Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/0091

 

 

“Ф к” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод

 хэргийн яам, Хууль зүй, дотоод

хэргийн сайдад тус тус холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   П.Соёл-Эрдэнэ   

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                       М.Батсуурь                                   

                                          Х.Батсүрэн                            

Илтгэгч шүүгч:           Г.Банзрагч                

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж                 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар  сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0527 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2023/0519 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Э.Т, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 431 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “Ф к” ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайдад тус тус холбогдуулан “Ф к” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Ф к” ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.“Ф к” ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03/25 дугаар албан бичгээр “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай” хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 7/1921 дүгээр албан бичгээр “... Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа учир төслийг хэлэлцэн, шийдвэрлэх хүртэл зөвшөөрөл олгохыг түр зогсоосон ...” гэсэн үндэслэлээр буцаажээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... Манай компани нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.11, 11.4-т заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Н-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Хууль зүй, дотоод хэргийн яам 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр буцаасан.

3.2.Зөвшөөрлийн тухай хуулиар энэ төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр, зөвшөөрөл нь хууль зүйн чиглэлд хамаарахаар, зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан бөгөөд зөвшөөрлийг олгохдоо үйл ажиллагааны төрөл, хугацаа, үйлчлэх хүрээ, зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг заахаар, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавьж, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэхээр ... зохицуулсан байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.3-т хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоомыг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зөвшөөрөл олгоход улсын тэмдэгтийн хураамж авахаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т уг үйл ажиллагаанаас олсон орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдохоор, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т хувь хүний орлогын албан татвар ногдох бусад орлогод хамаарахаар, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т онцгой албан татвар ногдуулахаар тус тус заасан байдаг.

3.3.Дээрх байдлаар холбогдох хуулиар уг үйл ажиллагааг хангалттай зохицуулсан байхад Хууль зүй, дотоод хэргийн яам энэ төрлийн зөвшөөрлийг нөхцөл шаардлагыг нь хангуулан олгоход хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг, зохицуулалт шаардлагатай гэж батлагдаагүй хуулийн төслүүдийг иш татан зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д ... үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй... гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү ...” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1.“... “Ф к” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан зарчимд үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яам бодлогын хэмжээнд авч үзээд шалгаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгоогүй. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлтээр энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгохгүй байх, тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн судалгаа дүгнэлтүүдийг хүргүүлсэн. 2021 онд 306 цахим мөрийтэй тоглоом явуулсан бүртгэл мэдээлэл байдаг. Уг тусгай зөвшөөрлийг олгоход шаардлагатай хуулийн зохицуулалт, судалгаа, нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгаа гэсэн бодлогоо баримтлаад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тусгай зөвшөөрөл олгогдохгүй байгаа ... Шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.  

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар  сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0527 дугаар шийдвэрээр: “Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.6, 5.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “Ф к” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Ф к” ХХК-ийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан, шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:  

5.1....Нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтын талаар хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь болоогүй байх тул шаардлага хангасан өргөдөл байна.

5.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг нь Засгийн газарт хамаарч байгаа ба Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яаманд зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх эрхийг хуулиар олгоогүй болох нь тогтоогдсон тул хариуцагч зөвшөөрөл олгох ажиллагааг түр зогсоосон нь хууль бус, хуульд байхгүй эрхийг хэрэгжүүлсэн байна.

5.3.Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй байхад хариуцагч яам нь энэ төрлийн зөвшөөрлийг журмаар зохицуулах зохицуулалт шаардлагатай гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцээгүй, тайлбарлаж байгаа үндэслэл нь зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаах үндэслэл биш ... Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг буцаасан үйлдэл нь нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтээ хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2023/0519 дүгээр магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5, 3.2 дугаар зүйлийн 1, 1.1, 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

6.1.Цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом ихэссэнтэй холбоотой залилангийн гэмт хэрэг ихсэж байгаа нөхцөл байдал нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж хариуцагчаас хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн (уг хуулийн төсөл нь намрын чуулганаар хэлэлцэгдэхээр тусгагдсан) уг хуулийн төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зогсоосон нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасантай нийцсэн. Анхан шатны шүүх Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасныг буруу дүгнэсэн.

6.2.Хариуцагчаас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаахдаа нэхэмжлэгчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд нь дутуу, бүрдэл дутуу гэж үзээгүй, энэ талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй байхад шүүх “... шаардлага хангасан өргөдөл” гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй. Хариуцагчаас “Ф к” ХХК-аас гаргасан хүсэлтийг буцаасан үндэслэлийг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй ...” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д хяналтын журмаар  гаргасан гомдолдоо “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.1.Давж заалдах шатны шүүх нь төрийн захиргааны төв байгууллагын талаарх тогтсон ойлголтыг өөрчилж, Засгийн газарт хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг аливаа төрийн  захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн нь хууль тогтоомжийг анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүтэй хэрэглээд зогсохгүй цаашид Засгийн газарт хуулиар олгосон аливаа чиг үүргийг дурын төрийн захиргааны төв байгууллага өөрийн чиг үүрэгт хамааруулан хэрэглэх боломжийг бүрдүүлсэн. Тодруулбал, ... Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасанчлан “хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглодог” бөгөөд Засгийн газар Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасан бүрэн эрхээ бусдад, үүний дотор Хууль зүй, дотоод хэргийн сайд, яаманд шилжүүлж болох хуулийн зохицуулалт байхгүй. Цаашилбал, Засгийн газар уг бүрэн эрхээ бусдад шилжүүлэх талаар ямар нэг шийдвэрийг өнөөдрийн байдлаар гаргаагүй болно.

7.2.Ийм байтал давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 6-д “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар ... Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ ...” гэж заасан тул Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасан зохицуулалт нь Засгийн газрын гишүүн болох Хууль зүй, дотоод, хэргийн сайд болон яаманд нэгэн адил хамаарна” гэсэн дүгнэлт хийсэн нь Засгийн газарт хуулиар олгосон аливаа бүрэн эрхийг Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны төв байгууллага өөрийн үзэмжээр өөрт шилжүүлэн авах; өөрт олгогдоогүй бүрэн эрхийг дур мэдэн эдэлж, хуулийг үзэмжээрээ хэрэгжүүлэх боломжийг нээх; Засгийн газар, яам, агентлагийн хоорондын чиг үүргийн хамаарал, захирах захирагдах ёс алдагдах; төрийн захиргааны байгууллагуудын эрх мэдэл хоорондын чиг үүрэг, тэнцвэр алдагдсанаар захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргадаг хууль хэрэглээний буруу практик тогтоох, цаашлаад эрх зүйт ёс, хууль дээдлэх зарчим алдагдах ноцтой нөхцөл байдал үүсэхээр байна.

7.3.Магадлалын Хянавал хэсгийн 6-д ... хийсэн тайлбар нь анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.7-д ... тайлбарласантай зөрж байна. Өөрөөр хэлбэл, аль нэг яам болон Засгийн газрын гишүүн нь Засгийн газрыг аливаа бүрэн эрх шилжүүлсэн шийдвэргүйгээр бүхэлд нь төлөөлөх эрхтэй эсэх дээр шүүх нэгдмэл нэг ойлголтгүй, хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгосон. Магадлалын Хянавал хэсгийн 4-т “... тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг түр зогсоосон Хууль зүй, дотоод хэргийн сайдын үйлдлийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь Зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтлал, зорилгод нийцэхгүй.

7.4.2022 онд батлагдсан Зөвшөөрлийн тухай хууль нь зөвшөөрөлтэй холбоотой харилцааг илүү ойлгомжтой, хурдан шуурхай бөгөөд гол нь төрийн хүнд суртлаас ангид байх боломжийг бүрдүүлэхийг үндэс болгосон. Тухайлбал, ... Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д “Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно” гэж заасан. ... Ийнхүү хууль тогтоогчоос зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн дур зоргыг хязгаарлахад чиглэсэн хуулийн заалтын ач холбогдлыг давж заалдах шатны шүүх илт үгүйсгэн, захиргаа хүссэн үедээ, өөрсдийн үзэмжийн дагуу тодорхой хугацаагаар хязгаарлалт тогтоогоод байж болох эрхтэй мэт шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

7.5.Мөн түүнчлэн, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд Засгийн газрын хуралдаанаас тогтоол, Ерөнхий сайд захирамж гаргах боломжтой байсан. Гэтэл Засгийн газраас энэхүү үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан аливаа шийдвэр, тогтоол гаргаагүй болно. Магадлалын Хянавал хэсгийн 4-т “... хуулийн төслийг хэлэлцэн нэг мөр шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг түр зогсоосныг буруутгах боломжгүй юм.” гэж дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй байна. Шүүх ... хэрэгт авагдаагүй аливаа нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй ... Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбарыг өгөв.

ХЯНАВАЛ:

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. 10.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин давж заалдах шатны шүүх Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарласнаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

11.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д “Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно.” гэсний дагуу Засгийн газар шаардлагатай гэж үзвэл уг сонгох боломжийнхоо хүрээнд төрийн захиргааны байгууллага (энэ тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн яам)-аас олгодог зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах боломжтой.  

12.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ...”, 2.“Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын сайд байна.”, 17 дугаар зүйлийн 3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ.”, 4.“Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн.” гэж тус тус зааснаас үзвэл Засгийн газар нь Ерөнхий сайд болон тодорхой асуудал эрхэлсэн сайд нараас бүрдэх хамтын зарчмаар шийдвэр гаргадаг гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага юм. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, ... -ыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ.”, 30 дугаар зүйлийн 1-ийн дагуу “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.” гэж хуулиар тусгайлан зохицуулжээ.

13.Гэтэл энэ хэргийн тухайд, Засгийн газар Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасан бүрэн эрхийнхээ асуудлаар дээрх хуульд заасан журмын дагуу ямар нэгэн шийдвэр гаргаагүй, мөн уг эрхээ хариуцагч Хууль зүй, дотоод  хэргийн яаманд шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

14.Иймд нэхэмжлэгч “Ф к” ХХК-ийн “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” хүссэн өргөдлийг буцаасан үндэслэлээ зөвтгөж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

15.Маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дүгээр албан бичгийн үндэслэл болох Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 нь “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох агуулга бүхий заалт байх тул энэ нь тухайн зөвшөөрлийг олгохоос татгалзах эсхүл холбогдох өргөдлийг буцаах үндэслэл биш юм.

16.Түүнчлэн дээрх албан бичигт “... зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор заасан боловч уг зөвшөөрлийг тус яамнаас олгох ажиллагааг түр зогсоосон болно. Дээрх хуульд заасан “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ... ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд тус яамнаас энэхүү зохицуулалтыг тусган, Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл хүсэлтийг буцаан хүргүүлж байна ...” гэх үндэслэлээр холбогдох өргөдлийг буцаасан нь хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17.Тодруулбал, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-т зааснаар яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бөгөөд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм. Иймд Засгийн газрын өмнөөс Хууль зүй, дотоод хэргийн яам тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг “түр зогсоох” эрхгүйгээс гадна тусгай зөвшөөрөл олгохоор хуульд заасан байтал “нарийвчилсан хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа” гэх үндэслэлээр өргөдлийг буцааж байгаа нь хууль бус, хариуцагч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д заасан “Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгах” үүргээ зөрчсөн гэж үзнэ.

18.Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт, шийдлээс үзвэл “нэхэмжлэгчийн өргөдөл нь шаардлага хангасан тул тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан” гэх агуулгагүй, харин нэхэмжлэгчийн өргөдлийг буцаасан хариуцагчийн үйлдэл хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан нь үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... анхан шатны шүүх шаардлага хангасан өргөдөл гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй, захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд шүүх даалгаж шийдвэрлэнэ, нэхэмжлэгчийн өргөдлийг буцаасан үйлдлийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ...” гэх зэрэг дүгнэлт хийсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчийн өргөдлийг  буцааж буй нь угтаа холбогдох хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж буй хэрэг бөгөөд уг татгалзал (буцаасан албан бичиг) нь хууль бус байна.

19.Иймээс “... Давж заалдах шатны шүүх Засгийн газарт хуулиар олгосон аливаа бүрэн эрхийг Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны төв байгууллага өөрийн үзэмжээр өөрт шилжүүлэн авах, хэрэгжүүлэх боломжийг нээх зэрэг хууль хэрэглээний буруу практик тогтоохуйц шийдвэр гаргасан, Зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтлал, зорилгод нийцэхгүй тайлбар хийсэн ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.1-7.5-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

20.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2023/0519 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар  сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Д.МӨНХТУЯА

               ШҮҮГЧИД                                                     М.БАТСУУРЬ 

                                                                                         Х.БАТСҮРЭН  

                                                                                                            Г.БАНЗРАГЧ