Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Ц.А

Улсын яллагч  Э.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т.Б-д холбогдох эрүүгийн 192.0000.0000.33 тоот хэргийг 2019 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух хаягтай, урьд ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар ял шийтгүүлж байсан, Т овогт Т.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг Авто замын шалган нэвтрүүлэх боомтонд албан үүргээ гүйцэтгэж байсан хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч буюу хуулиар тусгайлан эрх олгосон хууль сахиулагч болох ахмад Ц.Э-н хилийн бүсэд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн ахмад Ц.Э-н биед халдан эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 03 дугаар сарын 04-нд БНХАУ-ын Эрээн хот руу ажлаар гараад тэндээ ажлын журмаар танидаг гурван хятадтай хамт хоолонд оронгоо 4-5 шил архи уусан байх би сайн санахгүй байна. Тэгээд Монгол улс руу орох гээд хоол идсэн газраасаа нэг хятадаар Хятадын хил рүү машинаар хүргүүлээд хил дээр буугаад Хятадын хил рүү орох гээд яаж байсан машинд суугаад дотогшоо ороод штамба даруулаад гарч байснаа санаж байна. Тэгснээс хойш болсон үйл явдалын талаар санахгүй байна. Нэг мэдсэн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд ирснээ мэдсэн. Маргааш өглөө нь цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхээс гараад болсон үйл явдлыг хүнээс дуулсан би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж ичиж байна. Дахиж ийм байдал гаргахгүй өөртөө дүгнэлт хийж байна. Би ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Би үнэхээр санахгүй байна. Маргааш өглөө нь эрүүл болсон хойноо цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаагаас сонссон өөр мэдэх зүйл алга. Би хохирогч нараа бүгдийг нь хохиролгүй болгож дууссан. Бас хохирогч нараас уучлал гуйсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй хэргээ хурдан шуурхай шийдвэрлүүлж дуусгамаар байна гэжээ. /хх-ийн 19-20/

Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр Би хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр үүрэг гүйцэтгэж байхад оройны 17:50 минутын үед хилийн орох чиглэлд жолоочийн штамп шалгадаг хэсэг дээр тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Ч.Э үл таних нэг зорчигч штамп шалгадаг байрны гадаа ирчихээд согтуугаар орилж миний штамп дарж өг пизда нар миний гээд хэл амаар доромжилж гадаад паспортаа шидээд байна гэж дотуур холбоогоор мэдэгдэхээр нь дэд ахлагч Н.О-г очоод аваад ир гэж үүрэг болгосон тэгтэл очсон алба хаагчийг маань доромжилж хилийн байрны 2 дугаар давхарлуу гарахгүй зууралдаж ноцолдоод байхаар нь би өөрийн биеэр очиж салгаж үл таних хүнийг дагуулан дээшээ 2 давхар гарах гээд явж байтал тухайн үед би өөрөө ар талд нь урд талд нь манай ахлагч Н.О явж байсан ба нөгөө үл таних хүн гэнэт эргэж хараад миний нүүрэн тус газар болон зүүн нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон тэгтэл надаас салахгүй миний албаны хувцасны баруун мөрдөсийг хуулж цамцны зүүн доод хэсгээс татан урсан шаардлага тавихад өөдөөс эсэргүүцэж хэл амаар доромжилж эсэргүүцэл үзүүлж та нарыг алсан ч яадгийн зүгээр байгаарай гөлөгнүүд минь та нар барахгүй шүү хилийн цэргийн пизда нарыг би яасан ч яана шүү хараарай гэж салаавч өгч танхайрч байсан. Тэгээд би өрөөнд оруулж гав тусгай хэрэгсэл хэрэглэж цагдаагийн хэлтэст дуудлага өгч манай хилийн бүсэд согтуу хүн танхайраад байна гэж хэлсэн тэгтэл 5 минутын дотор 2 цагдаагийн алба хаагч орж ирээд авч явах гэтэл дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгсөн намайг нүүрлүү цохих үед миний гар утас газар унаж нүүр болон ар хэсгээрээ хагарч цуурсан байсан. Дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нарт дийлдэхгүй болохоор нь бид хүч нэмэгдүүлж цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Ямар ч байсан хоёр хөлөн дээрээ зүгээр явж байсан архи үнэртэж байсан. Би урд өмнө нь харж байсан хил гааль дээр байнга бүрдүүлэлт хийгээд явж байдаг залуу, хэрэг болсноос хойш хүнээс асуухад Б гэдэг залуу гэж байсан бусдаар сайн танихгүй. Миний зүүн нүдэнд гараараа нэг удаа цохисон гэхдээ аль гараараа цохисонг сайн санахгүй байна. Байхгүй гэж бодож байна. Одоо миний зүүн нүд бүрэлзэж нулимс гоожоод байна миний ажил байнга гадаа салхинд явдаг болохоор их хэцүү байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэжээ. /хх-ийн 06-08/

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 дугаар сарын 04 ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр үүрэг гүйцэтгэж байхад ... цэг дээр согтуу хүн ирчихээд агсам тавиад байна гэхээр нь ахмад Ц.Э намайг шалгаад ир гэж үүрэг болгосон юм. Тэгээд би ... цэг дээр очиход үл таних эрэгтэй хүн согтуугаар орилж чарлаад хашигчаад байхаар нь очиж хууль ёсны шаардлага тавихад өөдөөс эсэргүүцэж хэл амаар доромжилж байсан тэгээд дагуулаад явах гэтэл авахгүй зууралдаад замдаа зүгээр явж байсан жолооч нартай муудалцаад байхаар нь та ямар хаашаа хүн бэ намайг дагаад яв гэж хэлсэн чинь дуртай дургүй дагаад хилийн байрны хаалгаар орж 2 давхарлуу гарахгүй гээд эсэргүүцээд байсан чинь манай ахмад Ц.Э гарч ирээд та битгий орилоод бай гэж хэлээд шаардлага тавьсан чинь Ц.Э ахмадтай муудалцаад ахмад Э-г хэл амаар доромжлоод байсан тэгээд дээшээ хоёр давхарлуу гарах гэтэл Ц.Э ахмадыг 2 давхрын шатан дээр мөргөж унагаасан тэгэхээр нь ахмад бид хоёр дарж аваад тусгай хэрэгсэл хэрэглэж гарт нь гав зүүж өрөөрүү оруулсан цагдаад дуудлага өгсөн удалгүй 2 цагдаа ирээд авч явсан. Тэгээд цагдаа нар болон манай хоёр сонсогч нартай хамт хүчээр авч явсан тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна би араас нь явж хоёр сонсогчоо цагдаа дээр очиж авсан. Би тухайн өдөр би томилгоотой байсан. Тухайн үед би цохилуулаагүй дийлдэхгүй баахан ноцолдсон миний гитeлны мөрдөс хуулж танхайрсан бусдаар миний биед гэмтэл учраагүй. Их үнэртэж байсан хоёр хөл дээрээ гуйвж байсан ер нь нилээн согтуу хэл ам нь ээдэрсэн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Надад санал гомдол байхгүй гэжээ. /хх-ийн 09-10/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр би ямар учир болсон талаар сайн мэдэхгүй би маргааш гарах ээлжийн гарах хувиаар хийгээд сууж байсан болохоор харсан үйл байхгүй нэг мэдсэн чинь манай ажилын байрны хоёр давхарын шатан дээр хүмүүс шуугиж байсан. Тэгээд манай өрөөнд ахмад Ц.Э орж ирээд нэг нөхөр намайг нүүрлүү цохичихлоо гэж байсан. Ямар үйл явдал болсон талаар мэдэхгүй байна. Зүс танина бусдаар сайн танихгүй хил гаалаар яваад байдаг өндөр биетэй залуу байдаг. Би нүдээр хараагүй үнэхээр мэдэх зүйл алга. Би хараагүй болхоор мэдэх зүйл алга байна гэжээ. /хх-ийн 13-14/

Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомт ... цэг дээр үүрэг гүйцэтгэж байхад гадуур жолооч нарын штамба дардаг хэсэг дээр үл таних эрэгтэй хүн ирээд согтуугаар миний паспортыг дарж өг гээд байхаар нь энд жолоочийн штамба дардаг хэсэг та зорчигчийн хэсгээр орж даруул гэж хэлсэн чинь хэл амаар доромжлоод байхаар нь төврүүгээ мэдэгдсэн чинь ахлагч Н.О ирээд дагуулаад явсан түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би ... цэг дээр томилгоотой байсан. Тухайн үед би тэр үл таних хүн манай хоёр алба хаагчтай маргалдаж байсан талаар хараагүй яаг юу болсон талаар мэдэх зүйл алга. Тухайн үед миний өөдөөс гадаад паспортоо нүүрлүү шидээд би дандаа гадуур даруулдаг чи дарах ёстой гээд байсан айхтар харааж зүхсэн зүйл гаргаагүй. Би гадаа байсан болохоор дотор яг юу болсон талаар хараагүй гэжээ. /хх-ийн 11-12/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 01-02/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17/

А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2019 оны  03 сарын 20-ны өдрийн ТХҮ-819/025 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29/

Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-34/

Хилийн ... ангийн АЗШНЗ-ын БАБ хариуцсан орлогч, ахмад Ц.Э-н ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 36-39/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг шүүгдэгчийн оршин суух хаягийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 39-44/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-62/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 65-66/

Хялбаршуулсан журмаар явуулсан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 73/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг Авто замын шалган нэвтрүүлэх боомтонд албан үүргээ гүйцэтгэж байсан хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч буюу хуулиар тусгайлан эрх олгосон хууль сахиулагч болох ахмад Ц.Э-н хилийн бүсэд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн ахмад Ц.Э-н биед халдан эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Э “...дэд ахлагч Н.О-г очоод аваад ир гэж үүрэг болгосон тэгтэл очсон алба хаагчийг маань доромжилж хилийн байрны 2 дугаар давхарлуу гарахгүй зууралдаж ноцолдоод байхаар нь би өөрийн биеэр очиж салгаж үл таних хүнийг дагуулан дээшээ 2 давхар гарах гээд явж байтал тухайн үед би өөрөө ар талд нь урд талд нь манай ахлагч Н.О явж байсан ба нөгөө үл таних хүн гэнэт эргэж хараад миний нүүрэн тус газар болон зүүн нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон тэгтэл надаас салахгүй миний албаны хувцасны баруун мөрдөсийг хуулж цамцны зүүн доод хэсгээс татан урсан шаардлага тавихад өөдөөс эсэргүүцэж хэл амаар доромжилж эсэргүүцэл үзүүлж та нарыг алсан ч яадгийн зүгээр байгаарай гөлөгнүүд минь та нар барахгүй шүү хилийн цэргийн пизда нарыг би яасан ч яана шүү хараарай гэж салаавч өгч танхайрч байсан.” гэх мэдүүлэг, гэрч Н.О “... цэг дээр согтуу хүн ирчихээд агсам тавиад байна гэхээр нь ахмад Ц.Э намайг шалгаад ир гэж үүрэг болгосон юм. Тэгээд би ... цэг дээр очиход үл таних эрэгтэй хүн согтуугаар орилж чарлаад хашигчаад байхаар нь очиж хууль ёсны шаардлага тавихад өөдөөс эсэргүүцэж хэл амаар доромжилж байсан тэгээд дагуулаад явах гэтэл авахгүй зууралдаад замдаа зүгээр явж байсан жолооч нартай муудалцаад байхаар нь та ямар хаашаа хүн бэ намайг дагаад яв гэж хэлсэн чинь дуртай дургүй дагаад хилийн байрны хаалгаар орж 2 давхарлуу гарахгүй гээд эсэргүүцээд байсан чинь манай ахмад Ц.Э гарч ирээд та битгий орилоод бай гэж хэлээд шаардлага тавьсан чинь Ц.Э ахмадтай муудалцаад ахмад Э-г хэл амаар доромжлоод байсан тэгээд дээшээ хоёр давхарлуу гарах гэтэл Ц.Э ахмадыг 2 давхрын шатан дээр мөргөж унагаасан тэгэхээр нь ахмад бид хоёр дарж аваад тусгай хэрэгсэл хэрэглэж гарт нь гав зүүж өрөөрүү оруулсан.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Э “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомт ... цэг дээр үүрэг гүйцэтгэж байхад гадуур жолооч нарын штамба дардаг хэсэг дээр үл таних эрэгтэй хүн ирээд согтуугаар миний паспортыг дарж өг гээд байхаар нь энд жолоочийн штамба дардаг хэсэг та зорчигчийн хэсгээр орж даруул гэж хэлсэн чинь хэл амаар доромжлоод байхаар нь төврүүгээ мэдэгдсэн чинь ахлагч Н.О ирээд дагуулаад явсан.” гэх мэдүүлэг, А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2019 оны  03 сарын 20-ны өдрийн ТХҮ-819/025 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29/,хохирогч Ц.Э-н ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 36-39/  зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Т.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын тогтмол орлого тодорхойгүй байдлыг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр шүүх хугацаа тогтоов.

Хохиролын хувьд:

Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Э нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Шүүгдэгч Т овогт Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд сард 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.Б