Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01338

 

Л.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 460 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаар магадлалтай,

            Нэхэмжлэгч: Л.Э

            Хариуцагч: “Ш” ХХК        

           77 сарын цалин 12.523.023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Р, хариуцагчийн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө, нарийн бичгийн даргад Т.Өлзийтүвшин нар оролцов.

     Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 04 дүгээр сард нисэхийн хашаанд буухад З.Батчулуун байсан. Эхний 1 жил үнэ хөлсгүй гэрээ барьж өвөлжихөөр болсон. Хавар нь нүүх гэтэл З.Б түүний эхнэр нар таныг гомдоохгүй ээ байж бай гэж үлдээсэн. Зун 2 давхар байшингийн дээд талд нь амьдардаг байсан. Мөн өөр хашаанд буух гэтэл “...манайх одоо энэ барилгыг засаж, ажил явуулна, танд бид нар үүд хэсэгт жижиг байшин барьж өгнө..” гэж хэлсэн. Байшин 15 сая төгрөгөөр босно, ингээд орох оронтой болох нь гэж баярлаад цалин хөлс нэхээгүй. Гэтэл энэ тохиролцооноос буцаж, намар намайг нүү гэж хэлсэн тул би ажлын хөлсөө тооцож гаргуулмаар байна. Энэ хугацаанд би тухайн барилга, хашааг харж хандаж сахиул хийж байсан. Би 2010-04-15-ны өдрөөс 2016-10- 23-ны өдөр хүртэл “Ш” ХХК-ийн хашаанд манаачаар ажиллаж байсан. Би 6 жил ажиллах хугацаанд хариуцагчаас  ямар ч цалин  авч байгаагүй. Тус хашаанд байх хугацаанд тог тавиулснаас өөр зүйл шаардаж байгаагүй. Иймд манаачаар ажилласан 6 жилийн хугацааны цалин 12.523.023 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай хашаанд нүүж ирээд амьдаръя гэж бидэнд өөрөө хүсэлт тавьсан. Түүнээс Л.Эийг манайх хашаандаа манаачаар авч, цалинтай ажиллуулна гэж харилцан тохиролцож, гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Настай хүн, мөн аавын таньдаг хүн учраас хашаандаа бид буулгасан. Л.Э нь байшин бариулна гэсэн зүйл яриад байдаг. Би болон манай гэр бүлийнхэн Л.Этай ямар ч садан төрлийн холбоо байхгүй гэжээ.

         Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан “Ш” ХХК-иас 6.624.000 төгрөг гаргуулан Л.Э олгож, нэхэмжлэлээс 5.899.024 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан  Л.Э  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хариуцагчаас тэмдэгтийн хураамж 120.934 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 19-ний өдрийн 100 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын ...“Ш” ХХК... гэснийг... “Ш” ХХК... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: "Ш" ХХК нь нэг гишүүнтэй, захирал нь Б.А юм. Нэхэмжлэгчийн буусан хашаа тус компанийн өмч болох нь баримтаар тогтоогдоогүй. Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “... Ш ХХК-ийн эзэмшигч н.Б болон түүний эхнэртэй тохиролцож сахиул хийж байсан...” гэдэг. Дээрх нэр бүхий хүмүүс компанийг төлөөлж бусдад үүрэг хүлээлгэх эрхтэй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.  Б.А нь Л.Эийг өндөр настай харж хандах ах дүүгүй болохоор нь ямар нэг үнэ хөлс авалгүй амьдруулж байсан, түүнээс биш сахиул манаачийн ажил үүрэгт томилсон гэрээ байгуулаагүй. Зохигчдын дунд Иргэний хуулийн 359.1-д заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн зохигчдын хооронд ажил үйлчилгээний тохиролцооны үндсэн дээр сахиул хийдэг эсэхийг мэдэх боломжгүй гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Л.Э тухайн хашаа обьектыг харж хамгаалж байсан гэж үзэж буй  нь үндэслэлгүй.  Л.Эийг хашаа, обьект харж хамгаалж бай гэсэн үүргийг компанийн зүгээс хэн үүрэг болгосон нь ойлгомжгүй. Л.Эийг тухайн хашаанд буухыг хариуцагч  зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 196.1.5-р гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй гэж  шүүх үзсэн нь ойлгомжгүй. Л.Эийг хашаанд буух үед хариуцагчаар татагдсан "Ш" ХХК үүсгэн байгуулагдаагүй, Б.А хүүхэд байсан гэж нэхэмжлэгч өөрөө тайлбарладаг. Компанитай тохиролцсон асуудал байхгүй аав, ээж хоёртой нь тохиролцсон сүүлд компани байгуулагдсан болохоор нь компанийг хариуцагчаар татсан гэдэг. Хэргийн бодит байдал огт тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэгэнт хариуцагчаар компанийг татаж байгаа тохиолдолд компанитай хэзээ, ямар тохиролцоо хийсэн талаар  дүгнэлт хийгээгүй. Зохигчдын хооронд нэг талаас бусдын эзэмшлийн хашааг ашиглаж хариу төлбөргүй амьдарч байх хугацаандаа нэг ч удаа цалин хөлс шаардаж байгаагүй, зөвхөн тог цахилгаан тавиулсан айлуудын тайлбараар тогтоогдож байгаа.  Эд хөрөнгийг хариу төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн үйл баримтыг шүүх өөрөөр тайлбарлаж хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээний дагуу хашаанд сахиул хийж байсан бол 6 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэснийхээ төлөө хөлс шаарддаг байсан нь ямар нэг байдлаар нотлогдох ёстой байсан. Иймд  шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

       Л.Э 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ш ХХК-н З.Б, Б.А нарт холбогдуулан нэхэмжлэл /хх1,14,19/ гаргаж, сахиулын нэг сарын цалин 192.000 төгрөг нийт 77 сарын цалин 14.784.000 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч Б.А /хх 11/, З.Б /хх 15/ нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

        Анхан шатны шүүх Шимт агро ХХК-с 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр 23-ны өдөр хүртэл хугацааны 6.624.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа, хариуцагч хуулийн этгээдийн нэрийг өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг нь хэвээр үлдээжээ.

       Хариуцагч гомдолдоо” .... нэхэмжлэгчийн буусан хашаа компанийн өмч болох нь  тогтоогдоогүй.... н.Батчулуун болон түүний эхнэр компанийг төлөөлөх эрхгүй... ямар нэг үнэ хөлс төлөлгүй амьдарч байсан... сахиул хийж байсан нь тогтоогдоогүй...  Л.Эийг хашаанд буух үед "Ш" ХХК үүсгэн байгуулагдаагүй байсан... компанитай хэзээ, ямар тохиролцоо хийсэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй... бусдын хашаанд хариу төлбөргүй амьдарч байсан байхад... шүүх  хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь хууль бус ...” гэжээ.

         Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг тодорхой бус бичсэн  байхад шүүх иргэн З.Б, Б.А нараас нэхэмжлэлийн талаар  хариу тайлбар  авч хуулийн этгээдээс төлбөр гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-г зөрчжээ. /хх 1,11,15,71/

        Түүнчлэн, Л.Э нь “нисэхийн” гэх  уг хашаанд амьдрахдаа тухайн эд хөрөнгийн  өмчлөгчтэй эсхүл эзэмшигчтэй тохиролцсоныг шүүх тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэснээс хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.  

       Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт нийцээгүй байна. 

      Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 460 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  заасныг баримтлан  хариуцагчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 120.934 төгрөгийг захирамжаар өмгөөлөгч Ө.Ө буцааж олгосугай.

 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ