Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 578

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 13-42 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ64060719, Тэх овогт Надмидын Гансүхийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Н.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Би 1980 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны ээлжийн галч, нүүрс оруулагчаар анх ажилд орсон. 1984 онд цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн тус үйлдвэрт дугуй зуухны тоосго өрөгчөөр ажилд орсон. Барилга угсралтын трест нь 1992 оны 3 дугаар сард Барилгын бирж болж өөрчлөгдөхөд мөн л ажиллаж байсан. Ингээд тус үйлдвэрт тасралтгүй ажиллаж байгаад 1994 оны 4 дүгээр сард тус үйлдвэр хувьчлагдахад хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Одоо тэтгэвэрт гарах нас болж байгаа тул бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон юм. Миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэр болон Барилгын биржид 1980-1984 он, 1987-1994 онуудад дугуй зуухны ээлжийн галч, нүүрс оруулагч, тоосго өрөгчөөр ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ц.Чимэд, Д.Цэнд-Аюуш нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.Гансүх нь 1980 оны 7 дугаар сарын 01-нээс 1984 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 06-наас 1994 оны 4 дүгээр сар хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэр болон Барилгын биржид дугуй зуухны ээлжийн галч, нүүрс оруулагч, тоосго өрөгчөөр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

       Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Надмидын Гансүхийн 1980 оны 9 дүгээр сараас 1994 оны 9 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрт 1980-1984 он, 1987-1994 онуудад дугуй зуухны ээлжийн галч, тоосго өрөгчөөр тус тус ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

      Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн захиргаанаас Н.Гансүхэд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дугуй зууханд ээлжийн галч, нүүрс оруулагчаар томилон ажиллуулав, 1984 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Цэргийн албанд явах болсон тул галчийн ажлаас чөлөөлөв, 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Цэргийн алба хааж ирсэн тул тоосго өрөгчөөр авч ажиллуулав” гэжээ.

        Мөн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 498 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “Барилга угсралтын трест 1991-1992 онд, Барилгын бирж 1993-1994 онд Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.

      Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Чимэд, Д.Цэнд-Аюуш нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Чимэдийн “Би 1976 оноос 1992 оныг дуустал Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны ам хаагч, шохой альбасторын цехэд чулуу тэслэгч, шохойн зуухны галлагчаар тус тус ажиллаж байсан. Н.Гансүх нь 1980 онд анх Барилга материалын үйлдвэрт дугуй зууханд ээлжийн галч, нүүрс оруулагчаар ажилд орж байсан. Н.Гансүх нь 1984 оноос 1987 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа тоосгоны заводад тоосго өрөгчөөр 1994 оны 4 дүгээр сар хүртэл буюу тухайн байгууллага хувьчлагдах хүртэл ажилласан. Н.Гансүх бид хоёр тус байгууллагад 10 гаруй жил хамт ажилласан учраас түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар З.Батзул, С.Ургамал, тоосгоны заводын даргаар Нүүнээ нар ажиллаж байсан” гэж, гэрч Д.Цэнд-Аюушийн “Н.Гансүх нь 1980 онд анх Увс аймгийн Барилга материалын үйлдвэрт дугуй зууханд ээлжийн галч, нүүрс оруулагчаар ажилд орж байсан. Н.Гансүх нь 1984 онд цэргийн албанд татагдан явж 1987 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн тус байгууллагын тоосгоны заводад тоосго өрөгчөөр ажилласан. Миний бие нь 1992 оны 3 дугаар сард эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөд Н.Гансүх нь тус байгууллагад ажиллаад үлдсэн” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Н.Гансүхийн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг хэдэн онд ажлаас чөлөөлсөн талаарх бичилт хийгдээгүй байгаа боловч нэхэмжлэгч нь 1994 оны 4 дүгээр сар хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэр болон Барилгын биржид ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Чимэд, Д.Цэнд-Аюуш нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг 1994 оны 4 дүгээр сар хүртэл ажиллаж байсан гэж үзэх нь зүйтэй.

       Нэхэмжлэгч Н.Гансүх нь 1980 оны 7 дугаар сарын 01-нээс 1984 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 7 дугаар сарын 06-наас 1994 оны 4 дүгээр сар хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэр болон Барилгын биржид дугуй зуухны ээлжийн галч, нүүрс оруулагч, тоосго өрөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн захиргаанаас Н.Гансүхэд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 498 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Ц.Чимэд, Д.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Н.Гансүхийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 7 дугаар сарын 01-нээс 1984 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны ээлжийн галч, нүүрс оруулагчаар 3 жил 10 сар 19 хоног, 1987 оны 7 дугаар сарын 06-наас 1994 оны 4 дүгээр сар хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэр болон Барилгын биржид дугуй зуухны тоосго өрөгчөөр 6 жил 8 сар 24 хоног, нийт 10 жил 7 сар 13 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

     Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Тэх овогт Надмидын Гансүхийн 1980 оны 7 дугаар сарын 01-нээс 1984 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны ээлжийн галч, нүүрс оруулагчаар 3 жил 10 сар 19 хоног, 1987 оны 7 дугаар сарын 06-наас 1994 оны 4 дүгээр сар хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэр болон Барилгын биржид дугуй зуухны тоосго өрөгчөөр 6 жил 8 сар 24 хоног, нийт 10 жил 7 сар 13 хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.     

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Н.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ