Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01340

 

Т.Ж нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар шийдвэр,

 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар магадлалтай,

            Нэхэмжлэгч: Т.Ж

            Хариуцагч: Р.Г      

           Үндсэн нэхэмжлэл: 11.500.000 төгрөг гаргуулах 

     Сөрөг нэхэмжлэл: 11.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Т.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З нарын  гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Х, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нар оролцов.

 Т.Ж шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015-08-19-ний өдөр орон сууц захиалах гэрээг Р.Гтай байгуулж, Залуус хорооллын 2-р байрны 18 тоот 3 өрөө байр авахаар тохиролцсон. Гэрээнд зааснаар графикийн дагуу эхний ээлжинд 10.2 сая  төгрөгийг, дараа нь 8сая төгрөг, 20сая төгрөг, 40сая төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон. Эхний ээлжинд 10.2 сая төгрөгт бодож мал өгсөн. Анх бол унагатай гүү 10-г өгнө гэж тохиролцсон  ч 1 сая төгрөгт 1 унагатай гүү, хонгор зүстэй үрээг 1 сая төгрөгт, 6 тугалтай үнээг нэгийг нь 1 сая төгрөгт, хурдны удамтай хонгор халзан үрээг 2 сая төгрөгт бодож өгсөн. Гэтэл 2 сая төгрөгт өгсөн хонгор халзан үрээг бол бэлгэнд өгсөн гээд байгаа. Байрныхаа мөнгөнд оруулж өгсөн. Эхний ээлжийн 10 сая төгрөгнөөс илүү дутуу гэх маргаан гараагүй. 2 дахь ээлжийн 8сая төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа Р.Гийн дансанд шилжүүлсэн.  20сая төгрөгийг төлөх хугацаа болоогүй байхад  60 сая төгрөг бэлнээр өг гэхээр нь  “хуваарийн дагуу төлнө” гэхэд “тэгвэл чи байрнаас гар” гээд хөөсөн.  Би арга буюу байрыг чөлөөлж өгсөн. Надаас авсан малаа буцааж өгсөн боловч 1 бяруу, хурдан удмын хонгор халзан үрээ хоёрыг өгөөгүй. Хонгор халзан үрээг би Р.Гт бэлэглээгүй. Би эхний ээлжинд төлөх мөнгөндөө мал өгсөн юм. Би байр худалдан аваад тагтанд нь вакуум хаалт 1.100.000 төгрөгөөр хийлгэсэн. Иймд хонгор халзан үрээний үнэ 2 сая төгрөг, бэлнээр өгсөн 8 сая төгрөг, цонхны вакуум хаалтын үнэ 1.100.000 төгрөг, бярууны 400.000 төгрөг нийт  11.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч шүүхэд өгсөн  хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2015-08-19-нд Залуус хотхоны 3 өрөө орон сууцыг 78.2 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан. Садан төрлийн холбоотой байсан учраас энэ байдлыг харгалзан үзээд байрны үнэд мал авахаар болж, 10 унагатай гүү авна гэж тохиролцож очиход 10 гүү байгаагүй, тэгээд 6 тугалтай үнээ авч, түүнийгээ хүнд өгч маллуулж сар бүр 200.000 төгрөг өгч байсан. Хонгор халзан үрээг н.Хуягаад бэлэглэсэн гэдэг бэлэглээгүй юм. 8 сая төгрөг нь дансанд орсон. 5 дугаар сард 20сая төгрөг төлөх байсан  ч  боломжгүй гэсэн. 40сая  төгрөгийг төлж чадахгүй хүн гэсэн мэдээлэл өгсөн байсан. Графикт заасан хугацаандаа төлөхгүй байсан. Мөн 1.100.000 төгрөгөөр хийлгэсэн тагтны хаалтаа ав гэсэн боловч өөрөө аваагүй. Бярууг 400.000 төгрөгөөр үнэлж авсан боловч 6 тугалтай үнээгээ хүнд сард 200.000 төгрөг өгч харуулж байсан, авсан 6 үхрээс 4 нь тугалж, 2 нь сувайрсан. Бяруу нь зуданд үхсэн тул өгөх боломжгүй. Т.Ж нэхэмжлэлээс бэлнээр авсан 8сая төгрөгийг төлнө. Бусдыг төлөхгүй. Тагтны үнийг айл нь өгөхгүй гэсэн, хонгор үрээг бол өөрөө бэлэглэсэн. Манай аймагт байрны түрээс гэж тогтсон үнэлгээ байдаггүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

          Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Харилцан тохиролцож түрээсийн үнийг тогтоодог. Хуучин 1 өрөө байр 250.000 төгрөгийн үнэтэй байгаа. Шинэ 3 өрөө байр 600.000 төгрөгийн үнэтэй. 9 сар шинэ байранд амьдарсан болохоор 5.400.000 төгрөг болж байна. Малчны цалин 12 сарын цалинд сард 200.000 төгрөгөөр бодож 2.400.000 төгрөг, уг байрыг жилийн дараа зарсан болохоор байрны үнэ буурч 75.000.000 төгрөг болж зөрүү нь 3.200.000 төгрөг болсон.Иймд  нийт 11.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн  хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлээс байранд 9 сар суусан тул сард 300.000 төгрөгөөр тооцож суусны хөлс гэж 2.700.000 төгрөгийг зөвшөөрч, бусдыг нь зөвшөөрөхгүй гэжээ.

         Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Р.Гаас 8.800.000 гаргуулж Т.Ж олгож, нэхэмжлэлээс 2.700.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т.Ж 2.700.000 төгрөг гаргуулж, Р.Гт олгож, сөрөг нэхэмжлэлээс  8.300.000 төгрөг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд  нэхэмжлэгчээс төлсөн 198.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 195.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Р.Гаас улсын тэмдэгтийн хураамж 155.750 төгрөг гаргуулж Т.Жавзанпагмад олгож шийдвэрлэсэн байна.

        Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 19-ний өдрийн 06 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1-5 дахь заалтуудыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Р.Гаас 11.500.000 төгрөг гаргуулж Т.Ж олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан Т.Ж 8.300.000 төгрөг гаргуулж Р.Гт олгож, Р.Гийн  шаардлагаас 2.700.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд Т.Ж төлсөн 198.950 төгрөг, Р.Гаас  төлсөн 195.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 198.950 төгрөг гаргуулж Т.Ж, нэхэмжлэгчээс 146.963 төгрөг гаргуулж Р.Гт тус тус олгож шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч,түүний өмгөөлөгч хяналтын гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх  сөрөг нэхэмжлэлийн ихэнх хэсгийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Би Р.Гаас 3 өрөө орон сууц худалдан авахаар тохиролцож, байрны төлбөрөө график гарган хуваарийн дагуу төлөхөөр гэрээ байгуулж орон сууц худалдан авсан. Г.Ганхуяг нь 3 дахь удаагийн төлөлт хийх хугацаа буюу 2016 оны 5 сар дуусаагүй байхад гэрээнд заасан үүргээ зөрчиж, хугацаанаас нь өмнө 60сая төгрөг өгөхийг  удаа дараа шаардах болсон.  Графикийн дагуу 20сая төгрөг төлье гэсэн боловч зөвшөөрөөгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө   гэрээ цуцалсан. Миний хувьд 1000 гаруй тооны малыг өөрийн нэр дээр тоолуулсан малын А данс хэрэгт авагдсан, энэ баримт нь намайг төлбөрийн чадвартайг харуулж байгаа. Миний хувьд хуваарийн дагуу төлбөрөө төлөөд явах бүрэн бололцоотой байсан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Т.Ж байранд амьдарч байхдаа орон сууцны тагтанд цонхны хаалт хийлгэсэн. Харин тагтны хаалтны мөнгөө өгөөгүй байсан нотлогдож байхад давж заалдах шатны шүүх Т. нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Р.Г нь гэрээний хугацаа дуусаагүй байхад намайг төлбөрийн чадваргүй болсон гэх шалтаг гаргаж байрнаас гаргахыг шаардсан. Гэтэл үүнийг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй байхад давж заалдах шатны шүүх нотлогдсон мэтээр магадлалдаа дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хангасныг зөвшөөрөхгүй.  Р.Гын өмчлөлд шилжсэн малын малчны хөлсийг би  төлөх ёсгүй. Тэгээд ч 6 тооны үхрийг сард 250.000 төгрөг өгч малаа маллуулдаг гэсэн нь бодит амьдралтай нийцэхгүй байна. Өсөхбаяртай хийсэн мал маллуулах гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад мөнгийг  надаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Би Г.Г орон сууцанд орохдоо  хөлслөх гэрээ байгуулаагүй, 3 өрөө шинэ байр сарын 600.000 төгрөгийн түрээстэй гэх ханш  байхгүй. Давж заалдах шатны шүүх 3.200.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулсныг зөвшөөрөхгүй. Г.Г манайхыг байрнаасаа хөөж гаргачхаад долоо ч хоноогүй өөр айл оруулсан. Тэр хүндээ хэдэн төгрөгөөр байраа зарах нь Г.Г эрхийн асуудал. Иймд  магадлалыг  хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ :

         Т.Ж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, бэлнээр өгсөн 8 сая төгрөг, бярууны үнэ 400.000 төгрөг, тагтны хаалтын үнэ 1.100.000 төгрөг, үрээний 2.000.000 төгрөг нийт 11.500.000 төгрөг Р.Гаас гаргуулахыг /хх1, 18,31-32/ шаардсан байна.

         Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж, 9 сар байранд амьдарсан хөлсийг сарын 600.000 төгрөгөөр тооцон 5.400.000 төгрөг, малчны 12 сарын цалинд төлсөн 2.400.000 төгрөг, орон сууцыг буцааж авч бусдад худалдахад гарсан үнийн зөрүү 3.200.000 төгрөг нийт 11.000.000 төгрөг шаарджээ. 

         Анхан шатны шүүх Р.Гаас 8.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, Т.Жаас 2.700.000 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “...хариуцагчаас хонгор халзан үрээний үнэ 2.000.000 төгрөг, байрны тагтны хаалтны үнэ 1.100.000 төгрөг, бэлнээр авсан 8.000.000 төгрөг, бярууны үнэ 400.000 төгрөг нийт 11.500.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй...уг мөнгөнөөс нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 2.700.000 төгрөгийг хасна ....” гэж, сөрөг нэхэмжлэлийн заримыг нь хангахдаа “...11.000.000 төгрөгөөс  нэхэмжлэгч 2.700.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн...” гэсэн дүгнэлт хийжээ.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь,  сөрөг нэхэмжлэлээс 8.300.000 төгрөг хангасан байна. 

        Шийдвэр болон магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         1. Шийдвэр магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь хэсэгт, давж заалдах шатны шүүхийн магадлал мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 167 дугаар зүйлийн 167.2-т тус тус нийцээгүй байгааг дурдах шаардлагатай гэж үзлээ. 

      1.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар:

      а/. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахдаа шийдвэрийн тогтоох хэсгийг мөн хуулийн 118 дугаар зүйлд нийцүүлэн бичнэ.   

        Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн “...шийдвэрийн тогтоох хэсэгт   хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл хэсэг, заалтыг тодорхой заана...” гэснийг зөрчсөн байна.

       б/ Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана. Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх учиртай. 

        Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар хийсэн дүгнэлтээсээ өөр шийдлийг шийдвэрийн тогтоох хэсэгт бичжээ. Тодруулбал, шүүх нэхэмжлэгч “...2.700.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн...” гэсэн дүгнэлт хийсэн атлаа уг мөнгийг нэхэмжлэгчээс хоёр удаа гаргуулах агуулга бүхий заалтыг шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна...” гэснийг зөрчжээ.

        1.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар:

      а/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гаргаж буй магадлалынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байх учиртай .  

        Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд сөрөг нэхэмжлэлийн талаарх дүгнэлт нь ойлгомжгүй байна.

       Тодруулбал, магадлалд “...сөрөг нэхэмжлэлээс 5.600.000 төгрөг хангах нь зүйтэй...”  гэсэн боловч уг дүгнэлтээ сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах  агуулгатай бичсэн, харин шийдвэрт өөрчлөлт оруулахдаа 11 сая төгрөгийн сөрөг нэхэмжлэлээс 8.300.000 төгрөгийн шаардлагыг хангасан байв. 

       Түүнчлэн, давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгчээс 2.700.000 төгрөг гаргуулсныг  буруутгах боломжгүй...” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн атлаа магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дутагдалтай болжээ.    

       2. Шийдвэр болон магадлал ойлгомжгүй бичигдсэн хэдий ч энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд  үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       а/. Т.Ж нь Р.Гтай 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, хариуцагч Сүхбаатар аймгийн, Баруун урт сумын 7-р баг, 20 айлын орон сууцны, 2-р давхар, 18 тоот 68 кв.м орон сууцыг 78.200.000 төгрөгөөр худалдах, харин нэхэмжлэгч худалдан авах, гэрээнд заасан хугацаанд мөнгийг төлөх талаар тохиролцсон нь нотлогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байв.

        Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

        Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

        Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул уг гэрээний үүргийг биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй. 

         б/.  Үндсэн нэхэмжлэлийн талаар

        Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

        Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй байна.  

        Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

        Т.Ж орон сууцыг худалдан авснаас хойш хариуцагч байраа буцааж авсан, гэрээний төлбөрт авсан зарим зүйлийг Р.Г нь Т.Жд буцааж өгсөн, үлдсэн эд хөрөнгийг нэхэмжлэгч шаардаж шүүхэд хандсан байна.

        Худалдан авагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх хугацааг хэтрүүлсэн болохыг худалдагч нотлоогүй, орон сууцыг Т.Ж хүлээлгэн өгсөн байх тул  орон сууцны төлбөрт тооцон өгсөн бүх эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэгч буцааж авах эрхтэй.

        Иймд шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн гэж дүгнэв. 

         в/. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

         Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнээс худалдагч татгалзсан, үүнийг худалдан авагч зөвшөөрсөн байгаа тул сөрөг нэхэмжлэлээс Т.Ж 9 сар гэрээний зүйл болох орон сууцанд амьдарсан хөлсийг сарын 300.000 төгрөгөөр тооцож 2.700.000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-н зохицуулалтыг зөрчөөгүй байна.

          Т.Ж орон сууцанд амьдарсан хугацааны мөнгийг сарын 600.000 төгрөгөөр тооцсон үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй тул энэ шаардлагыг нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

         Р.Г худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан, цуцалсан үндэслэлээ нотлоогүй тул түүнд учирсан хохирол гэх  “...малчны 12 сарын цалинд төлсөн 2.400.000 төгрөг, байрны үнийн зөрүү 3.200.000 төгрөг...”-г худалдан авагч төлөх үүрэг хүлээхгүй. 

         Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул Т.Жаас 2.700.000 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцнэ.  

        Дээр дурдсан үндэслэлээр Р.Гаас 11.500.000 төгрөг гаргуулж Т.Жд, Т.Жаас 2.700.000 төгрөг гаргуулж Р.Гт олгож, сөрөг нэхэмжлэлээс 8.300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт,  Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан Р.Гаас 11.500.000 төгрөг гаргуулж Т.Жд, Т.Жаас 2.700.000 төгрөг гаргуулж Р.Гт олгож, сөрөг нэхэмжлэлээс 8.300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж., хоёр дахь заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 198.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 195.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Р.Гаас 198.410 төгрөг гаргуулж Т.Жавзанпагмад, Т.Жаас 57.610 төгрөг гаргуулж Р.Гт олгосугай...” гэж өөрчлөн, шийдвэрийн 3,4,5 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 198.950 төгрөгийг Т.Жд захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ