн ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тушаал гаргасан гээд байгаа өдрийн маргааш нь би өөрөө үдээс хойш очиж тушаал гаргасан гэдгийг эрхлэгчийн амаар сонссоноос би бичгээр гаргасан тушаал хараагүй.. Хагас, бүтэн сайнд Аймгийн мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирж ажилласан гэж байна. Тэр талаар надад мэдэгдээгүй, би мэдээгүй, албан ёсоор амрах бямба, ням гаригт ажил тасалсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэж ажилд томилсон тушаал гаргаад 4 хоногийн дараа ажлаас халсан. Иймд намайг ****************ийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Мөн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1295546 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ****************ийн эрхлэгч **************** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 1120 минутанд Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж тэр өдрөө 1200 цагт Л.****************ийг ажилд томилох тухай тушаалыг гаргасан. Маргааш нь буюу 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Л.**************** манай өрөөнд орж ирээд миний шүүхийн шийдвэр ирсэн, би ажилдаа хэзээ орох юм гэж мэндийн зөрүү ч үгүй асуусан.
Тэгэхээр нь би таны тушаал гарсан, та өнөөдрөөс ажилдаа орж болно гэж хэлсэн, миний хажууд манай номын санч, бичиг хэрэг бүгд шалгалттай байсан болохоор юм бичээд сууж байсан. Тэгтэл Л.**************** хаалга саваад тушаалаа ч авалгүй гараад явсан. Тухайн үед ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирсэн байсан. Л.**************** намайг хэзээ ч хамаагүй ажилдаа орж болно гэж хэлсэн гэж байна би тэгж хэлээгүй, бас миний ажлыг хүлээлгэж өгөөгүй гэж байна.
Л.**************** 4 сард ажлаас гарахдаа ажлаа хүлээлгэж өгөөгүй явсан байсан. Л.****************тэй би 3 сар л бүтэн ажилласан. Тэгэхэд 1 удаа ч бүжиг гаргаж үзээгүй. Тэгэхэд би Л.****************ийг шүүхдээд явж байх хойгуур нь ******* аймгаас 2 сарын гэрээгээр бүжгийн багш Батдэлгэр гэдэг хүнийг авчираад ажиллуулахад 8 бүжиг дэглээд тавьсан.
Л.**************** мэргэжлийн хүн гэхэд яаж ажиллаж байгаа нь харагдаж байгаа юм. 2015 оны 09 дүгээр сарын 09, 10, 11-ний өдрүүд ажлын өдөр байсан. 2015 оны 09 дүгээр сарын 12, 13-ний өдөр амралтын өдөр байсан ч гэсэн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирсэнтэй холбогдуулан бүх байгууллагууд албан ёсоор ажилласан учир Л.**************** нийт 5 өдөр ажил тасалж 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа ирсэн. Тэгээд ажилд томилсон тушаалыг нь өгөөд хамт олны хурлаар хэлэлцээд ажлаас нь чөлөөлсөн. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх цалинг өгөх боломжгүй. Бид өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу 1124780 төгрөгийг өгсөн гэжээ.
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.****************ийг ****************ийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 2308549 /хоёр сая гурван зуун найман мянга таван зуун дөчин ёс/ төгрөгийг ****************өөс гаргуулж Л.****************эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Л.****************ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг ****************д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.****************ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36643 /гучин зургаан мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 1000 /нэг мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ******* аймгийн ****************өөс 51886 /тавин нэгэн мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид 35643 /гучин таван мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөг, Төрийн санд 16243 /арван зургаан мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч П.Ган-Очир би ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар 2015.11.16-ны өдөр иргэний нэхэмжлэгч Л.****************ийн нэхэмжлэлтэй ****************д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай иргэний шүүх хуралд ******* сумын *******ийн хууль ёсны төлөөлөгч, *******ийн эрхлэгч ****************гийн өмгөөлөгчөөр оролцсон. *******, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.08.25-ны өдрийн 103 дугаар магадлалаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Уг шийдвэрийг *******ийн эрхлэгч **************** 2015.09.09-ний өглөө 11 цагт хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүлээн авч шийдвэрийн дагуу Л.****************ийн ажилд томилох тухай тушаал гаргасан. Энэ шийдвэр тушаалын нэг хувийг гэрт хүргүүлсэн. 2015.09.10-ны өдөр *******ийн эрхлэгчийг өрөөнд Л.****************ийг орж ирж шүүхийн шийдвэр магадлал хүлээн авсан талаар мэдэгдэхэд нь таны тушаал гарсан, ажилдаа ор гэсэн байдаг юм. Үүнийг Л.**************** шүүх хурлын хэлэлцүүлэгт өгсөн тайлбар мэдүүлэгтээ ярьдаг. **************** тушаалын дагуу ажилдаа орох нь нээлттэй байхад, ажилдаа ороогүй. 2015.09.09-ний өдрөөс 2015.09.14-ний өдөр хүртэл ажил тасалсан. Энэ асуудалтай нь холбогдуулан тус *******ийн эрхлэгч **************** нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмынхаа 6 дахь заалтыг үндэслэн Л.****************ийг ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан байна. Дотоод журмын 6-д чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан. /2-3 хоног/ ажил үйлчилгээ доголдуулсан ажилчдыг ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж байна. Дээрхи дотоод журмыг ажлаас халагдахдаа баримталсан нь хууль зөрчөөгүй байна гэж үздэг. Ажлаас халсантай холбоотойгоор бусад бичгийн нотлох баримтыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн байхад шүүх түүнийг хуулийн дагуу үнэлээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд дээрхи иргэний хэргийг хурлаараа хэлэлцэн хуулийн дагуу үнэн зөв шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ****************ийн эрхлэгч **************** давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч **************** миний бие ****************ийн эрхлэгчийн албыг 2015 оны 1 сараас эхлэн хашиж байгаа. Тус байгууллагын соёлын төвийн бүжгийн багш Л.**************** нь удаа дараагаар зөрчил гаргаж, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж байсан учир ажлаас чөлөөлөгдсөн . Аймаг болон сум дундын шүүхээр бүтэн 1 жил шахам явлаа. Сум дундын шүүх Л.****************ийг олон өдөр ажил тасалж зөрчил гаргасан байхад ажил таслах шалтгаан биш, мөн гэрчийн нотлох баримтыг үндэслэлгүй гэж байгааг нь шударга бус гэж үзэж байна. Л.**************** нь дур зоргоороо ажил тасалж ажилд ирэх өдрөө өөрөө сонгодог, ажлын шаардлага тавихад хэл амаар доромжилдог, ийм төрийн албан хаагчийг төрийн албанд тэнцэнэ гэхэд хэцүү байгууллагын хөдөлмөрийн дотоод журмандаа ажил тасалбал ямар арга хэмжээ тооцох / мөн хөдөлмөрийн хуулинд/ тодорхой заасан байдаг. Гэтэл ******* аймаг дахь сум дундын шүүх миний нотлох баримтыг олон удаагийн хурлаар үнэлэхгүй байгааг би ойлгохдоо: Л.****************ийг чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалж, болно, ажилдаа ирэх өдрөө өөрөө сонгож ирж болно, ажилдаа ажилдаа ирэхгүй, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлсэнгүй гэж сумын засаг дарга, байгууллагын дарга нарыг шаардлага тавихад хэрэлдэн эсэргүүцэж болно гэж байна гэж ойлгоход хүрлээ. Л.**************** 2015 оны 01 сараас надтай хамтарч 3 сар ажилласан, бусад саруудад шүүхэдсэн. 3 сар ажиллах хугацаандаа 1 ширхэг бүжиг гаргаж, дэглэж байгаагүй. Гэтэл Л.****************ийн ажилгүй байх хугацаанд ******* аймгийн ХЖТ-аас бүжгийн багш Д.Батдэлгэрийг 2 сарын хугацаатай гэрээгээр авч ажиллуулахад 6 бүжиг дэглэж, наадмын арга хэмжээг зохион байгуулсан. Иймд Л.****************ийн ажлын бүтээмж ямар байгаа нь харагдаж байна. Дуртай үедээ ажилдаа ирдэг, дургүй нь хүрвэл шүүхдэж улсын ажлыг бүтэн жил цалгардуулж байгууллагын соёл, сумын соёлыг хойш татаж байгаа энэ хүний цаашид төрийн албанд тэнцэхгүй гэж үзэж байна. ******* аймгийн сум дундын шүүхийг би шударга бус байна гэж үзлээ. Миний гэрч нарын нотлох баримтыг үндэслэхгүй байгаа нь та битгий шүүхэд ханд би ийм л шийдвэр гаргаад байна гэж хэлж байгаатай адил бусуу. Миний бага хүү Хөх хотод очиж эрүү нүүрний хүнд мэс засалд орж удаан хугацаагаар эмчлүүлэх болсон тул миний бие шүүх хуралд орж чадахгүй боллоо. Иймд энэхүү тайлбарыг хүргүүллээ. Үнэнч шударга мэргэн шүүгчид та бүхэн минь шударга үнэн шүүж тунгаана гэдэгт итгэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтын шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Л.**************** нь ****************ийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин 1.295.546 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаан дээр ажилгүй байсан 2015 оны 06 сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2015 оны 11 сарын 16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч Л.**************** нь 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ****************ийн бүжгийн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс *******ийн эрхлэгчийн тушаалаар уг ажлаас чөлөөлөгджээ.
******* аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 06 сарын 16-ны өдрийн 257 дугаар шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэр *******, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гардан авсан байх ба *******ийн эрхлэгчийн мөн өдрийн Б/12 тоот тушаалаар Л.****************ийг тус соёлын төвийн бүжгийн багшийн ажилд томилж, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/13 тоот тушаалаар бүжгийн багшийн ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.6-д заасныг баримтлан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр чөлөөлжээ.
Анхан шатны шүүх Л.****************ийг ажлаас чөлөөлөх тушаалд заасан сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд ямар зөрчил хамаарах, уг зөрчлийн талаар гэрээнд нэрлэн заагаагүй тусгаагүй учраас энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтанд нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв төдийгүй тухайн хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж дүгнэж ******* сумын *******ийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 2.308.549 төгрөг /2015.06.16-2015.11.16-ны өдрийг хүртэлх хугацааны/ гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн акт болохынхоо хувьд хуулинд заасан нийтлэг болон тусгайлсан шаардлагыг хангасан байх ёстой ба захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээ цуцалж буй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцсэн байхыг шаардана. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан зохицуулалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэнэ.
Гэтэл ******* сумын *******ийн эрхлэгчийн Л.****************ийг тус төвийн бүжгийн багшийн ажлаас чөлөөлсөн тушаал нь сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлийг заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтанд нийцээгүй. Ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тусгайлан нэрлэн заагаагүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил тус бүр тогтоогдсон байх ба тус бүрдээ заавал арга хэмжээ авагдсан байхыг шаардахгүй.
Хариуцагч ажлын дараалсан 5 өдөр ажил тасалсан гэж маргаж байгаа боловч 2015 оны 09 сарын 12,13-ны өдрүүд нийтээр амрах амралтын өдөр байсан, энэ өдөр ажиллах болсон талаар нотолж чадаагүй. 2015 оны 09 сарын 09-ний өдрийн ажилд эгүүлэн томилох тухай шийдвэрээ Л.****************эд албан ёсоор мэдэгдэж гардуулаагүй, энэ талаар ч мөн нотолж чадаагүй байна.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй гэсэн завж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51890 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
С.УРАНЧИМЭГ