Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 208/МА2024/00060

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 208/МА2024/00060

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Я.Туул, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 149/ШШ2024/00225 шийдвэртэй

Нэхэмжлэгч *******

Хариуцагч *******

Нэхэмжлэлийн шаардлага: 6,432,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: ******* би ******* гэх хүнтэй арваад жилийн өмнөөс танил болсон. ******* нь эгчээ надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна та тус болооч гээд зээл авч буцаан өгөх гэх мэтээр явж байсан боловч зарим зээлээ буцаан өгөөгүйгээс бидний хооронд маргаан үүссэн. Иймд *******гаас зээл надад 6.432.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: *******гийн нэхэмжилсэн 6,432,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2023 оны 07 сараас ******* эгч над руу утсаар ярьж ажил хийхгүйгээр мөнгө олох ашигтай боломж байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг "М-Интернэйшнл" гэдэг сүлжээний бизнес байна. Миний дор элсэж ор хамтарч ажиллая их хэмжээний ашиг, орлого олох юм гэж гуйж ятгасны дагуу би элсэн орж 2023 оны 10 сарын 22-ны өдөр уг сүлжээнд элсэн орж 4290000 төгрөг төлж сүлжээнд төлж, 20 ширхэг бүтээгдэхүүн авсан. 1 бүтээгдэхүүний үнэ нь 214000 төгрөгийн үнэтэй гэж байсан. ******* эгч намайг элсүүлж оруулсныхаа хөлсөнд 1690000 төгрөг авсан байгаа. Гэтэл уг бүтээгдэхүүн нь манай зах зээлд гүйлгээгүй бараа бүтээгдэхүүн байсан учраас зарагдахгүй болохоор нь Өвөр Монголын Шилийн гол руу 2023 оны 11 сарын 02-ны өдрөөс 07-ны хооронд явахдаа юу ч зарж чадаагүй баахан өрөнд ороод ирсэн. *******гаас 2023 оны 10 сарын 25-ны өдөр 450000 төгрөг авсан нь үнэн. 2023 оны 10 сарын 28-ны өдөр авсан гэх 858000 төгрөгөөс миний охины сүлжээнээс 2 бүтээгдэхүүн авсан 429000 төгрөг хасагдана. 50000 төгрөгийг авсан. 2023 оны 11 сарын 12-ны өдөр авсан 10000 төгрөгийн унааны зардал үүнээс 5000 төгрөгийг би төлнө. 2023 оны 11 сарын 27-ны өдөр 200000 төгрөг авсан. 2023 оны 11 сарын 30- ны өдөр авсан гэх 1800000 төгрөгийг Өвөр Монголын Шилийн гол руу явсан замын зардал буудлын мөнгөнд хамт зарцуулсан мөнгө юм. Мөн 2023 оны 11 сарын 30-ны өдөр өгсөн 88000 төгрөг мөн өдөр авсан 100000 төгрөг энэ мөнгийг бид 2 дундаа хэрэглэсэн мөнгө төгрөг учраас 2 хувааж 50 хувиар би төлөх ёстой. 2023 оны 12 сарын 01-ний өдөр 856000 төгрөг надад огт хамаагүй миний дансаар дамжуулж өөртөө бүтээгдэхүүн авсан байгаа. 2023 оны 11 сарын 30-ны өдөр 360000 төгрөг авсан.... миний тооцоогоор авсан мөнгө нийтдээ 2.488.000 төгрөг болж байгаа. Миний бие *******д төлөх ёстой 2,046,000 төгрөгийг төлөхгүй учир нь би энэ хүнээс болж 4,290,000 төгрөгөөр хохирсон харин энэ намайг элсүүлсэн ашиг гэж ******* 1,690,000 төгрөг авсан. Эцсийн эцэст миний бие сэтгэл санаа, эдийн засгаар мөн ажил төрөлгүй олсон орлогогүй болж маш их хохирсон учраас *******д ямар нэгэн өр шир төлөх төлбөр байхгүй гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 225 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 4769000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д. Гаамаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1663000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 91254 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхэд мэдүүлэг тайлбараа өгсөн боловч хэрэгсээгүй. Баримт нотолгоо байгааг шүүх хүлээн авсангүй. Гэрчийг оруулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс ямар ч мөнгө төлөхгүй гэхгүй байгаа юм. Төлөх шийдвэр гаргахдаа илүү гаргачихсан учир гомдолтой байна гэдэг. 2023 оны 12 дугаар сарын 25-наас 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 10 удаагийн үйлдлээр *******гаас ******* руу өгсөн 5,412,000 төгрөг шилжүүлчихсэн байдаг. Энэ дээр маргаантай байгаа асуудал байхгүй. Гэтэл шүүхийн мэдүүлэг дээр юу гэж ярьдаг вэ гэхээр би 1,000,000 төгрөгийг хасаж байна. 800,000 төгрөгийг мөн хасаж байна гэж хэлдэг. Тэгвэл 5,412,000 төгрөгөөс 1,800,000 төгрөг хасахаар 3,612,000 төгрөг үлдэж байгаа. Энэ дүнг хооронд нь нэмээд хэлэхээр нэхэмжлэгчээс гаргаад 6,432,000 төгрөг яаж гарч байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэл дээр дурдсан дансаар шилжүүлсэн мөнгийг нэмээд үзэхээр зөрүүтэй байгаа. Хасахаар 3,612,000 төгрөг үлдээд үүн дээр 2,140,000 төгрөгийг Болорхишиг рүү шилжүүлэхэд ******* дундаас нь авчихсан. Буцааж өгөөгүй гэсэн зүйлийг ярьдаг. Дараагийн тохиолдолд 360,000 төгрөгийг ломбардад өгчихсөн. Энийг нэмж нэхэмжилнэ гээд 2,140,000 төгрөг 360,000 төгрөгийг нэмэхээр 2,500,000 төгрөг болно. Хариуцагч юу төлөхгүй гэж маргаж байна гэхээр одоогийн гаргаад өгчихсөн байгаа 13 бүтээгдэхүүн бол нэг үнэ нь 214,000 төгрөг нийт дүнгээрээ 2,782,000 төгрөг болно. Бүтээгдэхүүн дүнгээр нь буцаагаад өгчихсөн учраас нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс хасуулна гэж тайлбарладаг. Шүүх зохигчдын хоорондын тооцооллыг зөв хийж чадаагүй, нэхэмжлэлдээ заасан бүтээгдэхүүний үнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед дахин нэмэгдүүлсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд зөрүүтэй тул өөрчлөлт оруулж өгнө үү гэв

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шийдвэрийг гардаж авсан. Түүний үндэслэх хэсэгт миний ойлгосноор Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж харсан. Гомдлын хувьд хангах боломжгүй. Он сар тодорхой, дансны хуулга тодорхой, шилжүүлсэн мөнгө нь тодорхой. Үүний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнээс буцааж төлсөн дүн нь нэг удаагийн 800,000 төгрөгийн гүйлгээ байдаг. Энэ нь *******гийн данснаас биш охиных нь дансаар орж ирсэн гүйлгээ байдаг. Зээлж авсан 800,000 төгрөгийг төлсөн. Болорхишиг гэх хүн ******* руу шилжүүлэх гэж байсан 2,145,000 төгрөгийг миний данс руу явуулчих би буцаагаад өгье. Би дансандаа нэг хонуулчхаад буцааж өгье. Дараа нь банкнаас зээл авахад орлого орж ирэх нь хэрэгтэй байдаг гэж хэлээд өгөөгүй. Энэ дүнгүүдийг нэгтгээд 6,432,000 төгрөг болж байгаа. Би талыг нь өгмөөр байна гэж тайлбарласны дагуу анхан шатны шүүхээс хассан. Хасаад 4,960,000 төгрөгийг гаргуулахаар шийдүүлсэн. Энэ нь үндэслэлтэй болсон. Нэхэмжлэгч ******* гуай 70 дөхөж байгаа настай хүн байгаа. Шийдвэр ингээд гарчихлаа гэхэд за ядаж гол мөнгөнүүдээ олж авъя гэж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гэж 6.432.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. Хариуцагч нь маргасан үндэслэлээ талуудын дундын тооцоолол давхардсан гэж тайлбарладаг бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу 4.769.000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэрийг тодорхойлсон. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудыг хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж тэдгээрийн талаар шүүхээс хийж буй дүгнэлтээ тусгахаар хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох хэргийн хянан шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтыг зөрчин шүүх хэрэг маргаанд эрх зүйн ямар дүгнэлт хийсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн ямар эрхийг хэрхэн зөрчсөн, талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний тооцооллыг шүүх хэрхэн дүгнэсэн зэрэг шийдвэрийн үндэслэлийг заахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн зөрчил гаргажээ.

 

Нэгэнт анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

3.Монгол улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 сарын 04-ны өдрийн 52 дугаартай тогтоолоор баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 71 дугаартай Шүүхэд албан хэрэг хөтлөх журам, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал зэрэг баримт бичгүүдийг судлан шүүн таслах ажиллагаандаа хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болж, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байгааг цаашид анхаарах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 225 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 91,254 төгрөгийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ШҮҮГЧИД Я.ТУУЛ

 

Г.ДАВААРЕНЧИН

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

  

,810Г

Bottom of Form