Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 431

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгч А.М хохирогч Х.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овогт Алтангэрэлийн Мөнхсайханд холбогдох “1911011290468” дугаартай, 186/2019/0402/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын  сарын 27-ны өдөр шүүн хэлэлцэв.                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1959 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй  үүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 3 дугаар гудамжны 20 тоотод оршин суух бүртгэлтэй,  Дархан овогт Алтангэрэлийн Мөнхсайхан /РД:НЭ59040618/,

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч А.Мөнхсайхан нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 3 дугаар гудамжны 20 тоот өөрийн гэртээ эхнэр Х.Алтанцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,улмаар түүний толгой,шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч А.Мөнхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би 2 удаа мөрийг нь ёворсон. Урдаас ойртоод ирэхээр нь шанаанд нь гараа тулгаж байгаад түлхсэн болохоос өөрөөр би ерөөсөө цохиогүй. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Цагдаа дуудсаныг нь мэдээгүй. Цагдаа нар ирэхэд хэн дуудсан юм гэж асуухад мэдэхгүй гэж Х.Алтанцэцэг хэлсэн. Гэтэл Х.Алтанцэцэг дуудсан гэдгийг би дараа нь мэдсэн. Бид хоёр тухайн үед 2 ач хүүгээ харж байсан гэв.Бид хоёр энэ асуудлаас хойш хамт амьдраагүй.

1.2.Хохирогч Х.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Зөрүүтэй зүйл ярьж байна. Намайг өөдөөс нь очиход түлхсэн гэж хэлж байна. Намайг гараа өрж байгаад цохисон. Ярьсан зүйлтэй нь санал нийлэхгүй байна. Гэмтлийн зэрэг зөв тогтоогдсон. Эрүүл мэндийн хувьд айсан болон уурласан үед миний мэдрэл

дагаж нуруугаар өвддөг. Одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Алтанцэцэгийн:..2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 11 цагийн үед гэртээ царцаамаг хийх гээд стакануудаа хайсан чинь хайрцагтайгаа олдохгүй байсан. Нөхөртөө хандан чи гэрээсээ хулгай хийж зөөлөө, эсвэл хулгай хийхээ боль, нэг бол зөөгөөд байгаа газар луугаа яв гэсэн чинь Мөнхсайхан миний толгойн баруун дээд хэсэг рүү цохисон. Мөн миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад цохисон гэх мэдүүлэг. /хх-н 17-18/, 

2.2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4194 тоот актын:

1.Х.Алтанцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт. /хх-н 23/,

    Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1.Улсын яллагч хавтас хэргээс:.. гомдол хүлээн авсан тэмдэглэл, 17-18 дугаар хуудас хохирогч Х.Алтанцэцэгийн мэдүүлэг, 15-16 дугаар хуудас гэрч Г.Мөнгөнтулгын мэдүүлэг, 23 дугаар хуудас хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4194 дугаартай дүгнэлт, 30-31 дүгээр хуудас яллагдагч А.Мөнхсайханы мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч А.Мөнхсайхан нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы 3 дугаар гудамжны 20 тоот өөрийн гэртээ эхнэр Х.Алтанцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,улмаар түүний толгой,шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогч Х.Алтанцэцэгийн мэдүүлэг, гэрч Г.Мөнгөнтулгын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний 4194 тоот дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

 

Чингэлтэй дүүргийн прокуророос А.Мөнхсайханд гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Мөнхсайхан нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Иймд прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч А.Мөнхсайхан болон хохирогч Х.Алтанцэцэг нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Мөнхсайханыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан овогт Алтангэрэлийн Мөнхсайхан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Мөнхсайханыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Мөнхсайханд оногдуулсан торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Мөнхсайхан нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч А.Мөнхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мөнхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ