Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 208/МА2024/00058

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                       иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 149/ШШ2024/00279 шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК

Хариуцагч *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг ******* хотхоны ******* тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай

Тун жөү ХХК ******* нараас байрны гэрчилгээ гаргуулах, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "*******" ГХОХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг ******* хотхон ******* айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус орон сууцыг зарах түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингээд ******* нь 2023 оны 05 дугаар сард ******* хотхоны ******* тоот 2 өрөө орон сууцыг түрээслэх нэрээр нүүж орсноос хойш түрээсийн мөнгөө төлөхгүй байгаа тул компанийн зүгээс 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөх талаар түүнд удаа дараа мэдэгдсэн. Гэвч компанийн өмч болох 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Иймд түүний хууль бус эзэмшлээс манай компаний өмч болох Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* хотхон *******-р байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлж түүнийг албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. Зулцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа Би энэ байранд хууль бусаар ороогүй. Би гэрээ хийгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нотариатч орж байгаад мөнгөө шилжүүлээд албан ёсоор мөнгөө өгөөд орсон. Тухайн үед манай 2 дүү Бороо Гоулдод ажилладаг, хоёулаа ээлжийн ажилтай байсан учраас одоо Аниа очоод та нотариатч хийгээд тэр байрныхаа мөнгийг шилжүүлчих гэхээр нь би аавынхаа данснаас 20 сая төгрөгийг нь шилжүүлсэн баримтыг бол шүүхэд өгсөн байгаа. Тэгээд түрээсийн гэрээ гээд яригдаад байгаа дээр болохоороо би ажлаа хийгээд байж байтал Аниа одоо Прокурорын шийдвэр гараад байр битүүмжлэх гээд байна. Та алив очоодох доо гээд дүү маань ярьсан. Ажил дээрээс би яваад очтол Гантулга цагдаа ирчихсэн Прокурорын шийдвэр барьчихсан, танайх одоо энэ байрнаас гар гээд тухайн нөхцөлд хоёр нялх хүүхэд нь манайд байсан гэр орон ч үгүй тэр тухайн нөхцөл байдлаас бид нар сандраад одоо яана аа ийн за гээд тэр түрээсийн гэрээ хийсэн.

Тэгэхээр би энэ байртай ямар ч хамааралгүй. Би Хэрх 4 дүгээр баг Холбоо толгойн 1-39 тоотод аав, ээжтэйгээ амьдардаг ба доо хүртэл амьдарч байна. Би энэ хаяг дээрээ 30 хэдэн жил дөнгөж төрөөд л амьдарч байгаа. Би тэр хойд талын ******* айлын ******* тоотод ямар ч хамааралгүй хүн. Өнөөдөр би шүүх дээр нэхэмжлэл ирээд шүүх дээр ажлынхаа цаг завыг гаргаад ажлаасаа удаа дараалан чөлөө аваад шүүх хуралд орж байгаа. Тухайн үед ******* тоотод ороход Мөнхтуул гэдэг хүнд түлхүүр нь байсан. Бид нарыг албан ёсоор түлхүүрээ өгөөд бид нар орсон. Бид нар хүний амьдарч байсан байранд шууд дайрч ороогүй. Мөн тухайн нөхцөл байдалд бид нар мөнгөө л өгч орсон хууль бус юм би бол хийгээгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зулцэцэгтэй анх уулзаад гэрээ хийгээд энэ байранд оруулсан. Зулцэцэгт уул нь худалдах, худалдан авах гэрээ хийсэн бүх юм нь байгаа. 2022 оны 12 сард анх уулзаад гэрээ хийгээд өмнөх айл нь наана чинь нэг сар амьдарсан нэг айл байгаа. Би шүүхээр дуудуулсан. Золбаяр гээд тэр айлыг тэр айл нэг сар амьдраад 10 сая төгрөг *******хуагийн дансанд би өөрөө ярьж байгаад *******хуа бид хоёр байж байгаад *******хуагийн нөхрийнх нь данс Баузи гэдэг дансанд хийлгээд 10 сая төгрөг өгсөн байсан. Тэгээд энэ айл байрнаасаа гарах болоод 10 сая төгрөгийг нь наад Зулцэцэгээс авч өгсөн.

Тэгээд 10 сая төгрөгийг нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байгаа. Би Зулцэцэгт худалдах, худалдан авах гэрээ, тэгээд нотариатчаар орсон юм. *******хуад ч нэг хувь нь байгаа. Зулцэцэгийн данснаас надад 20 төгрөг шилжиж орж ирсэн өмнөх айл руу би Золбаярынх руу 10 сая төгрөгийг нь шилжүүлсэн байгаа. Зулцэцэгийг анх байранд оруулах үед Тун Жөү компани байрны үл хөдлөхийн гэрчилгээ гаргах эрх нь байгаагүй байсан гэв.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д. Зулцэцэг миний бие дээрх маргаан болоод байгаа ******* сумын 1 дүгээр баг ******* айлын ******* тоот 45.78 мк байрыг 1.100.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар 20.000.000 төгрөгийг Тун Жөү компанийн төлөөлөгч *******ын дансанд хийж тухайн байрны засварыг бид өөрсдийн мөнгөөр хийж, засвар хийсэн мөнгийг байр худалдаж авах төлбөрөөс хасахаар тохирч улмаар үлдэгдэл төлбөрийг нь байрны гэрчилгээг гаргаж өгсний дараа тооцоо нийлж төлөхөөр тохирсон.

Бидний худалдаж авахаар тохиролцсон байр маань маш их засвартай хүн амьдрах арга байхгүй болчихсон байр байсан. Тиймээс бид эхний ээлжид байранд засвар хийхээр болсон. Үүнийг Тун Жөү компанийн зүгээс зөвшөөрч бид байрандаа орохоосоо өмнө 10.000.000 төгрөгөөр засвар хийсэн. Гэтэл ******* болон тухайн Тун Жөү компани хоёрын хооронд маргаан үүссэн юм уу? БНХАУлсын иргэн хятад эмэгтэй ирээд бид нарыг байрнаас гар гэж хөөж эхэлсэн. Ингээд бидний зүгээс цагдаагийн газарт хандаж хүсэлт, гомдол гаргасан. Гэтэл Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ын хариу мэдэгдэх хуудас болон байр битүүмжилсэн тогтоол байгаа гэж Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч ирж биднийг байрнаас гар гэж хөөж эхэлсэн. Улмаар прокурортой уулзахад та нар залилуулсан, гэхдээ байр чинь Тун Жөү ХХКомпаний өмч учраас байрыг суллаж өг, суллаж өгөхгүй бол Тун Жөү ХХКомпанитай түрээсийн гэрээ хий" гэж шахсан. Би тэр байранд огт амьдарч байгаагүй, харин манай дүү гэр бүлийн хамт амьдардаг, намайг 20.000.000 төгрөгийг энэ байрны төлбөрт өгсөн учраас түрээсийн гэрээ гэх баримт бичиг дээр гарын үсэг зур гэсний дагуу би гарын үсгээ тар түрээсийн гэрээ гэх бичиг дээр нь зурсан. Энэ түрээсийн гэрээг хийх хүсэл зориг надад огт байхгүй, цагдаа, прокурорын байгууллагаас байраа чөлөөлж өг гээд дүү ийг маань гэр бүлийнх нь хамтаар өвлийн хүйтэнд байрнаас нь гаргах гээд байсан учраас арга буюу би энэ түрээсийн гэрээ гэх бичиг дээр нь гарын үсэг зурсан. Иймд 2023 оны 05 дугаар сарын 08-нд *******т хотхоны 3 дугаар орцны ******* тоотыг түрээслэхээр болов гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 279 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэг, 307 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Дэлгэрийн Зулцэцэгээс Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг ******* хотхоны ******* тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж "*******" ГХОХХК-д /РД:/ олгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар *******ээс "*******" ГХОХХК болон ******* нараас байрны гэрчилгээ гаргуулах болон 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Нэхэмжлэгч "*******" ГХОХХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "*******" ГХОХХК-д буцаан олгож, хариуцагч *******ээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч: "*******" ХХКомпани нь Д. Зулцэцэгт холбогдуулан орон сууцыг албан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, *******, болон "*******" ХХКомпаниас ******* суманд байрлах ******* айлын орон сууцны ******* тоот 2 өрөө байрны гэрчилгээг гаргуулах, эс бөгөөс байрны урьдчилгаанд төлсөн төлбөр 20.000.000 төгрөгийн засвар хийсэн зардлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн байрнаас албадан чөлөөлж, байрыг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь,

1. Зулцэцэг тухайн байранд огт оршин сууж байгаагүй. Тийм учраас хариуцагч биш, тухайн байранд оршин суудаггүй хүнийг байрнаас албадан гаргах, чөлөөлөх гэдэг ойлголт байхгүй.

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад огт үнэн зөв дүгнэлт хийгээгүй, Өөрөөр хэлбэл ямар хууль зүйн Факт болсныг огт анхаарч үзээгүй.

3. Тухайн хэрэгт сөрөг нэхэмжлэгчийн хариуцагчаар *******ыг татсан бөгөөд маргаан болж буй хэргийн сөрөг нэхэмжлэгчийн хариуцагчаар *******ыг татсан, гэтэл ******* тухайн байрыг "*******" ХХКомпаний зөвшөөрснөөр иргэн н. Отгонжаргал, *******, Дэлгэрзул нарт зарахаар хэлцэл хийж 20.000.000 төгрөгийг авч "*******" ХХКомпанийн дансанд шилжүүлсэн гэх үйл баримтын талаар, дурдсан байдаг.

Гэтэл энэ хэрэгтэй шалтгаант холбоотой асуудлаар *******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байхад хууль зөрчиж иргэний хэргийг түрүүлж шийдэж буй нь хуульд нийцээгүй.

4. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудалд огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж байгаад үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй гэж харж байгаа юм. Давж заалдах шатны шүүх өнөөдөр энд дүгнэлт хийж чадахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Ямар ч дэг журамгүй байдлаар явагдсан. Тэр тусмаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дэг журамтай, өөрөө материаллаг хууль болж зарим тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хүчин чадалтай хууль. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Нэгдүгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хууль журмын дагуу явагдсан. Уг хэрэг *******ийн хүсэлтээр маш олон удаа хойшилсон. Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээж авч бүх нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2. Нэхэмжлэгч Тун Жөү ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан хууль бус өмчлөлөөс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч улмаар талуудын хооронд 2023 оны 05 сарын 08-ны өдөр хийсэн түрээсийн гэрээ гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.

3. Хэргийг судлан үзвэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн алдаа гаргажээ.

Тухайлбал :

а. Нэхэмжлэгч Тун Жөү ХХК нь өөрийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах ******* айлын ******* тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч *******, ******* нар нь зөрчиж, хууль бусаар эзэмшсэн гэж тэдгээрт холбогдуулж шаардлага гаргасан боловч өөрийн өмч мөн эсэх талаар ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүхээс түүнийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэн улмаар хариуцагч нар түүний өмчлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн,

б.Нэхэмжлэгчээс хамтран хариуцагчаар *******ыг татсан байх ба хариуцагч *******ийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Тун Жөү ХХК-ны төлөөлөгч гэсэн тайлбар, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тэй Тун Жөү ХХК-нийг төлөөлөн харилцаж байсан тухай тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн байх ба ******* нь энэ хэргийн хамтран хариуцагч мөн эсэх түүний эрх зүйн байдлын талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй,

в.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс урьд хариуцагч ******* нь Эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан гэж Прокурорын газраас түүнд холбогдсон хэргээс тухайн хэрэгт хамааралтай нэр бүхий гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулахаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн боловч тухайн байгууллагаас ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй ирүүлсэн байхад хүлээн авч хэргийг шийдвэрлэхдээ тухайн баримтыг нотлох баримтаар үнэлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй,

г. Хариуцагч *******ээс нэхэмжлэгч Тун Жөү ХХКтай 2023 оны 05 сарын 08-ны өдөр хийсэн түрээсийн гэрээ нэртэй хэлцлийн хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба шүүгчээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасныг эс зөвшөөрч хариуцагчаас гомдол гаргаж тухайн гомдлыг хэлэлцэж тогтоол гарсан боловч тухай шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй,

д. Дээрх шүүхийн тогтоолоор сөрөг нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосноор сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч тодорхой ажиллагаа явуулах атал нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн талаар хариу ирүүлсэн эсэх нь тодорхойгүй, улмаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт огт хийгээгүй зэрэг алдааг тус тус гаргажээ.

4. Иймд анхан шатны шүүхээс гаргасан дээрх алдаа зөрчил болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа журам зөрчсөнийг залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан ба шүүх энэхүү үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болдог бөгөөд захирамжийн биелэлтийг хуульд заасан арга хэлбэрээр хангуулж хэргийг шийдвэрлэх үүргийг шүүгч хуулиар хүлээдэг болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 279 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахад тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД Я.ТУУЛ

 

Г.МЯГМАРСҮРЭН