Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2024/00053

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2024/00053

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00300 шийдвэртэй

Нэхэмжлэгч *******

Хариуцагч *******

Нэхэмжлэлийн шаардлага: 41,239,923 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/ нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ: Миний төрсөн дүү ******* болон түүний эхнэр ******* нар нь 2019 оны 06 сард надтай ирж уулзан банкнаас зээл авч бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх хэрэг байна, та хөрөнгө оруулаад өгөөч, зээл авахад зөвхөн гарын үсэг зурахад болно, бусад асуудлыг бид 2 зохицуулсан гэж хэлсэн. Би тэгэхэд зөвхөн гарын үсэг зурахад болох юм ойлгон 2019 оны 06-р сарын 07-ны өдөр "Чингис хаан" банканд очиж баримтууд дээр гарын үсэг зурсан. Үүнээс хойш бусад асуудлыг мэдэхгүй ба миний дансанд зээл орж ирээгүй.

Миний дүү ******* нь 2023 оны 01 сарын 15-ны өдөр нас барсан юм. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас намайг дуудаж уулзсан ба "таны нэр дээр зээл төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан байна" гэж хэлэхээр нь гайхаж "би тухайн зээлийн талаар гэж тодруулахад Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022.10.12-ны өдрийн 746 дугаартай шийдвэр гарсан байсан ба шүүх хуралдаанд намайг төлөөлөн итгэмжлэлээр дүү ******* нь орсон байсан.

Миний зүгээс Дархан-Уул аймаг дахь "Чингис хаан" банкны салбарт хандаж зээлийн баримтуудыг үзэхэд тухайн 30.000.000 төгрөгийн зээл нь олгогдсон өдрөө буюу 2019.06.07-ны өдөр *******гийн дансанд орсон байсан баримтыг хуулгын хамт гаргаж өгсөн.

Миний зүгээс Сэлэнгэ аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд "Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлт"-ийг гаргасан ба 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 208 дугаартай шүүхийн тогтоолоор..."банк нь бусдын дансанд мөнгө шилжүүлсэн асуудлыг жич шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй" гэсэн байна.

Би тухайн үед дүү ******* болон түүний эхнэр ******* нар нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй барилгаа өргөтгөх шаардлагатай байна, үйл ажиллагaaraa явуулаад ирэхээрээ буцаагаад өгнө гэсний дагуу зээл авахыг зөвшөөрч байсан.

Чингис хаан банкнаас авсан зээл нь тухайн өдрөө дүүгийн эхнэр *******гийн дансанд шилжиж орсон хуулгыг надад гэрээнүүдтэй хамт өгсөн.

Миний хувьд тухайн зээлсэн мөнгийг өөртөө авч огт хэрэглээгүй байж өрөнд орсон учраас дээрх Чингис хаан банкнаас нэхэмжилсэн мөнгийг *******гаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд Ш. Оюумаагаас 41.239.923 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь иргэн ******* надаас 41,239,923 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгааг уншиж танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. Миний бие ******* нь нэхэмжлэл гаргасан байгаа ******* гэдэг хүний төрсөн дүү *******той 2004 онд гэр бүл болж хамтран амьдарсан юм. Манай нөхөр ******* нь 2023 онд нас барсан юм. Одоо би 2 хүүхдийнхээ хамт амьдарч байна. Нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: "Чингис хаан" банкнаас зээл авахдаа зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө нь манай нөхрийн нэр дээр байдаг эд хөрөнгө юм. Шүүхийн 2022 оны 10-р сарын 12-ны өдрийн 746 дугаартай шийдвэр гарч *******гаас 41.239.923 төгрөгийг гаргуулж зээлийн барьцаанд тавьсан, орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэрлэсэн юм.

Иймд зээлийн барьцаанд тавьсан орон сууц нь манай нөхрийн нэр дээр байдаг учир орон сууцыг худалдан борлуулж банкны зээлийг төлж барагдуулах бүрэн боломжтой юм. Нэхэмжлэгч Ж. Энхтайван нь бидэнтэй уулзаад өв хүлээн авахаас татгалзаад өгөөч, үл хөдлөх хөрөнгийг ах нь зарах гэж байна гэсэн тул бид ******* ахын үгэнд орж манай хүү Э.Сүхбат нь үл хөдлөх хөрөнгө өвлөн авахаас татгалзсан хүсэлтийг нотариатын байгууллагад гаргаж өгч өв хүлээн авахаас татгалзсан юм. Манай нөхөр 2022 онд ах *******даа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлалтай *******, *******, *******, дугаартай гэрчилгээтэй Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор 2 газрыг шилжүүлж өгсөн юм. ******* би 2 банканд их хэмжээний зээлтэй, сар бүр зээлээ төлөхөд хүнд байдалтай байгаа юм. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний ойлгож байгаагаар ******* гэдэг хүнийг зээлийг төл гэсэн шийдвэр гараагүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан. Барьцаа хөрөнгө нь талийгаач нөхрийн маань нэр дээр байдаг. Тэгээд өвөөс татгалзаад өгөөч гээд би том хүүгийнхээ өвөөс татгалзаж өгсөн. Бага хүү маань насанд хүрээгүй болохоор өвөөс татгалзах эрхгүй тул бага хүүгийн маань нэр лүү шилжинэ гэсэн. Миний мэдэж байгаа зүйл энэ л байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан байхад энэ төлбөрийг яагаад надаас нэхэж байгаа гэдгийг би ойлгохгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00300 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Ж.Оюумаагаас 39,485,189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор ...шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх иргэн *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* надад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж энэ гомдлыг гаргаж байна.

Учир нь: Манай нөхөр 2019 онд ******* ахтай харилцан тохиролцсоны үндсэн дээр ******* ах өөрийнхөө нэр дээр зээлийн гэрээ хийж Чингис хаан банкнаас 30.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд банкны зээлийн барьцаанд манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 1-р баг 1-р хэсгийн 023 тоотод байрлах 64.0 мкв талбай бүхий дугаартай орон сууцыг барьцаалуулсан юм.

******* би банкнаас зээл аваагүй юм. ******* ах банкнаас тус зээлийг аваад манай нөхөр бид хоёр нэг гэр бүл болохоор ******* би миний данс руу 29.685.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. Би энэ мөнгийг хэрхэн ямар байдлаар зарцуулсан тухай мөнгөний гүйлгээний зарцуулалтыг /хэнээс хэнд, юуны мөнгө гэж шилжүүлж байсныг / баримттайгаар шүүхэд тодорхой бичиж өгсөн байгаа билээ.

Шүүхийн шийдвэрээр иргэн *******гаас 41.239.923 төгрөг гаргуулан Чингис хаан банканд олгож, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 1-р баг 1-р хэсгийн 023 тоотод байрлах 64.0 мкв талбай бүхий дугаартай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь шүүхийн тус шийдвэр биелэгдэж дуусаагүй байхад ******* надаас мөнгө нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Банк барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулаад зээлийг төлүүлэх бүрэн боломжтой юм.

Мөн ахан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ: ******* намайг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж бичсэн байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг уншиж үзэхэд: Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг гэсэн заалт байна. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан байна. Гэтэл ******* нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр миний данс руу мөнгө шилжүүлээгүй, би бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан зүйл огт байхгүй байхад шүүх бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж шийдвэрлэж байгааг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.

******* би ******* ахыг миний данс руу мөнгө шилжүүлсэн талаар ердөө маргаагүй билээ. Харин тэр мөнгийг ******* би хувьдаа зарцуулаагүй тухай, тэр мөнгө ямар байдлаар зарцуулагдсан тухай тайлбар, нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа билээ. Иймд ******* би үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, зээлийн мөнгийг би хувьдаа зарцуулаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч ******* ах бидэнтэй уулзаад банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг ах нь зарах гэж байгаа юм, иймд Өв хүлээн авахаас татгалзаад өгөөч гэсэн тул ******* ахын үгэнд орж манай хүү Э.Сүхбат тус үл хөдлөх хөрөнгийг өвлөн авахаас татгалзаж энэ тухай хүсэлтээ нотариатын байгууллагад гаргаж өгч батлуулж өв хүлээн авахаас татгалзсан юм. Энэ 4 баримтыг шүүхэд өгсөн байгаа билээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00300 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үйлчлүүлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хуулийн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан судлаагүй. Маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг уншиж үзэхэд Чингис хаан банкны нэхэмжилсэн мөнгийг Ш.Оюунаагаас гаргуулах хүсэлтэй байна гэж бичсэн нэхэмжлэл байгаа. Чингис хаан банкны нэхэмжилсэн 41,239,000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 746 дугаартай шийдвэр гарч, хүчин төгөлдөр үйлчилж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгч оролцсон бөгөөд шүүхэд гарсан тайлбартаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Дуусгавар болоогүй гэж тайлбарласан. Иймд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр биелэгдээгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байна гэдэг нь олон хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг төлүүлэх шийдвэр гарсан. Тэгсэн атлаа *******гаас 39,000,000 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж байгаа нь нийтдээ 80,000,000 төгрөг төлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл банк 40,000,000 төгрөг илүү авах үр дагавартай шийдвэр гаргасан нь шударга бус юм. Нэхэмжлэгч нь өөрөөсөө мөнгө гаргаагүй байна. Банкны зээлийг төлөөгүй байна. Банк уг зээлийг төлүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хууль зүйн факт үүсээгүй байна гэсэн үг. Тодруулбал хэрвээ нэхэмжлэгч 41,239,000 төгрөгийг банканд тушаагаад зээлийг төлж дуусгаж, тушаасан баримтаа шүүхэд өгөөд би ийм мөнгө төлж хохирсон гэж баримт гаргавал өөр асуудал. Тийм учраас нэхэмжлэгчид бодитой хохирол учраагүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Шүүх шийдвэр гаргахдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн. Энэ нь огт үндэслэлгүй зүйл. Яагаад гэвэл Иргэний хуулийн 492-496 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалт заалтууд нь холбогдох эзний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хурааж авч байгаа хөрөнгийг буцааж авах, эзэнд нь олгох зорилготой ийм заалтууд байдаг. Хууль бусаар авсан зүйл байхгүй гэдэг нь тодорхой харагддаг. Мөн шүүх шийдвэртээ заахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг эсэргүүцээгүй тал хангалаа гэж шийдвэрлэсэн. Энэ нь буруу. Яагаад гэвэл хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбараа өгчихсөн. Хэргийн материал дотор байхад ийм дүгнэлт хийж байгаа нь өөрөө зүйлд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх мөнгө шилжээд оччихсон байна. Үүнийг нэхэмжилж байна гэдэг байдлаар шийдэж байгаа. Маргааны зүйлийг зөв тогтоож чадаагүй.

Ийм учраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан гэрээ нь барьцааны гэрээ. Барьцааны гэрээ үндсэн суурь гэрээгээ дагалдаж явдаг гэрээ. Уг иргэний хэргийн барьцаанд байгаа хөрөнгө нь нэхэмжлэгчийн хөрөнгө биш байна. *******гийн хэлдгээр хариуцагчийн гэр бүлд очих өвлөгдөх хөрөнгө байна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Миний нэрийн өмнөөс банкнаас зээл авч хэрэглэсэн үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Банк надаас зээлээ төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарчихсан. Би хэрэглээгүй зээлийнхээ төлбөрийг төлөх болчхоод байгаа тул авсан зээлээ төлөөд өгөөч ээ гэж хүсэж байгаа юм. Барьцааны хөрөнгөөр зээлээ төл гээд байгаа боловч энэ үл хөдлөх хөрөнгө нь миний нэр дэр биш тул төлөх боломжгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэл шаардсан. Надад хөрөнгийг шилжүүлсэн гэдэг нь худлаа энэ талаар баримт байхгүй байна. Би зөвхөн авсан зээлээ төлүүлэхээр нэхэмжилсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байна. Гомдлын утга агуулгатай тайлбар хийхэд хариуцагчийн өмгөөлөгч өөрийн авсан шийдвэртэй нь холбогдуулж нэхэмжлэл гаргасан гэж ярьж байна. Нэхэмжлэлийн утга дээр нь ямар байдлаар хөрөнгө оруулалтаар зээлсэн, өөрийнхөө дансанд орсон талаар хариуцагч огт маргаагүй. Өмнөх шийдвэртэй нь холбогдуулан шинээр илэрсэн нөхцөл байдал гэж гомдол гаргасан. Шүүх хүлээж аваагүй учраас ******* гэх хүнээс банкнаас зээлсэн мөнгөө нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Түүнээс биш өмнө нь гарсан шийдвэртэй холбогдуулж мөнгө нэхэмжилсэн асуудал биш. Энэ талаар анхан шатны шүүгч тодруулаад явчихсан. Уг хэрэг дуусахад амархан. Өөрөөр хэлбэл хариуцагч Чингис хаан банкнаас нэхэмжлээд байгаа энэ хүнээс гаргахаар болсон мөнгийг авснаа хүлээн зөвшөөрөөд байгаа учраас энэ хүн гаргаад өгчихөд хэрэг дуусна. Авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байдаг.

Тэгэхдээ барьцаа хөрөнгөнөөс гаргуулах ёстой гээд байдаг. Барьцаа хөрөнгөнөөс гаргуулъя гэхээр барьцаа хөрөнгө нь өөрөө ******* гэх хүний нэр дээр байхгүй. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь нэр дээр байгаа. Талийгаачтай хамтын амьдралтай байснаа тогтоолгочихсон. Тогтоолгоод талийгаачийн нэр дээр байгаа бүх хөрөнгийг өөрийнхөө хүүхдүүддээ авчихсан. Тэгэхээр мөнгө өөрийнх нь дансанд орсон. Зарлагаа харвал Чингис хаан банкнаас авсан мөнгөө өөрөө үрээд, хувийн хэрэгцээндээ байшин сав, тоосго аваад үрээд явчихсан. Одоо энэ дээр маргаад байх зүйл байхгүй. Нэхэмжлээд шүүх шийдвэрээ гаргачихсан. Бид нар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хэлэхдээ тэр байшин нь нөгөө талын өмч. Уг байшинг албадан гүйцэтгүүлэхээр гаргалаа гэж бодоход тэгж их өндөр хэмжээний үнэтэй байшин биш. 10,000,000 төгрөг хүрэхгүй байшин гэсэн. Уг байшинг төлүүлэхгүй, байшин шаардлага хангахгүй гэвэл энэ хүний дансыг битүүмжилж энэ хүнээс л гаргуулна. Тийм учраас бид нар нэхэмжлэлээ гаргаад, тус тусдаа асуудал болоод явчихаж байгаа юм. Бид нарын нэхэмжлээд байгаа зүйл нь энэ хүнээс мөнгөө аваад Чингис хаан банканд олгох. Бид нарт тэр байшинд халдах эрх байхгүй. Зээлсэн мөнгөө нэхэмжилж, шүүх үүнийг хангаж шийдвэрлэсэн. Авсан уу? өгсөн үү? гэх маргаан байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн зохих дүгнэлт хийх боломжтой гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан банкнаас авхуулсан зээл 41.239.923 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.754.734,87 төгрөгөөр багасгажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* болон түүний нөхөр ******* /талийгаач/ нар нь үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор Чингис хаан банкнаас зээл авхуулж банканд зээлийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон. Зээл гарсан даруйд мөнгийг хариуцагч *******гийн данс руу шилжүүлсэн. Гэтэл банканд зээлийг төлөөгүй тул банк шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр 39.485.189 төгрөг Чингис хаан банканд төлөхөөр болсон. Энэ зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ах *******гаар зээл авхуулсан банканд зээлийг төлөөгүй нь үнэн боловч Чингис хаан банкны зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан, дээрх барьцаа хөрөнгөөр банкны зээлийг төлж барагдуулахаар заасан тул мөнгө төлүүлэхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ******* давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

4. Хэргийн үйл баримтын талаар

Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/106 тоот зээлийн гэрээ, мөн өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1-р баг 1-р хэсгийн 023 тоотод байрлах 64.0 мкв талбай бүхий Ү-1317005436 дугаартай орон сууцыг өмчлөгч өөрийн дүү болох *******ийн зөвшөөрлөөр барьцаалсан байна. Гэрээний дагуу Чингис хаан банк 2019 оны 06 сарын 11-ний өдөр 30.000.000 /гучин сая/ төгрөгийн зээлийг *******д олгосон байх ба тухайн өдрөө зээлийн мөнгийг хариуцагч дүү *******ийн эхнэр *******гийн Хаан банк дахь данс руу шилжүүлжээ. /хх-10-14/

Чингис хаан банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч *******д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн *******гийн нөхөр ******* /талийгаач/ нь *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 746 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 208/МА2022/00050 дугаартай магадлалаар *******гаас 39,485,189 төгрөг 4 гаргуулж, Чингис хаан банканд олгож, барьцаа хөрөнгө болох *******ийн /талийгаач / өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1-р баг 1-р хэсгийн 023 тоотод байрлах 64.0 мкв талбай бүхий Ү-1317005436 дугаартай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх- 4-9/

Дээрх үйл баримтаар зохигчид зээл өгсөн авсан талаар маргаагүй боловч хариуцагчаас шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн байхад мөнгө нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэрээр банканд төлөх төлбөрийг хариуцагчаар гаргуулах гэж тодорхойлж байгаа боловч хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан гэж үзэхээр байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь аман хэлцлийн дагуу Чингис хаан банкнаас зээл авч мөнгийг өөрийн дүүгийн эхнэр болох *******д шилжүүлсэн бөгөөд хариуцагч ******* түүний дүү болох ******* нар нь зээлийг банканд төлөхөөр тохиролцсоны дагуу Чингис хаан банканд төлөлт хийгээгүйн улмаас нэхэмжлэгч *******д холбогдуулан банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг шүүх зээлийн гэрээний үүрэгт 39,485,189 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийг хэлцлийн дагуу үүргээ биелүүлээгүй гэж шүүхийн шийдвэрээр төлөх 39,485,189 төгрөг төлүүлэхээр хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан түүний нэхэмжлэлийг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй боловч давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.

6. Зохигчдын хооронд хариуцагчийн бизнесийн үйл ажиллагааг өргөтгөхөд зориулж банкнаас зээл авах, авсан зээлээ хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчийн банканд төлөх зээлийг хүүгийн хамт төлөхөөр амаар харилцан тохирч нэхэмжлэгч ******* нь 29.685.000 төгрөгийг 2019 оны 06 сарын 11-ний өдөр хариуцагч *******гийн данс руу шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч ******* нь мөнгийг *******д шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд гэрээгээр талууд зээлийг төлөх хугацааг тогтоогоогүй байх тул мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчийн *******д зээлсэн мөнгөө төлүүлэхээр гаргасан шаардлага үндэслэлтэй.

7. Зохигчид хооронд байгуулсан хэлцлээр хариуцагч ******* болон түүний нөхөр ******* /талийгаач/ нар нь нэхэмжлэгчээс авсан зээлийг банканд хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч тухайн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 39.485.189 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байх ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 -т үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасны дагуу шүүхийн шийдвэрээр банканд төлөхөөр шийдвэрлэгдсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 39.485.189 төгрөгийг өөрт учирсан хохирол гэж хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Анхан шатны Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *******гаас зээл болон хохиролд 39.485.189 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэх үндэслэл болно.

8. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэгчээр банкнаас зээл авхуулж өөрийн бизнесийн үйл ажиллагаанд ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч шүүхээс түүний зээлийн гэрээний үүргийг барьцаагаар хангахаар шүүхийн шийдвэр гарсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдах боломжтой, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид хохирол учраагүй гэсэн агуулгаар тайлбарласан.

Хэрэгт Чингис хаан банкны нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 208/МА2022/00050 дугаартай Магадлал авагджээ. Тус шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар хангуулахаар шийдвэрлэжээ.

Барьцаа гэдэг нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийг худалдахыг шаардах, худалдсан үнээс шаардлагаа хангуулдаг үүргийн гүйцэтгэлийн арга юм.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрхийг хэрэгжүүлэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулан шүүхээс ногдуулсан төлбөрийг барагдуулна. Эд хөрөнгийг худалдан борлуулсны орлого нь үүргийн гүйцэтгэлийг бүрэн хэмжээгээр хангаж чадаагүй бол төлбөрийн зөрүү тэр хэмжээгээр үлдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа төлбөр төлж дуусах хүртэл үргэлжилнэ.

Хариуцагч ******* нь нэгэнт шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлээр үүргийг хангахаар заасан, тухайн барьцааны зүйл нь өөрийн талийгаач нөхөр *******ийн өмчлөлд бүртгэлтэй байдаг нас барсны дараа нь барьцааны зүйл болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 1 дүгээр багт байрлалтай хувийн орон сууцыг нэхэмжлэгч *******ы өмчлөлд шилжүүлсэн тул үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч *******д холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн боловч барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч *******гийн нөхөр *******ийн /талийгаач/ өмчлөлийнх бөгөөд хөрөнгийн өмчлөгч нас барснаар түүний хууль ёсны өвлөгч нар болох хариуцагч ******* болон тэдгээрийн хүүхдэд шилжсэн, өвтэй холбоотой маргаан гарсан зэрэг шалтгаанаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй байгаа талаар шүүх хуралдаанд оролцсон гэрч З.Тэмүүлэнгийн өгсөн мэдүүлгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн, өөрөөр хэлбэл барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

9. Иймд хариуцагч ******* нь барьцааны хөрөнгөөр нэхэмжлэгч *******ы өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой гэж түүнтэй байгуулсан хэлцлийн үүргээ биелүүлсэн гэсэн түүний татгалзал үндэслэлгүй юм.

Мөн давж заалдах шатны шүүхэд хариуцагч *******гийн өөрийн нөхөр талийгаач *******ийн хамт ах *******тай байгуулсан гэрээний үүргийг дангаар хүлээх үүрэггүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт Өв хүлээн авсан өвлөгч өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хүлээхээр заасан тул өвлүүлэгчийн /талийгаач *******ийн/ гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцагч Ш. Оюумаа нь өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх хуулийн зохицуулалтай болохыг нэмж тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1671.2 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 148/ШШ2024/00300 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг :

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ж.Оюумаагаас 39,485,189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.754.734,87 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болохыг дурдсугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 355,375 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

 

Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

  

Bottom of Form