Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 133/2023/00541/И |
Дугаар | 215/МА2024/00013 |
Огноо | 2024-08-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 215/МА2024/00013
2024 08 30 215/МА2024/00013
“Ө” ХХК болон Ц.М нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ................ аймаг, ............ сумд үйл ажиллагаа явуулах “Ө” ХХК,
Нэхэмжлэгч: .............. хот, .......... дүүрэг, ... хороо, ........ вилла ..... байр ... тоотод оршин суух Ц.М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... аймаг, ............. сумын ... -р баг, ........-р байр ... тоотод оршин суух Р.С,
Хариуцагч: ............. хот, ............ дүүрэг, ... -р хороо, ... хороолол, ... -р байр ... тоотод оршин суух Н.А нарт холбогдох иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, түүний өмгөөлөгч Т.С, хариуцагч Р.С, түүний өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний эзэмшлийн “Ө” ХХК нь 2007 оноос хойш Говь-Алтай аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2021 онд иргэн Р.С хөрөнгө оруулъя, та барилга барь, байрлал сайтай газар байна гэсний дагуу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Н.А-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн ........... сумд байрлах 450м2 газрын эрхийг шилжүүлж авахаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 15,000,000 төгрөгийн үнэтэйгээр байгуулсан. Энэ гэрээнд нэг талаас Н.А, нөгөө талаас буюу эрх хүлээн авагчаар Р.С, Ц.М нар оролцсон. 2022 онд 2 блок, 9 айлын 2 ширхэг орон сууцыг дээрх газар дээр барьсан. Барилга эхлэх зөвшөөрөл гарч өгөхгүй аймгийн Засаг даргатай Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр маргалдсаар Н.А нэр дээр байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авч чадалгүй 2023 оны 08 сарын 29-ний өдрийг хүрсэн. Манай компани өөрийн хөрөнгө ажиллах хүчээр 18 айлын орон сууцыг барья, дуусгая гэсэн бөгөөд Р.С-ын оруулсан 262,350,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохирсон нийт 318,000,000 төгрөгийн үнэ бүхий 53м2 талбайтай 3 ширхэг орон сууцыг түүнд өгсөн. Р.С бид хоёр анх ярьж тохирохдоо хамтран ажиллая, хамтран ажиллах гэрээний дагуу орон сууцад шаардагдах хөрөнгийг болон барилгатай холбоотой бүх зөвшөөрлийн бичиг баримтыг Р.С хөөцөлдөж бэлэн болгох, харин миний зүгээс өөрийн компаниараа барилгыг барьж дуусгах гэсэн тохиролцоотой байсан. Гэхдээ Р.С нь өөрийн үүрэг болох газрын эрх эзэмших гэрчилгээ гаргуулах, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг бэлэн болгох, хөрөнгө оруулалтыг хийх зэрэг өөрийн хийж гүйцэтгэх ёстой ажлаа хийгээгүй. Энэ үл ойлголцлоос болж Р.С надаас их хэмжээний мөнгө нэхэх болсон. Манай компани өөрийн бүх хүч бололцоогоороо банк болон иргэдээс хүүтэй мөнгө зээлж арай хийж барилгыг барьж дуусгасан. Р.С барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг бэлэн болгож чадаагүйгээс барилга баригдаж дууссан хойно зөвшөөрлийнхөө хойноос хөөцөлдөж манай компанид барьсан барилгыг гацаах, царцаах арга саам хийх болсон. Р.С-ын балгаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч чадахгүй байсан тул аймгийн Засаг даргатай Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр заргалдаж 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр манай талд гарсан. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажил эрхлэх ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшигч Н.А манай компанийн барьсан 18 айлын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг “Ө” ХХК-д гаргаж өгөхийг бүртгэлийн байгууллагад бичиж өгсөн. Р.С нь аймгийн Газрын албаныхантай хуйвалдаж манай компанийн авсан зөвшөөрлийг хүчингүй болгож дахин 4 ширхэг байр өгөхийг надаас шаардсан. Уг шаардлагыг нь би хүлээн зөвшөөрөөгүй. Арай хийж бүх бичиг баримтаа бүрдүүлж улсын комисст барилгаа хүлээлгэж өгөх болоход хариуцагч нар хуйвалдан надад мэдэгдэлгүй 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөгийн үнэтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын гэрчилгээ надад эх хувиараа байхад гэрчилгээг яаж дахин гаргуулсан нь ойлгомжгүй байгаа юм. Шинээр гэрээ хийхдээ Р.С өөрийн нэр дээр газрыг шилжүүлэн авсан байна. 18 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч газрыг сууц өмчлөгч нарт буюу сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан бол уг холбоонд нь шилжүүлэн өгөх ёстой байсан юм. Р.С нь өөрийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж авснаар 18 айлын орон сууц худалдан авсан иргэдийг давхар хохироож байна. Барилгыг улсын бүртгэлийн газар бүртгүүлэх, орон сууц захиалсан иргэдэд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөд газар эзэмшигчийн зөвшөөрөл байхгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр миний нэр байхгүйгээс бүртгэлийн газар, үл хөдлөх хөрөнгийг бүртгэх, бүртгэж авахаас татгалзаж байна. Иймд 2021 оны 10 сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2022 оны 08 сарын 22-ны өдөр газар эзэмшигч Н.А өөрийн гараар бичиж өгсөн хүсэлтүүд хүчин төгөлдөр байхад хууль бусаар дахин хийсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусаар тооцуулж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн тайлбар:
3.1. Хариуцагч Р.С: Миний бие нь 2020 онд иргэн Н.А урьдын хувийн тооцоонд Говь-Алтай аймгийн ............ сумын ............ багт байрлах 82******** нэгж талбарын дугаартай 450 м.кв, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-05********дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байсан. Энэхүү газар дээрээ миний бие өмнө жил барьж ашиглалтанд оруулсан 1 орцтой, 9 айлын орон сууцны зураг төслийн дагуу орон сууцны зориулалттай 2 орцтой, 18 айлын барилга барихаар төлөвлөөд 60 гаруй сая төгрөгөнд барилгын материал татсан байсан ба явцын дунд зээл авч барилгаа дуусгах төлөвлөгөөтэй байсан. Тэгтэл 2021 оны 08 сард “Ө” ХХК-ийн захирал Ц.М гэх танил эмэгтэй дээрх газарт орон сууц барих ажилд хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Ц.М нь ямар нэгэн байдлаар зээл авахгүйгээр хоёулаа хамтраад 2 орцтой, 18 айлын орон сууц барья гэсэн. Би болохоор газар болон нэмж 400,000,000 төгрөг гаргаж чадна гэсэн. Харин Ц.М нь миний энэ саналыг хүлээн зөвшөөрөөд бусад хөрөнгө оруулалтыг би шийдье орон сууцаа барьж дуусаад 1, 1 орцоор буюу нийт орон сууцыг 50, 50 хувиар авахаар хамтран ажиллая, гэрээ байгуулъя гэсэн. Ингээд миний бие амаар тохиролцсон тохиролцоогоо баталгаажуулсан хамтран ажиллах гэрээгээ байгуулья гэхэд газрын эрх шилжүүлэх гэрээгээ миний нэр дээр шилжүүлчих тэгээд гэрээгээ хийе гэсэн. Миний бие энэ үгэнд нь итгэхгүй Н.А газрын эрх шилжүүлэхдээ өөрийн болон Ц.М нар луу шилжүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж “Хамтран ажиллах гэрээ”-гээ байгуулсны дараа би тань руу газар эзэмших эрхээ шилжүүлье гэж тохирсон. Би 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэснээрээ “Ө”ХХК-ийн Хаан банк дахь 53********** дугаартай данс руу болон Ц.М-ийн данс руу нийт 280-аад сая төгрөгийг цувуулж төлсөн. Ц.М нь барилгаа барьсаар байсан. Барилга барьж байх хугацааанд “Хамтран ажиллах гэрээ”-гээ ярьж тохирсоноороо хийхийг миний бие удаа дараа шаардсан боловч гэрээгээ хийхгүй яваад байсан тул Ц.М амаар тохирсон ёсоороо барилга барьж дууссаны дараа барилгын 50 хувийг надад өгнө гэдэг нь худлаа болж байгаа сэтгэгдэл төрж Н.А маргаан бүхий газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Хэрвээ Ц.М нь анх барилга барихаар тохиролцсоноороо “Хамтран ажиллах гэрээ”-гээ байгуулчихсан бол миний бие маргаан бүхий газрын эрхийг “Ө” ХХК-д шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд одоогийн байдлаар барьсан барилгынхаа 50 хувь буюу 1 орц, 9 айлын орон сууцаа хүлээж өр зээлээ төлөөд дуусчихсан байх байсан. Миний бие энэ барилгад оруулсан 280-аад сая төгрөгийг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авч хөрөнгө оруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар “Ө” ХХК нь тохирсон ёсоор 1 орц 9 айлын орон сууцаа надад хүлээлгэж өгсөн тохиолдолд маргаан бүхий газрын эрхийг шилжүүлэхэд бэлэн байна. Р.С миний бие нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч юм. Учир нь миний бие Говь-Алтай аймгийн ............ сумын 10 дугаар баг, .......... гудамж ... тоот хаягт байрлах 82******** нэгж талбарын дугаартай 450 м2 талбай бүхий Э-05********дугаартай газрыг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/... дугаартай захирамжаар эзэмших эрхийг шилжүүлж авсан болно. Иймээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэжээ.
3.2 Хариуцагч Н.А: Н.А миний бие “Ө” ХХК, Ц.М нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Говь-Алтай аймаг, ............ сумд байрлах 450.0м2 газрын эрхийг эзэмшиж байсан бөгөөд Улаанбаатар хотод байнга амьдрах болсон тул 2021 оны 02 сард Говь-Алтай аймагт амьдардаг бүл дүү болох Д.Н миний газар дээр сэндвичээр авто угаалгын газар барьж ажиллуулья гэхээр нь өгөхөөр болсон. Ингээд 2021 оны 10 дугаар сарын эхээр Говь-Алтайд очсон байхад бүл дүү Д.Н нь нөгөө газрыг Р.С-т урьдын өглөгтөө өгөхөөр болсон та газар эзэмших эрхийг шилжүүлээд өгөх үү гэсэн. Нэгэнт бүл дүүдээ өгөхөөр болсон байсан тул би зөвшөөрөөд нотариат дээр уулзахад Р.С нь Ц.М-ийн хамт ирж эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Миний хувьд Ц.М-тэй ямар нэгэн өглөг, авлага, газрын эрх шилжүүлэх харилцаа үүсээгүй. Бүл дүү Д.Н-ийн хэлснээр Р.С-т л газрын эрхийг шилжүүлэх байсан. Гэрээ хийх үед Р.С нь Ц.М-ийн хамт ирж Ц.М-тэй хамтран ажиллахаар болж байгаа талаар ярьсан учраас л 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хийсэн. Үүнээс хойш 2023 оны 06 дугаар сард намайг Говь-Алтай аймагт ажлаар очсон байхад Р.С ирж уулзаад Говь-Алтай аймаг, ............ сумд байрлах 450.0м2 газрын эрхийг шилжүүлэх гэрээ хийе гэсэн. Миний бие урьд гэрээ хийсэн биз дээ яагаад дахин гэрээ хийх гэж байгаа талаар асуусан. Гэтэл хамтран ажиллах гэж байсан Ц.М нь надад худлаа ярьж газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн байна. Тэгэхээр өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэсэн юм гэсэн утгатай юм ярьж байсан. Ингээд миний бие нь анхнаасаа Ц.М-тэй газрын эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн харилцаа үүсээгүй бүл дүүгийн хэлснээр Р.С-т шилжүүлж өгөх ёстой байсан тул Р.С-тай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г нотариат дээр байгуулсан. Иймээс миний бие нэхэмжлэгчид газар эзэмших эрх шилжүүлэх үүрэг хүлээх ямар нэгэн өр авлага, төлбөр мөнгөний асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Р.С-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлдээ: Р.С миний бие нь “Ө” ХХК, иргэн Ц.М нарын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа билээ. Шүүхэд хариуцагчаар хариу тайлбар гаргахдаа миний бие нь 2020 онд иргэн Н.А урьдын хувийн тооцоонд Говь-Алтай аймгийн ............ сумын ............ багт байрлах 82******** нэгж талбарын дугаартай 450 м2 орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-05********дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байсан. Энэхүү газар дээрээ миний бие өмнө жил барьж ашиглалтанд оруулсан 1 орцтой 9 айлын орон сууцны зураг төслийн дагуу орон сууцны зориулалтай 2 орцтой 18 айлын барилга барихаар төлөвлөөд 60-аад сая төгрөгөнд барилгын материал татсан байсан ба явцын дунд зээл авч барилгаа дуусгах төлөвлөгөөтэй байсан. Тэгтэл 2021 оны 08 дугаар сард “Ө” ХХК-ийн захирал Ц.М гэх танил эмэгтэй дээрх газарт орон сууц барих ажилд хамтран ажиллая гэсэн санал тавьсан талаар дурдсан. Гэтэл нэхэмжлэлдээ Ц.М нь Н.А барилга барих зорилготойгоор газрын эрхийг 15 сая төгрөгөөр шилжүүлж авсан гэжээ. Дээрх маргаан бүхий газрын эрх шилжүүлэх харилцаа нь газрын эрх эзэмшигч Н.А Ц.М нарын хооронд ямар ч харилцаа үүсээгүй. Энэ нь сөрөг нэхэмжлэлд хавсаргасан 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Н.А миний биед олгосон 0394 дугаартай итгэмжлэлээр нотлогдоно. Энэхүү газрын эрх шилжүүлэх харилцаа Н.А бид хоёрын хооронд үүссэн харилцаа байсан бөгөөд миний эзэмших эрхтэй газар дээр Ц.М нь ямар нэгэн байдлаар зээл авахгүйгээр хоёулаа хамтраад 2 орцтой 18 айлын орон сууц барья гэсэн миний хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалтыг би шийдье орон сууцаа барьж дуусаад 1, 1 орцоор буюу нийт орон сууцыг 50, 50 хувиар авахаар хамтран ажиллая, гэрээ байгуулъя гэж намайг хуурч мэхлэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан болно. Миний бие энэхүү амаар тохиролцсон тохиролцоог тухайн үед үнэн гэж итгээд баталгаажуулах зорилгоор хамтран ажиллах гэрээгээ байгуулъя гэхэд газрын эрх шилжүүлэх гэрээгээ миний нэр дээр шилжүүлчих тэгээд гэрээгээ хийе гэчихээд Ц.М нь барилгаа барьсаар байсан. Барилга барьж байх хугацаанд “Хамтран ажиллах гэрээ”-гээ ярьж тохирсоноороо хийхийг миний бие удаа дараа шаардсан боловч гэрээгээ хийхгүй яваад байсан бөгөөд 1 удаа Ц.М-тэй хамт Говь-Алтай аймаг дахь нотариат дээр дагуулж ороод “Хамтран ажиллах гэрээ”-г батлуулах талаар хэлсэн. Гэтэл Ц.М нь нотариатад барилгын өртөг, хамтран ажиллах саналын талаар надтай тохирсоноосоо өөр намайг илтэд хохироох нөхцлийг ярьж, уурлаад гараад явсан, хэд хоногийн дараа утас руу нь залгахад Ц.М-ийн өмгөөлөгч гэх эрэгтэй чи өөрийнхөө газрын эрхийг өөр дээрээ гаргаад авахгүй юу гэж загнасан тул миний бие нь тухайн үед Ц.М нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулахын тулд надтай хамтран барилга барьж, ашгаа 50, 50 хувиар авья гэж хуурч мэхэлж, анхнаасаа хамтран ажиллах гэрээ хийхгүй, 50 хувийн ашиг өгөхгүй гэж бодож хийсэн гэдгийг мэдээд Н.А-тай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хийсэн. Иймээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.
5. Н.А сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлдээ: Н.А надад холбогдуулан “Ө” ХХК, Ц.М нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргасан. Үүнтэй холбоотойгоор энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие 2021 оны 10 дугаар сарын эхээр Говь-Алтай аймагт очсон байхад бүл дүү Д.Н нь нөгөө газрыг Р.С-т урьдын өглөгтөө өгөхөөр болсон та газар эзэмших эрхийг шилжүүлээд өгөх үү гэсэн. Нэгэнт бүл дүүдээ өгөхөөр болсон байсан тул би зөвшөөрөөд нотариат дээр уулзахад Р.С нь Ц.М-ийн хамт ирж эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Миний хувьд Ц.М-тэй ямар нэгэн өглөг, авлага, газрын эрх шилжүүлэх харилцаа үүсээгүй. Бүл дүү Д.Н хэлснээр Р.С-т л газрын эрхийг шилжүүлэх байсан. Гэрээ хийх үед Р.С нь Ц.М-ийн хамт ирж Ц.М-тэй хамтран ажиллахаар болж байгаа талаар ярьсан учраас л 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хийсэн тухайгаа тайлбартаа бичсэн. Би анхнаасаа Ц.М-тэй газрын эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн харилцаа үүсээгүй, газрын эрх шилжүүлэх гэрээнд дурдсан 15 сая төгрөгийг надад төлөөгүй, төлнө гэж тохиролцоогүй, бүл дүүгийн хэлснээр Ц.М бүл дүү хоёрын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх харилцаа үүсээгүй байхад газрын эрхийг шилжүүлэн авах эрхтэй Р.С-ын хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь анхнаасаа хийгдэх үедээ хууль зөрчиж, ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй Ц.М-т шилжихээр хийгдсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт зааснаар Ц.М нь үндэслэлгүйгээр газрын эзэмших эрхийг олж авах нөхцлийг бий болгож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч Ц.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2021 онд иргэн Р.С: “Хөрөнгө оруулъя, та барилга барь, байрлал сайтай газар байна.” гэсний дагуу би өөрийн “Ө” ХХК-иар барилга барьж хамтран ажиллахаар тохиролцсон. Барилга барих газар болох Н.А эзэмшлийн Говь-Алтай аймаг, ............ суманд байрлах 450.0 м2 газрын эрхийг шилжүүлж авахаар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г 15,000,000 төгрөгийн үнэтэйгээр байгуулсан. Энэ гэрээнд нэг талаас Н.А, нөгөө талаас буюу эрх хүлээн авагчаар Р.С, Ц.М бид нар оролцсон. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулах үед Р.С бид хоёр хамтран ажиллах гэрээний ашгийн талаар ярилцсан. Тухайн үед Р.С ашгийн 30 хувийг авахаар ярилцаж байсан. Н.А авсан дээрх газраа 15.000.000 төгрөгийн, үлдэх хөрөнгө оруулалтаа бэлэн мөнгөөр оруулна гэж тохиролцсон. Хамтран ажиллах гэрээнд оролцогч талууд хөрөнгөө 30%, 70%-аар оруулж ашгаа оруулсан хөрөнгөндөө ноогдох хэмжээгээр авахаар ярилцаж тохирсон боловч бидний дунд үл ойлголцож үүсч хамтран ажиллах гэрээгээ бичгээр хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Нэгэнт гэрээгээ бичгээр хийж чадаагүй учир ашгаа 30%, 70%-аар авах нь тодорхой бус болсон. Харин Р.С-ын оруулсан хөрөнгө тодорхой учир энэхүү 18 айлын орон сууцыг барих төслөөс ашиг гарвал оруулсан хөрөнгөд нь тохирсон ашгийг өгөх нь шударга ёсонд нийцнэ. Гэвч өнөөдрийн байдлаар 18 айлын орон сууцыг барьснаар манай компани алдагдалд ороод явж байна. Хэрэв Р.С өөрийн хийх ёстой үйлдлүүд болох газар болон барилга барихад шаардагдах бичиг баримтыг цаг тухай бүрт нь бүрдүүлж өгсөн бол орон сууц худалдан авч байгаа иргэдээс төлбөрөө бүрэн гүйцэд авч хохирлоо багасгах байлаа. Манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулга бол газрын гэрчилгээгээ нэг мөр асуудалгүй болгож орон сууц худалдан авсан 18 айлд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ хурдан гаргаж өгч, банкны ипотекийн зээлэнд нь хамруулан үлдэгдэл төлбөрөө авч санхүүгийн тооцооллоо эцэслэн гаргах явдал юм. Гэтэл сөрөг нэхэмжлэл гаргасан агуулгыг харахаар зөвхөн надаас хэдэн төгрөгийн ашиг авах талаар ярилцсан, түүнийгээ авч чадаагүй болохоор хуурч мэхэлж хэлцэл хийсэн мэтээр бичжээ. Би Р.С-ыг хуурах ямар ч санаа, зорилго байхгүй. Ковид цар тахлаас болж бидний тооцоолж байснаас бүх юм өөрөөр эргэж бараа, материалаа Улаанбаатар хотоос бүх бараа матөриалаа тээвэр хийж авчирсан. Бараа материалын үнэ хамгийн багадаа 2 дахин өссөн зэрэг нөхцөл байдал үүсээд байгааг Р.С ойлгохыг хүсээгүй. Тийм ч учраас бидний дунд үл ойлголцол үүссэн. Намайг шантаачилж ашиг авахын тулд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г аймгийн газрын албанд бүртгүүлээгүй, тэр ч байтугай орон сууц баригдаад дууссан байхад барилгыг улсын комисст хүлээж авах ажлыг саатуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, газрын албаар хэл, ам хийж явсан байдаг. Миний зүгээс Р.С-ын оруулсан хөрөнгөд 3 ширхэг орон сууц өгсөн бөгөөд нэг нь ч гэсэн энэ төслөөс алдагдалгүй гарах хэрэгтэй гэсэн сайхан сэтгэл гаргаж байхад үнэхээр надад хатуу хандаж байгаад гайхаж байна. Эхлээд газрын асуудлаа шийдээд орон сууц худалдаж авсан иргэдийн эрх ашгийг хурдан хамгаалаад авъя. Р.С үнэхээр хүсээд байгаа бол энэ төслөөс учирсан алдагдлыг хувааж төлнө биз ковидоос болж ямар их алдагдалд орсныг өөрөө сайн мэдэж байгаа. Сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч Р.С, хариуцагч Н.А нарын газрыг би өөртөө авах ямар ч санаа зорилго байхгүй. Тэр газар нь орон сууц баригдаад дуусмагц сууц өмчлөгчдийнхөө холбоонд шилжих ёстой. Р.С, Н.А болон манай компани, миний нэр дээр буюу хэн алиных нь ззэмшилд ирэхгүй газар. Иймд тэдний гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг хариуцагч Р.С-т даалгах, нэхэмжлэлээс “Ө” ХХК-д холбогдох хэсэг болон Н.А, Р.С нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-т олгож шийдвэрлэжээ.
8. Хариуцагч Р.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Р.С миний бие нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгын тайлбарлаж хэлэхдээ нэхэмжлэгч “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож буйгаа тайлбарлаагүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гэсэн байж шүүхийн шийдвэрийн бичгийн хэлбэрийн үндэслэх нь хэсгийн 27-т хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг тайлбарласан бичгийн хэлбэрээр гаргасан 2 нь хоорондоо зөрүүтэй байх тул шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. (Шүүх хурлын бичлэгээс тодорхой харагдана.)
2. Миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахаар сонгож авсан өмгөөлөгч Д.Б нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ү болон аймгийн шүүхээс бүхэлд нь татгалзсан бөгөөд Ц.Ү шүүгчээс татгалзах үндэслэлдээ “Шүүхийн сахилгын хороо”-нд гомдол гаргасан талаар дурдсан байхад гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
3.1. “Ө” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 77 дугаартай нэхэмжлэлээр “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус Говь-Алтай аймаг ............ сум ............ багт байрлах, 82******** нэгж талбарын дугаар бүхий 450м2 газрын эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээнүүд байна.
Дээрх гэрээнүүдэд дурдсан маргаан бүхий газар болох Говь-Алтай аймаг, ............ сум, ............ багт байрлах, 82******** нэгж талбарын дугаар бүхий 450м2 газрын эрхийг Р.С нь шилжүүлэн авахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаартай захирамжаар эрх шилжүүлэн авсан нь миний хариу тайлбар болон хариу тайлбарт хавсаргасан нотлох баримт болох “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, гэрээ зэргээр тус тус нотлогддог.
Маргаан бүхий газрын эрхийг шилжүүлсэн шийдвэр нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ биш Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/487 дугаартай захирамж юм.
Иймээс “Ө” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу иргэний хэрэг үүсгэх үндэслэлгүй, иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх нэхэмжлэлд хамаарагдахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.С нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх миний өмгөөлөгчийн тайлбарыг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн байна гэж миний бие үзэж байна.
3.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 25-т “...нэхэмжлэлийн 1 шаардлага болох 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар бүртгүүлэхийг даалгах шаардлагын хувьд ... эрх шилжүүлэн авагчийн нэг Р.С-т хамаарахаар байх тул түүнд даалгах нь зүйтэй юм” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрөө тодорхойлоод түүндээ дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу маргаан бүхий газар нь хэний хөрөнгө оруулалт болох, нэхэмжлэгч Ц.М хариуцагч Н.А нарын хооронд газрын эрх шилжүүлэх ямар нэгэн харилцаа үүсээгүй, сөрөг нэхэмжлэлд хавсаргасан 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Н.А миний биед олгосон 0394 дугаартай итгэмжлэл, газрын эрхийг шилжүүлэх үндэслэл болсон газар дээр баригдсан орон сууцны ашгийг хуваан авах талаар хамтран ажиллах гэрээ байгуулъя гэж хуурч мэхлэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан гэх үйл баримт болон түүнийг нотолж буй хавтаст хэрэгт авагдсан шүүх хурал дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг няцаасан хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заалгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Хариуцагч Р.С-ын өмгөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Иргэн Ц.М, “Ө” ХХК нарын нэхэмжлэлтэй, иргэн Р.С, Н.А нарт холбогдох иргэний хэрэгт Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дугаартай шийдвэр гарсан.
Энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон талаар:
Нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлдээ “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай албан бичгээр “Ө” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус тооцуулахаар, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г аймгийн газрын албанд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа хэн гэдэг хариуцагчид эсхүл хариуцагч нарт даалгуулах гээд байгаа юм уу тодорхойгүйгээр мэтгэлцэж шүүх энэ талаар тодруулаагүй билээ.
Гэтэл Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 25-т ”...нэхэмжлэлийн 1 шаардлага болох 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар бүртгүүлэхийг даалгах шаардлагын хувьд эрх шилжүүлэн авагчийн нэг Р.С-т хамаарахаар байх тул түүнд даалгах нь зүйтэй юм гэж шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоод түүндээ өөрөө дүгнэлт хийсэн байна гэж ойлгогдож байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
2. Шүүхийн шийдвэрийн агуулгыг тайлбарлах бичгэн хэлбэрээр гаргахдаа зөрүүтэй гаргасан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байгаа талаар
Шүүгч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгын тайлбарлаж хэлэхдээ нэхэмжлэгч “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож буйгаа тайлбарлаагүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ гэсэн байж шүүхийн шийдвэрийн бичгийн хэлбэрийн үндэслэх нь хэсгийн 27-т хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг тайлбарласан бичгийн хэлбэрээр гаргасан 2 нь хоорондоо зөрүүтэй байх тул шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. /Шүүх хурлын бичлэгээс тодорхой харагдана./
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг зөрчсөн талаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүх хуралдаанд энэ талаар гаргасан тайлбарыг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хуулиар олгосон оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэлийн талаар:
Өмгөөлөгчөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ү болон аймгийн шүүхээс бүхэлд нь татгалзсан бөгөөд Ц.Ү шүүгчээс татгалзах үндэслэлдээ “Шүүхийн сахилгын хороо”-нд гомдол гаргасан талаар дурдсан байхад гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
11. Үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Р.С, Н.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа:
Говь-Алтай аймгийн ........ сумын ..... багт байрлах, нэгж талбарын 82******** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-05********дугаартай газрыг эзэмших эрхийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Ц.М, Р.С нар нь Н.А 15,000,000 төгрөгөөр шилжүүлж авсан, уг гэрээ хүчин төгөлдөр болсон тул уг гэрээг үндэслэн газрын эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгуулж, Н.А, Р.С нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
12. Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Р.С татгалзлын үндэслэлээ:
Би Ц.М-тэй уг газар дээр 2 орцтой, 18 айлын орон сууц барьж хувааж авах нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа газар эзэмших эрхийг Ц.М-т шилжүүлэх санал тавьсан.
Ц.М газрын эрх шилжүүлсний дараа хамтран ажиллах гэрээ хийе гэсэн тул Н.А, Р.С, Ц.М нарт газар эзэмших эрхийг шилжүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээ хийж, “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдсаны дараа Ц.М-т газар эзэмших эрхийг шилжүүлэхээр тохирсон.
Ц.М тохирсон ёсоор Хамтран ажиллах гэрээ хийхгүй байсан тул маргаан бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.
Ц.М, Н.А нарын хооронд бодит байдалд газар эзэмших эрх шилжүүлэх харилцаа үүсээгүй, намайг хуурч мэхлэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хийсэн.
Тиймээс Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
13. Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Н.А татгалзлын үндэслэлээ:
“Миний хувьд Ц.М-тэй ямар нэгэн өглөг, авлага, газрын эрх шилжүүлэх харилцаа үүсээгүй. Бодит байдал дээр гэрээнд дурдсан 15 сая төгрөгийг надад төлөөгүй, Р.С-т л газрын эрхийг шилжүүлэх байсан тул 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус тул Ц.М-ийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
14. Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Р.С сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа:
Ц.М нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийхийн тулд надтай хамтран барилга барьж ашгаа тэнцүү хувааж авна гэж намайг хуурч мэхэлсэн, тохирсон ёсоор хамтран ажиллах гэрээ хийхгүй, ашгаа тэнцүү хуваахгүй байгаа тул Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
15. Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Н.А сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа:
2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ нь анхнаасаа хийгдэх үедээ хууль зөрчиж хийгдсэн, ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй Ц.М үндэслэлгүйгээр уг газрыг эзэмших эрхийг олж авах нөхцлийг бий болгосон тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.
16. Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ц.М хариу тайлбарын үндэслэлээ:
Барилга барих газар болох нь Н.А эзэмшлийн 450.0 м2 газрын эрхийг 15,000,000 төгрөгийн үнээр шилжүүлж авахаар гэрээ байгуулсан. Барилгын ажилд дээрх газрыг 15,000,000 төгрөгөөр тооцож, үлдэх хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгөөр оруулж, Р.С нь ашгийн 30 хувийг авахаар тохиролцсон боловч бидний дунд үл ойлголцол үүссэн.
Ковид цар тахлаас болж бидний тооцоолж байснаас бүх юм өөрөөр эргэсэн.
Уг орон сууцыг барьснаар манай компани алдагдалд орсон. Манай компаны хувьд газрын гэрчилгээг нэг мөр болгож, орон сууц худалдаж авсан хүмүүст орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгч, банкны ипотекийн зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрөө авч санхүүгийн тооцооллоо хийх нь чухал байгаа.
Р.С нь намайг шантаачилж ашиг авахын тулд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлээгүй.
Тэр газар орон сууц баригдаж дуусмагц сууц өмчлөгчдийн холбоонд шилжих ёстой. Р.С, Н.А болон бидний хэн алины эзэмшилд ирэхгүй.
Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлажээ.
17. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий талуудын тайлбар болон нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
18. Н.А Говь-Алтай аймгийн ............ сумын ............ багт байрлах, нэгж талбарын 82******** дугаартай, 450 м2 хэмжээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-05********дугаартай газрыг эзэмших эрхийг Ц.М, Р.С нарт шилжүүлэх тухай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
19. Нэхэмжлэгч Ц.М нь уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж, хэлцлийн үүргийг хариуцагч нараас шаардаж байгаа бол нотолгооны үүргийн хувиарын дагуу тэргүүн ээлжинд уг хэлцэл хүчин төгөлдөр болохыг нотлох үүрэгтэй.
20. Гэвч Ц.М нь уг хэлцэл талуудын хүсэл зоригийг бодитой илэрхийлсэн, хүчин төгөлдөр хэлцэл мөн болохыг нотлож чадаагүй байна.
21. Харин үндсэн нэхэмжлэлийн хариуцагч нар нь бодит байдалд 15,000,000 төгрөгөөр уг газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэл зориг уг хэлцлийн талуудад байгаагүй, энэ байдал нь уг хэлцлийн дагуу ямар нэгэн хариу төлбөр хийгдээгүйгээр тогтоогдоно гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа нь үндэслэлтэй байна.
22. Тодруулбал энэ хэлцлийн талууд бодит байдалд уг хэлцлийн дагуу хуулиар эрх үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, гэрээний дагуу хууль зүйн ямар нэгэн үр дагавар гаргахыг хүсээгүй, харин гадна талдаа уг газрын эзэмших эрхийг 15,000,000 төгрөгөөр худалдсан хэлцэл хийсэн мэт дүр үзүүлэх зорилготой байсан нь тогтоогдож байна.
23. Уг гэрээний талууд хүсэл зоригоо дүр үзүүлэх төдийгөөр илэрхийлсэнийг хэлцэлд оролцогч талууд болох нэхэмжлэгч хариуцагч нар мэдэж байсан байна.
24. Тиймээс уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
25. Нэхэмжлэгч Ц.М нь уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй байна.
26. Гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх тохиолдолд гэрээний үүргийг талууд шаардах эрхтэй бөгөөд хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүх дүгнэх шаардлагатай болдог.
27. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр бус байхад анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.
28. Харин хуурч мэхэлж хэлцэл хийсэн гэсэн үндэслэлээ сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Р.С нотлоогүй бөгөөд дүр үзүүлэн хийсэн тухайн хэлцлийн дагуу талууд харилцан бие биедээ мөнгө эд зүйл шилжүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
29. Түүнчлэн нэхэмжлэгч Ц.М нь Н.А, Р.С нарын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн маргаан бүхий газрын эзэмших эрхийг 5,000,000 төгрөгөөр шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн агуулга бүхий нэхэмжлэл гаргаж мэтгэлцэж байгаа нь үндэслэлтэй байна.
30. Учир нь хариуцагч Р.С-ын: “Ц.М нь тохиролцсон ёсоор надтай хамтран ажиллах гэрээ хийж, 50 хувийн ашиг өгөхгүй байсан тул Н.А-тай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хийж газрыг эзэмших эрхийг шилжүүлж авсан гэсэн агуулга бүхий тайлбар,
Хариуцагч Н.А-ийн: “Би уг газрыг бүл дүү Н-д өгсөн байсан тул Н хэлсний дагуу Р.С-т уг газрын эзэмших эрхийг шилжүүлэх байсан. Гэвч Р.С-ын хүсэлтээр уг газрын эзэмших эрхийг Р.С, Ц.М нарын эзэмшилд шилжүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг хийсэн.
Гэтэл түүнээс хойш Р.С ирж уулзаад хамтран ажиллах гэж байсан Ц.М нь надад худлаа ярьж газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийсэн байх тул өөрийн нэр дээр газраа шилжүүлж авмаар байна гэсэн.
Би дүү Н хэлснээр Р.С-т уг газрыг шилжүүлж өгөх байсан тул Р.С-тай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийсэн” гэсэн агуулга бүхий тайлбар зэргээр тогтоогдож байна.
31. Өөрөөр хэлбэл Н.А маргаан бүхий газрыг эзэмших эрхийг 5,000,000 төгрөгийн хариу төлбөртэйгөөр Р.С-д шилжүүлэх тухай 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ нь талуудын эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзлэлийг бодитоор тусгаагүй, хэрэг дээрээ уг гэрээний дагуу талууд хууль зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй, харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна.
32. Үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.М-ийн хариуцагч Н.А, Р.С нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “Ө” ХХК-ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
33. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэгч Ц.М-ийн гаргасан “Ц.М, Р.С нарыг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Говь-Алтай аймгийн ............ сумын ............ багт байрлах, нэгж талбарын 82******** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-05********дугаартай газрын эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хариуцагч Н.А, Р.С нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хангаж,
Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Р.С, Н.А нарын гаргасан “Н.А, Р.С нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2024/00134 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.М-ийн гаргасан, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч “Ө” ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлээс 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 003 бүртгэлийн дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг,
Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Р.С, Н.А нарын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 003 бүртгэлийн дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Р.С, түүний өмгөөлөгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.С-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 239,547 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б
ШҮҮГЧИД Ч.Э
Ц.О