Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0134

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Н.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0834 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, өмгөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0834 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.4, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Б.Н-д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн Д.П-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн сан дахь “Э” ХХК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 4417 м2 талбайн хэмжээгээр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдахдаа 2018 оны 04 дүгээр сард мэдсэн гэх боловч 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дүүргийн Засаг даргын А/150 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахдаа эзэмшиж буй газрын кадастрын зургийг дүүргийн Газрын албаны холбогдох мэргэжилтнээр шүүлгэж, мэдээллийн санд хэрхэн бүртгэгдсэн талаар мэдэх боломжтой байсан.

Учир нь дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/150 дугаартай захирамжаар өөрийн эзэмшиж буй газрыг 10 жилийн хугацаатайгаар сунгуулахдаа нэхэмжлэгч “Э” ХХК нь газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг шинэчлэн эзэмшиж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласан байдаг.

...анхан шатны шүүх нь дүүргийн Газрын алба кадастрын мэдээллийн нэгдсэн санд “Э” ХХК-ийн газрын хэмжээг шинэчлэн бүртгэгдээгүй гэх үйл баримтыг нэхэмжлэгч тал 2010 оноос хойш дүүргийн Засаг даргын хэд хэдэн удаагийн захирамж гарахад мэдсэн эсэх, мэдэх бүрэн боломжтой байсан эсэх зэргийг тодруулаагүй, үүний улмаас хөөн хэлэлцэх хугацаанд үнэн бодитоор дүгнэлт өгч чадаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

...дүүргийн Засаг даргын захирамж гарах үед тухайн хороог буюу 14 дүгээр хороог хариуцан ажиллаж байсан газар зохион байгуулагч болон холбогдох бусад албан тушаалтныг гэрчээр асуулгүйгээр хэргийг үйл баримтыг зөвхөн гуравдагч этгээд болон гэрч Д.У-ын мэдүүлэг, тайлбарт үндэслэж дүгнэсэн.

Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтыг дүгнэхдээ нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлж, хэт явцуу дүгнэлт гаргасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, өмгөөлөгч Б.Э нар давж заалдах гомдолдоо: “...2010 онд “Э” ХХК-иас өөрийн эзэмшил газраас 733 м.кв газрыг Д.Б-т шилжүүлэх хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлт гаргахаас өмнө 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Э” ХХК болон иргэн Д.Б нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээнд эрх шилжүүлэгч нгь өөрийн эзэмшил газрын хэмжээг 4000 ам дөрвөлжин метр газраар тодорхойлон, түүнээс 800 м.кв газрыг эрх шилжүүлэн авагчийн эзэмшилд шилжүүлж, үлдэгдэл 3200 м.кв газар нь эрх шилжүүлэгчийн эзэмшилд үлдэх болохыг тодорхой дурдсан байдаг. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2011 оны 02 дугаар арын 07-ны өдрийн 47 дугаар захирамжаар 733 м.кв газрыг Д.Б-ийн хүсэлтийн дагуу шилжүүлэн олгогдсон ба ингэснээр “Э” ХХК-ийн эзэмшил газар өөрсдийнх нь газрын хэмжээгээ бодитоор тодорхойлсончлон 4000-733=3267 м.кв хэмжээтэй болсон байна. Энэ хэмжээгээр буюу 3265 м.кв хэмжээтэйгээр “Э” ХХК-ийн эзэмшил газар нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан энэ үйл баримтад үнэлгээ, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эзэмших 4417 м.кв газар, гуравдагч этгээд Б.Н-ийн нэгж талбарын дугаар бүхий 1485 м.кв газрууд нь хоорондоо 1154 м.кв талбайгаар давхцалтай, нийслэлийн Засаг даргын 2018 оны А6256 дугаар захирамжийн  Б.Н-д холбогдох хэсэг нь ...хуулийн шаардлагыг зөрчиж, бусдын эзэмших эрх үүссэн газартай давхцуулан газар олгосны улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн нь хууль бус болсон.

....Нийслэлийн Засаг даргын А/256 дугаар захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгогдоогүй байтал “Э” ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ үйл явц зогссон бөгөөд энэ нь гуравдагч этгээд гэхээсээ Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байхад шүүхээс ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй.

...Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрын кадастрын зураг 3265 м.кв талбай бүхий газар эзэмшиж байгаа болохыг 2016 оны 02 дугаар сард дүүргийн Засаг даргад хүсэлт гаргахдаа мэдэх боломжтой байсан, ....мөн А/95 дугаар захирамжийн талаар ч мэдэх боломжтой байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй нь үндэслэлгүй. ...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 54 дүгээр захирамжаар “Э” ХХК-д 14 дүгээр хороо, Өгөөмөр захын замын зүүн урд байрлах 4500 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгож, улмаар нэхэмжлэгчээс хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 354 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж, 5150 м.кв газрыг “Э” ХХК-д эзэмшүүлжээ.

Харин нэхэмжлэгч “Э” ХХК-иас дээрх 5150 м.кв газраас 733 м.кв газрыг Д.Б-т шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар захирамжаар 733 м.кв газрыг Д.Б-т, үлдэх 4417 м.кв газрыг “Э” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус компанитай 5 жилийн хугацаатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосноор түүнд газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн байна.

Гэтэл “Э” ХХК-ийн эзэмших эрх бүхий дээрх газрыг Баянзүрх дүүргийн Газрын албанаас тухай бүр нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд зохих өөрчлөлтүүдийг оруулаагүй, анх түүний эзэмшлийн газрын талбайн хэмжээг 4000 м.кв гэж оруулсан, үүнээс Д.Б-т шилжүүлсэн 733 м.кв талбай бүхий газрыг хасаж, одоогийн байдлаар нэхэмжлэгч нь 3265 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байгаагаар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн буюу хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий газрын талбайн хэмжээнээс зөрүүтэй байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т зааснаар эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь захиргааны байгууллагын үүрэг байна. Энэ тохиолдолд захиргааны байгууллага газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжтай нийцүүлэн газрын хэмжээг тухай бүр газар дээр нь тэмдэгжүүлэх, мэдээллийн санд бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй, газар эзэмшүүлсэн захирамжаас зөрүүтэй бүртгэл хийсний улмаас гуравдагч этгээд Б.Н-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар 1485 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “Э” ХХК-ийн газартай 1154.73 м.кв талбайгаар давхцуулан олгосон болох нь тус тус хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Ийнхүү хариуцагч Нийслэлийн Засаг дарга бусдын эзэмших эрх нэгэнт үүссэн газарт давхцуулж гуравдагч этгээд Б.Н-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Газрын тухай хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрхийг зөрчсөн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн Д.П-д холбогдох хэсгийг үндэслэн гуравдагч этгээд Б.Н-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 487 дугаар захирамжаар Д.У-т 14 дүгээр хороо, 18/433а тоот 1600 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дүүргийн Газрын албанаас 2005 оны 10 дугаар сарын 09-ний өдөр түүний эзэмшил бүхий газрын талбайн байршлын кадастрын зургийг үйлдсэн, ингэхдээ газрын нэршлийг 14 дүгээр хороо, нарны зам 18/433г тоот гэж бичжээ.

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжаар дээрх газрыг эзэмших эрхийг Д.У-аас Д.П-д шилжүүлсэн байх боловч бодит байдал дээр нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2006-2018 оны зурган мэдээлэлд Д.У-ын нэрээр кадастрын зураг бүртгэгдээгүй, мөн Д.П-д газрын байршлын кадастрын зураг байхгүй, бодитойгоор хэн аль нь тухайн газрыг эзэмшиж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байх боловч Баянзүрх дүүргийн Газрын албаны зурагласан Д.У-ын эзэмшиж байсан газрын кадастрын зураг дахь солбицол бүхий 1600 м.кв талбай бүхий газар нь нэхэмжлэгч “Э” ХХК болон гуравдагч этгээд Б.Н нарын хэн алиных нь газартай давхцалгүй болохыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/2132 дугаар албан бичгээр тогтоогдсон байна.

Гэхдээ нэгэнт “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... эзэмших эрх бүхий газарт давхцуулан газар олгосон маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар” маргаж буй энэ тохиолдолд маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд тэр хэмжээгээр хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг нь сэргээх ёстой, гэтэл дээр дурдсанаар нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газар нь 1154.73 м.кв талбайн хэмжээгээр давхцаж байхад анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Б.Н-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул давхцал бүхий газраар нь хүчингүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулахаар тогтов.

Хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн, ...газрын давхцал үүссэн гэдгийг тухайн үед мэдэх боломжтой байсан” гэх гомдлын тухайд эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмшилд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг мэдэх ёстой, мэдэх боломжтой гэж нэхэмжлэгчийг буруутган маргаж байгаа нь үндэслэлгүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, өмгөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0834 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.4, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар захирамжийн Д.П-д холбогдох хэсгийн, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжийн Б.Н-д холбогдох хэсгийн “Э” ХХК-ийн эзэмших эрх бүхий газартай давхцаж буй хэсгийг буюу 1154.73 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн сан дахь “Э” ХХК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 4417 м.кв талбайн хэмжээгээр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, өмгөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН