| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00522/И |
| Дугаар | 581 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 581
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр баг, 02-08 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОП56090217, Хонгороохон овогт Альдайн Батсуурийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Батсуурь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1956 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 60 настай. Би 1979 оноос эхлэн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн барилгын бригад ажилчнаар, шуудан хүргэгчээр, 1988 оны 5 дугаар сараас Ховд сумын 8 жил болон 10 жилийн дунд сургуульд слесариар тус тус ажиллаж байгаад 1995 оны 3 дугаар сард чөлөө авч ажлаас гарсан. Хөгжил нэгдэлд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал нь олдохгүй, сургуульд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал тус тус олдохгүй байгаа юм. Одоо нас өндөр болж тэтгэвэр тогтоолгох гэхэд гарсан тушаал байгаа тул ажилласан байдлаа шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн юм. Иймд Хөгжил нэгдэл болон сургуульд 1979-1989 оны хооронд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ө.Данзандагва, М.Даваажав нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Батсуурь нь 1979 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажилчин, шуудан хүргэгчээр, тус сумын 8 жил болон 10 жилийн дунд сургуульд слесариар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Альдайн Батсуурийн 1979 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажилчин, шуудан хүргэгчээр, тус сумын 8 жил болон 10 жилийн дунд сургуульд слесариар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
А.Батсуурийн 440412 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1979 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн барилга, туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар ажиллуулав, 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул туслах үйлдвэрлэлийн ажилчнаас чөлөөлөв, 1988 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ховд сумын 10 жилийн дунд сургуульд слесариар авч ажиллуулав” гэжээ.
Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаар “Ногоочид, барилгын байнгын бригад байгуулж ажиллуулах тухай” тушаалд: “Ногоочноор ажиллах хүмүүсийг 1 дүгээр хавсралтаар, байнгын барилгын бригадад ажиллах хүмүүсийг 2 дугаар хавсралтаар 4 дүгээр сарын 02-ноос эхлэн ажиллуулсугай. 2 дугаар хавсралтын 14-т А.Батсуурь” гэжээ.
Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргын 1980 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар “Шуудан хүргэгч ажиллуулах тухай” тушаалд: “Сумын төвийн шуудан хүргэгчээр Альдай овогтой Батсуурийг 12 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллуулссугай” гэжээ.
Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Ажилчин авах тухай” тушаалд: “...Альдаа овогтой Батсуурийг 1988 оны 5 дугаар сарын 29-нөөс эхлэн сантехникийн слесариар авч ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Ховд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Захиргааны чөлөө олгох тухай” тушаалд: “Тус сургуулийн слесарь А.Батсуурьт уурын зуухны халаалт зогсож сантехникийн ажил үйлчилгээ хийх боломжгүй байгааг харгалзан дулаартал өөрөө хүссэний дагуу захиргааны чөлөө олгосугай” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ө.Данзандагва, М.Даваажав нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ө.Данзандагвын “Миний бие нь Ховд сумын Хөгжил нэгдэлд 1967-1987 оныг дуустал малчнаар, 1988 оноос 1990 он хүртэл няраваар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед А.Батсуурь нь 1979 оноос эхлэн Ховд сумын Хөгжил нэгдлийн барилга туслах үйлдвэрийн бригадад туслах ажилтан буюу малын хашаа барих, барилга барих болон улаач, зарлага зэрэг ажлуудыг хийдэг байсан. А.Батсуурь нь 1988 оноос Ховд сумын 10 жилийн дунд сургуульд слесариар ажиллах болсон. Тухайн үед Ховд сумын Хөгжил нэгдлийн даргаар Г.Хөхөө, Б.Жамсран, Б.Даваа, Батхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч М.Даваажавын “Миний бие нь 1975-2005 он хүртэл Ховд сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга, Ардын депапутын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, тус сумын Засаг дарга, Засаг даргын орлогч зэрэг ажлуудыг эрхэлж байсан. А.Батсуурь нь айлын ганц хүүхэд бөгөөд ээж нь А.Батсуурийг бага байхад нь нас барсан ба Улаанбаатар хотод аавынхаа гар дээр өсөж хүмүүжин 1970-аад оны сүүлээр Ховд суманд шилжин ирж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд А.Батсуурь нь 1979-1988 он хүртэл Ховд сумын Хөгжил нэгдлийн барилга туслах үйлдвэрийн бригадад барилгачин, улаач, зарлага зэрэг ажлуудыг хийж байсан. Дараа нь 1988 оноос Ховд сумын 10 жилийн дунд сургуульд слесариар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 210 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
А.Батсуурь нь 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Ховд сумын 10 жилийн дунд сургуульд слесариар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Ховд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Захиргааны чөлөө олгох тухай” тушаалаар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч А.Батсуурь нь 1979 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажилчин, шуудан хүргэгчээр, тус сумын 8 жил болон 10 жилийн дунд сургуульд слесариар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолт, түүний 440412 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаар “Ногоочид, барилгын байнгын бригад байгуулж ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргын 1980 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 50 дугаар “Шуудан хүргэгч ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Ажилчин авах тухай” тушаал, Увс аймгийн Ховд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Захиргааны чөлөө олгох тухай” тушаал, гэрч Ө.Данзандагва, М.Даваажав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч А.Батсуурийн хүсэлтийг хангаж, түүний Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 8 дугаар сарын 01-нээс 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар 1 жил 4 сар, 1980 оны 12 дугаар сарын 01-нээс 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл шуудан хүргэгчээр 7 жил 5 сар 9 хоног, 1988 оны 5 дугаар сарын 29-нөөс 1989 оныг дуустал тус сумын 8 жил болон 10 жилийн дунд сургуульд слесариар 1 жил 7 сар 2 хоног, нийт 10 жил 4 сар 11 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Хонгороохон овогт Альдайн Батсуурийн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 8 дугаар сарын 01-нээс 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилчнаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар, 1980 оны 12 дугаар сарын 01-нээс 1988 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл шуудан хүргэгчээр 7 /долоо/ жил 5 /тав/ сар 9 /ес/ хоног, 1988 оны 5 дугаар сарын 29-нөөс 1989 оныг дуустал тус сумын 8 жил болон 10 жилийн дунд сургуульд слесариар 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоног, нийт 10 /арав/ жил 4 /дөрөв/ сар 11 /арван нэг/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ