| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00502/И |
| Дугаар | 584 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 584
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 13-36 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОВ59120517, Борлууд овогт Гэлэгжүгнээгийн Гончигийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Гончиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Гончиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1959 онд төрсөн, 57 настай. Би 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын их эмч мэргэжлээр төгсөж ирээд 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Давст суманд малын их эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн билээ. Эхлээд 1986 оны 7 дугаар сарын 15-наас 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Давст суманд малын их эмчээр, 1992 оны 11 дүгээр сарын 17-наас 1996 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Давст сумын мал эмнэлгийн дүн бүртгэгч, аптекийн эрхлэгч, бага эмчээр, 1996 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2009 он хүртэл Давст сумын Мал эмнэлгийн эрхлэгч их эмчээр ажилласан билээ. Би ажилд орсон, гарсан тушаалаа гээж үрэгдүүлсэн бөгөөд одоо зөвхөн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа тул миний 1986 оны 7 дугаар сарын 15-наас 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Мал эмнэлэгт малын их эмч, дүн бүртгэгч аптекийн эрхлэгч, бага эмч, эрхлэгч их эмчээр ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Т.Төрбат, Г.Оюунчимэг нарыг гэрчээр асуууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Гончиг нь 1986 оны 7 дугаар сарын 15-наас 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Мал эмнэлэгт малын их эмч, дүн бүртгэгч аптекийн эрхлэгч, бага эмч, эрхлэгч их эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Давст сумын Мал эмнэлгийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Гэлэгжүгнээ овогтой Гончигийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Түүнчлэн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн захиргаанаас Г.Гончигт олгосон 7176773 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйн дээд сургуулийн малын их эмчийн ангид оюутнаар элсүүлэв, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйн дээд сургуулийн малын их эмчийн мэргэжлээр төгссөн тул Хөдөө аж ахуйн яамны мэдэлд шилжүүлэв, 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын мэдэлд шилжүүлэв, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст сумын малын их эмчээр томилон ажиллуулав, 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сумын ерөнхий эмчийн үүрэгт ажлаас нь өөрийн санал хүсэлтийг үндэслэн чөлөөлөв, 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Мал эмнэлгийн дүн бүртгэгч, аптекийн эрхлэгч, бага эмчээр ажиллуулав, 1996 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Давст сумын Мал эмнэлгийн дүн бүртгэгч, аптекийн эрхлэгч, бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1996 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Давст сумын Мал эмнэлгийн эрхлэгч их эмчээр ажиллуулав” гэжээ.
Мөн нэхэмжлэгч Г.Гончигийг шагнаж байсан жуух бичиг, “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдэгийн үнэмлэх болон талархалын хуулбарууд хэрэгт авагджээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Төрбат, Г.Оюунчимэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Төрбатын “Миний бие нь 1979 оноос 1992 он хүртэл Давст сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Торхилог бригадад малын эмчээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Г.Гончиг нь 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Давст сумын Мал эмнэлэгт малын их эмчээр ажиллаж эхэлсэн. Дараа нь Мал эмнэлгийн ерөнхий эмч, дүн бүртгэгч, аптекийн эрхлэгч, бага эмч зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг 1992 онд Торхилог бригадын малын эмчийн ажлаас чөлөөлөгдөж тус багийн Засаг даргаар томиологдоход Г.Гончиг нь Мал эмнэлэгтээ ажиллаад үлдсэн” гэж, гэрч Г.Оюунчимэгийн “Миний бие Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын их эмч мэргэжлээр төгсөж ирээд 1986 онд Тэс суманд, Г.Гончиг Давст суманд малын эмчээр томилогдсон ба бид хоёр нэг тушаалаар томилогдон ажиллаж байсан. Би Тэс суманд 1987 он хүртэл малын эмчээр ажиллаж байгаад 1987 оноос эхлэн Увс аймгийн Мал эмнэлгийн газарт ариун цэврийн лабораторид шинжлэгч их эмчээр ажиллах болсон. Манай байгууллага нь сумдын малын эмч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг байгууллагын хувьд Г.Гончигийн ажиллаж байсан байдлын талаар би сайн мэдэж байна. Г.Гончиг нь 1986 оноос оноос 1992 он хүртэл Давст сумын мал эмнэлэгт малын их эмчээр, 1992 оноос 1996 он хүртэл дүн бүртгэгч, аптекийн эрхлэгч бага эмчээр, 1996 оноос 1999 он хүртэл тасгийн эрхлэгч их эмчээр ажиллаж байсан ба Мал эмнэлгүүд хувьчлагдахад Г.Гончиг нь Давст сумын мал эмнэлгийг хувьчилж авсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох нийгмийн даатгалын дэвтэр болон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 164 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Г.Гончигийг 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос шагнаж байсан талархал нь түүний ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Г.Гончиг нь 1986 оны 7 дугаар сарын 15-наас 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Мал эмнэлэгт малын их эмч, дүн бүртгэгч аптекийн эрхлэгч, бага эмч, эрхлэгч их эмчээр ажиллаж байсан болох нь түүнд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн захиргаанаас олгосон 7176773 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдэгийн үнэмлэхийн болон жуух бичгийн хуулбарууд, гэрч Т.Төрбат, Г.Оюунчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Гончигийн хүсэлтийг хангаж, түүний Увс аймгийн Давст сумын Мал эмнэлэгт 1986 оны 7 дугаар сарын 15-наас 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малын их эмчээр 6 жил 1 сар 5 хоног, 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл дүн бүртгэгч, аптекийн эрхлэгч, бага эмчээр 3 жил 3 сар 16 хоног, 1996 оны 3 дугаар сарын 06-наас 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл эрхлэгч их эмчээр 3 жил 1 сар 17 хоног, нийт 12 жил 6 сар 8 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Борлууд овогт Гэлэгжүгнээгийн Гончигийн Увс аймгийн Давст сумын Мал эмнэлэгт 1986 оны 7 дугаар сарын 15-наас 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малын их эмчээр 6 /зургаа/ жил 1 /нэг/ сар 5 /тав/ хоног, 1992 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1996 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл дүн бүртгэгч, аптекийн эрхлэгч, бага эмчээр 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 16 /арван зургаа/ хоног, 1996 оны 3 дугаар сарын 06-наас 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл эрхлэгч их эмчээр 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 17 /арван долоо/ хоног, нийт 12 /арван хоёр/ жил 6 /зургаа/ сар 8 /найм/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Гончигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ