Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2024/00063

 

*******ын нэхэмжлэлтэй

 

                                                          иргэний хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Цемент шохой ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Г.Цэцэг-Эрдэнэ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...******* овогтой Алтансувд миний бие нь Цемент Шохой ТӨХК-д 2022 оны 09-р сарын 23-ний өдрөөс Санхүү тайлан, бүртгэлийн хэлтсийн даргаас эхлээд Санхүү, эдийн засгийн газрын дарга хүртэл ажиллаж байсан. Гэвч Цемент Шохой ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал ******* нь гэнэтийн байдлаар 2023 оны 03-р сарын 01-ний өдөр Б/208 тоот тушаал гарган намайг ажлаас халсан. Тухайн тушаалд дараах зөрчлүүд гаргасан тул ажлаас шууд халсан гэж тайлбарладаг боловч тухайн шалтаг шалтгаанууд нь үндэслэл нотлогдоогүй зүйлүүдээр буруутгагдаж байна.

Үүнд: 1.Компанийн эд хөрөнгийн тооллогыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах үүргээ биелүүлээгүй, үр дүнг удирдлагад тайлагнаагүй гэх

Гүйцэтгэх захирлын 2022/12/26-ний өдрийн А/292 тушаалаар жилийн эцсийн тооллого хийх, тайлагнах үүргийг Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэл технологийн газрын дарга *******д даалгасан байдаг. Цемент Шохой ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын дээрх тушаалаар үндсэн хөрөнгийн тооллогыг 2022 оны 12-р сарын 19-ний өдрөөс 12-р сарын 30-ны өдрийн хооронд хийж, 2023 оны 01-р сарын 12-ны өдөр тооллогын тайланг танилцуулахаар Тооллогын комиссын ахлагч ******* /Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дарга/-д даалгасан тушаалыг тухайн хугацаанд гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Үйлдвэр технологийн газрын дарга болох ******* нь өөрөө гаргаж, гарын үсэг зурсан байдаг. Гэвч өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга ******* нь үндсэн хөрөнгийн тооллогын үйл ажиллагаанд огт оролцоогүй бөгөөд хуульд заасан өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргын үүрэг болон өөрийн гаргасан тушаалын хэрэгжилтэд хяналт тавиагүй.

Үндсэн хөрөнгийн тооллогыг 2023 оны 01-р сарын 15-наас 25-ны хооронд үндсэн хөрөнгийн нягтлан бодогч ******* нь Ерөнхий нягтлан бодогч миний удирдлага дор тооллогыг ахлан гардан хийж, 2023 оны 02-р сарын 09-ний өдөр үйлдвэрийн дарга, удирдлагуудад тайланг тавьсан. Иймд дээрх зөрчлийг миний бие хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

2.Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй гэх.

Үүнтэй холбоотой байгууллагын санхүү бүртгэлийн тайлан болон Санхүү, эдийн засгийн газрын ажлын тайлан гэх мэт баримт бичгүүдээр хийгдсэн бүх ажлууд харагддаг.

3.Ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчин эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад санхүү, бүртгэл, тайлагналын хэлтсийн дарга, Төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга нарыг эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилж ажил хүлээлцсэн гэх.

Миний бие ажилд хүн томилох эрх бүхий албан тушаалтан биш ба тухайн этгээдийг ажилд томилсон, ажил хүлээлцсэн зүйл огт байдаггүй. Миний чиг үүрэгт байдаггүй зүйлээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

4. 2022 оны Санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлээгүй гэх.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4-д зааснаар Гүйцэтгэх санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна гэсэн байхад миний биед холбогдуулж хариуцлага тооцож байгаа нь Гүйцэтгэх удирдлага өөрөө хариуцлагаас зугтаж буй үйлдэл юм. Мөн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийгдэж байгаа тул аудитын дүгнэлтийг эцэслэн гартал шууд алдаатай гаргасан гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Иймд "Цемент Шохой" ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын даргын ажилд эргүүлэн тогтоолгож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд манай байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д "Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна" гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/274 дугаар тушаалын дагуу компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс-ыг байгуулсан.

Мөх хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, гэж заасны дагуу Цемент Шохой ТӨХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан бөгөөд тус комиссоор хуульд заасан журмын дагуу урьдчилсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Энэ хуулийн 3.1-д заасан эрхийг хамгаалах талаарх нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно, 65 дугаар зүйл Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 65.1-д Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/802 дугаартай тушаалаар Ерөнхий нягтлан бодогч бөгөөд санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Нэхэмжлэгчийг дээрх албан тушаалд томилогдон ажиллаж байх үед "Цемент шохой" ТӨХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/292 дугаартай жилийн эцсийн үндсэн хөрөнгийн тооллого явуулах тухай тушаал гарч тушаалын дагуу тооллогын комиссын ахлагчийг тухайн үеийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч үйлдвэрлэл технологийн газрын дарга *******г томилсон байдаг хэдий ч нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийг хуульчилсан. Тус хуулийн 20.2.6-д Ерөнхий нягтлан бодогч эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах; 20.2.8-д аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх; 20.2.13-д эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах тус тус үүргийг хүлээсэн байдаг. Нэхэмжлэгч ******* ажил үүргийнхээ хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 19- ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд үндсэн хөрөнгийн тооллогыг явуулж тайланг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөр дуусгавар болгож танилцуулах ажлыг зохион байгуулж, удирдах ажлыг хийж гүйцэтгэх байсан. Гэвч тооллогын комисс үндсэн хөрөнгийн тооллогыг 2023 оны 01 дүгэр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэж тайлагнасан нь гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/292 дугаартай жилийн Эцсийн үндсэн хөрөнгийн тооллого явуулах тухай тушаал болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2-т заасан хугацааг буюу хуулийн хугацааг зөрчсөн. Мөн ******* нь ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчин эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн даргаар Б.Алтанхундага, Санхүү, бүртгэл тайлагналын хэлтсийн даргаар Эрдэнэцэцэг нарыг эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилж, ажил хүлээлцүүлж, компанийн нууцыг бусдад задруулах нөхцөл байдлыг бий болгосон. Байгууллагын 2022 оны санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлээгүй байдал нь Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07/666 дугаартай сөрөг дүгнэлтээр тогтоогддог, Эдгээр зөрчлүүд нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулах хангалттай нөхцөлийг бүрдүүлж байх тул гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/208 дугаартай "*******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" тушаал бүрэн үндэслэлтэй гарсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч *******ыг Цемент Шохой ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Цемент Шохой ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 54,968,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Цемент Шохой ТӨХК-иас 502,995 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй тухайд Цемент шохой ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12. дугаар сарын 26-ны өдрийн А/291 тоот Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн дотоод бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаалын хүрээнд санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн дарга *******ыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/801 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, мөн өдрийн Б/802 дугаартай тушаалаар Санхүү эдийн засгийн газрын даргаар дэвшүүлэн томилсон байна.

Ийнхүү албан тушаал нь өөрчлөгдсөнтэй холбогдуулан тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаар удаа дараа мэдэгдэж байсан боловч ажилтан ******* нь хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй байдаг ба албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа үргэлжлүүлэн цалин хөлсөө ч мөн авч байсан болно.

Дээрх хугацаанд ******* нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/208 дугаар тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн байна.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгч ******* нь төлбөрийн даалгаврьн баримт кассын орлого зарлагын ордер бэлэн мөнгө хүссэн өргөдөл, төлбөр гаргах хүсэлт зэрэг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудад байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулаагүй өөрөө баталгаажуулж гарын үсэг зураагүй байх бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх тул энэ зөрчил нь тогтоогдож байна.

Мөн ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчиж, эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад санхүү бүртгэл, тайлагналын хэлтсийн дарга, төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга нарыг эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилж, ажил хүлээлцүүлсэн компанийн нууцыг бусдад задруулах нөхцөл байдлыг бий болгосон зөрчил гаргасан тухайд компанийн захирлын зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг тантай ярьсан 2022 оны 12 дугаар сарын 23,26-ны өдөр ирэх гэж байгаад болилоо 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирэхээр болсон ирэх үед нь та байгаагүй гэж хугацааг дурдсанаас үзвэл тухай зөрчлийг мөн хугацаанд гаргасан зөрчлийг илрүүлсэн гэж үзэхээр байна.

Гэтэл хариуцагч байгууллага тухайн зөрчилд 2023 оны 03 сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөрчсөн гэж үзлээ гэсэн нь үндэслэлгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй ерөнхий нягтлан бодогч нь жилийн эцсийн тооллогыг хийх үүргээ комисст миний нэрийг оруулаагүй гэх үндэслэлээр би буруугүй хэмээн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр гомдол гаргаж түүнд нь шүүхээс гүйцэтгэх захирлын гаргасан сахилгын шийтгэл үндэслэлгүй гэж байгаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маш их гомдолтой байна.

Дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч нь гаргасан байна гэж дүгнэсэн атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь тухайн байгууллагад дөнгөж ажилд ороод огт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй биш бөгөөд ерөнхий нягтлан бодогч бөгөөд санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан түүндээ хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолттой танилцсан байдаг.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг хариуцагчийн татгалзалтай холбоотой шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг огт үнэлээгүйд гомдолтой байна. Тодруулбал хэрэгт авагдсан баримтуудаар иргэн ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Цемент шохой ТӨХК-ийн Санхүү бүртгэл, тайлагналын хэлтсийн даргаар, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Санхүү эдийн засгийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байсан гэдэг нь тодорхой харагдана.

Төрийн өмчит хувьцаат компанийн ерөнхий нягтлан бодогч бөгөөд санхүүгийн газрын дарга хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн дотоод журам мөрдөж ажиллах, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй мөртлөө эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ажилтан ажилд авах, ажилтнуудын ажлын байрыг солих зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан үйл баримт нь ийнхүү дээрх нотлох баримтуудаар нотлогдоно.

Шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийг талуудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, талуудын гаргасан тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой байсан атал зөвхөн нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 150/ШШ2023/00181 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэцэг-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс нэмж хэлэх зүйл гэвэл тушаалын үндэслэл хэсэг болсон ажилтан сонгон шалгаруулах журмын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хангаагүй байхад нь санхүү бүртгэл тайлангийн хэлтсийн дарга, төлөлт эдийн засгийн хэлтсийн дарга нарын эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилсон гэж үзээд байгаа. Анхан шатны шүүхээс уг асуудал дээр *******ыг дээрх зөрчлийг гаргасан боловч тэр үйл явдал нь захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр тусгагдсанаар 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан зөрчлийг энэхүү сахилгын шийтгэлийг 03 дугаар сарын 01-ний өдөр оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасан хугацааг зөрчиж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс уг сахилгын шийтгэлийн хугацаан дээр буруу шийдвэр гарсан гэж харж байна. 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай захирлын зөвлөлийн тэмдэглэл дээр гүйцэтгэх захирлын зүгээс ийм асуудал байгаа тухай ерөнхий нягтлан бодогч *******аас асуусан байдаг ба ажил олгогч нэхэмжлэгчийн хариултаа өгснөөр тухайн зөрчлийг олж илрүүлсэн гэж үзэхээр байгаа. Тэгэхээр уг зөрчлийг 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил олгогч илрүүлж 03 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан хугацааны хувьд хууль зөрчөөгүй үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Үүнд Цемент шохой ТӨХК-н гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай тушаалаар үндсэн хөрөнгийн тооллогыг 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд санхүүгийн холбогдох баримтуудыг үндэслэн зөв чанартай хийж гүйцэтгэж, үлдэгдлийг баталгаажуулан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор тооллогын тайланг танилцуулахыг комиссын ахлагч *******д даалгаж тооллогын комиссын бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар баталсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 20.2.6 дахь заалтад эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгчтэй тооцоо хийж үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах үүргийг зохион байгуулж удирдах үүрэгтэй боловч хариуцагч Цемент шохой ТӨХК-наас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь тооллого эхлэхээс өмнө өмч хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан хоосон комисс байгуулж болно гэж заасныг удирдлага болгож тооллогын комисс зохион байгуулж танилцуулгыг тооллогын комиссын ахлагч *******д даалгаж шийдвэрлэсэн байдаг. Мөн тухайн тооллогын комисст *******ыг оруулаагүй байх тул түүнийг компанийн тооллогыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, үр дүнг удирдлагад тайлагнаагүй гэх үндэслэлгүй байна.

... *******ыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй бөгөөд хууль бус шийдвэр гаргасан байна. Тус хэрэг нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хүртэл явж удааширсаар өнөөдрийг хүрч байна. Хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч ******* нь Монгол улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах зэрэг Монгол улсын өөрт олгогдсон үндсэн эрхээ эдэлж чадахгүйд хүрч өнөөдрийг хүртэл эрх нь зөрчигдсөөр байгааг нэмж хэлэх хэрэгтэй.

... Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хэдийгээр шүүх талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдоос ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Цемент Шохой ТӨХК-нд холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023 оны 03-р сарын 01-ний өдрийн Б/208 дугаар тушаал хуулийн үндэслэлгүй тул ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ Цемент Шохой ТӨХК нь удирдлагаас өөрт үүрэг болгоогүй даалгаврыг гүйцэтгээгүй, Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчин эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар ажилтан томилж ажил хүлээлцсэн гэж ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Намайг сахилгын зөрчил гаргасан гэж байгаа боловч энэ байдлаа ажил олгогч нотлоогүй, өөрийн ажил үүрэгт хамааралгүй ажил үүргийг биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй ... гэж тайлбарлажээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч ******* нь компанийн Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүллийг зохих журмын дагуу биелүүлээгүй, өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ажилд хүн томилж бусдын ажлыг хүлээлцүүлсэн, санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлээгүй зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл ногдуулж ажлаас нь ажлаас чөлөөлсөн гэжээ.

 

5.Хэргийг судлан үзвэл: нэхэмжлэгч *******ыг Цемент Шохой ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/558 дугаар тушаалаар компанийн Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар 2 сарын хугацаатай туршилтын гэрээ байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар тухайн албан тушаалд жинхлэн томилж, улмаар гүйцэтгэх захирлын 2022 оны 12. дугаар сарын 26-ны өдрийн А/291 тоот тушаалаар Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон байна.

Ажил олгогчоос Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн дарга ******* нь компанийн эд хөрөнгийн тооллогыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах үүргээ биелүүлээгүй,, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдлийг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй, ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчин эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад санхүү бүртгэл, тайлагналт хэлтсийн дарга, төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга нарыг эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилж ажил хүлээлцүүлсэн, компанийн нууцыг бусдад задруулах нөхцөл байдлыг бий болгосон хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

6.Хэрэгт авагдсан баримтуудаар: Цемент ШохойТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 425 дугаартай тушаалын хавсралтаар Ажлын байрны тодорхойлолтыг баталсан байх ба Санхүү, бүртгэл,тайлагналын хэлтсийн даргын албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийг

-Нягтлан бодох бүртгэлийг Монгол улсын хууль дүрэм, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хөтөлж, санхүүгийн тайлан тэнцлийг хугацаанд нь хавсралт тодотголын хамт бэлтгэх,... удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах,

-Бүртгэл санхүүгийн, үйл ажиллагааны бусад тайлангуудад хяналт тавьж, тайлангийн үнэн зөв тооцоолол, илэрхийллийг удирдлагын өмнө хүлээх үүргийг хүлээх ...

- Компанийн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, захиран зарцуулах талаар байгууллагын 2-р гарын үсгийг зурж хуулийн өмнө хариуцлага хүлээх ... гэж тодорхойлжээ. /1-р хх-ийн63-68/

Цемент Шохой ТӨХК-ны захирлын зөвлөлийн 2023 оны 02 сарын 18-н өдрийн хуралдаанаар -2022 оны Санхүү эдийн засгийн тайлан... бусад асуудал хэлэлцсэн байх ба тухайн хуралдаанаар ...Санхүү эдийн засгийн газрын дарга ******* нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг буюу төлбөрийн баримт 1-р гарын үсэг зуруулахгүйгээр гүйлгээ хийсэн, санхүүгийн баримтуудыг нөхөж гарын үсэг зуруулсан, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллого хийх хугацааг хожимдуулсан, Гүйцэтгэх захирал болон Захиргаа удирдлагын газрын даргатай зөвшилцөхгүйгээр Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар Эрдэнэцэцэг гэх хүнийг томилж А.Сосорбурамтай ажил хүлээлцүүлсэн, Төлөвлөлт-эдийн засгийн хэлтсийн даргаар Б.Алтанхундагыг томилж ажил хүлээлцсэн зөрчил гаргасан талаар хэлэлцэж түүнийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болон компанийн гүйцэтгэх захирлын гарын үсэг зуруулахгүйгээр гүйлгээ хийсэн талаараа компанийн гүйцэтгэх захирал нь ажлын байрандаа олон хоногоор байдаггүй, тул баримтыг нөхөж гарын үсэг зуруулж байсан, гаргасан гүйлгээ нь 1.000.000 төгрөгөөс бага дүнтэй байсан, эд хөрөнгийн тооллогын комисст хамаарахгүй, тооллогын комиссын даргаар ******* томилогдсон тул хугацаа хожимдуулсан эсэх асуудлыг хариуцах үүрэггүй, гүйцэтгэх захиралтай урьд зөвшилцсөн тул ажил танилцуулахаар 2 хүнийг түр дагалдуулсан, хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийг гаргаагүй гэж Захирлын зөвлөлийн хуралдаанд тайлбарласан байх ба ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон шийдвэр нь хуулийн үндэслэлгүй гарсан гэж мэтгэлцсэн байна. / 1-р хх-ийн 36-42/

Цемент Шохой ТӨХК-ны дүрмийн 8.4 . Гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.

...8.9.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын баталсан орон тоо зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрын тодорхойлолтыг батлах, ажилтны томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх эрхтэй байхаар, мөн дүрмийн 9.1 компанийн эрх бүхий албан тушаалтанд компанийн ТУЗ-ын дарга гишүүд, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, дэд захирал, ерөнхий нягтлан бодогчийг тооцохоор тус тус заажээ.

Нэхэмжлэгч ******* нь Цемент Шохой ТӨХК-ний Санхүү эдийн засгийн газрын дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байх ба түүний эрхэлж буй албан тушаал нь компанийн дүрэмд зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдохоор байна.

Цемент Шохой ТӨХК-нийн Хөдөлмөрийн Дотоод журмын 2.4. дэх хэсэгт Гүйцэтгэх захирлын түр эзгүйд түүний чиг үүргийг бүтэц орон тоо, эд хөрөнгө захиран зарцуулахаас бусад бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу аль нэг газрын дарга түр орлон гүйцэтгэнэ. гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч *******ын эрхэлж буй албан тушаалын хувьд ажилтныг ажилд томилох эрхийг олгоогүй гэж үзэхээр байна.

Гэтэл Санхүү эдийн засгийн газрын дарга ******* нь гүйцэтгэх захиралтай урьд зөвшилцсөн гэсэн үндэслэлээр Эдийн засгийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Алтанхундагыг томилж ажил үүрэг гүйцэтгүүлсэн болох нь гэрч Э.Гэлэгжамцын шүүхэд өгсөн ...******* даргын удирдлага дор ажиллаж байсан.. төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга, борлуулалт, ложистикийн хэлтсийн даргын ажлыг хавсарч ажиллаж байсан. ...Газрын дарга болох ******* амаар үүрэг өгөөд чиний ажлыг Б.Алтанхундага авч байгаа гэж хэлсэн. Ингээд тушаал шийдвэр болон бичиг цаасгүй ажлаа ширээ сандал бүх зүйлээ хүлээлгэж өгөөд гарсан.... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 22-23/, 2023.01.16-ны өдрийн Яаралтай захилгагүй сэлбэгийн тодорхойлолт , 2023.01.20-ны өдрийн Галд тэсвэртэй бетоны ажилд шаардлагатай холбогдох материалын техникийн тодорхойлолт зэрэг баримтын хянасан хэсэгт Эдийн засгийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Алтанхундага гарын үсэг зурсан / 2-р хх-ийн 108-109/ нь тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтаар хэтрүүлэн Б.Алтанхундагыг Эдийн засгийн төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилж, ажилтан Э.Гэлэгжамцын ажлыг үндэслэлгүйгээр А.Алтанхундагад хүлээлгэж өгч өөрт хууль болон дүрмийн дагуу олгогдоогүй эрхийг эдэлсэн буюу эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Мөн компанийн гүйцэтгэх захирлын зохих зөвшөөрөлгүй буюу гарын үсэг зуруулахгүйгээр компанийн харилцах данснаас гүйлгээ хийж Нягтлан бодох бүртгэлийн хуулийг зөрчсөн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан зарлага гаргасан болон бэлэн мөнгөний кассаас зарлага гаргасан тухай кассын гүйлгээний жагсаалт, төлбөрийн даалгаврын баримтууд / 2-р хх-ийн 92-162 /-аар тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

7. Цемент Шохой ТӨХК нь Хөдөлмөрийн дотоод журамдаа ямар зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцох талаараа тодорхой заажээ.

Хөдөлмөрийн дотоод журмын 12.7 дах хэсэгт Дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон ажлаас халах шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална.

Үүнд : 12.7.5 Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан, данс бүртгэл будилаантуулсан.

... 127.23 Албан тушаалын байдлаа ашиглан хууль бусаар ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцээгүй шийдвэр гаргасан, компанийн нэр хүнд нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон.../ 2-р хх-ийн 47-63/ гэж заажээ.

Ажил олгогчоос нэхэмжлэгч ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан Нягтлан бодох бүртгэлийг Монгол улсын хууль дүрэм, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хөтөлж, санхүүгийн тайлан тэнцлийг хугацаанд нь хавсралт тодотголын хамт бэлтгэх,... удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй, ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчин эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад Санхүү бүртгэл тайлагналын хэлтсийн дарга, төлөвлөлт эдийн засгийн дарга нарыг аман байдлаар томилж ажиллуулж хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж түүнд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг төлбөрийн даалгаврын баримт, кассын орлого зарлагын ордер, бэлэн мөнгө хүссэн өргөдөл, төлбөр гаргах хүсэлт зэрэг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудад байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулаагүй, өөрөө баталгаажуулж гарын үсэг зураагүй байх бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ажилтан сонгон шалгаруулах журмыг зөрчиж эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байхад санхүү, бүртгэл, тайлагналын хэлтсийн дарга, төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн дарга нарыг эрх мэдлээ хэтрүүлэн аман байдлаар томилж ажил хүлээлцүүлсэн, компанийн нууцыг бусдад задруулах нөхцөл байдлыг бий болгосон гэх зөрчлийг гаргасан нь тогтоогдсон боловч ажил олгогч ажилтны гаргасан тухайн зөрчилд нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул түүний гаргасан тухайн зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй буюу гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана гэсэн хуулийг заалтыг зөрчсөн гэж ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн нь анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн хууль тогтоомжийн бусад акт, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, дотоод бусад хэм хэмжээнээс бүрдэнэ. 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Ажил олглгч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана. гэж тус тус хуульчилсан тул ажил олгогч Цемент Шохой ТӨХК нь Хөдөлмөрийн дотоод журамдаа сахилгын ноцтой зөрчил-г тусгайлан заасан нь хуульд нийцжээ.

Иймээс ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчлийг тусгайлан заагаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй бүхий болж чадаагүй байна.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь холбогдох зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн боловч сахилгын зөрчлийг хэзээ илрүүлсэн гэж үзэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй атлаа сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрүүлсэн гэх дүгнэлт хийж, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг буруутгаж байгаа нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

 

Учир нь хариуцагч Цемент Шохой ТӨХК-ны захирлын зөвлөлийн 2023 оны 02 сарын 18-н өдрийн хуралдаанаар -2022 оны Санхүү эдийн засгийн тайлан... бусад асуудал хэлэлцсэн байх ба тайланг хэлэлцэж, энэ өдрөө Санхүү, эдийн засгийг газрын дарга *******ын сахилын зөрчил гаргасан талаар хэлэлцснээр ажил олгогч түүний зөрчлийг илрүүлсэн гэж үзнэ.

Улмаар ажил олгогч нь тус хуралдааны тэмдэглэл болон холбогдох бусад баримтыг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор 2023 оны 03 сарын 01-ны өдөр тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т ...илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж хуульчилсантай нийцэж байгаа тул сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

11.Иймд хариуцагч Цемент Шохой ТӨХК-ны гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 01-ны өдрийн Б/208 дугаартай *******ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал нь хууль зөрчөөгүй байх тул Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 сарын 09-ны өдрийн 181 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ын гомдол бүхий хариуцагч Цемент Шохой ТӨХКомпанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 сарын 09-ны өдрийн 181 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 -т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 502,994.72 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН

Bottom of Form