Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 35

 

Эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 27-27 тоотод оршин суух, иргэн Б.Даалхайгийн “Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн "Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хүнс хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирт холбогдох, захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь.

          Нэхэмжлэгч Улаангом сумын 3 дугаар баг, 27-27 тоотод оршин суух, иргэн Б.Даалхай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: : “Баатар овогтой Даалхай би аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт Газар тариалангийн технологи хариуцсан мэсгэжилтнээр ажиллаж байсан бөгөөд аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын 2017 оны 02 сарын 07-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар ажлаас халагдсан билээ. Б.Даалхай миний бие 2013 онд өндөр насны тэтгэвэрт гарсан Л.Хайдавын ажпын байранд 2014 оны 03 сарын 10- нд төрийн албаны шалгалт өгч 74.33 оноо авч, шалгалтанд орсон хүмүүсээс оноогоор тэргүүлэн энэ ажилд орох болзлыг хангаж мөн оны 07-р сарын 01-нд газрын даргын Б/28 тоот тушаалаар томилогдон ажилласан. Улмаар 2014 оны 11 сарын 25-ны өдөр Монгол улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жичхэн элбан хаагч болсон юм. Миний бие ажиллах хугацаандаа эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргаагүй бөгөөд өргөсөн тангарагтаа үнэнч байж яам, орон нутгийн удирдлага, газрын даргын үүрэг даалгаварыг биелүүлж хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 02 сарын 07-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 25 дугаар зүйлийч 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.3.1 дэх заалтуудыг, аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 34/02/10, 34/02/13, 34/02/14 актыг үндэслэн ажлаас халсан. Энзхүү Б/10 дугаар тушаал нь миний төрд ажиллах эрхийг хязгаарласан, нэр төрд халдсан шийдвэр болсныг эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.  2016 оны 12 сарын 30-ны өдрийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд /улсын тэргүүний тариаланч шалгаруупах ажлыг манай газар хариуцсан юм. Тариаланчдын материалыг хүлээн авч ажлын үзүүлэлтээр нь байр эзлүүлэн жагсааж шивэх ажлыг манай газарт газар тариалангийн мэргэжилтэн ажилтай Н.Ганчимэг хариуцан авч шивсэн боловч тухайн өдөр амралтын өдөр байсан учир Н.Ганчимэг байгаагүй тул би хуралд материалыг танилцуулсан. Материалыг хэлэлцэх явцад журмын шаардлага хангаагүй тариаланчийг Н.Ганчимэг 1-р байранд оруулж бичсэн байсныг би шударгаар хэлж шалгаруулалтаас хасуулсан юм. Гэтэл манай газрын дарга Д.Төмөр-Очир 2 агрономич хоорондоо ажлын уялдаа холбоо муутай ажиллаж байна гэх үндэслэлээр 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 5/07 дугаар тушаалаар цалингийн 20 хувиар хасах сахилгын шийтгэлийн арга хэмжээ авсан. 2017 оны аймгийн тэргүүний тариаланч шалгаруулах материалыг Н.Ганчимэг биечлэн хүлээн авч байр эзлүүлэн шивэх үед Б.Даалхай миний бие бүх материалтай танилцаж хянах явцад 3 хүний тоон үзүүлэлт алдаатай байсныг засуулж байж зөвлөлийн хуралд танилцуулахыг зөвлөж ажилласан. Н.Ганчимэг бүх материалыг засуулж алдаагүй болгосон гэж надад хэлэхэд би итгэсэн. Улмаар 2017 оны 1 сарын 30-ны амралтын өдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж асуудлыг хэлэлцэхэд Н.Ганчимэг 7000ш боодол өвсийг 7000тн гэж алдаж танилцуулсныг ажилдаа алдаа гаргасан гэж үзэж 2 агрономичийг ажлаас халах Б/10 дугаар тушаал гаргасан Тариаланч М.Ганхуягийн үндсэн материалд 7000 ширхэг боодол өвс буюу 140 тн хадлан бэлтгэсэн гэж бичсэнийг Баруунтуруун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга К.Баяраа, Засаг дарга С.Лхагвасүрэн нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын 217 тоот албан билтийн дагуу аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас манай газарт Хүнс, хөдөө аж ахуйн яамны тариалан эрхлэлтийг дэмжих сангаас урт хугацааны зээлээр олгосон бага оврын трактор, түүний иж бүрдлийн нийлүүлэлт эргэн төлөлтөд шалгалт хийсэн. Б.Даалхай би газар тариалангийн зориулалл бүхий 85ш бага оврын тракторыг 3, 4, 8-р саруудад Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авч ирэн зохих журмын дагуу малчид, тариаланчидад гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансанд бүрэн төлүүлж хүлээлгэж өгсөн. 2014, 2015 онуудад ган гачиг болж тариаланчид ургац алдаж, малын мах, түүхий эдийн үнэ унаснаас үүдэж малчид тариаланчид санхүүгийн хүндрэлтэй байдалд орсноос болж, тракторын эргэн төлөлт удаашралтай байгаа нь үнэн болно. Санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагчид шалгалтын явцад тракторын эргэн төлөлт удаашралтай, он дамжсан төлбөр тооцоо үүссэнийг тогтоож, цаашид төлбөр төлүүлэх ажлыг эрчимжүүлж Тариалан эрхлэлтийг дэмжих санд мөнгийг төвлөрүүлэхийг газрын дарга Д.Төмөр-Очир, нягтлан бодогч З.Байгальмаа, мэргэжилтэн Б.Даалхай бид нарт даалгасан болохоос биш төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалтыг зөрчсөн гэсэн албан ёсны дүгнэлт гаргаагүй болно. Хянаж шалгасан байгууллагаас ийм дүгнэлт гаргаагүй байхад төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтаар намайг ажлаас халсан тушаал гаргасанд гондолтой байна. Иймд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирын 2016 оны 02 сарын 07-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингœй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн технологи хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

              Хариуцагч Увс аймгийн Хүн хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газарт газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан Баатарын Даалхайд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан учир нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гэрээгээр нийлүүлсэн бага оврын трактор, бордоог худалдан борлуулах гэрээг хийж,түүний биелэлтэнд хяналт тавьж ажиллах, төлбөрийг гэрээний дагуу төлүүлэх ажил үүргийг хариуцан ажиллаж байхдаа доорхи зөрчлүүдийг гаргасан. Энэ нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас гэрээгээр авч ирж борлуулж байгаа хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулсан хөрөнгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон болно. ТЭД сангаас ирүүлсэн нэг бүр нь 1500 000 төгрөгийн үнэтэй 6 ш чиргүүлийн үнийг төлүүлж олгох ёстой байсан нь төлөгдөөгүй 9000 000 төгрөгийг дутаасан. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34/02/12 тоот актаар тогтоогдсон. Үүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч биш, итгэл алдсан ноцтой зөрчил гэж үзэж байна. ТЭДСанд төлөх бага оврын тракторыг гэрээ хийн олгож, үнийг төлүүлэх ажлыг хариуцаж байхдаа тухайн үед мэргэжилтэн байсан Н.Ганчимэгийн дансаар дамжуулан ХХААГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Александрын хувийн дансанд 7.897.0 мянган төгрөг, Александрын төрсөн дүүгийн дансанд 500,0 мянган төгрөгийг шилжүүлсэн. Энэ тухай Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн төлбөр хариуцуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34/Б2/13 тоот акт болон Н.Ганчимэгийн өгсөн тайлбарт дурдсан байгаа. Аймгийн Засаг даргын 2014 оны А/357 тоот захирамжаар ОНХСангаас 106 250,0 мянган төгрөг гаргаж, ОХУ-аас 125 тн улаан буудайн үрийг худалдан авч, нэр бүхий ААН, иргэнд үрийн буудай авсан жилээс 20% нэмэгдүүлэн авахаар гэрээ хийж олгосон байсан. Гэвч нөөцийн үрийн буудай аваагүй ба үрийн буудайны үнэ болох 170.549,0 мянган төгрөгийг огт төлүүлээгүй зөрчил илэрсэн. Энэ ажлыг тухайн үед газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Даалхай нь хариуцаж байсан ба үүнийг эрхэлсэн ажилдаа үнэнч биш, хайнга ханддаг байдлын илрэл гэж үзэж байна. Энэ тухай санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34/02/14 тоот актаар тогтоогдсон. Үүнээс гадна Б.Даалхай нь тус мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2016 оны 12-р сард болон 2017 оны 01-р сард болсон Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудлыг хэлж сануулсаар байтал 2 удаа дарааллан тоон мэдээлэл зөрүүтэй, хангалтгүй материал танилцуулсан. Үүнийг өөрийн хариуцсан ажил, албан үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж байна. Үүнд хариуцлага тооцож ажиллах тухай хурлын шийдвэр ирсэн ба энэ нь Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 тоот, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэл дээр тус тус байгаа болно. Мөн бага оврын тракторын төлбөрийг эргэн төлүүлэхдээ хувьдаа авч ашигласан тухай иргэн Баатарын Төмөрхуягийн өргөдөл ирсэн. Б Даалхай нь ажлаа гүйцэтгэж байхдаа 2016 оны 4-5-р сард орон нутгаас ямар ч захиалга авахгүй 18,0 сая төгрөгийн өртөг бүхий 30 тн "Гала" сортын үрийн төмсийг "Өгөөмөр нутаг" ХХК-аас тус байгууллагын нэрийг ашиглан авч ирж, ААН, иргэдэд хүчээр зээлээр тараан олгосон байна. Үүний тээврийн хөлс болох 3.6 сая төгрөгийн үлдэгдэл төлөгдөөгүй тус байгууллагаас нэхэмжлэн гомдол гаргаад байгаа. Бас үрийн төмсний үлдэгдэл төлбөр болох 15400,0 мянган төгрөгийг манай байгууллагыг хариуцагчаар татан шүүхэд хандсан. Эдгээр байдлын улмаас тус байгууллагыг хүнд байдалд оруулсан. Иймд тус мэргэжилтэнд итгэл алдан цаашид ажиллуулах боломжгүй болсон. Эдгээр зөрчлийн улмаас мэргэжилтэн Б.Даалхайг ажлаас халсан болно.

 

            Гуравдагч этгээд Т.Пүрэвмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Пүрэвмаа миний бие Б.Даалхайгийн шүүхэд гаргасан Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн "Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хүнс хөдөө аж ахуйн газрын газар тариалангийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалаалар газар тариалангийн технологи хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Иймд дээрх нэхэмжлэлийн шаарлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх дээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх дээр нэг талаас нэхэмжлэгч Б.Даалхай, нөгөө талаас хариуцагч Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очир нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

  1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох маргаан бүхий захиргааны акт буюу 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/10 дугаар тушаалыг хариуцагч Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очир хүчингүй болгох замаар өөрчилж, нэхэмжлэгч Б.Даалхайг  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д заасан үндэслэлээр эрхэлж байсан албан тушаал болох Газар тариалан технологи хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргаж, нэхэмжлэгч Б.Даалхайд ажлаас чөлөөлөгдсөн өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс хойш эвлэрлийн гэрээ байгуулагдах өдөр хүртэлх хугацааны цалин, түүний нэмэгдлийг тооцож олгохоор,
  2. Нэхэмжлэгч Б.Даалхай үндсэн шаардлага болох тушаалыг хариуцагчаар өөрчлүүлэн гаргуулсантай холбоотойгоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаа татаж маргаанаа дуусгавар болгохоор тохиролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь.

         Шүүх дээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагуудын талаар “хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох замаар өөрчлөлт оруулах, нэхэмжлэгчид тодорхой хугацааны цалин, түүнтэй тэнцэх олговрыг нөхөн олгох, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа татаж авах” гэх агуулгатай эвлэрлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, уг эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

         Нэг. Хуульд харшлаагүй байх.

        Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: “... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”,  хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: “... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй” гэсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т: “нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж гарын үсгээ зурсан байна” гэх хуулийн шаардлагад нийцүүлж, бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулийн хүрээнд байна гэж шүүх үзлээ.

        Хоёр. Бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх.

          Шүүгчийн захирамжаар маргаан бүхий ажлын байран дээр одоо ажиллаж байгаа иргэн Т.Пүрэвмааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба гуравдагч этгээд нь шүүхэд хандан бие даасан шаардлага гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээний хоёр дахь заалтаараа урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа татах талаар харилцан тохиролцсон байх тул одоо аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн технологи хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа энэ хэргийн гуравдагч этгээд Т.Пүрэвмаагийн эрх, хууль ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

        Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулжээ. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй тул мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Даалхайгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

      Шүүхэд хэргийн оролцогчдод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ.

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Даалхай, хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очир нарын шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийг баталж, иргэн Б.Даалхайгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Очирт холбогдох /124/2017/0022/з дугаар индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Даалхайгаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

                                           ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН