Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Ж.Амартогтох  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Хэрээдэй  овогт Жарантайн Амартогтоход холбогдох эрүүгийн 1936001110095 дугаартай, 178/2019/0090/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05  сарын 27-ны  өдөр  хүлээн  авч  2019 оны 05 сарын 30-ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  1988 оны 09 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдий хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5-12 тоотод оршин суух хаягтай, аминдаа 200 толгой мал , суудлын автомашин -1, гэр нэгийн хөрөнгөтэй ял шийтгэл эдэлж байгаагүй гэх ПИ88091211 дугаарын регистртэй Хэрээдэй овогт Жарантайн Амартогтох/ Амараа хочтой/

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Ж.Амартогтох нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5-12 тоотод байрлах өөрийн гэрт 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр  эхнэр Б.Нямсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар сандлаар цохиж, иргэн Б.Нямсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант  сумын Бугат багийн 05-12 тоотод  оршин суух, 1987 оны 03 сарын 29-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 6 дугаар цэцэрлэгт багшийн ажилтай тодорхой эрхэлсэн ажилгүй, ПИ87032903 дугаарын регистртэй/ Хүрд овогт Баатаржавын Нямсүрэнгийн  өгсөн... “...2019 оны 4 дүгээр сарын 12-нд би ажил тараад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Ж.Амартогтох нь согтуу гэртээ байсан. Би ажилтай байхад чи архи дарс уулаа гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Тэгээд Ж.Амартогтох орон дээр хөлөө гаргаад хэвтчихээд байсан болохоор нь би очоод хөлөө буулга гэж хэлээд хөлнөөс татаад буулгахад миний урдаас уурлаж байгаад миний толгой тус газарт гэрт байсан модон сандлаар цохисон. Миний толгой хагараад цус гарсан. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардлыг Ж.Амартогтох өгсөн байгаа. Иймд нэхэмжлэх зүйлгүй ”..." гэх мэдүүлэг /хх- ийн 9-10-рт/

 Мөрдөн шалгах ажиллагаанд  Ш.Баатаржавын гэрчээр өгсөн... “2019 оны 04 сарын 16-ны өдөр гэртээ байж байтал хүү Мөнхтулга надруу залгаад та эмнэлэг дээр хүрээд ир Б.Нямсүрэн эгчийг нөхөр нь зодсон байна, би эмнэлэг рүү аваад явж байна гэхээр нь эмнэлэг дээр яваад очиход, Б.Нямсүрэнг гэмтлийн тасагт хэвтүүлээд эмч үзээд, эмчилгээ хийж байсан ба Б.Нямсүрэнгийн баруун шанаа хөхөрсөн, толгой нь хагарч, халуурсан байдалтай байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй. Тэгээд Ач заяа эмнэлэгт аваачиж томографикт  оруулж толгойн зургийг нь авахуулсан. Одоогоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчилгээ хийлгэж байна. 2019 оны 4 сарын 12-ны өдөр нөхөр Ж.Амартогтох согтуу ирээд намайг зодсон гэж хэлсэн. Охин Б.Нямсүрэн, нөхөр Ж.Амартогтох нарын хооронд гэр бүлийн хэрүүл маргааны асуудал байдаг  байсан. Нөхөр нь сотуу ирэхээрээ хэрүүл маргаан зодоон үүсгэдэг. Өс хонзонгийн асуудал байхгүй Одоогийн байдлаар Б.Нямсүрэнгийн бие сахиуртай, сайн юм ярьж чадахгүй, хоол ундандаа муу, толгой нь өвдөж, хамар  амнаас нь цус гарсан байдалтай байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсмээр байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-рт/

Ховд аймгийн шүүхйин шинжилгээний албаны 2019 оны 04 сарын 24-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн

“...Б.Нямсүрэнгийн биед гэмтэл учирсан байна.

Б.Нямсүрэнгийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд өнгөц шарх баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

 Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Мөн дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шинэ гэмтэл байна.

Б.Нямсүрэнгийн биед учирсан дээрхий гэмтэл нь хөдөлмөрйин чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй

Б.Нямсүрэнгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 20-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Амартогтохын хэргээ хүлээн мэдүүлсэн “...2019 оны 4 сарын 12-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад таксинд явах гээд гараад зах ороод биллярд тоглож байгаад найз Төмрөө, Очоо нартай хамт гурван шил 0.75-тай “Ерөөл” архи ууж сууж байгаад машинаа захын тэнд хаячихаад 18 цагт такси аваад гэрлүүгээ харьсан. Тэгээд гэртээ байж байтал эхнэр ажлаасаа тараад гэртээ согтуу орж ирсэн.  Би “чи хаана хэнтэйгээ архи уугаад байгаад ирж байгаа юм бэ” гэж асуухад би “ажлынхаа хүний төрсөн өдөр болоод архи уулаа, би ямар чам шиг захын хэдэн архичидтай архи уусан юм уу” гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон.  Тэгээд намайг  гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байтал” чи наад гутлаа тайл” гэж хэлээд над дээр ирээд ноцолдоод байхлаар нь орны хажууд байсан модон сандал аваад толгойн тус газарт нь  цохисон. Тэгтэл манай эхнэр Б.Нямсүрэнгийн толгой хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгэхлээр нь би гэрээс гараад гадаа хашаан дотор байж байгаад унтсаны дараа нь гэртээ орж унтсан. Би шинжээч эмчийн гаргасан  гэмтлийн зэргийг  хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр болох Б.Нямсүрэнг цохиж биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Дахин ямар нэгэн байдлаар эхнэр Б.Нямсүрэнг  зодож цохихгүй..”гэх мэдүүлэг / хх-ийн 25-26-р хуудас

Хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 51-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,/ хх-ийн 54-58-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Ж.Амартогтох нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5-12 тоотод байрлах өөрийн гэрт 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эхнэр Б.Нямсүрэнтэй эхнэрийгээ согтуу ирлээ, эхнэр Б.Нямсүрэн нь нөхөр болох Ж.Амартогтохыг “ орон дээр гуталтайгаа хэвтлээ” гэж маргалдах явцдаа Ж.Амартогтох нь өөрийн орны дэргэд байсан модон сандлыг авч эхнэр Б.Нямсүрэнгийн толгойн тус газар цохисон хэргийн бодит байдал тогтоогдсон. 

Шүүгдэгч Ж.Амартогтох нь дээрхи үйлдлийн улмаас хохирогч Б.Нямсүрэнгийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд өнгөц шарх баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэх хөнгөн  гэмтэл учирсан болох нь шинжээчийн 65 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, тухайн гэмтлийг шүүгдэгч Ж.Амартогтох нь  учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэрч Ш.Баатаржавын  мэдүүлэг болон  хохирогч Б.Нямсүрэнгийн ... миний толгойн тус газарт гэрт байсан модон сандалаар цохисон. Тэгтэл миний толгой хагараад цус гарсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ж.Амартогтох нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд шүүгдэгч Ж.Амартогтох нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5-12 тоотод байрлах өөрийн гэрт 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн эхнэр Б.Нямсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгойн тус газар сандлаар цохисны улмаас Б.Нямсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Амартогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Хохирогч Б.Нямсүрэн нь ямар нэгэн санал хүсэлт, гомдолгүй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардлыг Ж.Амартогтох өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй талаараа хэргийн 10-11 дүгээр хуудаст хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, байх тул  шүүгдэгч Ж.Амартогтохыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Хэрээдэй ургийн овогт Жарантайн Амартогтох нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  30 дугаар  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Хэрээдэй  овогт Жарантайн Амартогтох нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  30 дугаар  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, тогтоогдож байх тул   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ж.Амартогтох нь  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Ж.Амартогтохыг  таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний,  таван зуун   мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний хувьд ногдох эд хөрөнгө болох “Шарп” маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 сарын 21-ний  өдрийн 5/57  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хэвээр хэрэглэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ж.Амартогтох нь  өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун  мянган төгрөгөөр торгох  саналыг хүлээн зөвшөөрч,  3 сарын хугацаанд хэсэгчилэн  төлнө.   Дахин гэмт хэрэг үйлдэхгүй   гэв. 

Шүүхээс шүүгдэгч Ж.Амартогохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Ж.Амартогтохыг таван зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Амартогтоход   оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд  төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1936001110095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч   Ж.Амартогтох нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч  Ж.Амартогтохын хувьд ногдох эд хөрөнгө болох “Шарп” маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 сарын 21-ний  өдрийн 5/57  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  торгох ял биелэгдэх  хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хэрээдэй  овогт Жарантайн Амартогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хэрээдэй овогт Жарантайн Амартогтохыг таван  зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний   таван зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Хэрээдэй  овогт Жарантайн Амартогтоход оногдуулсан таван зуун    мянган төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд  хэсэгчилэн  төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.Амартогтоход тайлбарласугай.

5.Эрүүгийн 1936001110095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Амартогтох  нь  цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч Ж.Амартогтохын хувьд ногдох эд хөрөнгө болох “Шарп” маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 сарын 21-ний  өдрийн 5/57  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Ж.Амартогтоход хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА