| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0003/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-12-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат, ... настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Г аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт Х.Н-д холбогдох эрүүгийн 1820000180101 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч Х.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багийн иргэн Б.Х-д нурууны тос зарна гэж бодит байдлыг нуух замаар залилан мэхэлж 50,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би цагдаагийн байгууллагад хийсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлын 50,000 төгрөгийг төлж барагдуулсан, надад нэг удаа итгэл үзүүлнэ үү” гэсэн мэдүүлэг. Шүүгдэгч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Говьсүмбэр аймагт Т гэх настай хүнтэй тааралдсан. Манай хүүхэд Замын-Үүд суманд трактор зарах гэж байгаа гэж хэлсэн, би түүнд өөрийгөө Д гэдэг, Архангай аймгийн Хашаат сумын харъяат гэж хэлсэн. Түүнээс хойш 2018 оны 01 сарын 10-ны өдөр би Улаанбаатар хотод байхдаа Т-н охины дугаар руу залгаад трактор зарах гэж байгаа юм уу, хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэж асуухад 3,800,000 төгрөг гэхээр нь би Замын-Үүд сум руу явж байна, буцахдаа ачуулъя гэж хэлсэн. Ингэхдээ би түүнд намайг Д гэдэг гэж хэлтэл би таньд аавыгаа үзүүлье гэж хэлэхээр нь аавынхаа утасны дугаарыг өгчих гэж хэлээд утсыг нь авсан. Тэгээд аавтай нь ярилгүй хэсэг хугацааны дараа Х-н утас руу залгаад би аавтай чинь ярьчихлаа, нэг тос өгөхөөр боллоо, над руу тосны мөнгө 50,000 төгрөг явуулчих гэж хэлээд тухайн үед СӨХ-д хамт ажиллаж байсан Э гэх хүний дансыг өгч 50,000 төгрөгийг шилжүүлж авсан, түүнээс хойш Х надаас тосоо нэхэж залгахаар нь удахгүй явуулна гэж хэлээд утсаа аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-4/
Хохирогч Т.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 12 сард газар тариалан хөдөө аж ахуйн бирж фэйсбүүүк хуудсан дээр трактор зарна гэж зар тавьсан. 2018 оны 01 сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байсан чинь ... дугаарын утсаар Д гэх хүн залгаад танайх трактор зарна гэсэн байна ямар үнэтэй юм бэ? гэхээр нь 3 сая төгрөгөөр зарна гэсэн чинь нөгөө Д гэх хүн би Замын-Үүд рүү явж байна буцахдаа ачуулаад авъя гэхээр нь тэгвэл та авахгүй юү гээд ярьж байснаа би дотроо бодоод та нөгөө Монгол орон даяар зүүгээр хатгаж өвчин эдгээдэг Д байна гэж бодоод би таньд аавыгаа үзүүлэх гэсэн юм гэсэн чинь дугаарыг өгчих гээд надаас авсан. Хэсэг хугацааны дараа над руу утсаар залгахаар нь авч ярихад аавтай чинь сая утсаар ярьчихлаа, тос өгөхөөр болсон Х банкны данс руу 50,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би ... тоот данс руу өөрийнхөө утаснаас 50,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа надад хар төрөөд байхаар нь гадуур хүмүүсээс Д гэх хүн Дорноговьд байгаа нь үнэн эсэхийг асуухад хүмүүс Дорноговьд явж байгаа нь үнэн гэсэн. Д-н хүүгийн утсыг олоод ярихад манай аав мөнгө төгрөг хүнээс авдаггүй, утсаар ярих завгүй явдаг гэж хэлэхэд нь би залилуулснаа мэдсэн. Тэгээд тэр даруй ... дугаарлуу залгасан чинь утсаа огт авахгүй салгаад байсан юм. Миний хувьд 50,000 төгрөг алдаж хохирсондоо биш гол нь олон хүмүүсийг хуурч их хэмжээний хохирол учруулчахвий гэж бодсондоо гомдол гаргасан. Одоо надад гомдол санал байхгүй. Мөнгө нэхэмжлэхгүй, харин гэм буруутай этгээдийг олж хариуцлага тооцож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
Хохирогч Т.Х тосны үнэ 50,000 төгрөг шилжүүлсэн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24/
Гэрч Д.Д-н мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “ Би сүүлд 2018 оны 01 сарын 11-ний өдөр Ц.Э эгчийн дансны хуулганаас харахад 65,000 төгрөгийг ... данснаас авсан байсан. 2018 оны 01 сарын 10-ны өдөр АТМ-ээр үйлчлүүлсэн гэж Ц.Э андуурч хэлсэн байна лээ. Ц.Э эгч АТМ ашиглаж мэддэггүй болохоор би дандаа мөнгийг нь АТМ-ээс авч өгдөг. 65,000 төгрөгийг Э эгчийн хамт данснаас нь аваад 15,000 төгрөгийг эгч аваад дансаар орж ирсэн Х.Н ахын гэрээс явуулсан мөнгө гэх 50,000 төгрөгийг Э эгч Х.Н-д өгсөн гэсэн. Би ямарч мөнгө аваагүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/
Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Н нь 2018 оны 01-р сарын 04-05-ны үед 8-9 хоног Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 15-р хорооны СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 01-р сарын 14-ны орчим ямар нэг юм хэлэлгүй цалин мөнгө авалгүй яваад өгсөн байсан. Надаас Х.Н нь 2018 оны 01-р сарын 10-ны өдөр надаас мөнгө байвал зээлээч гэхээр нь мөнгө байхгүй гэхэд Х банкны данс байна уу, хоолны мөнгө гэрээс явуулна та аваад өгөөчээ гэсэн. Миний дансанд 50.000 төгрөг шилжиж орж ирсэнийг БЗД-ын 13-р хорооллын автобусны ар талын Х банкны АТМ-ээс би өөрөө 50.000 төгрөг орж ирсэнийг ажлынхаа үйлчлэгч Д-н хамт авч Х.Н-д өгсөн. Тэрний дараа 2 хоноод надаас дахиад мөнгө аваад өгөөч гэрээс мөнгө ирнэ гэсэн гэхэд би үгүй ээ завгүй байна гээд татгалзсан юм. Тэгээд тэрний дараахан маргааш, нөгөөдрөөс нь алга болсон. 14 хоног харж байж авах эсэхээ шийднэ гээд ажиллуулж байсан учир анкет бөглүүлж аваагүй. Манай дарга Ө, үйлчлэгч Д нар надаас мөнгө гуйж дансаараа мөнгө аваад өгөөч гэж хэлж байсныг мэдэж байгаа. Д-с мөнгө авч мэддэг болохоор хамт явж мөнгө авч Х.Н-д өгсөн учир сайн мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/
Шүүгдэгч Х.Н нь урьд ял шийтгэлтэй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/
Шүүгдэгч Х.Н-с хохирогч Т.Х-н Х банкны ... тоот дансанд хохирлын 50,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 99/
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоол, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 102-103, 106-108 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Х.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багийн иргэн Б.Х-тай утсаар холбогдож, өөрийгөө Д гэж танилцуулсны улмаас хохирогч нь зүүгээр хатгаж өвчин эдгээдэг Д байна гэж ойлгон түүнд аавыгаа үзүүлэх талаар ярилцаж, шүүгдэгч нь хохирогчийн аавд нурууны тос зарна гэж хууран мэхэлж 50,000 төгрөг авсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Т.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Д, Ц.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Х тосны үнэ 50,000 төгрөг шилжүүлсэн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Т.Х-д 50,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Т.Х-н Х банкны ... тоот дансанд хохирлын 50,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан шүүх ...ялаас чөлөөлж “ болно гэж заасны дагуу шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч Т.Х-д учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан журмыг хэрэглэж, түүнд хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Х.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Н-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Н-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Н-г 6 /зургаа/ сарын хорих ялаас чөлөөлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц