Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 582

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 13 дугаар гудамжны 290б тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОР65022614, Боржигон овогт Цэдэвийн Баасанжавын,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Ц.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би 1984 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр төгсөж ирээд улмаар 1994 оныг дуустал Увс аймгийн Хяргас сумын Булганхангай бригадад малын бага эмчээр ажиллаж байгаад сумандаа багийн Засаг даргаар шилжин ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй байгаа тул шүүхээр баталгаажуулах шаардлагыг нийгмийн даатгалаас тавьсан. Иймд Увс аймгийн Хяргас сумын Мал эмнэлгийн тасгийн Булганхангай бригад болон Хангай багт 1984 оны 7 дугаар сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд малын эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ц.Цэрэндагва, Б.Ичинхорлоо нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Баасанжав нь 1984 оны 7 дугаар сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хяргас сумын Мал эмнэлгийн тасагт малын эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

     Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн архивын лавлагаанд: “Увс аймгийн Хяргас сумын Мал эмнэлгийн цалин, тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Цэдэв овогтой Баасанжавтай холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

       Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумын захиргаанаас Ц.Баасанжавт 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр олгосон 089409 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумын мал эмнэлгийн 1 дүгээр курст элсүүлэн суралцуулав, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр төгсч Хөдөө аж ахуйн яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 158 тоот тушаалыг үндэслэн Булган аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын мэдэлд шилжүүлэв, 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хяргас сумын Мал эмнэлгийн тасгийн Булганхангай бригадын малын бага эмчээр томилов, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  багийн Засаг даргын ажилд томилсон тул багийн  эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэжээ.

      Нэхэмжлэгч Ц.Баасанжав нь 1986 онд Хяргас сумын Мал эмнэлгийн ойгоор тус сумын удирдлагууд болон Мал эмнэлэгт ажиллаж байсан үе үеийн ажилтнуудтай авахуулсан гэрэл зургийг нотлох баримтаар ирүүлжээ.

       Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Цэрэндагва, Б.Ичинхорлоо нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Цэрэндагвын “Миний бие нь 1986-1994 он хүртэл Увс аймгийн Хяргас сумын Хөдөө аж ахуйн удирдах газарт зоотехникч, мал эмнэлгийн тасагт дүн бүртгэгч, дундын мал зүйч, нэгдлийн хүнс тэжээлийн болон брокерийн пүүсийн нярав зэрэг ажлуудыг хийж байсан. Би зоотехникчийн цаг үеийн ажлаар хөдөө бригадуудаар явдаг байсан ба тэр үед Ц.Баасанжав нь Хяргас сумын Мал эмнэлгийн тасгийн Булганхангай бригадад малын бага эмчээр ажиллаж байсан. Ц.Баасанжав нь Булганхангай бригадын малын эрүүл ахуйг хариуцан ажилладаг байсан. Тухайн үед Увс аймгийн Хяргас сумын Хөдөө аж ахуйн удирдах газрын даргаар Сайнбуян, Цограаш гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Б.Ичинхорлоогийн “Миний бие нь Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэлд 1985 оноос 1992 оныг хүртэл үржлийн тоо бүртгэгч зоотехникчээр ажиллаж байсан. Намайг анх ажилд орох үед Ц.Баасанжав нь Булганхангай бригадад малын бага эмчээр ажиллаж байсан ба намайг ажлаас гарах үед мөн малын бага эмчээр ажиллаад үлдсэн. Ц.Баасанжав нь бригадынхаа малын өвчин, эмгэг, отор нүүдэл зэрэг бүхий л асуудлыг хариуцан ажилладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

        Хэдийгээр Ц.Баасанжавын дээрх онуудад ажиллаж байхдаа авч байсан цалин Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь 1984 оны 7 дугаар сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хяргас сумын Мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр ажиллаж байсан болох нь Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумын захиргаанаас түүнд 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр олгосон 089409 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1986 онд Хяргас сумын Мал эмнэлгийн ойгоор тус сумын удирдлагууд болон Мал эмнэлэгт ажиллаж байсан үе үеийн ажилтнуудтай авахуулсан гэрэл, гэрч Ц.Цэрэндагва, Б.Ичинхорлоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

      Иймд нэхэмжлэгч Ц.Баасанжавын хүсэлтийг хангаж, түүний 1984 оны 7 дугаар сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хяргас сумын Мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр 10 жил 5 сар 10 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.      

    Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Боржигон овогт Цэдэвийн Баасанжавын 1984 оны 7 дугаар сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хяргас сумын Мал эмнэлгийн тасагт малын бага эмчээр 10 /арав/ жил 5 /тав/ сар 10 /арав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.   

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Баасанжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ