| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0087/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/87 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч М.Хайратбек, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн Жадик овогт Мадениетын Хайратбекд холбогдох эрүүгийн 1936000780072 дугаартай 178/2019/0087/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүлээн авч, 05 сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1992 оны 05 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ард казак, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа мотоцикль нэгийн хөрөнгөтэй, 2018 оны 05 сарын 24-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/ 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Жадик овогт Мадениетын Хайратбек
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч М.Хайратбек нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд үйл ажиллагаа явуулдаг “Табыс” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 03 сарын 02-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйл хулгайлсан, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд үйл ажиллагаа явуулах “Табыс” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 03 сарын 19-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйл хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Малчны Хороолол гэх нэртэй газрын задгайд хаяг байхгүй хашаа байв. Уг хашааны гадны “Табыс”гэсэн нэршил бүхий нэг давхар цагаан өнгийн дэлгүүр байх бөгөөд уг дэлгүүр ертөнцийн зүгээр хойд зүгрүү харсан хаалгатай бөгөөд уг дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд зүгрүү харсан хаалга цоож цонх зэрэгт ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй эвдлэгч багажийн ул мөр байхгүй байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гомдол гаргагч М.Айып ертөнцийн зүгээр дэлгүүрийн хойд талд байрлах үүдний амбаарын цонхоор нэвтэрсэн гэх бөгөөд уг цонх модон хүрээтэй цонх байв.
Уг цонхонд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв./Уг цонхны рам эвдэрсэн байсныг засварласан гэв/ Үзлэгийг цааш үргэлжлүүлэн үүдний амбаарт ороход цэнхэр өнгийн даавуун дулаалга бүхий хаалга байх бөгөөд уг хаалганы цоожилсон цоожны даруулгыг татаж нэвтэрсэн байх гэж гомдол гаргагч М.Айып заасны дагуу уг хаалганы даруулганд үзлэг хийхэд хаалганы даруулга нь нугаларч хэлбэр дүрсээ алдсан байдалтай байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлж дэлгүүрийн хэсэгт үзлэг хийхэд “Г” хэлбэр бүхий модон лангуу байв. Уг модон лангууны 1 дэх тавцан дээрээс бохь, бэлэн гоймон, шоколад 2 дахь тавцан дээрээс ундаа зэрэг эд зүйл алдагдсан гэж гомдол гаргагч М.Айып зааж байв.Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд дэлгүүр дотроос ямар нэгэн ул мөр бэхжүүлж авах боломжгүй байв. Үзлэгийн тэмдэглэлийг хөндлөнгийн гэрч нарт уншиж таницуулахад санал хүсэлт байхгүй гэснээр үзлэгийг дуусгав...гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 8-11 дугаар хуудас/
Яллагдагч М.Хайратбекийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан... Яллагдагч М.Хайратбек нь би Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн малчны хороололд гэртээ байж байгаад “Табыс” хүнсний дэлгүүрт очсон. Намайг “Табыс” хүнсний дэлгүүрт ирэхэд хаалга нь цоожтой, хаалгыг цохиход тайлахгүй болохоор нь хашаан дотор нь явж ороод амбаарын хаалгыг цохиход хүн байхгүй хаалга нь цоожтой байхаар нь амбаарын жижиг цонхоор дотогшоо орж гэрийн хаалгаар ороод дэлгүүрт нь дамжиж очоод дэлгүүрийн тавиур дээрээс нь хүнсний эд зүйл аваад явсан ... гэх тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт/ хх-ийн 12-16-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Малчны хороололд оршин суух, 1990 оны 12 сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ажилгүй, Жантекей Нура овогт Мирасийн Айыпийн өгсөн...Би 2019 оны 03 сарын 18-ны өдөр би гэртээ очиж хоноогүй. Тэгтэл 2019 оны 03 сарын 19-ний өглөө манай хөрш Баймурат 94169004 гэсэн дугаар руу залгаад “танай амбаарын гадна талын цонх хагарсан байна. Ирж үз” гэж хэлсэн. Би яваад очтол гэрийн үүдний амбаарын цонх хагарсан байсан. Тэгээд амбаарын хаалга онгойлгож ороход байшингийн цоожны даруулга нугаларч гэрийн хаалга онгойсон байсан. Гэртээ ороод эд зүйлээ бүртгэхэд гэрийн эд зүйл бүрэн бүтэн байсан. Дэлгүүртээ ороход дэлгүүр дотроос лангуун дээр тавьсан дотно сэтгэл нэртэй гоймон-7 ширхэг шоколад 1 ширхэг диролл, Орбит нэртэй бохь 2 ширхэг, Нямка нэртэй печень 3 ширхэг, коко кола ундаа 1 ширхэг алга болсон байсан. Дотно сэтгэл нэртэй гоймон-1 ширхэг 700 төгрөг шоколад 1 ширхэг нь 2500 төгрөг, диролл, Орбит нэртэй бохь 1 ширхэг нь 800 төгрөг, Нямка нэртэй печень 1 ширхэг нь 4500 төгрөг коко кола ундаа 1 ширхэг нь 2500 төгрөгөөр үнэлж байна.
Би 2019 оны 02 сарын 27-нд эмнэлэгт хэвтээд 2019 оны 03 сарын 08-ны өдөр эмнэлэгээс гарсан. 2019 оны 03 сарын 02-ны өдөр манай хөрш Баймурат миний 94268474 дугаар руу залгаж “танай гэрийн цонх байхгүй байна” гэж хэлэхээр нь эмнэлгээс гараад гэртээ очсон хүн орчихсон хүний мөр байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Цайны печень 3 ширхэг , Суперконтик 3 ширхэг Алпенголд 3 ширхэг соруултай ундаа 3 ширхэг, Дотно сэтгэл нэртэй гоймон-3 ширхэг алга болсон. Баруун бүсийн төв захаас 15200 төгрөгөөр авсан. Дээр нь манай гэрийн цонх байхгүй байсан. 10000 төгрөгөөр шилжүүлсэн. Хохирол төлбөрийг барагдуулсан. Нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 81-82-рт/
Эд зүйлс үнэлсэн тайлангаар...Дотно сэтгэл нэртэй гоймон-7 ширхэг 800 -5600 төгрөг шоколад 1 ширхэг 2500 төгрөг, диролл бохь 1 ширхэг 800 төгрөг, Орбит нэртэй бохь 1 ширхэг 800 төгрөг, Нямка нэртэй печень 3 ширхэг нь 4500 -13500 төгрөг коко кола ундаа 1 ширхэг нь 2500 төгрөг нийт 25700 төгрөг,
Мөн эд зүйл үнэлсэн тухай тайлангаар...Бэлэн гоймон 3-800-2400 төгрөг, Алпенголд 2-2500-5000 төгрөг, Суперконтик 3-1000-3000 ширхэг соруултай ундаа 3-600-1800 төгрөг, Цайны печень 3-1000-3000 төгрөг нийт 15200 төгрөг...гэх баримт /хх-ийн 34-35, 100-101 -рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Хайратбекийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2019 оны 03 сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад 12 цагийн үед Ховд аймгийн төв буюу төв бараан зах дээр явж байгаад 17 цагийн үед харих замдаа Бөртэ хүнсний дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад их голын гүүрний доод талд ганцаараа сууж байгаад тал хүртэл нь уучихаад тал архиа аваад гэртээ очоод ганцаараа ууж дууссан. Манай гэрт 1 шил “Ерөөл” нэртэй 0,5 литрийн архи бас байсан юм. Тар архийг би бас ганцаараа ууж дуусаад гэрээс гарахад шөнийн 02 цаг болж байсан. Гэрээс гараад доош эргээд “Табыс” хүнсний дэлгүүр лүү явсан. Дэлгүүр дээр ирээд гадна талын цонхыг нь цохиход ямар нэгэн хүн гарч ирэхгүй болохоор нь хашаан дотор ороод урд талын хаалгаар нь тойрч очиход тухайн дэлгүүрийн үүдний амбаарын цонх онгорхой байхаар нь би тэр цонхоор нь дотогшоо орж асаагуурын гэрлээ тусгаад хаалгыг нь харахад хаалгыг дарсан даруулга төмөр нь нугарчихсан байхаар нь би хаалгыг татаж үзэхэд хаалга онгойчихоор нь тухайн дэлгүүр лүү явж ороод бэлэн гоймон, Нямка нэртэй печень, дирол бохь, коко коло ундаа, Альпен голд шоколад гэх зэрэг бараа авсан. Харин хичнээн ширхэгийг авсанаа санахгүй байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэгээд би дээрхи зүйлээ аваад гэртээ хариад амарчихсан. 2019 оны 03 сарын 20-ны өглөөгүүр цагдаагийн алба хаагч нар ирээд надаас болсон хэргийн талаар асуухаар нь бүгдийг хэлсэн. Би 2015 онд Р.Амангүлтэй гэр бүл болоод амьдарч байгаад 2018 онд хадам ахын нөлөөнөөс болоод эхнэр Р.Амангүлээс салсан. Одоо би ганцаараа амьдардаг. Би Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр малчны хороололд байх гэртээ байж байгаад 2019 оны 03 срын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01 цагийн орчим гэрээсээ гараад ойролцоо байх “Табыс” хүнсний дэлгүүрээс архи авахаар очтол цонх нь онгорхой байхаар нь тухайн цонхоор дотогш ороод цайны печень 3 ширхэг, дотно сэтгэл нэртэй бэлэн хоол 3 ширхэгийг аваад буцаж орж ирсэн цонхоороо гараад гэртээ харьсан. Хохирлыг төлсөн. Гэм буруугийн талаар маргахгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй ... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Авдолын гэрчээр өгсөн...М.Айыпынхтай 2017 оны хавраас хөрш айл болоод 2 жил болж байна. М.Айып нь гэртээ 6 нэрийн дэлгүүр ажиллуулж хүнсний бүтээгдэхүүн зардаг гэдгийг мэднэ. 2019 оны 03 сарын дундуур 18,19-ний үед манай хөрш М.Баймурат нь М.Айыпын гэрт хулгай орсон байна гэж хэлсэн ...гэх мэдүүлэг/ хх-ийн 86-89-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Айнагүлийн гэрчээр өгсөн...М.Айыпынхтай хөрш айл болоод 2 жил болж байна. Манайх малчин хороололд амьдараад 6 жил болж байна. М.Айыпийн гэрт 2019 оны 03 сарын 18-нд хулгай орсон гэдгийг хөрш М.Баймуратаас сонссон. 2019 оны 03 сарын 01-ний орой би гэртээ байсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 89-91-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Баймуратын гэрчээр өгсөн...Би 2019 оны 03 сарын 01-нд хөрш Айыпынх руу харахад цонх нь бүтэн байсан Тэгээд 2019 оны 03 сарын 02-ны өглөө гэрээсээ гараад бие засчихаад Айыпынх руу харахад цонх нь байхгүй байхаар нь Айыпын 91268474 гэсэн дугаар руу нь залгаж “ танай гэрийн цонх байхгүй байна . Хүн орсон байж магадгүй байна ирж үзээрэй “ гэж хэлсэн. Тэгээд би 03 сарын 02-нд адуугаа усалчихаад ирэхэд М.Айып гэртээ ирчихсэн ундаа гоймон алдагдсан байна гэж надад хэлсэн. Эмнэлэгт хэвтэхдээ манай хашааг харж байгаарай гэж М.Айып захисан би тэгээд өглөө оройд байнга хардаг. Би иргэн М.Айыпынх дэлгүүрт 2019 оны 03 сарын 01, 2019 оны 03 сарын 18-ны шөнө хулгай орсон талаар иргэн М.Айыпт утсаар хэлж мэдэгдсэн. Тэр үед М.Айыпийн гэрийн үүдний амбаарын цонхыг нь хагалаад дотогшоо орчихсон байсан. Манайх байшинд байдаг болохоор ямар нэгэн дуу чимээ сонсогддоггүй юм. Өглөө босоод ирэхэд л цонх нь хагарчихсан байдаг байсан. Урд өдрүүдэд манай хашааны ойролцоо сэжиг бүхий хэн нэгэн хүн явж харагдаагүй. Явсан бол би анзаарах байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 92-98-рт/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг Малчны хороололд иргэн М.Айып нь хүнсний дэлгүүр ажиллуулдаг ба 2019 оны 03 сарын 01- нээс 02 нд шилжих шөнө, мөн 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө тус тус нийт 40900 төгрөгний эд зүйл алдагдсан, амбаарын цонх хагарсан байсан, тухайн эд зүйлийг шүүгдэгч М.Хайратбек авсан талаараа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн хэргийн бодит байдал тогтоогдож байна.
Гэм буруугийн болон хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Хайратбек нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд үйл ажиллагаа явуулах “Табыс” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 03 сарын 02-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйл хулгайлсан, мөн 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 03 сарын 19-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйл хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шалгах ажиллагааны зардалгүй, хохирогч М.Айыпт төлөх 40900 төгрөгийг төлсөн болохыг дурьдах, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Хайратбек нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна гэв.
Гэм буруугийн болон хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Хайратбек нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. “Табыс” нэртэй хүнсний дэлгүүрээс 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 03 сарын 02-нд шилжих шөнө, мөн 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 03 сарын 19-нд шилжих шөнө Дотно сэтгэл нэртэй гоймон-7 ширхэг 800-5600 төгрөг шоколад 1 ширхэг 2500 төгрөг, диролл бохь 1 ширхэг 800 төгрөг, Орбит нэртэй бохь 1 ширхэг 800 төгрөг, Нямка нэртэй печень 3 ширхэг нь 4500 -13500 төгрөг коко кола ундаа 1 ширхэг нь 2500 төгрөг нийт 25700 төгрөг. Цайны печень 3 ширхэг , Суперкогтик 3 ширхэг Алпенголд 3 ширхэг соруултай ундаа 3 ширхэг, Дотно сэтгэл нэртэй гоймон-3 ширхэг нийт 15200 төгрөг Бүгд 40900 төгрөгийн хүнсний эд зүйл хулгайлсан боловч учруулсан хохирлоо төлсөн. Амьдрал нь бүтэлгүйтсэн ээж, дүү нар нь өвчилсөн. Энэ байдлаасаа мөн сэтгэлийн тэнхээгүйгээсээ болж хэрэгт холбогдох нөхцөл шалтгаан болсон.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлйинй 1.3-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч М.Хайратбек болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч М.Хайратбек нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороололд үйл ажиллагаа явуулах “Табыс” нэртэй хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 03 сарын 02-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйл авсан, мөн 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 03 сарын 19-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйл авсан нь ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “ үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зохицуулжээ.
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Хайратбекийн үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч М.Хайратбекийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт М.Хайратбек нь хохирогчид учруулсан хохирол 40900 төгрөгийг төлж барагдуулсан гэж мэдүүлсэн...хохирогч М.Айып нь М.Хайратбек нь хохирол төлбөрөө барагдуулан өгсөн, ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнөүү? гэх хүсэлт /хх-ийн 107-рт/-ийг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч М.Хайратбекийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Жадик овогт Мандениетын Хайратбек нь 2018 оны 05 сарын 24-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан нь хэргийн 49 дугаар хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, 79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт, Х.Мадениетийн гэрчээр өгсөн...М.Хайратбек нь 2016 оны 06 сарын 20-ны үед иргэн О.Алмангүлтэй гэр бүл болж 2018 оны 11 сарын эхээр таарамжгүй харьцааны улмаас салсан юм...
2019 оны 05 сарын 07-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Цааанбургас баг руу буцаад явсан гэх /хх-ийн 29-30-рт/ Х.Алмагүлийн гэрчээр өгсөн... М.Хайратбек нь хүний үгнээс гардаггүй, цайлган цагаан сэтгэлтэй, төлөв даруу, илүү дутуу ямар нэгэн зан ааш байхгүй, муу зуршилгүй аав, ээж болон дүү, хамаатан садандаа тусархаг сайн хүү байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-рт/-ээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Хайратбекийг бусдад төлөх төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна
Шүүгдэгч М.Хайратбекийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч М.Хайратбекийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч М.Хайратбекийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Хайратбекд 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 1936000780072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Хайратбекд шүүхээс хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жадик овогт Мадениетын Хайратбекийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Жадик овогт Мадениетын Хайратбекийг 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Жадик овогт Мадениетын Хайратбекед оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 1936000780072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Хайратбекд урьд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА