Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1501

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Энхбаатарын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04959 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Энхбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Эрдэнэбилэгт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Даваанямын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Давааням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энхбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие Ц.Эрдэнэбилэгтэй харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5 сарын хугацаатай 32 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа ба 22 200 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 22 200 000 төгрөг, алданги 11 100 000 төгрөг, нийт 33 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Эрдэнэбилэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний 4-р заалтад “...зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж гэж...” заасан байх бөгөөд зээлдүүлэгч энэхүү заалтаа биелүүлээгүй болно.

Өөрөө хэлбэл, ярилцаж хэлэлцсний дагуу мөнгө зээлүүлээгүй. Харин мөнгөний дүнгээр алданги бодож эргэн төлөхийг шаардах зэргээр өөрөө хууль бус залилангийн шинжтэй нэхэмжлэл гаргасан байна. 33 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Энхбаатарын зүгээс Ц.Эрдэнэбилэгт мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй...Үнэн хэрэгтээ Б.Энхбаатар, Ц.Эрдэнэбилэг нарын хооронд мах бэлтгэн нийлүүлэх асуудал үүсээд үүнтэй холбоотойгоор зээлийн гэрээ хийж, гарын үсэг шууд зуруулсан байдаг. Зээлийн гэрээний дагуу хэзээ, хаана яаж мөнгө шилжүүлсэн талаар баримт байхгүй. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс 22 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбаатарт олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 11 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324 450 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс 268 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбаатарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагад нийцээгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргахдаа "...Би Ц.Эрдэнэбилэгтэй харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5 сарын хугацаатай 32 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 22 200 000 төгрөгийг төлөөгүй тул үндсэн зээл, алдангийн хамт нийт 33 300 000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулах" шаардлага гаргасан. Гэвч шүүх хуралдааны явцад иргэн Б.Энхбаатар нь Ц.Эрдэнэбилэгтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөнгө шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Гэтэл үүнийг шүүх тогтоосон хэрнээ "Б.Энхбаатар, Ц.Эрдэнэбилэг нарын хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан" гэж дүгнэн, Иргэний хуулийн 399, 400 дугаар зүйлийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь ноцтой алдаа төдийгүй, огт болоогүй үйл баримтыг болсон мэтээр баталгаажуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ямар ч нотлох баримтгүй тайлбарт үндэслэн хууль бус шийдвэр гаргалаа. Нэхэмжлэгчээс Ц.Эрдэнэбилэгтэй даалгаврын гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримт огт гаргаагүй. Бодит байдал дээр ч эдгээр иргэдийн хооронд даалгаврын гэрээ хэлцэл огт хийгдээгүй.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өвчний учир шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцаж чадаагүй бөгөөд өвчний актыг хэрэгт хавсаргуулж, энэ шалтгаанаа дурдан "хэргийн материалтай бүрэн танилцаж, сөрөг нэхэмжлэл болон нотлох баримт, хүсэлт гаргах эрхээ эдлэхээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, шийдвэр гаргасан.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн төдийгүй мөн хуулиин 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмуудыг хангалгүй, хариуцагч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө. Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийи 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Шүүх өөрийн санаачлагаар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөн. тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж дүгнэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тулгуур зарчим болох “Талуудын зарчим”-ыг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Б.Энхбаатар нь хариуцагч Ц.Эрдэнэбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэгт зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Зээл буцаан төлөх гэрээ”, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ” тус тус авагдсан байна. /хх 6, 7/

            Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу зохигчид хоорондоо өмнө байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг харилцан тооцож, зээлийн гэрээний үүргээр сольсон тухай дээрх баримтыг үйлдсэн байхад шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь буруу болжээ.

            Талууд мах бэлтгэн нийлүүлэх талаар тохиролцон, нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа мөнгө өгч, хариуцагч нь мах нийлүүлж байсан уг хэлцэлтэй холбоотой үүссэн төлбөрийг тооцон, зээлийн гэрээний хэлбэрт оруулан гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаангүй байна.

            Талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу буцаан төлөх өр төлбөрийг зээлийн гэрээний үүргээр сольсноор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу өмнөх худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсчээ.

            Талууд дээрх байдлаар гэрээний үүргийг солих талаар хүсэл, зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Иймд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зээл буцаан өгөх гэрээ” /хх-7/-ний дагуу 32 200 000 төгрөг буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна. Уг үүргээс хариуцагч төлсөн талаарх баримт хэрэгт байхгүй боловч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд өр төлбөрөөс 22 200 000 төгрөг төлж барагдуулаагүй талаар дурдсан байх тул уг хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.

Харин 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Зээлийн гэрээ” /хх-6/-ний дагуу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар бодитой мөнгө шилжүүлээгүй атлаа шилжүүлсэн гэж бичиж дүр үзүүлэн хэлцэл хийсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул уг хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу зээлийн гэрээний үүрэг, алданги шаардах боломжгүй юм.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан анзын талаар талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт алданги шаардах эрхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс алдангид 11 100 000 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

            Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг тус бүр 1 удаа хойшлуулж байсан байх ба хариуцагч талаас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр явагдсан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж шүүхийг буруутгах боломжгүй байна.

            Харин 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо, дугаарыг буруу бичиж техникийн алдаа гаргасныг зөвтгөх шаардлагатай бөгөөд энэ алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй болно.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/04959 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс 22 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхбаатарт олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 11 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Даваанямын төлсөн 324 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН