| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00551/И |
| Дугаар | 580 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 580
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, Усны аж ахуйн хашаанд оршин суух, 1966 онд төрсөн 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66092263, Засгууд овогт Гүнтэвсүрэнгийн Дагвадоржийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Дагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Дагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 оны 9 дүгээр сарын 22-нд төрсөн. 50 настай. Би 1984 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажилд орж ажилласан. Улмаар ажиллаж байх хугацаанд 1986 онд Улаантолгойн чацарганы аж ахуй нь Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангом сумын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болоход мөн л цэцэрлэгчнээр ажиллаж байсан билээ. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй ба байгууллага маань тарсан учир хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд 1984 оны 7 дугаар сарын 02-ноос 1991 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Н.Өлзийхишиг, Д.Нарантуяа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Дагвадорж нь 1984 оны 7 дугаар сарын 02-ноос 1991 оны 3 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангом сумын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Гүнтэвсүрэнгийн Дагвадоржийн 1984 оны 9 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангом сумын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1984 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар “Техник мэргэжлийн сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаалд: “Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль төгсөж ХААУГ-ын хуваариар томилогдож ирсэн доорх цэцэрлэгчдийг 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цэцэрлэгчнээр томилсугай. Үүнд: Гүнтэвсүрэнгийн Дагвадорж” гэжээ.
Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангом сумын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 54 дүгээр “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллах орон тоо, цалингийн хэмжээ батлах тухай” тушаалд: “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захиргаа аж ахуй, шинжлэх ухааны салбар, Баруунтуруун, Тэсийн салбарт 1987 онд ажиллах хүмүүс, тэдний сарын цалинг 1 дүгээр хавсралтаар, нэгдлийн хэмжээний хийснээрээ цалин авдаг ажилчдыг 2 дугаар хавсралтаар баталсугай. 2 дугаар хавсралтын 90-д Д.Дагвадоржийн нэр бичигджээ”.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Өлзийхишиг, Д.Нарантуяа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Н.Өлзийхишигийн “Миний бие 1980-1998 он хүртэл Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчин, жимсчнээр ажиллаж байсан. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй 1987 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй болсон ба 1991 онд буцаад Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэй болж өөрчлөгдсөн. Намайг ажиллаж байхад Г.Дагвадорж нь 1984 онд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажилд орж байсан. Г.Дагвадорж нь чацарганы усалгаатай талбайн моднуудын зэрлэг цэвэрлэж, чацарганы моднуудыг бороожуулагчаар болон гараар усалдаг байсан бөгөөд 1991 он хүртэл Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажилласан. Тухайн үед Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй даргаар Дэчинпил, Болоож, Цэвээн, Сүхбат гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Нарантуяагийн “Миний бие 1981 оноос 1998 он хүртэл Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчин, жимсчнээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Г.Дагвадорж нь 1984 онд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр ажилд орж байсан ба 1991 он хүртэл цэцэрлэгчнээр ажилласан. Г.Дагвадорж нь Улаантолгойн чацарганы аж ахуйн талбайн чацарганы моднуудын зэрлэгийг цэвэрлэдэг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Г.Дагвадорж нь 1984 оны 7 дугаар сарын 02-ноос 1991 оны 3 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангом сумын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1984 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаар “Техник мэргэжлийн сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаал, Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангом сумын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 54 дүгээр “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд ажиллах орон тоо, цалингийн хэмжээ батлах тухай” тушаал, гэрч Н.Өлзийхишиг, Д.Нарантуяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Дагвадоржийн хүсэлтийг хангаж, түүний 1984 оны 7 дугаар сарын 02-ноос 1991 оны 3 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангом сумын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр 6 жил 8 сар 28 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Засгууд овогт Гүнтэвсүрэнгийн Дагвадоржийн 1984 оны 7 дугаар сарын 02-ноос 1991 оны 3 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангом сумын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр 6 /зургаа/ жил 8 /найм/ сар 28 /хорин найм/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Дагвадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ