Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/97

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтох, түүний өмгөөлөгч Н.Очирбат, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Дарханбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Наймынхан овогт Дарханбаатарын Насантогтоход холбогдох эрүүгийн 1936000000101 дугаартай, 178/2018/0095/Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 сарын 31-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2001 оны 06 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 17 нас, 11 сар 08 хоногтой, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, Ховд аймгийн Ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 11-А ангийн сурагч, ам бүл-4, эцэг эх, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 5-10 тоотод оршин суух, аминдаа гэр нэг, 200000 толгой малтай, сарын өрхийн орлого 330000 төгрөг, ял шийтгэлгүй, ПН01263012 регистрийн дугаартай, Наймынхан овогт Дарханбаатарын Насантогтох Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/: Өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтох нь 2019 оны 5 сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Толхын ойл”-ын байрны гадна К.Авдолын “LG” маркийн гар утас,183.000 төгрөг булааж зугтсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн “Толхын Ойл”-ын 12-02 тоотод оршин суух, 1978 оны 09 сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, /ПО78091418 дугаарын регистртэй/ Нура овогт Каземетийн Авдолын өгсөн ... 2019 оны 05 сарын 2-ноос 03- нд шилжих шөнө 02 цагийн үед Наран багт байрлах “Толхын Ойл” байранд байдаг гэрээс найз Б.Баатарбекийг зүүн хаалганд хүргэж өгөх гээд явж байтал “Бааз”-ын дэлгүүрийн дэргэдээс нэг үл таних залуу ирээд “та хоёр нэлээд согтсон байна хүргээд өгье” гээд бид хоёрыг дагаад Б.Баатарбекийн гэрт очоод цай уусан. Б.Баатарбекийн эхнэр түүнд 2000 төгрөг өгсөн. Би түүнийг гэрээс гарсны дараа 15 минут болоод Б.Баатарбекийн гэрээс гарсан. Намайг тэдний гэрээс гарч ирэхэд нөгөө залуу хашааны үүдэн дээр байсан. Тэр залуу намайг дагаж явж байгаад “Толхын Ойл” байрны үүдэн дээр ирэх үед утсаараа яриулчих гэхээр нь утсаа өгөх үед намайг дэгээдэж унагаад миний карманд байсан бэлэн мөнгө 183000 төгрөгийг булааж зугтаасан. Би цагдаа руу гүйж ороод дуудлага өгсөн. Би араас нь хөөх гэсэн боловч хөл муутай тул хөөж чадаагүй. Би гар утас болон бэлэн мөнгөө авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67-р хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Жайна нь гэрчээр өгсөн: Би 2019 оны 5 сарын 2- ноос 3-нд шилжих шөнө би гэртээ унтаж байхад манай нөхөр Б.Баатарбек, К.Авдол нар болон өөр нэг танихгүй монгол залуу ирсэн. Тэгээд байж байгаад би тэр монгол залууд энэ хоёрыг авч ирсэнд баярлалаа нэгж авч хийгээрэй гээд 2000 төгрөг өгөөд тэр залууг явуулсан. Тэгээд тэр залуу явсны дараа К.Авдол манайхаас гарч явсан. Тэгтэл маргааш нь буюу 2019 оны 5 сарын 3-ны өдөр К.Авдол манайд ирээд” би танайхаас өчигдөр орой гарч явж байгаад гар утас мөнгөө алдчихлаа, чи Баатарбек бид хоёртой хамт ирсэн залууг чи дахиж харуул таних уу” гэсэн би тухайн залууг танина гэхэд К.Авдол цагдаа руу явсан. К.Авдол нь “LG” гэсэн бичигтэй, андройд утас барьдаг. К.Авдол нь мөнгөтэй байсан. Намайг тэр хүүхдэд мөнгө өгөх үед би өгнө гээд гадна талд нь 20000 төгрөгтэй эвхээстэй мөнгө карманаасаа гаргаж ирээд буцаагаад хийсэн. К.Авдол болон манай нөхрийн хамт ирсэн залуу нь бордуу царайтай, 170 см өндөр, 18-20 насны орчим, хар өнгийн саравчгүй бичиггүй малгайтай, хар өнгийн куртиктэй, саарал өнгийн цүнк үүрсэн залуу байсан ... гэх мэдүүлэг.... /хх-ийн 6-р хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баатарбекийн гэрчээр өгсөн... Би тухайн өдөр К.Авдолын гэрт очоод түүнтэй 0.5 граммийн Ерөөл архи уугаад 00 цагийн тэднийхээс гарсан. Би архи их уусан байсан тул сайн мэдэхгүй байна. Би тэдний гэрээс түрүүлж гарсан, миний хойноос К.Авдол ирээд хүргэж өгсөн байсан. Тэр үед бид хоёртой танихгүй залуу ирээд гэрт цай уугаад гарсан бөгөөд тэр үед манай эхнэр 2000 төгрөг өгөөд явуулсан. Гэтэл өглөө К.Авдол гар утас, мөнгө алга боллоо гээд манайд ирсэн. Манай гэрт ирэх үедээ 200000 төгрөг алга болсон байна гэж байсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 07-08 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч У.Цэнд-Аюушийн өгсөн... Энэ өдөр манай найз Д.Насантогтох манай гэрт ирж хоносон. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан ба түүнийг дуудсан. Тэр шөнө 00 цагийн үед ганцаараа ирсэн. Манай найз архи уугаагүй эрүүл байсан. Би мөнгийг бол хараагүй. “LG” маркын гар утас байхаар нь хэнийх болохыг асуухад манай ахын гар утас гэж байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 14-15 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд С.Тайбаагийн гэрчээр өгсөн... Энэ өдөр нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байхад Баатарбек орж ирээд манай нөхрийн хамт хоёр шил архи уусан. Баатарбек 00 цагийн манай гэрээс гарах үед манай нөхөр хүргэж өгөөд ирнэ гээд хамт гарсан. Тэгээд манай нөхөр нэг их удалгүй ирээд “цагдаагийн газар ороод ирлээ гар утас, мөнгөө нэг залууд дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Манай нөхөр “LG” маркийн гар утас барьдаг юм. Тэр өдөр цалин буусан учраас мөнгөтэй байсан. Гэтэл согтуу явж байгаад дээрэмдүүлсэн байсан. Надад манай нөхөр 183000 төгрөг байсан гэж хэлсэн. Манай нөхрийг дээрэмдсэн хүүхэд баригдсан учраас мөнгө, гар утсаа авсан. Одоо ямар нэгэн асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/ Гар утас үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт... “LG” маркын гар утас -70000 төгрөг / хэргийн 26-27 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтохын хэргээ хүлээн мэдүүлсэн... Намайг 2019 оны 05 сарын 02-ны өдөр хичээл тараад гэртээ хариад байж байтал орой 22 цагийн үед найз Цэнд-Аюушийн гэрт очиж хонохоор явсан. Гэрээс гараад урд хашааны Баттүшигийн гэрт ороод ярьж сууж байгаад 00 цагийн үед тэднийхээс гарсан. Цагдаагийн газрын дэргэдээс найз нараасаа салаад 2 дугаар сургуулийн хойд талд явж байтал нэг согтуу ах надаас зам асуухаар хүргэж өгөх гээд хамт явж байтал араас нь нэг согтуу ах ирсэн. Би найз нь байгаа юм хүргээд өгнө гээд хамт яваад нөгөө ахын гэрт очсон. Нөгөө ахын гэрт очоод намайг гарах гэхэд эхнэр нь надад 2000 төгрөг өгсөн. Тэгээд хашаанаас нь дээшээ гараад найзууд руугаа залгах гэтэл миний нэгж дууссан байсан. Тэгтэл нөгөө хүргэж өгсөн ах араас ирэхээр нь утсыг нь гуйж аваад найзууд руугаа яриад явж байтал “Толхын Ойл” байрны гадна ирсэн. Нөгөө ах утсаа өг гэхэд би арай ярьж дуусаагүй байна гээд цааш түлхсэн. Тэр ах намайг гэрлүүгээ авч орно гэхээр нь түлхэж хаячихаад карманд нь байсан 183000 төгрөгийг нь аваад явсан. Тэгээд найз Цэнд-Аюушийн гэрт очиж хоносон. Надад мөнгөний хэрэг болсон тул ийм хэрэг хийсэн. Би ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Гэм буруугаа ойлгож байна. Дахин хэрэг үйлдэхгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг зэрэг болно. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтох нь 2018 оны 05 сарын 02-03-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт “Толхын ойл”-ын байрны ойролцоо хохирогч К.Авдол болон түүний найз Б.Баатарбек нартай тааралдаж, тэднийг согтуу байсан тул гэрт нь хүргэж өгсөн, Б.Баатарбекийн эхнэр Т.Жайна нь нөхрийг нь согтуу байх үед гэрт хүргэж өгсөн гэж Д.Насантогтоход талархан 2000 төгрөг өгсөн. Д.Насантогтох нь Б.Баатарбекийн гэрээс гараад явж байтал түүний араас К.Авдол ирсэн ба Д.Насантогтох нь К.Авдолын гар утсыг гуйж утсаар ярьж явж байгаад түүнийг утсаа авах гэхэд өгөлгүй түлхэж газар унаган, түүний карманд байсан 183000 төгрөгийг авч зугтаасан хэргийн бодит байдал тогтоогдож байна. Өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтох нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтохын ... 2019 оны 05 сарын 02- ноос 03 нд шилжих шөнө К.Авдолын 70000 төгрөгний үнэ бүхий гар утсыг нь утсаар ярьчихаад өгье гэж аваад, утсаа авах гэхэд цааш түлхэж газар унаган, өмднийх нь карманд байсан 183000 төгрөгийг авч зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан...бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтохыг ...бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Иймд Ховд аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтохын бусдын 70000 төгрөгний үнэ бүхий гар утас, 183000 төгрөгийг илээр авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг: Хохирогч К.Авдол нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ...өөрийн 183000 төгрөг, 70000 төгрөгний үнэ бүхий гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй ...талаараа мэдүүлсэн тул өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтохыг хохирогчид учирсан хохирол 253000 төгрөгний хохирол төлөгдсөн гэж үзнэ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Өсвөр насны шүүгдэгч Наймыхан овогт Дарханбаатарын Насантогтох нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 45 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч М.Ариунаагийн өгсөн...манай хүү Д.Насантогтох нь 2001 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 17 настай, манай том хүү, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ийм гэмт хэрэг үйлдснийг одоо мэдэж байна. Түүнийг мөнгө нэхсэн үед нь өгч байсан... гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар хуудас/, Б.Болормаагийн өгсөн... Би Д.Насантогтохын ангийг 2014 онд дааж аваад өнөөдрийг хүртэл анги удирдан багшилж байна. Д.Насантогтох нь хичээл таслаад байдаггүй, эцэг, эхийн хараа хяналт сайн, ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, зан чанарын хувьд нөхөрсөг тусархуу хүүхэд. Д.Насантогтох нь цаашид суралцаж хүмүүжих боломжтой ...гэх мэдүүлэг / хэргийн 18-19 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтох нь гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн А бүлэгт суралцдаг байсан, 17 нас, 10 сар, 02 хоногтой байсан, цаашид сургуульдаа суралцаж хүмүүжих боломжтой болох нь хэргийн 43 хуудас дахь нас тоолсон баримт, Наймынхан овогт Дарханбаатарын Насантогтохын 2001 оны 06 дугаар сарын 30- ны өдөр төрсөн, ПН 01263012 дугаарын регистртэй, цахим үнэмлэхийн хуулбар баримт, 0067797 дугаартай сурагчийн хувийн хэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримт, Анги удирдсан багш Б.Болормаагийн... Д.Насантогтох нь Ховд аймгийн Ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 11 А бүлэгт суралцдаг, сурах арга барил сайтай, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, багаар ажиллах чадвартай, хамт олны дунд төлөвшил сайтай манлайлагч сурагч... гэх тодорхойлолт, хууль ёсны төлөөлөгч М.Дарханбаатарын өгсөн... Манайх нэг охин, нэг хүүтэй, том хүү Д.Насантогтох нь хичээлдээ сайн, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй,шөнө оройн цагаар намайг байх үед гарч байгаагүй, тухайн үед намайг хөдөө явсан үед гэрээсээ гарсан байсан. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтох нь К.Авдолд учруулсан хохирол 253000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн дүгнэлтэд: Өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтох нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан ... бусдын эд хөрөнгийг, илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заснаар 7 сарын хорих ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурдаж байна гэв. Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтох нь бусдын эд хөрөнгийг, илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байна. Харин улсын яллагчийн санал болгосон 7 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 7 сарын хугацаагаар хойшлуулж, шийдвэрлэн цаашид суралцах боломжоор хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан ...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж өгнө үү гэв. Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтохыг...бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, Өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтохын насанд хүрээгүй, 17 нас, 11 сар, 08 хоногтой, ерөнхий боловсролын дунд сургуульд суралцдаг зэрэг байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтоход 1 жилийн хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэхээр тогтов. Эрүүгийн 1936000000101 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтох нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 253000 төгрөгийг төлсөн, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4,18.1, 18.2, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Өсвөр насны шүүгдэгч Наймыхан овогт Дарханбаатарын Насантогтохыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Наймынхан овогт Дарханбаатарын Насантогтоход 1 жилийн хорих ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтоход оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 4.Эрүүгийн 1936000000101 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтох нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 235000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтоход 1 жилийн хорих оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 6.Өсвөр насны шүүгдэгч Д.Насантогтоход урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА