Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 439

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Б.Сод-Эрдэнэ, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Алаг адуу овогт Намжаагийн Баатарт холбогдох эрүүгийн “1911001800511” дугаартай, 186/2019/0422/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамжны 446 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Алаг адуу овогт Намжаагийн Баатар /РД:ИЦ75082772/,

           Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Н.Бнь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул-2” худалдааны төв дотор байдаг АТМ төхөөрөмжөөс алдаатай гүйлгээний улмаас гарч ирсэн хохирогч Д.Цагаанхүүхэний 500.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Н.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Цагаанхүүхэний:..2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутаас 08 цаг 40 минутын хооронд өөрийн Хаан банкны 5017123042 дугаарын данснаас бэлэн мөнгө авах гээд Нарантуул 2 захын 1 давхарын зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авах

гэж картаа хийж гүйлгээ хийх гэтэл гүйлгээ хийх боломжгүй байна гэж мэдэгдээд байхаар нь би урьд нь байрлах Голомт банкны АТМ-д үйлчлүүлж 500.000 төгрөг авсан гэтэл миний утсанд таны данснаас 500.000 төгрөгний зарлага  гарлаа гэсэн утгатай мессиж 2 удаа ирсэн. Би гайхаад 18001617 гэсэн Голомтын харилцагчийн мэдээлэл хүлээн авагчид хандахад та Хаан банкны карттай учраас Хаан банкинд хандаж шалгуулаарай гэсний дагуу би Нарантуул 2 зах дотор байх Хаан банкинд 09 цагт онгойход нь орж хэлэхэд төв Хаан банкны 18001719 дугаар луу залгаж мэдэгдсэн тэгээд мэдээлэл хүлээж аваад байж байгаад хариу хэлье гэсэн... тухайн үед эхлээд гүйлгээ хийх боломжгүй байна гэсэн хариуг өгөөд гүйлгээ хийгдсэнийг мэдээд банкид хандсан банк надад цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөсөн тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж цагдаагийн байгууллагаас банкинд албан бичгээр хүсэлт гаргаж тухайн АТМ төхөөрөмжийн хяналтын камерийн бичлэгийг авсан байсан тэгээд миний хойноос мөнгө гарч ирэхэд нь авсан хүнийг бичлэгээс хараад тухайн үед Нарантуул 2 худалдааны төвийн махны тасагт  мах зардаг хүн болохыг хараад цагдаагийн албан хаагчийн хамтаар явж байаад тэр залууг олж аваад шалгу  улсан тэр залуу мөн байсан гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

        2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Цагаанхүүгийн:..миний бие 2018 оны 12 дугаар сарын 29-ны өглөө 8:30 минутаас 8:40 минутын хооронд өөрийн хаан банкны 5017123042 дугаарын данснаас бэлэн мөнгө авах гээд Нарантуул 2 захын 1 давхарын зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гэж картаа хийж гүйлгээ хийх гэтэл гүйлгээ хийх боломжгүй байна гээд мэдэгдээд байхаар нь би урд талд байрлах Голомт банкны АТМ-д үйлчлүүлж 500.000 төгрөг авсан гэтэл миний утсанд таны данснаас 500.000 төгрөгний зарлага гарлаа гэсэн утгатай мессиж 2 удаа ирсэн. Би гайхаад 18001617 гэсэн Голомтын харилцагчийн мэдээлэл хүлээн авагчид хандахад та хаан банкны карттай учраас Хаан банканд хандаж шалгуулаарай гэсний дагуу би Нарантуул 2 зах дотор  байрлах хаан банкинд 09:00 цагт онгойход нь орж хэлэхэд төв Хаан банкны 18001719 дугаар луу залгаж мэдэгдсэн тэгээд мэдээлэл хүлээж аваад байж байгаад хариу хэлье гэсэн. Тэгээд оройн 18:26 цагийн үед Хаан банкнаас залгаад таны мөнгө Хаан банкны АТМ дээр үйлчлүүлэхэд гарсан байна та авахгүйгээр яваад өөр хүн таны мөнгийг тань авсан байна цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгд гэсний дагуу би цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна.

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..1-22 дугаар хуудас хохирогч Д.Цагаанхүүхэний мэдүүлэг, 30-31 дүгээр хуудас яллагдагч Н.Баатарын мэдүүлэг, 15-17 дугаар хуудас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хаан банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 14 дүгээр хуудас Д.Цагаанхүүхэний дугаар бүхий Хаан банкны дансны гүйлгээний хуулга зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Н.Бнь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул-2”

худалдааны төв дотор байдаг АТМ төхөөрөмжөөс алдаатай гүйлгээний улмаас гарч ирсэн хохирогч Д.Цагаанхүүхэний 500.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч Д.Цагаанхүүхэний мэдүүлэг,шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Д.Цагаанхүүхэн нь санал  гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Бнь бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Баатарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн

шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Алаг адуу овогт Намжаагийн Баатарыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Баатарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Баатарт  оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Бнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Н.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Баатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ