Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1430

 

    ХХХ, ХХХ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Дамдин-Од, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/03326 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 244 142 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч ХХХийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ, ХХХХ,

Хариуцагчийн төлөөлөгч: ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч ХХХ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, өмгөөлөгч ХХХХ, ХХХХ нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

ХХХ, ХХХ бид 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр "ХХХХ" -ийн төв оффисын байрны 6 дугаар давхарт "ХХХХ" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ХХХын хүсэлтээр уулзаж тохиролцсоны дагуу ХХХ 140 000 000 төгрөг, ХХХ 150 000 000 төгрөг, нийт 290 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай буюу 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл "ХХХХ" XXК-д зээлдүүлсэн. 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр "ХХХХ" ХХК-ийн Голомт банк дахь 1405009148 тоот дансруу ХХХийн Голомт дахь1505017327 тоот данснаас зарлага гарган "зээл" гэсэн утгатайгаар гүйлгээ хийж шилжүүлсэн.

 "ХХХХ" ХХК нь  ХХХөд 2014 oны 08 дугаар сард 20 000 000 төгрөг, 500 ам.доллар буюу 853 000 төгрөг, 5 000 000 төгрөг, нийт 25 858 000 төгрөгийг төлсөн.

ХХХид “ХХХХ" ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг буцаан төлсөн.

Гэтэл анх тохиролцож зээл өгсөн хугацаанаас хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрч зээл төлөгдөөгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, "ХХХХ" ХХК-иас ХХХид төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 120 000 000 төгрөг, ХХХөд 124 142 000 төгрөг, нийт 244 142 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд “ХХХХ” ХХК-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 120 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. "ХХХХ" ХХК-ийн толгой компиани болох “ХХХХ”-ын Ерөнхийлөгч ХХХ, ХХХ бид 2011 оноос “ХХХ” ХХК-д ХХХ захирал намайг Ерөнхий захирлаар, ХХХийг компанийн ерөнхий инженер, үйлдвэр хариуцсан захирлаар томилон ажиллуулсан. Бидэнд компанийг сайн авч яваарай гээд 20 хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж итгэл хүлээлгэсэн.

2013 оны эхээр ТУЗ-ийн гишүүн ХХХ, ХХХ, ХХХ, ХХХ зэрэг гишүүд хуралдаж компанийн орлогоос ногдол ашиг хуваарлаж гүйцэтгэх захирал ХХХ миний данс руу 513 000 000 төгрөг ХХХөд 480 000 000 төгрөг тус бүр шилжүүлсэн. ХХХ өөрийнхөө ногдол ашгийг бас авсан. Харин ХХХ-д тухайн үед хир их мөнгө шилжүүлснийг мэдэхгүй байна.

 Энэ талаар ХХХ дарга биднийг дуудаж компанийн татварын асуудлыг төлж дуусаагүй байхад компанийн орлогоос ногдол ашиг хуваарласан нь буруу шийдвэр байна. Та хувирласан мөнгөнүүдээсээ буцааж өг гэж шаардлага тавьсан. Энэ үед би 130 000 000 төгрөгийг ХХХийн данс руу шилжүүлж, ХХХ нэгтгээд шилжүүлэхээр болсон. ХХХ захирал нь “ХХХ” группын ерөнхийлөгч бөгөөд ХХХ ХХК болон “Хаан алмаз” ХХК нь группийн Ерөнхийлөгч ХХХ болон захирлуудын зөвлөлд захирагддаг нэгдсэн удирдлагатай компаниуд юм.

ХХХ зээл гэж бичээд шилжүүлэх санаа төрж ямар ч зээл биш мөнгийг “ХХХХ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. ХХХ надад зээл гээд шилжүүлчихсэн одоо шүүхээр нэхэмжлээд авчихна гэж сүүлд хэлсэн. Авах ёсгүй мөнгө нэхсэндээ харамсаж байгаа бөгөөд өөрийн зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ хэргийг хаах байдлаар татгалзлаа батлуулах хүсэлт гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХ болон түүний өмгөөлөгч ХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн ХХХ, ХХХ нартай зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд ямар ч мөнгө зээлээгүй. Дансаар шилжүүлсэн гэх 290 000 000 төгрөгийн асуудал нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр компанид оруулсан хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч этгээдэд буцаан төлсөн байдаг. Ийнхүү буцаан төлөхдөө дансны гүйлгээний утга дээр "зээл" гэж бичсэнээрээ өнөөдөр зээл гэж тайлбарлаж байгаад гайхаж байна. Түүнээс өөрөөр 290 000 000 төгрөг зээлсэн зээлдүүлсэн асуудал байхгүй бөгөөд зээлийн гэрээ хийгдээгүй.

"ХХХХ" ХХК нь "ХХХХ" ХХК-ийн охин компани бөгөөд мөн группын өөр нэг охин компани нь "ХХХ" ХХК юм. ХХХ нь гүйцэтгэх захирлаар, ХХХ нь Үйлдвэрлэл хариуцсан захирлаар манай компанид тус тус ажилладаг бөгөөд энэ хоёр хүн компаниудын хөрөнгө мөнгийг өөрийн юм шиг дур мэдэн зарцуулж, ашиглан шамшигдуулж ирснийг саяхан санхүүгийн шалгалтаар илрүүлсэн. Энэ үйлдэл дээр нь цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно. Учир нь ямар нэгэн ногдол ашиг хуваахдаа эхлээд хөрөнгө оруулалтаа буцаан төлсөн байх ёстой байдаг гэж хэлээд ногдол ашгийг буцаан төвлөрүүлье гэсэн зүйлийг бид ярьсан.

 Гэтэл эдгээр хүмүүс ногдол ашгийн мөнгөөрөө байр авсан байсан. Ингээд 2013 оны 02 дугаар сарын 27-ны  өдрөө буцаан төвлөрүүлье гэсэн,  тогтоолд гарын үсэг зураагүй.  2013 оны 03-р сарын 01-ний өдөр ХХХ, ХХХ нарыг дуудаад яагаад энэ асуудлаа шийдээд гарын үсэг зурахгүй байгаа талаар асуухад  “Бид байр авсан учраас ногдол ашгаас үлдсэн мөнгө алга байна.” гэж  хэлсэн.

Нэхэмжлэлд дурдсан 290 000 000 төгрөг нь нэхэмжлэгч нараас зээлсэн зээл биш бөгөөд компанийн хөрөнгө оруулагчид эргэн төлсөн төлбөр юм. "ХХХХ" ХХК нь ХХХаас 140 000 000 төгрөг зээлээд 20 000 000 төгрөг буцаан төлсөн. ХХХөөс 150 000 000 төгрөг зээлээд 25 858 000 төгрөг буцаан төлсөн явдал болоогүй. Харин энэ хоёр хүн компанийн хөрөнгөөс ямар ч зөвшөөрөлгүйгээр хувьдаа авч ашигласнаас 290 000 000 төгрөгийг буцаан төлүүлсэн.

 Санхүүгийн шалгалт хийх явцад ХХХ, ХХХ нарт мэдэгдэл явуулсан байдаг боловч ХХХ, ХХХ нар 4 сарын турш алга болсон. Миний утасны дуудлагыг аваагүй электрон шууданг ч уншаагүй. Иймд би Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст албан ёсоор хандаж, цагдаагийн газраас компанийн баримт бичиг бүгдийг нь лацадсаны дараа ХХХ, ХХХ нарыг цагдаагийн хэлтэс дээр дуудаж цагдаагийн байгууллагаас албан ёсоор аудитын шалгалт хийж дүн гараад ирэнгүүт ХХХ, ХХХ нар надаас гуйгаад салахаа больсон.

"ХХХ" ХХК-д бэлэн мөнгө байхгүй гээд энэ компанийн нэр дээр ХХХ нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цистерн авахад зориулж 10 000 000 төгрөг, Дарханы өрөмдлөгийн үйл ажиллагаанд зориулж 2014 оны 03 дугаар сарын 11-22-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус зээлж авсан байдаг.

 ХХХийн ар гэрт нь тусламж болгон 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээл, "ХХХ" ХХК-д блокны үнэ 20 000 000 төгрөг, мөн эхнэр хүүхдээ эмнэлэгт үзүүлэхэд нь зориулж 500 ам.доллар тус тус ХХХөд өгсөн байдаг. Эдгээр мөнгөний нийлбэр дүн нь 25 858 000 төгрөг болсон. Эдгээр зээлийн баримтууд бүгд байдаг.

Иймд  компани  эдгээр хүмүүст төлөх өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч “ХХХХ" ХХК-иас 124 142 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХХийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ХХХ 120 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 378 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " талуудын хооронд хэлцэл буюу зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна" гэжээ. Анх мөнгө зээлэх саналыг хариуцагчаас гаргасан бөгөөд үүнийг нь нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөр талуудын хүсэл зориг нэгдсэн болохоос биш нэхэмжлэгчээс санал гаргасныг хариуцагч зөвшөөрсөн үйл баримт биш юм.

Энэхүү маргаанд талуудын хэн аль нь маргадаггүй нэг зүйл бол "ХХХХ" ХХК нь өөрийн Голомт банк дахь 1405009148 тоот дансаар ХХХаас 140 000 000 төгрөг, ХХХөөс 150 000 000 төгрөгийг нийт 290 000 000 төгрөгийг авсан тухай үйл баримт юм. Гагцхүү түүнийг хариуцагч нь "зээлийн зориулалтаар аваагүй" гэх тайлбарыг хэлдэг нь маргаан үүсгэж буй гол нөхцөл болж байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч ХХХ нь өөрийгөө "Би худлаа ярих хүн биш, анх удаа шүүх хуралд орж байна, би ёс зүйтэй хүн" гэх зэрэг тайлбарыг хэлэх боловч мөн хуралдаан дээр шүүгчээс "Та хөрөнгө оруулалт хийсэн гэж ярьж байгаа боловч яагаад дансандаа бүртгэхдээ зээл авав гэж бүртгэдэг юм бэ" гэсэн асуултад хариулахдаа "Татвар давхар төлөхгүй гэсэн үүднээс зээл авав гэсэн хэлбэрээр бүртгэдэг байгаа. Зээлийг буцааж авахад татвар төлдөггүй. Харин хөрөнгө оруулалтаас ашгийн татвар зэрэг зүйлүүдийг авдаг учраас зээл авав гэсэн хэлбэрээр бүртгэдэг юм" гэх тайлбараас түүнийг тодорхой хэмжээнд дүгнэж болох байтал анхан шатны шүүх түүнийг үндэслэлгүй тайлбарт итгэж дээрх дүгнэлтийг үйлдсэн болно.

Гэтэл зээлдүүлэгч талын мөнгө шилжүүлсэн баримт, нөгөө талаас мөнгө хүлээн авагч "ХХХХ" ХХК-ийн дансны хуулгаар тус тус нэг талаас "зээл өгсөн" нөгөө талаас "зээл авснаар" бүртгэгдсэн байхад "талуудын хүсэл зориг нэгдээгүй, гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй" гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт "Шийдвэрийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэсэн нийцэхгүй байна. Үүгээр зогсохгүй шүүх талуудын хооронд үүссэн харилцаанд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч тодорхойлох ёстой боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал байдаг. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ үндэслэл болгосон ганц баримт нь нэхэмжлэгч ХХХийн тайлбар бөгөөд түүнийг үнэлэхдээ ямар нэгэн хөдөлбөргүй, бүрэн дүүрэн, гарцаагүй үнэн, нийтэд илэрхий үйл баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь ХХХ болон ХХХ нар нь тус тусдаа хэргийн оролцогч, нэхэмжлэгч бөгөөд нэг нэхэмжлэгчийн татгалзал нь зөвхөн тухайн нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд түүний ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь нөгөө нэхэмжлэгчийн шаардах эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ямар нэгэн байдлаар хязгаарлах, зөрчих үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн ХХХийн нэхэмжлэлийн татгалзлын агуулга бодит байдалтайгаа нийцдэггүй болно. Тухайлбал, "Би 130 000 000 төгрөгийг ХХХийн дансруу шилжүүлж, ХХХ нэгтгээд шилжүүлэхээр болсон" гэж тайлбарласан бол ХХХийн 1505017327 тоот дансны хуулгаар 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ХХХ 150 000 000 төгрөг, 140 000 000 төгрөгийг тус тусд нь шилжүүлээд харин 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ХХХаас ХХХрүү 130 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх жишээтэй.

Мөн дээрхээс гадна хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа "ногдол ашиг илүү хуваарилсныг буцаан шаардсан" гэх боловч бусад хувьцаа эзэмшигчдээс буцаан авсан тухай шаардлага, мэдэгдэл, ямар нэгэн баримтгүйгээр ийнхүү тайлбарлах нь илт үндэслэлгүй болно.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/03326 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХ нар нь "ХХХХ" ХХК-д холбогдуулж  зээлийн гэрээний үүрэгт нийт 244 142 000 төгрөгийг, ХХХид 120 000 000 төгрөг, ХХХөд 124 142 000 төгрөгийг тус тус гаргуулж олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

"ХХХХ" ХХК-ийн  Голомт банк дахь дансруу  ХХХ данснаас зарлага гарган  зээл гэж зааж 290 000 000 төгрөгийн гүйлгээ хийсэн, зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, хариуцагч зээлийн үлдэгдлийг  буцаан өгөх үүрэгтэй, зээлийн гэрээний гүйцэтгэлийг нэхэмжлэгч нар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

 

"ХХХХ" ХХК-ийн Голомт банк дахь 21405009148 тоот дансруу  90 000 000 төгрөгийн гүйлгээ хийсэн Голомт банкны орлогын мэдүүлэг гэсэн  бичгийн баримтад төлбөрийн зориулалт гэсэн хэсэгт “зээл” гэсэн бичилт хийж харилцагч ХХХ гарын үсэг зурсан   /хэргийн 121  дүгээр тал/   баримтын талаар маргаагүй байна гэж үзэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХ  "ХХХХ" ХХК нь ХХХаас 140 000 000 төгрөг зээлээд 20 000 000 төгрөг буцаан төлсөн. ХХХөөс 150 000 000 төгрөг зээлээд 25 858 000 төгрөг буцаан төлсөн явдал болоогүй. Харин энэ хоёр хүн компанийн хөрөнгөөс ямар ч зөвшөөрөлгүйгээр хувьдаа авч ашигласнаас 290 000 000 төгрөгийг буцаан төлсөн.  Ийнхүү буцаан төлөхдөө дансны гүйлгээний утга дээр "зээл" гэж бичсэн байна, зээлсэн зээлдүүлсэн асуудал байхгүй гэж татгалзсан үндэслэлээ тайлбарлаж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзсэнийг буруутгах боломжгүй, учир нь  нэхэмжлэгч ХХХөд ар гэрт нь тусламж болгон 5 000 000 төгрөг, эхнэр хүүхдээ эмнэлэгт үзүүлэхэд нь  зориулж 500 ам.доллар тус тус зээлсэн, 20 000 000 төгрөг бол блокны үнэ  гэж  "ХХХХ" ХХК-ийн кассын ордерууд болон орлогын мэдүүлэг,  /хэргийн 57-60 дугаар тал/ мөн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13/01/15 дугаар “ХХХ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарч “ХХХ” ХХК-ийн ТУЗ-ын гишүүдийн 2012 оны жилийн ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу ТУЗ-ийн дарга ХХХ 1 026 623 35,4 төгрөг, ТУЗ-ийн гишүүн ХХХ 513 311 678,2 төгрөг,  ТУЗ-ийн гишүүн ХХХ 513 311 678.2 төгрөг, ТУЗ-ийн гишүүн ХХХ 513 311 678 төгрөг тус тус ноогдол ашгийг олгож шийдвэрлэснийг хүчингүй болгосон /хэргийн 286,  287 дугаар тал/, мөн ХХХ, ХХХ нар нь 2 672 630.7 төгрөгийн зардлыг хяналтгүй зарцуулсан, хүчин төгөлдөр бус баримт бүрдүүлэн ашигласан гэх үндэслэлтэй гэсэн “ХХХХХХХ” ХХК-ийн "ХХХ” ХХК хяналт шалгалтын тайлангийн дүгнэлтийг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

 

Хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн  44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан  байна. Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч ХХХийн 124 142 000 төгрөг зээлдүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иймд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад  эд хөрөнгө шилжүүлэх,  зээлдэгч нь шилжүүлэн авсан  эд хөрөнгөтэй  ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл  үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/03326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 778 660 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

        ШҮҮГЧИД                         Д.ДАМДИН-ОД

 

                                                         Ч.ОЮУНЦЭЦЭГ