Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 579

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 03-03 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ66050160, Хольдог овогт Охидоогийн Энхтуяагийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч О.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд төрсөн, 50 настай. Би 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр анх ажилд орсон бөгөөд 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Ажилд орсон тушаал байгаа боловч 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд дээрх онуудад ажиллаж байдлыг байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Цэвээн, Ю.Эрдэнэ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч О.Энхтуяа нь 1982 оны 10 дугаар сарын 15-наас 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Охидоогийн Энхтуяагийн 1982 оны 10 дугаар сараас 1989 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Увс аймаг дахь Нисэх онгоцны буудлын захиргаанаас О.Энхтуяад олгосон 152057 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр ажиллуулав, 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдөр үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв” гэжээ.

           Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Нисэх онгоцны буудлын даргын 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар “О.Энхтуяаг ажилд томилох тухай” тушаалд: “Аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанаас шилжүүлж ирүүлсэн О.Энхтуяаг 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэвэрлэгчээр томилж ажиллуулсугай” гэжээ.

           Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Цэвээн, Ю.Эрдэнэ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Цэвээний “Миний бие 1979-1991 онуудад Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд онгоц сумлагчийн жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед О.Энхтуяа нь Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1982-1989 оны хооронд үйлчлэгчээр ажилладаг байсан. Тухайн үед Увс аймаг дахь Нисэх онгоцны буудлын даргаар Дашдорж, Бадам, Далай, гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ю.Эрдэнийн “Миний бие 1983-1994 онуудад Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд манаач, моторчин зэрэг ажлуудыг хийж байсан. О.Энхтуяа нь 1982 онд Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 он хүртэл ажилласан. О.Энхтуяа нь онгоц болон нисэх онгоцны буудлын конторуудыг бүгдийн цэвэрлэдэг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

          О.Энхтуяагийн 152057 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт түүнийг 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр ажиллуулснаар бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалд түүнийг 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажилд томилсон байх тул 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан гэж үзэх нь зүйтэй.  

         Нэхэмжлэгч О.Энхтуяа нь 1982 оны 10 дугаар сарын 15-наас 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймаг дахь Нисэх онгоцны буудлын захиргаанаас түүнд олгосон 152057 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Нисэх онгоцны буудлын даргын 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар “О.Энхтуяаг ажилд томилох тухай” тушаал, гэрч Д.Цэвээн, Ю.Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

       Иймд нэхэмжлэгч О.Энхтуяагийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 10 дугаар сарын 15-наас 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр 6 жил 9 сар 25 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Хольдог овогт Охидоогийн Энхтуяагийн 1982 оны 10 дугаар сарын 15-наас 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр 6 /зургаа/ жил 9 /ес/ сар 25 /хорин тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.            

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч О.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ