Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2024/00056

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 208/МА2024/00056

 

 

******* ******* банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны ргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 148/ШШ2024/00360 шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* банк

Хариуцагч *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний дагуу 112,364,860 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

Хэргийг хариуцагч ******* түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* /цахим/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* ******* банк нь нэхэмжлэлдээ: "******* ******* банк" ХХК нь зээлдэгч *******той байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 35/97 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний (Зээлийн гэрээ)-ний дагуу 62,000,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7-р багийн ардчилал 1-60-06 тоот хаягтай 29.0 м.кв талбай 2 өрөө бүхий орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн БГ/01 тоот Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. ******* нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2020 оны 02 дугаар сарын 25-наас эхлэн зөрчсөн бөгөөд нийт 8 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 6,000,000 төгрөг, зээлийн хүүд 8,791,392 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,100 төгрөг, нийт 14,793,492 төгрөгийг төлсөн бөгөөд. 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна. Тус банк нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрд тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэг ч бодиттой төлөлт огт хийгдээгүй. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 56,000,000 төгрөг, зээлийн хүүд 50,094,350 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,270,510 төгрөг, нийт 112,364,860 төгрөгийг тус банканд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байх тул Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 24, 26-р зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41-р зүйлийн 41.1-ийг тус тус үндэслэн нийт 112,364,860 төгрөгийг төлүүлэх, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд тус банкнаас 2019.05.29-ний өдөр 3Г/97 тоот бизнест хэрэглэх зорилгоор зээлийн гэрээ байгуулж 62,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлээд эхний үед эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан боловч ковид цар тахлын улмаас хил, гааль хаагдаж миний хийж байсан бизнес маань зогссон юм. Би уг нь тухайн үед ОХУ-ын Улаан-Үдэ хотод Дагестан улсын иргэн Алектай хамтран бүх төрлийн машины дугуй зардаг бизнес эрхэлдэг байсан боловч Алек ковид өвчнөөр нас барсан, мөн хил гааль хаагдснаар бизнес маань үргэлжлэн явагдах боломжгүй болсон. Би энэ байдлаа хэлж банкнаас хүүгээ зогсоож өгөхийг хүссэн мөн бичгээр удаа дараа өргөдөл хүсэлт өгч, утсаар холбогдсон боловч банкны талаас ямар нэгэн хариу өгөөгүй өдий хүрсэн. Би энэ зээлээс үндсэн зээл 6,000,000 төгрөг зээлийн хүүд 8,791,392 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2100 төгрөг, нийт 14,793,492 төгрөг төлсөн. Банк надаас үндсэн зээлд 56,000,000 төгрөг, зээлийн хүүд 50,094,350 төгрөг. нэмэгдүүлсэн хүүд 6,270,510 төгрөг, нийт 112,364,860 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд банкийг хохироохгүйн тулд үлдэгдэл мөнгөө төлж болно. Гэхдээ барьцаа үл хөдлөх хөрөнгөөр зээлээ төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлээс гадна тодорхой хэмжээний хүү төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн зээлийн төлбөр болох 56,000,000 төгрөг дээр нэхэмжилж буй хүүгийн тал хувийг нэмж нийт нэхэмжлэлийн үнийн дүнгийн тал хувиар нь төлөх саналтай байна. Би 70,000,000 төгpөr төлнө гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би энэ зээлийг аваагүй. Зээл авсан хүн маань эрүүл саруул, хэвийн ажил төрөл нь явагдаж байгаа учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 148/ШШ2024/00360 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан *******оос 106,064,350 төгрөг гаргуулан ******* ******* банканд олгож, үлдэх 6,300,510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон *******д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг Ардчилал 1 дүгээр гудамж 1-60-06 тоотод байрлах 29 мкв талбай бүхий ******* дугаартай орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 688,272 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банканд олгохоор ...шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багт үйл ажиллагаа явуулж байсан ******* ХААН банкны салбартай зээлдэгч Мэдийн Ганболд 2019 оны 05 сарын 19-ны өдөр 35/97 тоот Зээлийн гэрээг байгуулсан байдаг. Энэ салбарын үйл ажиллагаа ******* ХААН банкны төв болон Дархан-уул аймгийн салбарт шилжсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Энэ салбарын өмнөөс төв "******* ХААН банк буюу Дарханд үйл ажиллагаа явуулж байгаа салбар банк нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр маргаан үүсэж байгааг анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.4 хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдсан, улсын бүртгэлээс хасагдсан бол үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдож байгаа болно.

Сэлэнгэ аймаг дахь салбар "******* ХААН" Банк нь зээлдэгч *******той 2019 оны 05 сарын 29-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа мөн өдрөөс 2021 оны 11 сарын 29-ний өдрөөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болохоор гэрээнд хугацааг тогтоосон байдаг. Тэгвэл 2019 оны 5 сарын 29-ны өдрөөс 2021 оны 11 сарын 29-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаанд хүү төлөхөөр гэрээгээр зохицуулсан байхад шүүх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаагаар хүү тооцож гаргахаар шийдвэрлэсэн нь энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2021 оны 11 сарын 29-ны өдөр нэхэмжлэгч талын зээлээ төлүүлэх шаардлага гаргах эрх үүссэн байна. Гэтэл 2024 оны 03 сарын 19-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь өөрсдийн шаардах эрхийг үүссэн өдрөөс нэхэмжлэл гаргаагүй өөрсдийн буруутай үйлдлээс шалтгаалан хүүг илүү нэхэмжилсэн гэж үзэж байна.

Хэргийн 4 талд *******ын гаргасан тооцоолбор нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул нотлох баримтаар үнэлэхгүй байх санал тавьсан бөгөөд энэ тооцоолбороор шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон.

Барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийн /зээлийн барьцаанд ******* дугаарт бүртгэлтэй 20 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны дүнгээр нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад тэмдэгтийн хураамж, төлөх заалт хэрэгжээгүй болно.

Дэлхий нийтээрээ "Ковид цар тахалд нэрвэгдэж хилийн боомтууд хаагдаж хилээр бараа зөөдөг хүмүүсийн бизнесийн үйл ажиллагаа хаагдсан нь нийтэд илэрхий үйл явц, гамшиг гэж үзэж байна. Үүнийг нотлох үүднээс хэрэгт Засгийн газраас аймгаас авч хэрэгжүүлж байсан тогтоолуудыг татан авч хэрэгт хавсаргуулсан боловч шүүх энэ нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гэрээнд тогтоосон хугацаанд төлөх хүүг тооцон хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. ******* ******* банкны Сэлэнгэ дэх салбар татан буугдсан. Яагаад татан буугдсан талаарх байхгүй байгаа вэ гэхээр хариуцагч талаас ямар нэгэн нотлох баримт гаргуулж өгнө үү гэдэг хүсэлтийг тавьж өгөөгүй учраас манай талаас хавсаргаагүй. Банкны салбарын гүйцэтгэх захирлаас тухайн зээлийн шүүх хуралдаанд оролцох хуулийн дагуу бүх эрхийг Г.******* гэх хүнд олгож байна гэсэн итгэмжлэл байгаа учраас төлөөлөөд оролцох бүрэн эрхтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус шийдвэр гэж үзэхгүй байгаа. Манай талаас нэхэмжилсэн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн үнийн дүнг хасаж өгсөн. ******* ******* банкнаас гаргасан 112,364,860 төгрөгийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлийн шаардлага, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг бүрэн дэмжиж оролцсон. Салгаж ойлгоод байх шиг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. 2019 онд ******* ******* банкнаас 62,000,000 төгрөгийн зээл авсан. Ковид-19 гарснаас болж бизнес маань зогссон. Түүнээс хойш мөнгөө төлөөгүй. Ковид-19 гарсан хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* ******* банкны салбарт хүүн дээрээ арга хэмжээ авч өгнө үү хэмээн өргөдөл санал гомдол зөндөө өгсөн. Нэг ч хариу ирээгүй. Жил гаран хоёр жилийн дараа яасан нь мэдэгдэхгүй байж байтал Дархан-Уул аймгаас хэн нь мэдэгдэхгүй хүн ******* ******* банкнаас ярьж байна гэсэн. Энэ их хүүг нэхэж байгаад үнэхээр гомдолтой байна. Надаас шалтгаалаагүй хил гааль хаагдаж, ийм байдалд орсон. Үл хөдлөх хөрөнгөөр зээлийг төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би авсан мөнгөө төлнө. Хүүнээс нь хөнгөлж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан ******* ******* банкны эрх үүрэг, өр төлбөр нь Дархан-Уул аймгийн ******* ******* банканд шилжсэн тухай нэг ч үг, өгүүлбэр нотлох баримт хэргийн материал дотор байхгүй байхад Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ******* ******* банк *******оос өнөөдөр зээлийн гэрээний үүргийн талаар нэхэмжлэх эрх байхгүй байна гэж үзэж байна. Төв байгууллага нь манай банк итгэмжлэл олгож байна гэсэн болохоос *******, *******той холбоотой хэрэг дээр ******* ******* банкийг төлөөлж оролцоно гэсэн итгэмжлэл огтоос байхгүй.

Иргэний хуулийн 283 дугаар зүйл 283.4-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн хүүг жил болгон төлнө гэж заасан. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ЗГ97 гэсэн дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Дуусах хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болохоор 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулж, дуусах хугацаагаа заачихсан. Энэ хугацаандаа хүүг төлнө гэсэн зохицуулалтаар хүүг илүү нэхэмжилж аваад байна гэсэн үндэслэлийг гаргаж ирж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Тамга тэмдэг байхгүй, хэн авсан нь тодорхойгүй хуулбар юм уу, цахимаар ирсэн юм уу гэмээр нотлох баримт байгаад байдаг. Нотлох баримтын тооцолбороор анхан шатны шүүх хүүг тооцож 106,000,000 төгрөг гаргахаар шийдсэн. Өмгөөлөгчийн зүгээс яагаад гомдол гаргаад байна гэхээр нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүх үнэлээд үүний дагуу хүү тооцож байгаа нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасныг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны явцад нотлох баримтын шаардлага хангахгүй учраас нотлох баримтад тооцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар үндэслэх хэсэг дээрээ тусгаагүй. Нотлох баримт үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй.

Тэмдэгтийн хураамж дээр зөвхөн үнийн дүнтэй зохицсон тэмдэгтийн хураамжийг төлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага маань хоёр шаардлага байгаа. Нэгдүгээрт 112,364,860 төгрөг гаргуулах, хоёр дахь шаардлага нь барьцаалаад байгаа үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах гэсэн шаардлагууд байгаа. Тэгэхээр шаардлага болгон дээр тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага дээр огт тэмдэгтийн хураамж төлөөгүй. Энэ хүмүүс зөвхөн 112,364,860 төгрөгийг авъя гэсэн байр суурийг илэрхийлж, нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцсон. Үүргийн гүйцэтгэлээр барьцаа хөрөнгийг хангуулахыг огтоос дэмжээгүй. Тэгэхээр тэмдэгтийн хураамж төлөөгүй нөхцөл байдал дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдэж байгаа шийдвэр өөрөө хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадахгүй байна.

Дэлхий нийтэд илэрхий цар тахал, ковид-19 өвчин үүссэн байна гэдгийг нотлох үүднээс Засгийн газрын хэрэгжүүлж байсан бүх тогтоолуудыг татуулж авсан. Ийм нөхцөл байдал үүссэн учраас бизнес эрхэлдэг *******ын хувьд ОХУ-руу гарч дугуйн бизнес эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Үүнээс болж хүүгээ төлж чадахгүй, үндсэн зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй учир барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3.Хэргийг судлан үзвэл:

Зохигчид 62,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/97 тоот зээлийн гэрээг 30 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэйгээр байгуулсан ба гэрээний үүргийн баталгаа болгон БГ/01 тоот барьцааны үл хөдлөх хөрөнгийн гэрээг тус тус байгуулснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний эргэн төлөлтийг хийгээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн байх ба хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаа ОХУ-ийн хилээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нэвтэрч автомашины дугуй зарж борлуулдаг бөгөөд үйл ажиллагааныхаа орлогыг үйлчлүүлэгч нараасаа хүлээн авч тухайн орлогоосоо гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлөлт хийдэг байсан, 2020 оны 11 сард дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын тогтоол түүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн засаг даргын захирамжаар Монгол улсын хилээр гадагш зорчих иргэдийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хязгаарласантай холбоотойгоор орлогогүй болсон, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан ******* ******* банк-ны салбар татан буугдсанаар зээлийн гэрээтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байдалд хүрсэн гэж тайлбарлажээ.

Зохигчид нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээний үүрэг зөрчсөн талаар маргаагүй харин давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үндэслэлээр гэрээний үүргийг зарим хэсгийг буюу зээлийн хүүгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргасан байна.

 

4.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй ба мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

5.Хэрэгт авагдсан баримтаар: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусахаар байсан бөгөөд ******* ******* банк ХХК нь зээлийн гэрээг дуусснаас даруй 02 жил 04 сарын дараа нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 56.000.000 төгрөг, зээлийн хүү 50.094.350 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.270.510 төгрөг, нийт 112.364.860 төгрөг гэж тодорхойлж, зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцжээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн төлөөгүй гэрээгээ зөрчсөн байх ба 2020 оны 11 сард дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 63 тоот, 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 тоот, 07 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот, 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот итогтоол болон Сэлэнгэ аймгийн засаг даргын захирамжаар Монгол улсын хилээр зорчих иргэдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах шийдвэр гарсан, ******* ******* банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 242 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймаг Сүхбаатар хотод байрлах Сэлэнгэ тооцооны кассыг 2020 оны 09 дүгээр сарын 30-н өдрөөр тасалбар болгон татан буулгасан нь нийтэд тодорхой үйл баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар ******* ******* банк ХХК нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлэх ямар нэгэн үр дүн гаргахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал гэж үзэн гэрээг цуцлах боломжтой талаар Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасан зохицуулалтын дагуу гэрээг цуцлах боломжтой түүнчлэн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сард дууссан байхад нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах, гэрээний үүргийг биелүүлэх талаар шаардлага гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь зээлдэгчийг гэрээний үүргээ төлж чадахгүй болсон нөхцөл байдлаа удаа дараа тайлбарлан холбогдох арга хэмжээ авах талаар хүсэлт гаргаж байсан талаар хариуцагч шүүхэд тайлбар гаргасан боловч энэ нь холбогдох баримтаар нотлогдоогүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхээ эдлээгүйгээс мөн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахгүй 02 жил 04 сарыг өнгөрүүлсэн нь зээлийн гэрээний хүүгийн төлбөр нэмэгдэх нөхцөл байдалд хүргэсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

6.Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг зөрчсөн талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Ковид-19 цар тахал Монгол улс төдийгүй, дэлхий нийтээр тархсан, уг цар тахлын улмаас нийтийг хамарсан хөл хорио тогтоосон нь нийтэд ил нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд хариуцагч ******* нь Монгол улсын хилээр зорчиж ОХУ-д автомашины дугуй борлуулах бизнес эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, Монгол улсын Засгийн газрын тогтоол болон аймгийн засаг даргын захирамжуудаар 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг дуустал хөл хорио тогтоож хариуцагч нь үйл ажиллагаа явуулаагүй байх тул дээрх 01 жил 09 сарын хугацааны буюу үндсэн зээл 56.000.000 төгрөгөөс сарын 1.8 хувиар хүүг дундажлан 1.008.000 төгрөгөөр тооцон 21 сараар тооцвол 21.168.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага буюу хүү 50.094.350 төгрөгнөөс хасч тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчаар татагдсан *******гийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байгааг дурьдаад нэхэмжлэгч байгууллага давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэх шаардлагагүй гэж үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан *******оос 84.926.350 төгрөг гаргуулан ******* ******* банканд олгож, үлдэх 27.438.510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон *******д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар төлсөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789.944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 579,432 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 688.271 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээнд тохирох буюу 393.128 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

  

,810Г

Bottom of Form