Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2024/00055

 

*******ын нэхэмжлэлтэй

 

                                                               иргэний хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2024/00274 шийдвэртэй

Нэхэмжлэгч *******, *******

Хариуцагч *******

Нэхэмжлэлийн шаардлага: 76,623,400 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******, ******* нар нь нэхэмжлэлдээ:

"******* нь тэжээлийн улаан буудай нийлүүлэх хувь хүн, компани олоод гэрээгээ хийчих, буудайгаа борлуулах компани нь "Баян шувуу" ХХК, "Мон-Эп" ХХК-д 770,000 төгрөгөөр нийлүүлнэ, би гэрээ хийсэн тул бид тээврийн зардлаа хариуцаж, гарсан зардлаа өөрөө дааж, ашгаа 2 хувааж авъя гэж найз *******тай амаар тохиролцсон тул уулзсан. Б. Галбадрах нь 2023.02.15-нд найз А. Баясгалангийн дансанд 40 сая төгрөг улаан буудайн урьдчилгаа болон тээврийн зардлаа хийх мөнгө гаж хийсэн тул 2 компаниас тэжээлийн буудайг 600,000 төгрөгөөр авч тээврийн зардлаа /1 тн буудай тээвэр 80,000 төгрөг нэмээд тооцоход 1 тн улаан буудайнаас 90,000 төгрөгийн ашигтай ажиллахаар байсан тул миний бие буудайн доорх гэрээг хийсэн.

-Гацуурт ХХК-ний ажилтан *******, ерөнхий нягтлан *******тай Ч-ӨХШ 23/2 тоот гэрээ хийсэн. Тус гэрээгээр 173,320тн тэжээлийн улаан буудай авсан.

-Арвин хур ХХК-ний захирал *******тай №№04/23 тоот гэрээ хийсэн. Тус гэрээгээр 364,780 тн тэжээлийн улаан буудай авсан. Дээрх тэжээлийн улаан буудайг 2023 02.17-2023.03.03 хооронд "Баян шувуу" ХХК- Баянчандмань дахь үйлдвэрт хүргэж өгсөн. Найз А. Баясгалан руу орсон 40 сая төгрөгөөс буцааж ******* нь 2023.02.18- 03.06-ны хооронд 6,130,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд буцааж шилжүүлж авсан. 2023.03.13-нд 10 сая төгрөг. А. Баясгалангийн данс руу хийсэн. Үндсэн нийт 43,870,000

төгрөгийн задаргаа:

-Урьдчилгаа 12 сая төгрөг *******ийн өгсөн данс руу

-Урьдчилгаа 10 сая төгрөг "Арвин хур" ХХК-ний өгсөн данс руу

-Тээвэр зардал, жолооч Ө. Маралд 139,6тн буудай Гацууртаас Баянчандмань хүргэх хөлс 11,188,800 төгрөг

-Тээврийн зардал, жолооч *******-д 33, 12тн буудай Гацууртаас Баянчандмань хүргэх хөлс 2,649,600 төгрөг

-"Тэлмэн харгуй" ХХК-р нэхэмжлэх Е баримт "Баян шувуу" ХХК-руу бичүүлсэн тул татар, бусад зардал нийт 8,031,000 төгрөг

Найз *******гийн нэр дээрх "Тэлмэн харгуй" ХХК-с "Баян шувуу" ХХК нь 103,778,000 төгрөгийн баримт шивүүлж авсан боловч 53,788,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 50 сая төгрөгийг ******* өөрийн дансаар авсан гэсэн.

-Тухайн өдөр нь 53 сая төгрөгийг иргэн *******ийн явуулсан данс руу хийсэн. *******-д 103,992,000 тэжээлийн улаан буудайн мөнгө өгөхөөс 65 саяыг нь өгсөн тул одоо 38,992,000 төгрөгийн үлдэгдэлтэй.

Иргэн ******* нь мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 2023.06.25-ны дотор төлбөрөө барагдуулахгүй бол алданги тооцож шүүхэд хандах болсон гэсэн. Алданги тооцвол *******аас гаргуулах, үндсэн мөнгө болох 38,992,000

Арвин хур ХХК-с мэдэгдэл ирсэн бөгөөд 2023.06.28-ны дотор төлбөрөө барагдуулахгүй бол алданги тооцож, шүүхэд хандах болно гэсэн. Алданги тооцвол иргэн *******аас гаруулах. Тус компани руу урьдчилгаа өгсөн 10 саяас бусад төлбөр нь "Баян шувуу" ХХК-с орсон боловч үлдэгдэл 14,300,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

Тэжээлийн улаан буудай нийлүүлсэн ашиг

*******өөс авсан 173,32тн 90000=15,598,800 төгрөг

Арвин хур ХХК-тай тохирсны үндсэн дээр тээврээ 2 тал хувааж төлөхөөр гэрээлсэн тул 364,78 тн 770,000-14,300,000 /тээвэр/ -218,868,000=47,712,600 төгрөг

Нийт 62,724,800 төгрөгийн ашигтай ажилласнаас, хоёр тал хувааж авна гэж тооцохоор 31,362,400 авахаар байна. Үүнээс 8,031,000 төгрөг надаа гарах зардал гэж тооцож хасахад 23,331,400 төгрөгийг нэхэмжилж байна.

Нийт 76,623,400 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү" гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

******* нь надаас ямар ч үндэслэлгүйгээр 76,623,400 төгрөг нэхэмжилсэн байна. Учир нь миний зүгээс *******тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл огт байхгүй, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой бус ойлгомжгүй байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байгаа учраас мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, надад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 274 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан *******, ******* нарын нэхэмжлэлтэй *******ад холбогдох 76,623,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдолдоо:

1.Тус шүүх тэжээлийн улаан буудайг худалдах, худалдан авах бидний ам хэлцэл, үйлдэл үйл баримтыг хамтран ажиллах гэрээ гэж үзснийг, тэжээлийн улаан буудайг 2 байгууллагаас худалдан авах гэрээ хийж *******ад тохирсны дагуу үнийн зөрүү гарган худалдсан Б. Баярбатын нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж үндэслэл гаргасныг, мөн буудайг ямар үнээр борлуулсан болох нь нотлогдоогүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

2.Шүүх бидний гэрээний харилцааг ташаа авч үзсэн. Хавтаст хэрэгт худалдах, худалдан авах гэрээнүүд байгаа. Эдгээрийн адилаар бид хоёр Б. Галбадрахтай ам хэлцэл, яриа тохироог хийж тэжээлийн будааны үнийн зөрүү 1 тн нь 170.000 төгрөгийн зөрүү нэмэгдэж гарахаар худалдах, худалдаж авах үйлдэл хийсэн болохоос хамтран ажиллах ямар ч тохиролцоо хийгээгүй, шаардлага зорилго хүсэл зориг байгаагүйгээс гадна ******* биднээс худалдан авсан үнээр буудайг гэрээт байгууллагадаа худалдаж зөрүү мөнгөө авах, төлбөрийг болзолт тохирсон хугацаанд хийх боломж бололцоог ашиглан ам хэлцэл хийсэн үйлдэл үйл ажиллагаа Иргэний хуулийн 243, 244, 262-р зүйлд заасан заалтад харшлаагүй гэж ойлгож байна. Уг хэрэг эхнээсээ аваад дуустал худалдах, худалдан авах гэрээнүүд бичгээр хийгдсэн бөгөөд харин биднийх бичгээр хийгээгүй болохоос ам хэлэлцээр, үйлдэх тохиролцоогоор санаа зорилго дээрх гэрээнүүдтэй ижил байгаа болно. Харин хамтран ажиллах гэрээ ялгаатай, онцлогтой өөр байх.

3.*******, ******* бид хоёр *******тай тэжээлийн буудай авч худалдааны талаар ойлголцож ам хэлцэл хийсний дараа ******* нь "Гацуурт" ХХК-ны ажилтантай болон "Арвин хур" ХХК-ны захиралтай тэжээлийн буудайны гэрээ хийх шаардлага гарч 538,1 тн буудайны 1 тн-г 600.000 төгрөгөөр худалдаг авч *******ад 1 тн-г 770 000 төг-р зарж энэ үнээр Баян шувуу ХХК, Мон-Эгг ХХК-д буудайг худалдаж 414.337.000 төгрөг Б. Галбадрах авсан байх ёстой бөгөөд түүний дансны хуулгыг харахад дээрх 2 байгууллагаас буудайны үнэ гэж 2023.02.15-2023.06.26-ны хугацаанд 1.101.426.400 төгрөг орсон байхад бид 2-н үлдэгдэл 76.623.400 төгрөгийг төлөх боломжтой байсан байдаг. Ямар нэг байдлаар буудайг олж *******ыг мөнгөтэй болгон түүнд буудайг зүгээр өгөөгүй болохоор ******* өгсөн юмаа нэхэх шаардлага гаргах эрхгүй гэх нь ойлгомжгүй болсон. Иргэний хуулиар хэд хэдэн нэхэмжлэгч, хамтран нэхэмжлэгч байх нь нээлттэй билээ. *******гийн хувьд хамтран нэхэмжлэгч гэж үзэж байна. Тэжээлийн буудайн худалдааны гол үйл ажиллагааг эхлүүлсэн, үргэлжлүүлсэн хүн юм.

4.Тэжээлийн буудайг ямар үнээр борлуулсан болох нь нотлогдоогүй үндэслэлийг буруу гэж үзэж байна.

а.Бид хоёртой эхнээсээ 1 тн буудайг 600.000 төгрөгөөр худалдан авч, *******ад өгч тэр бусдад өгч худалдахдаа 770.000 төгрөг байхаар тохиролцсон яриа хэлцэл үнийн үндсэн дээр худалдааны үйл ажиллагаа явуулсан үйлдэл, үйл баримтаар нотлогддог.

б.******* тохиролцсон үнээр буудай авахгүй зөрчил үүсэх бол бидэнд худалдаа наймаа хийх шаардлага байхгүй, дээрх үйлдлийг хийхгүй зогсооно. Иймд анхан шатны шүүхийн 2024.05.09-ны 148/шш2024/00274 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг ханган *******аас тэжээлийн буудайны үлдэгдэл 76 623 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Бичиг баримт нь хангалтгүй гэж хэлсэн. Бичиг баримт нь байгаа. Анх бүх баримтыг баримтжуулаад нэхэмжлэлтэйгээ хамт шүүхэд өгсөн. Тийм учраас бичиг баримтыг асуудалгүй гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2 компанитай будаа худалдан авах гэрээ байгуулсан. Намайг нэхэмжлэгч биш гэж татгалзах үндэслэл байхгүй. Би гэрээ хийж байж, будааг Галбадрахад авч өгсөн. Гэтэл намайг танихгүй мэтээр ярьж байгаа нь сонин санагдаж байна. Нэхэмжлэлээс татгалзах үндэслэл хариуцагчид байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадсангүй гэсэн дүгнэлт хийсэн. Шүүхэд зохих байгууллагаас нь нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч тухайн байгууллага нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

Шүүх будааны зөрүүг 170,000 төгрөг илүү тушаасан гэдгээ нотлоогүй гэдэг. Бид нар 600,000 төгрөгөөр будааг аваад 770,000 төгрөгөөр зарсан. Энэ зөрүүг нэхэмжилсэн. Хэрвээ шүүх нотлох баримтыг хуулийн шаардлага хангаагүй гэвэл анхан шат руу буцааж дахин шийдвэрлэх хүсэлтэй байна. хэрэгтэй. Хариуцагч нотолгоогоо өөрсдөө гаргаж ирээгүй. *******ын дансанд бүгд шилжээд орчихсон. Хүний юм хийж мөнгө авчхаад би энийг өгөхгүй, ашиг өгөхгүй гэж хэлж болохгүй. Нэхэмжлэгч биш гэж *******ыг хэлдэг. ******* анхнаасаа худалдах, худалдан авах гэрээний дагуу явсан. Ганц гэм нь бичгээр хэлцэл хийгдээгүй. Бичгээр хийгдээгүй учраас хамтран ажиллах гэрээ гэж салгаад байна уу?. Бүх худалдах, худалдан авах гэрээг өөрөө хийсэн.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдсэн шийдвэртэй санал нийлж байгаа. ******* нэхэмжлэлийнхээ хувийг гардаж аваад юу гэсэн бэ гэхээр *******тай ямар ч хэлцэл хийгээгүй. Би энэ хүнийг танихгүй гэхэд дундаас нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байсан ******* орж ирснээ ******* надтай харьцсан. Би нэхэмжлэгч гээд нэмэгдээд ороод ирсэн. ******* Баян шувуу компанид 3,000 тонн будаа нийлүүлэх гэрээтэй түүнийгээ л нэхэмжлэгч нарыг ашигла гэсэн гэдэг. Одоо хэргээс харахад *******д огт мөнгө байхгүй байсан юм байна лээ. Урьдчилгаа мөнгөө өгөөд урьдчилгаа 1,000 тонн будаа нийлүүлнэ биз дээ гээд 40,000,000 төгрөг өгчихсөн. Явцын дунд эд нарт будаа байхгүй гэдгийг ******* мэдээд бусад үндсэн компаниудтай нь харилцаагаа үргэлжлүүлээд бүх будааныхаа мөнгийг шилжүүлээд явчихсан. ******* гэх хүн хэнтэй ямар гэрээ хийснийг бид мэдэхгүй. *******, ******* хоёр хоорондоо ямар хэлцэл хийснийг мэдэхгүй. ******* ийм тайлбар өгсөн.

Шүүхэд ямар хүсэлт гаргасныг мэдэхгүй. Хэдэн гэрч асуулгая гэж хэлсэн. Өөр нотлох баримт гаргаж өгснийг мэдэхгүй байна. Эд нар өөрсдөө хаанаас, хэнтэй хийсэн нь мэдэгдэхгүй баахан канондсон цаас шүүхэд өгчихсөн. Энэ баримттууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. ******* шүүхэд үнэн зөв тайлбар өгсөн нь юугаар нотлогдож байна гэхээр эд нарын гаргаж байгаа үйлдлээс харагддаг. *******аа би чамайг танихгүй, би чамтай ямар ч гэрээ хийгээгүй гэж хэлэхэд чи тэгвэл *******тай хийсэн биз дээ гэдэг. Тийм учраас эд нарын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. ******* 50,000,000 төгрөгөө урьдчилаад шилжүүлсэн. Тэрэндээ будаагаа авсан. Бусад компанитай үргэлжлүүлсэн хэлцлийнхээ дагуу төлбөрийг төлчихсөн.

Гацууртын Гантөгс гэдэг хүнээс *******аас нийлж байгаад мөнгө нэхэх гээд байгаа юм шиг байна лээ. Тэрийг ******* төлөх ёстой гэдгийг огт ойлгохгүй байна. ******* маш тодорхой үгүйсгэж байгаа. Би энэ хүнийг танихгүй гэдэг. Та нар хамтран ажиллах гэрээ юм уу, ямар нэгэн байдлаар будаа нийлүүлж, өөр газар өгч ашиг олох гэж байгаа бол та нараас нэг төгрөг гарсан уу? гэхэд бид нараас юу ч гараагүй гэж хэлсэн. Энэ бол хуульд нийцэхгүй, бодит байдал дээр ч байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримт хуульд нийцээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******ад холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг 76.623.400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* ...би *******ыг танихгүй түүнтэй ямарч эрх зүйн харилцаанд ороогүй, *******тай гэрээ хэлцэл хийгээгүй, 76.623.400 төгрөгийг төлөх үүрэггүй гэж маргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэл болов.

4.Нэхэмжлэгч *******аас 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаатай холбоотойгоор гэрч асуулгах, тодорхой компаниас санхүүгийн баримт гаргуулан авах тухай хүсэлт гаргасныг шүүгчээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 02157 тоот захирамж гарган нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авах, , Мон Эгг ХХК-иудаас санхүүгийн баримт гаргуулан авахаар шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжийн дагуу , Мон Эгг ХХК-ий зүгээс хавтаст хэргийн 69-73 дугаар талд авагдсан баримтуудыг хуулбарлан ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтуудыг шүүхэд ирүүлжээ. Шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй талаар шүүгчийн туслахаас утсаар мэдэгдсэн боловч шаардлага хангуулж ирүүлж чадахгүй талаар хариу мэдэгдсэн тухайн тэмдэглэл хэргийн 68 дугаар талд авагдсан байна.

Дээрх захирамжийн биелэлтийг хуульд заасан арга хэлбэрээр хангуулж хэргийг шийдвэрлэх үүргийг шүүгч хуулиар хүлээдэг бөгөөд Монгол улсын Үндсэн хууль болон тус улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд хууль тогтоомж, шүүхийн шийдвэр, захирамжийг ёсчлон биелүүлэх нь иргэн бүрийн үндсэн үүрэг юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан тул нотлох баримтыг шүүх бүрүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл шүүх энэхүү үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн шаардлагыг хангуулан баримтыг бүрдүүлсэний эцэст хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нь хууль ёсны болон тэгш эрхийн зарчимд нийцнэ.

5. Иймд нэхэмжлэгчид болон тэдний өмгөөлөгчийн зүгээс гаргасан ...Анхан шатны шүүх оролцогчдын эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон, нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 274 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

6.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон нэхэмжлэгч нарын ..нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн.. гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 274 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж нэхэмжлэгчдийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчдээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 541.067 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Bottom of Form