| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0093/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/94 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Т.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Тольтон бургууд овогт Тавинтайн Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 1936000990099 дугаартай, 178/2019/0093/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч 2019 оны 06 сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 06 сарын 14-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс өөлд, бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, хувиараа мал малладаг, Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн харьяат, ам бүл 6 нөхөр хүүхдүүдийн хамт Жаргалант сумын Бугат багийн 01-06 тоотод оршин суух, аминдаа машин-1 мотоцикль-1, 2 өрөө хувийн орон сууц, хашаа-нэг, 900 толгой малтай, сарын өрхийн орлого 1 сая төгрөг, ял шийтгүүлж байгаагүй, Тольтон бургууд овогт Тавинтайн Эрдэнэбилэг
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/ :
Шүүгдэгч Т.Эрдэнэбилэг нь 2019 оны 04 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Эрдэнэцогтыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух, 1970 оны 12 сарын 15-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, /Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт малчин / Тольтон бургууд овогт Тавинтайн Эрдэнэцогтын өгсөн... “Би 2019 оны 04 сарн 01-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн “Бургасны адаг” гэх газарт байх ”Сарнай” гэх айлын адуунаас өөрийнхөө морь барьж ирэх гэж явсан. Очоод морио бариад 04 сарын 02-ны өдөрт аймагт орж ирсэн. Тэгтэл 04 сарын 04-ний өглөө над руу манай хүргэн Сүхцоож залгаад “та миний морь хулгайлсан байна. Миний цагаан тавагтай хээр үрээ хулгайлсан байна” гэж хэлэхэд “би аваагүй би өөрийнхөө бор морь авч ирсэн” гэж хэлсэн. Тэгтэл “би чамайг очиж ална” гэж намайг дарамталсан. Тэгэхлээр нь би “ чи намайг алж чадахгүй чи зүгээр цагдаадаа өгөөд шалгуул гэж хэлсэн. Тэгээд би Бямбаа гэх найзындаа Бямбаатай хамт юм яриад бид 2 нэг шил архи хувааж уугаад сууж байтал миний төрсөн дүү Т.Эрдэнэбилэг гаднаас орж ирээд над руу “хулгайч минь миний морь өг” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “цагдаад өгөөд шалгуул” гэж хэлэхэд нь “би чамайг цагдаад өгөх гэж ирээгүй. Би чамайг алах” гэж ирлээ гээд миний чих рүү өшиглөсөн. Тэгэхлээр нь би чихээ бариад “чи намайг цохичихлоо ш дээ” гэж хэлэхэд “би чамайг цохих гэж ирээгүй алах гэж ирлээ” гэж хэлээд миний зүүн нүд рүү гараараа цохисон. Тэгээд миний нүднээс цус гараад байхлаар нь чи миний нүд сохолчихлоо ш дээ гэж хэлсэн...Миний биед учирсан гэмтэл тухайн үед хүнд гэмтэл учирсан гэж үзээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан байсан. Улаанбаатарт очиж нүдний эмнэлэгт нарийн шинжилгээ өгөхөд миний зүүн нүдийг цаашид эдгэрэх бүрэн боломжтой гэж оношилсон. Миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд 1800000 төгрөг гарсаныг миний төрсөн дүү болох Т.Эрдэнэбилэг барагдуулж өгсөн тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид 2 эвлэрч учир зүйгээ олсон байгаа. Харин цаашид нүдээ үзүүлэх зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү ..." гэх мэдүүлэг /хх- ийн 8-11-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бямбадоржийн гэрчээр өгсөн... “2019 оны 04 сарын 04-ний өдөр гэртээ байж байхад 10 цагийн үед найд Т.Эрдэнэцогт манайд халамцуу нэг шил архи барьчихсан ирсэн. Тэгээд бид 2 нөгөө архийг нь хувааж уугаад сууж байтал 13 цагийн үед Т.Эрдэнэцогтын эмэгтэй дүү Т.Эрдэнэбилэг манайд ганцаараа орж ирсэн. Тэгтэл Т.Эрдэнэбилэг орж ирээд юу гэж ярьсан талаар мэдэхгүй байна.Тухайн үед миний сонсголын аппарат ажиллахгүй байсан болохоор юу ярьсан талаар мэдэхгүй байна. Т.Эрдэнэцогт дээр ирээд Т.Эрдэнэбилэг гэх дүү эмэгтэй нь нүүр хэсэгт нь нэг удаа гараараа алгадаж байсан Өөр зодож цохисон талаар хараагүй. Тэгээд удалгүй тэр 2 манай гэрээс гараад явсан. Тухайн үед Т.Эрдэнэцогтын биед ил харагдах шарх сорви байгаагүй, гэмтэл учраагүй байсан....”гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Оюунгэрэлийн гэрчээр өгсөн...2019 оны 04 сарын 08-ны өдөр би ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хотруу ажлаар явсан байсан. Намайг байхгүй хугацаанд Мандахнаран гэх эмч түр хугацаагаар үзэж байсан. Мандахнаран эмч тухайн үед Т.Эрдэнэцогт гэх хүнийг үзсэн байсан. Тухайн үзлэг дээр ямар нэгэн онош тавигдаагүй, харааг нь шалгаад яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээнд яв гэсэн 13 А маягт бичиж өгсөн байсан. Тэгээд Улаанбаатар хотод очиж Улсын эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч очёрь дараалал ихтэй байсан учраас хувийн “ОРБИТА” гэх нэртэй нүдний хувийн эмнэлэгт 2019 оны 04 сарын 12-ны өдөр үзүүлсэн байсан. Тухайн өдрийн эмнэлэгийн үзлэгээр “BLUNT TRAUMA” гэх онош тавьсан байсан. Энэ нь зүүн нүдэнд битүү гэмтэл гэсэн оноштой юм аа. 2019 оны 04 сарны 12-ны өдрийн үзүүлсэн үзлэгээр “AMBLYOPIA” гэх онош тавьсан. Энэ нь хүүхэд байхын зүүн нүд нь юм хардаггүй байсан гэх утгатай оноштой юм. Үзсэн эмч нь Д.Байгалмаа гэх эмч үзсэн байсан. Би 2019 оны 04 сарын 22-ны өдөр Т.Эрдэнэцогт гэх хүн ирж үзүүлсэн.Үзлэг хйихэд тухайн хүний зүүн нүдэнд гэмтэл авсан шинж тэмдэг байхгүй байсан ба УНТЭ-ийн зөвлөх эмчид үзүүл гэж би картан дээр нь бичиж өгсөн. Гэтэл энэ хүн би Улаанбаатар хотод нүдний эмнэлгээр үзүүлээд ирсэн. Одоо дахин явах боломжгүй байна гэж хэлээд 2019 оны 04 сарын 30-ны өдөр дахин ирж үзүүлсэн. Би Т.Эрдэнэцогт гэх хүний зүүн нүдийг үзэхэд АМБЛИОПИЯ” гэх оноштой байсан тул эмчлүүлэгчийн картан дээр нь оношийг нь тавьсан...
Т.Эрдэнэцогт гэх хүний зүүн нүдэнд цохисон боловч ямар нэгэн гэмтэл аваагүй.Тухайн зүүн нүдний салстад цус хурсан байсан. Бас шар толбо нь атрофия болсон тул “АМБЛИОПИЯ” гэх онош тавьсан. Т.Эрдэнэцогт гэх хүн цохилтоос хараагүй болоогүй. Тухайн үед зүүн нүдэндээ цохиулаад салст нь улайчихсан ирээд үзүүлэхэд зүүн нүд хардаггүй байсныг мэдсэн. “АМБЛИОПИЯ”-тай хүний нүд нөгөө нүдээ бодвол хурц гэрэл харахад муу хардаг нүдээ аньдаг.Т.Эрдэнэцогт гэх хүнээс асуухад нар луу харахад зүүн нүдээрээ харж чаддаггүй учраас аньдаг гэж хэлж байсан. Ийм учраас Т.Эрдэнэцогт гэх хүний зүүн нүд төрөлхийн хараагүй нүд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 02 дугаартай
“...Т.Эрдэнэцогтын нүдэнд Улаанбаатар хотын “ОРБИТА” эмнэлэгийн их эмч болон БОЭТ-ийн нүдний их эмч нар нь нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ багажийн оношлогоог хийж байж “АМБЛИОПИЯ” гэсэн онош тавьсан байх тул уг онош нь үндэслэлтэй байна.
Т.Эрдэнэцогтын биед 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 175 дугаартай дүгнэлтээр тогтоосон хүнд гэмтлийг БОЭТ-ийн нүдний эмч Мандахнарангийн үзлэгт илэрсэн зүүн нүдний хараа-0,4 хүртэл бууралттай байсныг үндэслэн гаргасан болно.
Т.Эрдэнэцогтын биед зүүн нүдний алиманд нэвт шарх , цус хуралт, зүүн нүд тойрсон цус хуралт гэмтэл учирсан байна.
Т.Эрдэнэцогтын биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 33-34-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эрдэнэбилэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2019 оны 4 сарын 04-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр “манай хадам аавын алга болсон морины сураг нь Буянт сумын 108 гэх газарт айлд байна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр морио үзэхээр явсан. Удалгүй гэртээ ирэхэд нь би юу болсон бэ? Мөн байна уу гэж асуухад мөн байна . Танай ах чинь авчихсан байна гэж хэлсэн. Тэгэхлээр нь би аймаг орж ирээд гэрт нь ирэхэд манай ах Т.Эрдэнэцогт гэртээ байгаагүй. Би эхнэрээс нь асуухад Бямбаа гэх найзындаа байгаа гэж хэлэхээр нь эхнэрээс нь Бямбаагийн утас аваад залгахад “гэртээ байна. Т.Эрдэнэцогт бас байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийг нь заалгаж аваад гэрт нь очиход Т.Эрдэнэцогт ах, Бямбаа ах 2 архи уугаад сууж байсан. Тэгтэл манай ах “чи юу хийж ирсэн юм бэ би чиний адуу мал аваагүй хаалга цаана чинь байна гар. Би чиний хотод байгаа 2 хүүхдүүдийг чинь ална” гэж хэлэхэд нь миний уур хүрээд би гараараа 2 удаа нүүр хэсэгт цохиж гарынхаа ар хэсгээр зүүн нүд хэсэгт цохьсон. Тэгээд би Т.Эрдэнэцогт ахыг явъя гээд дагуулаад гараад явах гэтэл явахгүй байсан болохоор нь би “чи дандаа миний эцэг, эхийн нэр хүндийг улан дороо дэвсэлдэг” гэж хэлээд малгайг нь аваад газарт унагаагаад 2 удаа дэвссэн. Тэгээд явахгүй болохоор нь би гэрлүүгээ явсан. Шинжээч эмчийн нэмэлтээр гаргасан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан. Би төрсөн ах Т.Эрдэнэцогтын биед гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна...”гэх мэдүүлэг
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,/ хх-ийн 57-59-рт/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч Т.Эрдэнэбилэг нь 2019 оны 04 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт Д.Бямбадоржийн гэрт өөрийн төрсөн ах Т.Эрдэнэцогттой “ хадам аавын морь хулгайлж авсан” гэж маргалдаж улмаар түүний зүүн нүдэнд нь гараараа цохисон хэргийн бодит байдал тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Эрдэнэбилэгийн үйлдлийн улмаас хохирогч Т.Эрдэнэцогтын биед зүүн нүдний хараа-0,4 хүртэл бууралт, зүүн нүдний алиманд нэвт шарх , цус хуралт, зүүн нүд тойрсон цус хуралт гэх хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 02 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, тухайн гэмтлийг шүүгдэгч Т.Эрдэнэбилэг нь учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэрч Д.Бямбадорж, Э.Оюунгэрэл нарын мэдүүлэг болон хохирогч Т.Эрдэнэцогтын ...миний зүүн нүд рүү гараараа цохисон. Тэгээд миний нүднээс цус гараад байхаар нь чи миний нүд сохолчихлоо ш дээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Иймд шүүгдэгч Шүүгдэгч Т.Эрдэнэбилэгийн2019 оны 04 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Эрдэнэцогтын зүүн нүдэнд цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Эрдэнэбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Хохирогч Т.Эрдэнцогт нь Миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд 1800000 төгрөг гарсаныг миний төрсөн дүү болох Т.Эрдэнэбилэг барагдуулж өгсөн тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй талаараа хэргийн 8-11 дүгээр хуудаст хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, байх тул шүүгдэгч Т.Эрдэнэбилэгийг хлхирогчид 1800000 төгрөг төлсөн. Харин хохирогч Т.Эрдэнэцогт шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хүсэлт гаргасан тул хүсэлтийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Тольтон бургууд овогт Тавинтайн Эрдэнэбилэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 44 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч Б.Даваанямын өгсөн... Т.Эрдэнэбилэг нь эцэг, эхээс наймуулаа, нэг дүүтэй, дуу цөөнтэй, хүнтэй харьцах харьцаа сайтай. Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Нөхөр, хүүхдүүдийн хамт Буянт сумын Цагаан эрэг багт мал маллаж амьдардаг ... гэх мэдүүлэг, гэрч Ж.Сүхцоожийн ... Бид гэр бүл болоод 26 жил болж байна. Т.Эрдэнэбилэг нь 8 дугаар анги төгссөн, жолооч мэргэжилтэй, бага наснаасаа өдий хүртэл маллаж амьдарч байгаа, урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Бид ам бүл 6- уулаа амьдардаг ... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Тольтон бургууд овогт Тавинтайн Эрдэнэбилэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Т.Эрдэнэбилэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Т.Эрдэнэбилэгийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний хувьд ногдох эд хөрөнгө болох “Төрийн банкны 455999 төгрөг бүхий 111800379624 тоот данс битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 5/59 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр хэрэглэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өмгөөлөгч нь өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох саналыг хүлээн зөвшөөрч, 1 сарын хугацаанд төлнө. Цаашид гарах хор уршигийг ойлгож байгаа гэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Эрдэнэбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэбилэгийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Эрдэнэбилэгт оногдуулсан 550000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1936001110095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Эрдэнэбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1800000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Эрдэнэбилэгийн хувьд ногдох эд хөрөнгө болох “Төрийн банкны 455999 төгрөг 111800379624 тоот данс битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 5/59 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ялыг биелүүлэх хүртэл хэвээр хэрэглэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тольтон бургууд овогт Тавинтайн Эрдэнэбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тольтон бургууд овогт Тавинтайн Эрдэнэбилэгийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Тольтон бургууд овогт Тавинтайн Эрдэнэбилэгт оногдуулсан таван зуун тавин мянган төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.Эрдэнэбилэгт тайлбарласугай.
5.Эрүүгийн 1936000990099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Эрдэнэбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1800000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Эрдэнэбилэгийн “Төрийн банкны 455999 төгрөг бүхий 111800379624 тоот данс битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 5/59 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шүүгдэгч Т.Эрдэнэбилэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА