Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0588/З |
Дугаар | 221/МА2019/0137 |
Огноо | 2019-03-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2019/0137
С.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээд Э.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, гуравдагч этгээд Э.С-ийн өмгөөлөгч Э.Э, гуравдагч этгээд А.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0840 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд А.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нарын давж заалдах гомдлоор, С.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0840 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Э.С-д холбогдох хэсгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд А.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У давж заалдах гомдолдоо: “...миний бие Монгол Хуульчдын холбооноос зохион байгуулсан өмгөөлөгчдийн туслах ажилтны сургалт давхацсан тул уг нотлох баримтаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хамт хавсарган шүүхэд гарган өгсөн боловч шүүх миний хүсэлтийг хангалгүй орхиж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг зөрчсөн.
...С.Б-ийн эзэмшлийн байшингийн үндсэн суурийн талбай болох 55 м.кв газрыг нэмэхэд нийт нь талбай нь 234.28 м.кв буюу нэхэмжлэгчийн эзэмшлийн 220 м.кв талбай нь хангалттай гарч ирж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа юм. Үүнээс үзэхэд Э.Саранзаяагийн өмчлөлийн газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаагүй болох нь нотлогдож байна. Гэтэл шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүхийн үзлэгийн ажиллагаа хийж, нотлох баримт цуглуулсан боловч уг нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж байна.
...Нийслэлийн Засаг даргын 355 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, учир нь Э.С-ийн өмчлөлийн газар нь нэхэмжлэгч С.Б-ийн эзэмшлийн газартай давхацсан ямар нэгэн үйл баримт байхгүй бөгөөд газрын давхцал үүсээгүй тул Чингэлтэй дүүргийн Газрын албаны тухайн хороо хариуцсан газар зохион байгуулагч маргаантай гэх тэмдэглэгээг хийх үүрэг хүлээхгүй бөгөөд буруутай үйл ажиллагаа болон алдаатай баримтыг үндэслэн уг газрыг Э.С-д өмчлүүлсэн үйл баримт байхгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд А.М давж заалдах гомдолдоо “...Газрын тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасны дагуу газар өмчилж авах эрх бүхий иргэний үүргийнхээ хүрээнд Э.С нь Кадастрын тухай хуульд заасны дагуу Газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлж, өмчлөлийн газрынхаа заагийг тэмдэглүүлж, газар өмчилж авахтай холбогдсон баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэн өгсөн байдаг. Улмаар энэхүү газар нь гуравдагч этгээд Т.Б-д зарагдаад дараа нь гуравдагч этгээд А.М-д зарагдсан байдаг. ....Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч С.Б-ийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 192 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн М.О-ээс 220 м.кв газрыг хуульд зааснаар шилжүүлэхдээ орц, гарц бүхий байдлаар баталгаажуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны актыг тус хариуцагч захиргааны байгууллага албан тушаалтнаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлж” шийдвэрлэсэн боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин шинэ акт гаргаагүй, уг шүүхийн шийдвэрийн дагуу дээрх 192 дугаар захирамжийн Э.С-д холбогдох хэсэг нь эрх зүйн хувьд үйлчлэлгүй болсон гэж үзэхээр байна.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 192 дугаар захирамжийн гуравдагч этгээд холбогдох хэсгийг үндэслэн Э.С-д тухайн газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасантай нийцэхгүй.
Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 192 дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэснээр маргаан бүхий газартай холбогдуулан ямар нэг шийдвэр гаргах үндэслэл үгүй болсон байхад хариуцагчаас өмчлүүлэх шийдвэр гаргасан, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэдийгээр хариуцагчаас “...Чингэлтэй дүүргийн Газрын албаны тухайн хороо хариуцсан газар зохион байгуулагч “маргаантай” тэмдэглэгээг мэдээллийн санд хийх үүрэгтэй боловч тус үүргээ биелүүлээгүйн улмаас маргаан бүхий акт гарсан” гэж тайлбарлах боловч энэ нь маргаан бүхий актыг зөвтгөх, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй бөгөөд газар өмчилж авахыг хүссэн иргэн тухайн газрыг өмчилж авах эрх бүхий этгээд мөн эсэх талаарх бодит нөхцөл байдлыг захиргаа бүрэн тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байтал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Э.С-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгч С.Б-ийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Харин анхан шатны шүүхээс маргаан бүхий захирамж хууль зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэж хэргийг шийдвэрлэх үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдсон ч өөр бусад үндэслэлээр хууль ёсны байж болохуйц нөхцөл байдал бий болсон байхыг ойлгох бөгөөд түүнийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос нь хэтэрсэн тохиолдолд маргаан бүхий актыг түдгэлзүүлэхээр зохицуулагдсан.
Гэтэл энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжид хууль ёсны байж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй, харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 405 дугаар шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаас биелүүлж, маргаан бүхий захирамжтай холбогдуулан дахин шинэ акт гаргасны дараа гуравдагч этгээдэд газар өмчлүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэж болохоор нөхцөл бүрдэхээр байхад маргаан бүхий захирамжийг шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 192 дугаар захирамжийн үр дагавартай уялдуулан тайлбарлаж, түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын “...гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг зөрчсөн” гэх гомдлын тухайд хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-т 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э, Д.О нар нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан төдийгүй тэдэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байхад хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Хэрэв гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд оролцох боломжтой байтал энэ эрхээ эдлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, гуравдагч этгээд А.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0840 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/355 дугаар захирамжийн Э.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж, “3” дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд А.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН