Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2024/00054

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2024/00054

 

 

 

Хөтөл Ган ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 149/ШШ2024/00212 шийдвэртэй

Нэхэмжлэгч Хөтөл Ган ХХК

Хариуцагч *******

Нэхэмжлэлийн шаардлага: 14,610,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: Манай компани нь малын тоо толгойг өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэх, ажиллагсдаа мах сүүгээр хангах зорилгоор малчин *******тэй 2021 оны 11 сарын 15-ны өдөр мал маллуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний хавсралтад заасан малыг нас хүйсээр нь ангилж 690 толгой малыг тоо толгойгоор нь нэг бүрчлэн тоолж хүлээлгэн өгсөн юм. Компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан боловч малчин 3.Одгэрэл нь 32 толгой хонь, 30 толгой ямаа, нэг тооны бух, 2 тооны морийг дутаасан байсан. Тухайн үед малыг тоолж дутсан малын тоог гаргаж 3.Одгэрэлээс малаа авч малчин Нарантөрд актаар хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагч 3.Одгэрэлээс 32 толгой хонины үнэ 5,400,000 төгрөг, 30 толгой ямааны үнэ 4,110,000 төгрөг, нэг толгой бухын үнэ 3,500,000 төгрөг, 2 толгой морины үнэ 1,600,000 нийт 14,610,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын "ХӨТӨЛ ГАН" ХХК-ний захирал Ж. Нармандахын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байгаа болно.

Иргэн 3.Одгэрэл би дээрх компанийн малыг маллах хугацаанд аль болох хорогдол дутагдалгүй сайн ажиллахыг хичээж байсан бөгөөд компанийн нэхэмжилж байгаа мал бүх тоогоороо дутагдсан гэж үзэж болохгүй юм. Учир нь чоно нохойд бариулах, өвчин зудаар хорогдох, хулгайд алдах зэргээр дутсан тухай бүрд нь компанид мэдэгдэж байсан болно. Компанийн хувьд ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Тухайлбал: Сард 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн цалин өгнө гээд 2023 оны 01 сараас 07 сарын 20-ныг хүртэл нэг ч цалин өгөөгүй. Тус гэрээнд жил болгон 200 боодол өвс өгнө гэсэн боловч 2023 онд 50 боодол өвс өгсөн.

Дээр нь гэрээнд нүүх суух болон нүүдэл хийхэд бензиний мөнгө өгнө гэсэн боловч өгөөгүйгээс гадна нэхэмжилсэн үхсэн бух мөн алдсан 2 үхрийн үнийг надаар цалингаас 4.000.000 төгрөгийг суутгуулан төлүүлсэн. Тухайн үеийн сүү цагаа идээний мөнгийг, худаг ус, малын тал, ямаа самналтын хөлсийг ч өгөөгүй. Энэ бүгдээс үзэхэд надаас нэхэмжилсэн үнийн дүн 14.600.000 төгрөгөөс илүү намайг хохироосон тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа болно гэжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07ны өдрийн 212 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс дутагдуулсан малын төлбөр 14,610,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөтөл ган ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,000 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Бид анх тохирохдоо надад сард 700,000 орчим төгрөгөөр тооцсон ч надаас 2 шүдлэнгийн үнэ 2,000,000 /өвс тэжээл авсан/ төгрөг, 1 үнээний 1,200,000 /Хулгайд алдсан/ төгрөг нийт 3,200,000 төгрөг суутгаад сард 550,000 төгрөгийн цалин өгдөг байсан. Ингээд малдаа зориулж компаниас 2021, 2022 онд өгсөн өвс, хужир нь малынхаа хаана ч хүрдэггүй байсан учир би өөрөө нэмж авч өгдөг байсан. Уг компанийн нэр дээр малын А данс огт байхгүй. Миний нэр дээр А дансны бүртгэлтэй мал байсан. Уг компанийн надаас нэхээд байгаа 2 хуц, 3 ухныг би Хөтөлд Мангиртын бригадын тийшээ хуц, ухна малладаг Бор гэх хүнд 2021 оны 12-р сард хариулуулахаар өгөөд маллуулж байтал, 2022 оны 10-р сард ярихад 12 хуц нь өвчнөөр үхсэн, 2 ухна нь үхсэн, одоо 1 ухна нь байгаа" гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, зайлшгүй малын хээлтүүлгийн асуудлыг зохицуулахын тулд хуц, ухна эцэг малыг өөр газар тусад нь хуц, ухна малладаг хүнээр маллуулдаг. Энэ шаардлагаар Бор гэх хүнд маллуулж байх явцад 2 хуц, 2 ухна нь үхсэн. Одоо 1 хуц нь Борд байгаа. Би холоос авч чадахгүй байгаа. Би Борыг анхан шатны шүүх дээр гэрчээр асуулгаж болох байсныг мэдээгүй, ойлгоогүй. Сая гомдол гаргахдаа тэгж болохыг мэдсэн. Мөн Борд 1 хуцанд 1 төлөг, уханд 1 борлон өгч маллуулдаг. Нийт Бор гэх хүнд хуц, ухнын маллагааны хөлсөнд 5 толгой бог өгсөн. Үүнийгээ тухайн үедээ компанийн захирал *******ад хэлсэн боловч нөгөө хүнээсээ бичиг авчирч өг гээд байсан боловч би мал хуй ажил ихтэй учир Борынх руу явж чадаагүй. Гэрчээр асуулгасан бол хэлэх байсан. Мөн надаас нэхээд байгаа идэшний үхрийг 900,000 төгрөгөөр тохирч надад өгч байсан боловч одоо шүүх дээр нэхэмжлэл өгөхдөө 1,200,000 төгрөгөөр тооцоод нэхээд байгааг зөвшөөрөхгүй.

Ер нь тухайн үед би малчин хүн учир бичиг цаасны учир мэдэхгүй, ******* захирал руу утсаар яриад амаар тохироод л явдаг байсан. Гэтэл дараа нь тохирч байснаасаа өөрөөр шүүх дээр өндөр өндөр үнэ хэлж нэхсэнийг анхан шатны шүүх шууд нэхэмжлэгчийн үгээр үнэлээд хэргээ шийдээд явсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл ******* захирлын нэхээд малын үнэлгээг мөн би зөвшөөрөхгүй байна. Хэт өндөр үнэлж үндэслэлгүйгээр их мөнгө нэхсэн. Би хэрэв шинжээчээр үнэлгээ хийлгэх эрхтэй гэдгээ мэдэж, ойлгосон бол үнэлгээ хийлгэх байсан. Иймээс анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн хэлсэн үнээр тооцоод хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхээд байгаа 1 бух нь мөн 2023 оны хавар зудад айлын хаяанд үхсэн. Гэтэл тухайн үед уг бух нь гэрээс хол айлын хананд үхсэн Хавар мал, төлийн ажил гэсээр би зургийг нь авч чадаагүй юм. ******* захирлыг дараа нь зудад үхсэн малыг үзэхээр ирэхэд нь үзүүлээд ир гээд хүүхдээ явуулсан ч хүүхэд үзүүлээгүй байсныг би сүүлд мэдсэн. Гэтэл энэ мэтчилэн зайлшгүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас үгүй болсон малыг хүртэл надаас нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн компани надад 7 сар цалин хөлс өгөөгүй, малын зардал өгөөгүй, компанийн ямааг хүртэл өөр хүнээр хөлсөлж самнуулсан байтал энэ зардлуудаа надад огт өгөлгүйгээр, мөн хасаж тооцолгүйгээр ийм их мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн сүү цагаан идээ тушаасны мөнгөө ч өгдөггүй байсан. Бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулагдсаныг шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн. Гэтэл яг үнэндээ тухайн компанитай би 3 жилийн хугацаатай, тогтмол цалин хөлс авахаар тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх бол энэ талаар хөдөлмөрийн гэрээнд ямар тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийг тохирч тусгах ёстой байдаг юм байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Малчин ******* нь малыг сайн маллана, өсгөнө гэсэн учраас өөрийнх нь саналаар 700,000 төгрөгийн цалин болгосон. 2022 онд нийт 12 сард 8,400,000 төгрөг авах ёстой. Үүнээс мал аваад тооллого болохын өмнө нэг идэшний үхэр авмаар байна. Аавдаа нэг эр бяруу авч өгье. Хоёр толгой авъя гээд үнийг хямдруулж өгнө үү гэсэн. Эр шүдлэн үхэр нь 1,100,000 төгрөгийн үнэтэй байсан. 1,000,000 төгрөгөөр тооцож өгсөн.. Эр бяруу нь 900,000 төгрөгийн үнэтэй байсан ба би 100,000 төгрөг хасаж 800,000 төгрөгөөр тооцож нийт 1,800,000 төгрөгийг үхрийн идшиндээ авсан. Үхэрний үнийг сарын цалин дээрээс бүтэн жилээр суутгаж тооцож өгнө үү гэхэд сар бүрийн 150,000 төгрөгийг цалин дээрээс нь суутгахаар тохиролцож, сар бүр 550,000 төгрөгийг өгнө шүү гэхэд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Сар болгон 550,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлсэн. Хаан банкны дансны хуулгыг баримтаар өгчихсөн.

2023 оны 10 сард 2 шүдлэн үхрийг зарчихмаар байна. Та надад өгчихөөч гэхэд нь цалин дээрээс нь суутгасан. 2 шүдлэн үхэр нь нийт 2,000,000 төгрөгний үнэтэй. Дараа нь идэшний үхэр нэгийг авсан. 1,200,000 төгрөгийн үнэтэй байсныг 1,100,000 төгрөг болгож хямдруулж өгсөн. Намайг хямдруулж өгөөч гэхэд нь би хямдруулж өгдөг.

Дараа нь 12 сарын тооллогоор сайн сүүтэй 3 саалийн үнээ алга болчихсон байсан. 2 саалийн үнээг үхрээр төлье. 1 саалийн үнээг бид төлнө гэсэн. 2023 оны 7 сар хүртэл мал малласан. Манай малнуудыг хүлээлгэж өгөхдөө эдгээр малыг дутаасан учраас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс цалинг нь хаасан. Шүдлэн үхэрний үнийг цалин дээрээс нь суутгаж авсан. Алдсан үнээ чинь сааль сүү сайтай, зах зээлийн үнэ өндөртэй гэж хэлтэл төлнө гэсэн. Мал авчирч өгөхдөө 3 үнээний 2-г өөр 1 үхрээр төлье. Нэгийг нь 1,500,000 төгрөгөөр үнэлж өгөөч ээ, надад хэцүү байна гэхэд нь 1,500,000 төгрөгөөр үнэлж нийт цалин нь 4,600,000 төгрөг болсон. 7 сарын 4,900,000 төгрөг авахаас 4,600,000 төгрөгийг суутгаж 300,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр *******ийн дансанд шилжүүлсэн банкны хуулга байгаа.

Төл мал өсгөхөд хурга ишгийг бойжуулсан бол толгой тутамд 5,000 төгрөг, бод малыг толгой тутамд 10,000 төгрөгийн урамшуулал өгдөг байсан. Малын ашиг шим боловсруулах гэрээний дагуу өгдөггүй байсан. Манай компанитай хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үнэнд нийцээгүй гэж үзэж байна. гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Нэхэмжлэгч Хөтөл ган ХХК нь хариуцагч *******ээс дутагдуулсан малын төлбөр 14.610.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

3. Хариуцагч ******* нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэргийн үйл баримт болон талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

4. Хэргийн үйл баримт болох хэрэгт авагдсан нотлох баримтаар:

Нэхэмжлэгч Хөтөл ган ХХК нь хариуцагч *******тэй малчнаар ажиллуулах буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мал маллуулах ажил гүйцэтгэх тухай гэсэн нэршилтэй № 01 дугаартай гэрээ байгуулж хариуцагчид бог, бод нийлсэн нийт 690 тооны малыг тоолж хүлээлгэн өгсөн байх ба гэрээний хугацаа дуусаж гэрээ дүгнэх үед хариуцагч ******* нь хариуцан маллаж байсан малаас 62 бог, 2 бод дутагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт болох нь талуудын мал хүлээлцсэн тухай акт, болон мал хүлээн авсан тухай баримтаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд үүссэн маргаанд анхан шатны шүүхээс эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Зохигчид нь гэрээг ажил гүйцэтгэх гэж тодорхойлсон боловч тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой өөрт учирсан хохирлоо гаргуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

Учир нь Хөлсөөр ажиллах гэрээний дагуу хариуцагч нь мал маллах ажлыг гүйцэтгэх , нэхэмжлэгч нь мал маллуулсан хөлсийг сар бүр тохирсон хэмжээгээр төлж байсан, гэрээ үргэлжлэх хугацаанд хариуцагч нь шалтгаангүйгээр мал хорогдуулж бод бог нийлсэн 64 толгой мал дутагдуулж гэрээний дагуу мал өсгөж өгөх үүргээ зөрчсөн зөрчсөнөөс нэхэмжлэгчид 64 толгой мал буюу 14.610.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар нэхэмжлэгч Хөтөл ган ХХК-нд хохирлоо арилгуулах шаардах эрх үүссэн гэж үзлээ.

Иймд анхан шүүх хэргийн үйл баримт болох зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлтийг зөв хийсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулсаныг давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэв.

 

5. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй, түүнчлэн хариуцагч ******* нь нэхэмжлэгч Хөтөл Ган ХХК-тай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, нэхэмжлэгчээс дутагдуулсан малын үнэлгээг зах зээлийн ханшаас өндөрөөр үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар холбогдох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчийн хөлсөөр ажиилах гэрээтэй байсан гэснийг нотлох баримт ирүүлээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үйгүйсгэж чадаагүй, тул хариуцагчийн татгалзалыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчаас давж заалдах гомдолдоо дутагдуулсан мал нь өвчнөөр үрэгдсэн, малын тэжээл авахад мөнгө гаргаж байсан гэсэн тайлбар бүхий нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй бичгийн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт ... давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлцэгдээгүй шинэ баримтыг заах эрхгүй гэж заасан тул тухайн баримтад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх хуулийн үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

6. Хариуцагч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т ... гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07ны өдрийн 212 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс дутагдуулсан малын төлбөр буюу хохирол 14,610,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөтөл ган ХХК-д олгосугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж ..... төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

 

Г.ДАВААРЕНЧИН

Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

  

,810Г

Bottom of Form