| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2024/00198/И |
| Дугаар | 208/МА2024/00064 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 208/МА2024/00064
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 148/ШШ2024/00323 шийдвэртэй
Хариуцагч *******
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр алдар хүндийг гутаасан болохыг тогтоолгох, түүнийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийж олон нийтэд мэдээлэх, уучлалт гуйхыг даалгах тухай
Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, еоөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1.Видео бичлэгийн 17:25 сек ******* мэс заслын эмч хагалгаа хийж байхдаа өвчтөний гэдсийг нь цоолсон. 18:47 сек мэс заслын алдаа гаргасан гээд хүлээн зөвшөөрсөн 37.42 сек миний үеэлийн хагалгаанд гэдсийг нь цоолдог нөхөр, 40:41 сек ажлын хариуцлага алдаж хагалгаанд алдаа гаргасан гэж,
2. 34:20 сек Үйлдвэрчний татварын мөнгийг хувь дансандаа авсан асуудлаа Зүүнхараагийн хамаарал бүхий цагдаа дээрээ шалгуулаад хаалгуулсан,
3. 50:15 сек буруу зөрүү хагалгаа хийгээд хүн үхээд байна. 1:32:40 сек Бямбацогт эмч наркоз хэтрүүлж хийгээд үс нь халзарч унасан,
4. 29:13 сек ******* *******ийн хамаарал бүхий хун, ойр дотны хүн, үйлдвэрчний даргаар сонгосон, томилуулсан, гараа өргө гэж хэлүүлсэн, 29:56 сек ******* лоббидож байгаад сонгуулсан гэж тус тус илт худал мэдээлэл түгээсэн
******* би Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгч албан тушаалтай ба надтай холбоотой мэргэжлийн алдаа гаргаж хүний эрүүл мэнд, амь нас хохирсон шүүхийн шийдвэр болон дүгнэлт, ажлын хариуцлага хүлээж байсан зүйл огт байхгүй. Үйлдвэрчний эвлэлийн даргаар намайг 2019.01.31-ний өдөр сонгоход нийт ажилчдын хурлаар санал хураалтаар сонгосон бөгөөд би *******тэй хамаарал бүхий хүн биш юм. Мөн Зүүнхараагийн надад хамаарал бүхий цагдаагаар хэрэг хаалгуулсан тохиолдол байхгүй. ******* болон *******.мн редакцын алба нь өөрсдийн мэдээний үнэн зөвийг нягтлан шалгаагүйгээр мэдээлсэн нь ******* миний нэр төр, алдар хүндийг гутаасан тул миний нэр төр, алдар хүндийг гутаасан болохыг тогтоож, түүнийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, олон нийтэд мэдээллэх, уучлалт гуйлгахыг даалгах О ******* болон *******.мн редакцын албад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч ******* нь иргэн ******* миний нэр дээр нэхэмжлэл гаргажээ. Иймд миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний ярьсан хэлсэн зүйл баримттай тул шүүх хуралдаан дээр нотлох баримт болон гэрчүүдийн хамтаар оролцож нотлох болно гэжээ.
-Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эрхэлдэг "*******.мн сайт" гэсэн нэртэй фэйсбүүк хуудсаараа "Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр болж буй шударга бус асуудлаар тодруулга ярилцлагыг хүргүүлж байна" гэсэн гарчигтай ярилцлага өгөхдөө нэхэмжлэгч *******ын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу "*******.мн сайт" гэсэн нэртэй фэйсбүүк хуудсаараа нэхэмжлэлийн шаардлага дурдсан 4 агуулгын хүрээнд няцаалт хийж, нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг хариуцагч *******д даалгаж,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, төлсөн хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* нь давж заалдах гомдолдоо:
******* миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 148/ШШ2024/00223 дугаартай шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт "Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өөрийн эрхэлдэг "*******.мн сайт" гэсэн нэртэй фэйсбүүк хуудсаараа "Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр болж буй шударга бус асуудлаар тодруулга ярилцлагыг хүргүүлж байна" гэсэн гарчигтай ярилцлагыг хүргүүлж байна" гэсэн гарчигтай ярилцлага өгөхөд нэхэмжлэгч *******ын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу "*******.мн сайт" гэсэн нэртэй фейсбүүк хуудсаараа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 4 агуулгын хүрээнд няцаалт хийж нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг хариуцагч *******д даалгасугай" хэмээх шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан нь ИХШХШТХ-ийн зарчмыг зөрчсөн талаар
Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт" энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал" хэмээн заасны нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад нэхэмжлэлийг хүлээн авсан. "Нэр төр алдах хүндийг гутаасан болохыг тогтоолгох, түүнийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийж олон нийтэд мэдээлэх, уучлалт гуйхыг даалгах" тухай хэмээн бодит үр дүнгүй, тодорхойлсон шаардлага гаргаагүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа юм.
Хоёр. Хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүй
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч ******* миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт "Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох" хэмээн заасан хэргийн материалтай танилцах эрхээ эдлэх боломжоор хангаагүй.
Гурав. Хариуцагчийг өмгөөлөгчтэй оролцох эрхийг эдлүүлээгүй
Монгол Улсын Үндсэн хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 26 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй болно.
Дөрөв. Нотлох баримтгүйгээр шүүхийн шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 "Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ",
37.2. Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно",
38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэж заасан. Мөн хариуцагч миний бие ч гэрчүүдийг хуралдаанд оролцуулж мэдүүлэг авахуулах боломжтой байхад тэр эрхийг эдлүүлээгүй нь 116 дугаар зүйлийн 116.3 "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасныг зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт "энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах" хэмээн заасныг дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 148/ШШ2024/00223 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өнгө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *******.мн сайтаар *******ын нэр, төр, алдар хүндийг гутаасан гэдэг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д иргэний хууль нь гэм хор учруулсан этгээдийн эрх зүйн байдлыг хамгаална гэж заасан. Гэм хор учруулсан гэж байгаа бол они.мн сайтаар мэдээ мэдээлэл тарааснаараа нэхэмжлэгчид ямар гэм хор учирсан нь нотлох баримт байдаггүй. Худал мэдээлэл тараасан гэж байгаа. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй байна. Мөн хуулийн 497 дугаар зүйлийг хэрэглэсэн байдаг. Гэтэл 497.1-д бусдын эрх, амь нас эрүүл мэнд, сэтгэцэд, нэр хүнд алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэж заасан. Гэм хор учруулсан бол ямар гэм хор учирсан бэ?. Хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ? Үүнээс үүдэлтэй сэтгэл санааны ямар нэгэн хохирол учирсан эсэх нь тодорхойгүй. Ямар ч баримтгүй, зүгээр л худал мэдээлэл гэж нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийг хангаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан.
Хариуцагч би өмгөөлөгч авах хүсэлт өгсөн. Өмгөөлөгчгүй оролцуулсан. Нотлох баримтыг уншиж танилцаагүй, нэг өдөр шүүх хуралдаан болоод очоод орчихсон гэдэг. Хэргийг анхан шатны шатны шүүх рүү буцааж, дахин хэлэлцүүлж өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь эдлүүлж, Иргэний хуулийг зөв хэрэглэх боломжийг олгож өгнө үү. Тийм учраас анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэсэн гомдолтой байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэр төр гутаасан гэж тодорхойлсон байгаа. Өмгөөлөгчийн яриад байгаа гэм хор буюу түүнээс учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх нь нэхэмжлэлийн нэмэлт шаардлага байгаа. Тэр нэмэлт шаардлагыг бид нар хэрэгжүүлээгүй. Гол нь нэр төр гутаасан мэдээ нь ******* эмчийн ажлын нэр хүнд болон өөрийн нэр төр алдар хүндийг гутаасан буюу Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.
Хариуцагч өмгөөлөгч авах хүсэлтээ өөрөө авахгүй гэж хэлсэн. Өмгөөлөгч авъя гэсэн хүсэлт өгөөгүй. Анхнаасаа өмгөөлөгчгүй оролцоно. Би шударга үнэнийг хэлдэг. Тийм учраас би өөрийнхөө үгэнд эзэн байна гэж орсон. Тэр нь ч шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Тодруулбал хэргийн материалын 224 дүгээр талд байна.
Хэргийн материалтай танилцаагүй гэж байна. Шүүх үүнийг хангаж өгсөн. *******д тусдаа байр, сандал бүгдийг нь гаргаж өгөөд хэргийн материалтай танилцуулсан. ******* хэргийн материалтай танилцаж дуусаад шүүх хуралдаанд тайлбараа хэлсэн байгаа. Гэвч хэргийн материалтай гарын үсэг зураагүй нь хавтаст хэргийн 189 дүгээр талд хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл дээр тусгасан байгаа.
Хэргийн материалын 90% нь *******гийн өөрийнх нь гаргаж өгсөн материал байгаа. Өөрийнхөө татгалзлаа тодорхойлох хангалттай нотлох баримт байгаа. 10% нь миний гаргасан нэхэмжлэл байгаа. Татгалзлаа бүрэн нотолсон. Тийм учраас гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, олон нийтэд мэдээлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв хэрэглэсэн байна гэж үзлээ.
4.Хариуцагч ******* нь өөрийн эрхлэн явуулдаг "*******.мн мэдээ мэдээллийн нээлттэй чөлөөт сайт дээр 2023 оны 11сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр болж буй шударга бус асуудлаар тодруулга ярилцлагыг хүргэж байна" гэсэн гарчигтай ярилцлагадаа ...******* мэс заслын эмч хагалгаа хийж байхдаа өвчтөний гэдсийг нь цоолсон, ...мэс заслын алдаа гаргасан гээд хүлээн зөвшөөрсөн, ... миний үеэлийн хагалгаанд гэдсийг нь цоолдог нөхөр, ...ажлын хариуцлага алдаж хагалгаанд алдаа гаргасан. ...Үйлдвэрчний татварын мөнгийг хувь дансандаа авсан асуудлаа Зүүнхараагийн хамаарал бүхий цагдаа дээрээ шалгуулаад хаалгуулсан, ...буруу зөрүү хагалгаа хийгээд хүн үхээд байна, ... Бямбацогт эмч наркоз хэтрүүлж хийгээд үс нь халзарч унасан, ...******* *******ийн хамаарал бүхий хүн, ойр дотны хүн, үйлдвэрчний даргаар сонгосон, томилуулсан, гараа өргө гэж хэлүүлсэн, ...******* лоббидож байгаад сонгуулсан гэж мэдээлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
5.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч буюу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрөө нотлох үүрэгтэй ч Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой маргаанд мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан, хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг.
6.Хүний эрхийн суурь нь нэр төр, алдар хүнд бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч тэдгээрийн үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.
Хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч мэс заслын эмч ******* хагалгаа хийж байхдаа өвчтөний гэдсийг цоолсон, буюу мэргэжлийн алдаа гаргасан, Эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварын мөнгийг хувь дансандаа хураан авч завшсан, энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан боловч хамаарал бүхий цагдаагийн алба хаагч хэргийг нь хаасан, үйлдвэрчний хорооны даргаар томилогдохдоо эмнэлгийн дарга н.*******ээр лоббидуулж сонгогдсон...гэх агуулгатай мэдээг үнэн зөв, бодит байдалд нийцсэн болохыг хариуцагч нь баримтаар нотолж чадаагүй, гэрчүүдийн мэдүүлэгүүд нь өөрийн эх сурвалжийг зааж чадаагүй байна.
Иймд хариуцагч ******* нь өөрийн хөтлөн явуулдаг *******.мн фэйсбүүк хуудсаар үнэнд нийцээгүй дээрх мэдээллийг олон нийтэд тараасан явдал нь нэхэмжлэгч *******ын эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд иргэд үл итгэх, түүний мэргэжлийн ур чадварт эргэлзэх зэрэг сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
7.Хариуцагч түүний өмгөөлөгч нараас анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, ******* нь тус хэргийн хариуцагч мөн эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн өмгөөлөгч авах эрх, болон хэргийн материалтай танилцах эрхийг ноцтой зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг шүүх зөрчсөн гэжээ.
а.Нэхэмжлэгчийн шаардлагын хувьд: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Нэр төр алдар хүндийг гутаасан болохыг тогтоолгох, түүнийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийж олон нийтэд мэдээлэх, уучлалт гуйхыг даалгах тухай гэж тодорхойлсон байна.
Иргэний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж, харин ажил хэргийн нэр хүнд гэдэг нь тухайн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаалан нийгмийн зүгээс өгч байгаа үнэлэмж юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл, Арвандолдугаар зүйлд зааснаар хүн амьд явах, нэр, нэр төр нь халдашгүй байх эрхтэйн зэрэгцээ хэн боловч хүний нэр төрийг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан.
Иргэний эрх зүйн хамгаалалт нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг.
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд мэдээ тараасан аргаар няцаалт хийлгэхээр хариуцагчид даалгах гэж тодорхойлсон нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх шаардлага гэж үзнэ.
б.Хариуцагч ******* нь *******.мн мэдээ мэдээлэлийн чөлөөт сайтын үүсгэн байгуулагч байх ба тухайн сайтаар өөрийн цуглуулсан мэдээ мэдээллийг түгээдэг, тус сайт нь Үндэсний дата төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүргэлтэй талаар хэрэгт баримт авагдаагүй тул түүнийг гаргасан мэдээлэлийг хариуцах этгээд гэж үзнэ.
в.Хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан, хэргийн материалтай таилцах эрхийг шүүх зөрчсөн гэсэн гомдлын хувьд:
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлд шүүх 2024 оны 04 сарын 01-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж хэргийн хариуцагч *******д нэхэмжлэлийн хувийг 2024 оны 04 сарын 02-ны өдөр гардуулж түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийн нь танилцуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг нэг удаа сунгаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба хариуцагчаас өмгөөлөгч оролцуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч авах эсэх талаар тодруулахад хариуцагч нь өмгөөлөгчгүй оролцоно гэсэн тайлбарыг гаргасан байх тул өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэсэн гомдол нь үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас бичгийн нотлох баримтууд болон гэрч асуулгах хүснлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хариуцагч нь хэргийн материалтай танилцсан боловч хэрэг танилцсан тухай тэмдэглэлд гарын үсэг зураагүй талаар шүүгчийн туслахын тэмдэглэл хөтөлсөн, шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцсан эсэх талаар тодруулсан тухай хурлын тэмдэглэлд тус тус авагдсан байх тул шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
8.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ... гэж заасан тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2, 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан, эдийн бус гэм хорыг арилгах түүнчлэн мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шаны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 323 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвэр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Г.ДАВААРЕНЧИН
Bottom of Form