Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.М-д холбогдох эрүүгийн 1920000440024 тоот хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, ... настай, халх, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороонд оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт Г.М,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомт дотор хохирогч Г.Б нь гээгдүүлсэн Самсунг Галакси Жи-7 маркийн гар утсыг олж аван завшиж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний галт тэргээр Замын-Үүд суманд ирсэн. Тэр өдөртөө БНХАУ-ын Эрээн хот руу гарч бараагаа авчихаад оройны 17 цаг 45 минутад Монголын хил дээр ирсэн. Би тэр өдөртөө Улаанбаатар хот руу явах галт тэрэгний билетээ авчихсан байсан тул штампаа даруулчихаад, хилээс вокзал руу таксидахаар гарсан юм. Ингээд хилийн гарах хаалга руу явж байх замдаа Adidas гэсэн бичигтэй хар өнгийн гэртэй, Самсунг Жи-7 маркийн гар утас шороо болчихсон газарт доош харсан байдалтай хэвтэж байхыг нь олсон. Тухайн үед би ганцаараа том чемодан түрчихсэн гүйж байсан юм. Би тэр утсыг аваад ойр орчмоо хартал хүн байхгүй байсан тул үүргэвчиндээ хийгээд цааш явсан. Хашааны гадна гарахад автобус ирсэн. Тухайн үед надаас гадна зөндөө олон хүн автобусанд чихэж орсон. Ингээд би вокзал дээр ирэхэд галт тэрэг хаалгаа хаах гээд шатаа эвхэж байсан. Би нэг вагоны үйлчэгчийг “Би суучихъя” гэж гуйгаад гүйж орсон. Намайг галт тэргэнд суух үед миний утас ч дуугараад, мөн олсон утас ч дуугараад байсан. Би өөрөө галт тэрэгнээс хоцрох гээд их яарч байсан тул утсыг авах ямар ч боломж байгаагүй. Ингээд галт тэргэнд ортол миний утасны цэнэг дуусаад унтарсан. Нөгөө утсыг гаргаад ямар дугаараас дуудлага ирсэнийг нь харах гэтэл кодтой байсан тул дуудлага ирсэн дугаарыг харах боломжгүй байсан. Тухайн үед тэр утасны цэнэг 20 гаруй хувьтай байсан. Би тэр утсыг галт тэрэгний суудал доор байсан цүнхэндээ хийгээд Улаанбаатар хотод очоод гаргаад хартал цэнэггүй болоод унтарчихсан байсан. Цэнэглээд асаах гэсэн боловч кодтой байсан тул харж болохгүй байсан. Би тэр утасны нэг ч зүйл рүү нэвтэрч орж чадаагүй. Тэр утсыг 7 хоног асаалгүй, гэртээ байлгасан. 7 хоногийн дараа уг утсыг цэнэглэж байгаад утасны засварчин дээр аваачиж кодыг нь тайлуулсан. Тэгтэл дотор нь байсан бүх зүйлүүд устсан байсан. Тухайн үед манай нөхрийн дарга болох Т гар утас эвдэрчихсэн гэхэд нь би “Надад нэг олсон утас байгаа. Та тэр утсыг түр барьж бай. Утасны эзэн гэх хүн залгаж магадгүй шүү. Хэрэв хүн залгавал надтай холбогдуулаарай” гэж хэлсэн. Ингээд 7 хоногийн өмнө буюу 04 дүгээр сарын 01-ний өдөр үл таних хүн залгаад “Замын-Үүд сумын цагдаагаас ярьж байна. Манайд Самсунг Жи-7 маркийн гар утсаа хулгайд алдсан гэсэн гомдол ирсэн. Та тэр утсыг олж авсан уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тиймээ би 2019 оны 01 дүгээр сард Замын-Үүд сумаас нэг гар утас олж авсан. Тэр утас нь одоо надад бэлэн байна” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа “Та тэр гар утсаа аваад маргааш наашаа ир” гэхэд нь би “7 хоногийн дараа очъё” гэж хэлээд өнөөдөр ирж байна. Би уг гар утсыг олж авсан нь үнэн. Тухайн үед утасны эзэнтэй холбогдох гэсэн боловч утас нь кодтой байсан тул холбогдож чадаагүй. Удалгүй цэнэг нь дууссан. Цэнэглээд утас руу нэвтрэх гэсэн боловч кодтой тул мөн л нэвтрэх боломжгүй байсан. Би хууль мэдэхгүйгээс гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Ганцаараа явж байсан. Ойр хавьд ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн үед галт тэрэг хөдлөх гээд их яаруу явж байсан. Тэр үед 01 дүгээр сар байсан тул гадаа их харанхуй болсон байсан. Уг утсыг Т-д зараагүй. Түүнийг утасгүй гэхэд нь түр хугацаагаар эзнийг нь холбогдтол ашиглаж бай гэж хэлсэн. Тэгэхээс зарж борлуулсан зүйл байхгүй. Т нь миний нөхрийн ажлын газрын дарга. Одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Би уг гар утсыг АЗШНБ дотроос олж аваагүй. Хилийн цогцолбороос гараад гарах хаалга руу явж байхдаа хашаан дотор газарт хэвтэж байхад нь олсон. Би хүний гээгдэл эд хөрөнгийг олж аваад цагдаагийн байгууллагад бүртгүүлдэг гэдгийг мэдээгүй. Хууль мэдэхгүйгээсээ ийм байдалд хүрчихлээ. Өнөөдөр өглөө утасны эзэнд гар утсыг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн гэжээ. /хх-ийн 27-29/ 

Шүүгдэгч Г.М шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотруу гараад орой 17 цаг 40 минутын үед Замын-Үүдэд орж ирсэн. Вагоны билет авсан байсан болохоор яараад таксинд суугаад явсан. Ингээд хилийн гарах хаалга руу явж байх замдаа явж байгаад нэг юм гялалзаад байхаар нь үзтэл утас байсан. Тэгээд аваад үүргэвчиндээ хийсэн. Вагонд ороод үзтэл цэнэг нь 2 хувьтай байсан тэгээд унтарсан. Асаах гэтэл кодын мэдэхгүй байсан учир асааж чадаагүй. Тэгээд хотод ирсэн. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Утсыг нь эргүүлж өгсөн гэв.  

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  Би 2019 оны 01-р сарын 14-ний өдөр Замын-Үүд хилийн боомт дээр Авто замын шалган нэвтрүүлэх боомтын жижиг тэрэгний орох талын гаалийн улсын байцаагч нар суудаг дотор зааланд жолооч нар дунд жихцэлдэж байхдаа утсаа гээгдүүлсэн юм. Би Самсунг галакси жи-7 маркийн, хар өнгийн, сэв зураасгүй шинэвтэр гар утсаа Улаанбаатар хотын Юнителийн төвөөс 2018 оны 11-р сарын орчим 600,000 төгрөг орчимоор худалдаж авсан юм. Би 2019 оны 01-р сарын 24-ний өдрийн TXY818/047 дугаартай үнэлгээний маягтаар гаргасан 450,000 төгрөгний гар утасныхаа үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Миний гар утсыг олоод доторх бүх зүйлийг нь устгаад надад буцааж өгөлгүй ашиглаж байсан иргэнд хариуцлага тооцож өгнө үү. Би өөрийн гар утсаа эвдрэл гэмтэл байхгүй бол тэр чигт нь хүлээж авна. Хэрэв гэмтэл гарвал эргэж авсан хүнээр нь төлүүлэх хүсэлтэй байна. Одоо надад гомдол санал байхгүй. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 10-11/

Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  У гэх залуу манай компанид машинистаар ажилладаг. Одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. 2019 оны 03 дугаар сард миний утасны дэлгэц хагарчихаад би утасгүй болсон юм. Энэ тухайгаа У-т санаандгүй хэлж байхыг түүний эхнэр М сонсоод “Надад нэг Самсунг маркийн гар утас байгаа. Та тэр утсыг түр хугацаагаар хэрэглэх үү? Би тэр гар утсыг олсон юм. Утасны эзэн кодоор нь утсаар хайгаад залгаж магадгүй. Тэгвэл та хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би М-с тэр утсыг нь аваад утастай болтлоо түр хугацаагаар хэрэглэхээр болсон. Тэр утсыг аваад удаагүй байхад буюу ойролцоогоор 20 гаруй хоногийн дараа нэг эрэгтэй хүн миний утас руу залгаад “Би Замын-Үүд сумын цагдаагаас ярьж байна. Та наад утсаа хаанаас авсан бэ?” гэж асуусан. Би тэр цагдаад М-с авсан гэдгээ хэлээд М-тай холбогдуулан, М-д утсыг нь буцааж өгсөн. У нь даруу, дөлгөөн, ажилд сайн, манай хамгийн шилдэг ажилтан юм. Архи дарс уухгүй ямар нэгэн муу зуршил байхгүй. Гэр бүлтэй, амьдрал нь тогтсон хүн. Харин М-н хувьд хувиараа бэлэн хувцасны лангуу ажиллуулдаг. Би түүнийг У-н эхнэр гэдгээр нь мэднэ. Тэгэхээс дотно танилууд биш тул хувийн байдлын талаар нь сайн мэдэхгүй байна. Хааяа ажил төрөл дээр ирж байгааг нь харахад гэр бүлдээ халамжтай эмэгтэй юм шиг санагдсан. Үгүй бүрэн бүтэн байсан. Би бүрэн бүтнээр нь М-д хүлээлгэж өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 30-31/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 03/

А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2019 оны  01 сарын 24-ний өдрийн ТХҮ-818/047 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-15/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 25-26/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, гадаад паспортын хуулбар,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-38/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 44/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 45/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 47/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомт дотор хохирогч Г.Б нь гээгдүүлсэн Самсунг Галакси Жи-7 маркийн гар утсыг олж аван завшиж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б“...Би 2019 оны 01-р сарын 14-ний өдөр Замын-Үүд хилийн боомт дээр Авто замын шалган нэвтрүүлэх боомтын жижиг тэрэгний орох талын гаалийн улсын байцаагч нар суудаг дотор зааланд жолооч нар дунд жихцэлдэж байхдаа утсаа гээгдүүлсэн юм. Би Самсунг галакси жи-7 маркийн, хар өнгийн, сэв зураасгүй шинэвтэр гар утсаа Улаанбаатар хотын Юнителийн төвөөс 2018 оны 11-р сарын орчим 600,000 төгрөг орчимоор худалдаж авсан юм. Би 2019 оны 01-р сарын 24-ний өдрийн TXY818/047 дугаартай үнэлгээний маягтаар гаргасан 450,000 төгрөгний гар утасныхаа үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Миний гар утсыг олоод доторх бүх зүйлийг нь устгаад надад буцааж өгөлгүй ашиглаж байсан иргэнд хариуцлага тооцож өгнө үү” гэх мэдүүлэг, гэрч М.Т “...2019 оны 03 дугаар сард миний утасны дэлгэц хагарчихаад би утасгүй болсон юм. Энэ тухайгаа У-т санаандгүй хэлж байхыг түүний эхнэр М сонсоод “Надад нэг Самсунг маркийн гар утас байгаа. Та тэр утсыг түр хугацаагаар хэрэглэх үү? Би тэр гар утсыг олсон юм. Утасны эзэн кодоор нь утсаар хайгаад залгаж магадгүй. Тэгвэл та хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд би М-с тэр утсыг нь аваад утастай болтлоо түр хугацаагаар хэрэглэхээр болсон. Тэр утсыг аваад удаагүй байхад буюу ойролцоогоор 20 гаруй хоногийн дараа нэг эрэгтэй хүн миний утас руу залгаад “Би Замын-Үүд сумын цагдаагаас ярьж байна. Та наад утсаа хаанаас авсан бэ?” гэж асуусан. Би тэр цагдаад М-с авсан гэдгээ хэлээд М-тай холбогдуулан, М-д утсыг нь буцааж өгсөн” гэх мэдүүлэг, А ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2019 оны  01 сарын 24-ний өдрийн ТХҮ-818/047 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-15/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 44/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 45/ зэргээр тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.М-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна. Шүүгдэгч нь уг гэмт хэргийг эс үйлдэхүйн хэлбэрээр үйлдэж, хохирол хор уршгийг зориудаар бусдад бий болгосон үйлдэл юм.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Г.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзлээ.

Шүүгдэгчийн хувьд дээрхи хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага байхгүй байна.

Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.М-г гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.Б