| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00539/И |
| Дугаар | 585 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 585
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 109 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ61040935, Хар товорцог овогт Тогтохын Чулуунбаатарын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Чулуунбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 онд төрсөн. Би Увс аймгийн техник мэргэжлийн сургуулийн трактор, комбайны ангид суралцаж 1978 онд төгсөөд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд тракторчин хийж байгаад 1979 онд цэргийн албанд татагдан явсан. Цэргийн албанаас 1982 онд халагдаж ирээд 1982 оны 8 дугаар сараас Улаангом сумын Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр 1983 оны 3 дугаар сар хүртэл ажилласан. Дараа нь 1983 оны 4 дүгээр сараас 1985 он хүртэл Түргэн сумын Түргэн хоршоололд тракторчноор ажиллаж байгаад Түргэн хоршоолол татан буугдсанаар Түргэн сумын Социализмын зам нэгдэлд трактороо хүлээлгэж өгсөн. Ингээд 1985 оны 5 дугаар сарын 14-нөөс Увс аймгийн Ой агнуурын аж ахуйд шилжиж ирснээр Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 33 тоот тушаалааар ДТ-75 буюу гинжит түрдэг тракторын жолоочоор ажилд орсон. Дараа нь 1986 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 66 тоот тушаалаар мод бэлтгэлийн бригадад грушикаар ажиллах болсон. Улмаар 1987 онд Ой агнуурын аж ахуй, Ус цаг уурын газартай нэгдэж Байгаль хамгаалах газар болсноор миний бие байгаль хамгаалах газрын мэдэлд шилжсэн. 1988 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 01 дүгээр тушаалаар Ойн арчилгаа цэвэрлэгээний бригадын оосорлогчоор ажиллах болсон. Дараа нь 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 106 тоот тушаалаар универсаль тракторчноор ажиллаж байгаад 1995 оны 9 дүгээр сард трактороо хүлээлгэж өгөөд, Зил-130 машин барьж байгаад 1998 онд Ойн аж ахуй хувьчлагдах хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байсан талаарх баримт болох хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн учраас нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох боломжгүй гэж үзсэн. Мөн аймгийн архивын тасгаас дээрх хугацаанд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт олдохгүй байна. Иймд миний 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сар хүртэл, 1982-1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ч.Энхээ, Х.Цэвгээ нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Чулуунбаатар нь 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сар хүртэл, 1982 оноос 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэл болон Түргэн сумын Түргэн хоршоололд тракторчнаар, Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр, Ой агнуурын аж ахуй болон Байгаль орчныг хамгаалах газарт тракторчин, грушик, оосорлогчоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 270 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Ойн аж ахуйн 1978-1994 оны цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Тогтох овогтой Чулуунбаатарын цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалд: “Доор нэр дурдсан хүмүүсийг албан томилолтыг нь үндэслэн нэгдэлд тракторчнаар томилж 7 дугаар сарын 06-наас эхлэн ажиллуулсугай. Үүнд: Тогтохын Чулуунбаатар” гэжээ.
Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаар “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Цэргийн албанд нас, бие тэнцэн явж байгаатай холбогдуулан доорх хүмүүсийг 6 дугаар сарын 23-наас эхлэн чөлөөлсүгэй. Үүнд: Тогтохын Чулуунбаатар-тракторчин” гэжээ.
Барилга угсралтын 4 дүгээр трестийн даргын тушаалын хуулбарт: “Тогтох овогтой Чулуунбаатарыг 1982 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өрлөгчнөөр ажилд авсан” гэжээ.
Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргын 1985 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Түргэн хоршооллоос шилжиж ирсэн тракторын жолоочоор ажиллаж байсан Тогтох овогтой Чулуунбаатарыг өөрийн хүсэлтийг үндэслэн 1985 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тракторчны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.
Увс аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн 1985 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 344 дугаар “Ажилд шилжүүлэх мэдэгдэл”-д: “Улаангом сумын 1489607 дугаартай паспорттай Тогтох овогтой Чулуунбаатарыг Ой агнуурын аж ахуйд 1985 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажилчнаар ажиллуулахаар шилжүүлэв” гэжээ.
Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар “Тракторчин ажиллуулах тухай” тушаалд: “Тогтох овогтой Чулуунбаатарыг 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ДТ-75, түрдэг тракторын жолоочоор ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1986 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “...ДТ-75 тракторын жолооч Т.Чулуунбаатарыг 1986 оны 9 дүгээр сарын 15-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар “Ажилчин албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Тогтох овогтой Чулуунбаатарыг 1987 оны 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж байгаль хамгаалах газрын мэдэлд шилжүүлэв” гэжээ.
Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр “Ажилчин албан хаагчдыг ажилд авах тухай” тушаалд: “Тогтох овогтой Чулуунбаатарыг 1988 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн оосорлогчоор авч хийснээр цалин олгохыг санхүүд зөвшөөрсүгэй” гэжээ.
Ой ангийн аж ахуйн ойн арчилгаа цэвэрлэгээний бригадын оосорлогч Тогтох овогтой Чулуунбаатарын ажил байдлын тодорхойлолт, анкет, таван жилийн төлөвлөгөөт ажлын үзүүлэлт, тракторчин Т.Чулуунбаатартай байгуулсан түрээсийн гэрээнүүд хэрэгт авагджээ.
Түүнчлэн Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар “Ажил өөрчлөх тухай” тушаалд: “Т.Чулуунбаатарыг 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тракторчнаар ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Ой, ангийн аж ахуйн даргын 1994 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаар “Ажлаас чөлөлөх тухай” тушаалд: “Увс аймгийн Засаг даргын 179 дүгээр захирамжаар байгууллага татан буугдаж байгаа тул Тогтох овогтой Чулуунбаатарыг 1994 оны 11 дүгээр сарын 18-наар тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.
Увс аймгийн Ой, ангийн аж ахуйн даргын 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “Тогтох овогтой Чулуунбаатарыг 1994 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн тракторын жолоочоор томилон ажиллуулсугай” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Х.Цэвгээ, Ч.Энхээ нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Х.Цэвгээгийн “Миний бие 1980 оноос 1983 он хүртэл Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн мод үржүүлгийн талбайд инженерээр ажиллаж байсан ба 1983 оноос 1990 он хүртэл Улаан толгойн чацарганы аж ахуйд ерөнхий агрономичаар, 1990 оноос 1996 он хүртэл Ой агнуурын аж ахуйд дахин талбайн инженерээр ажиллаж байсан. Намайг буцаад Ой агнуурын аж ахуйд талбайн инженерээр ажиллах үед Т.Чулуунбаатар нь тус байгууллагад тракторын жолооч, мод бэлтгэлийн бригадад грушик зэрэг ажлуудыг хийдэг байсан. Т.Чулуунбаатар нь чиргүүлтэй трактор, уулын буюу мод цагаалдаг трактор, шанагат трактор зэргийг барьдаг байсан ба чулуу, хайрга, модыг ачиж, зөөх гээд трактороор хийж болох бүхий л ажлуудыг хийдэг байсан. Мөн ачигч хийж байсан ба бэлтгэсэн модыг мод үржүүлгийн газарт хүргэж өгдөг байсан. Тухайн үед тракторын жолооч нь хүнд хортой нөхцөлд хамаардаг байсан. Намайг ажиллаж байх үед Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргаар Гэндэнжав, Ахатхаан, Мажиг, Шагдар, Доржготов гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ч.Энхээгийн “Миний бие нь 1985 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Ой агнуурын аж ахуйд ойжуулагч, мод бэлтгэлийн бригадын дарга, талбайн техникчээр ажиллаж байсан. Т.Чулуунбаатар бид хоёр Увс аймгийн Ой агнуурын аж ахуйд 1985 онд хамт ажилд орж байсан бөгөөд Т.Чулуунбаатар нь 1985-1994 оны хооронд тракторын жолооч, мод бэлтгэлийн бригадын оосорлогч, грушикаар ажиллаж байсан. Тухайн үед Увс аймгийн Ой агнуурын аж ахуй бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж 1987 онд Модны үйлдвэртэй нэгдэн, 1988 оноос Ус цаг уурын газартай нэгдэж Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газар нэртэй болсон ба 1990 оноос Ой ангийн аж ахуй нэртэй болсон. Намайг 1994 онд ажлаас гарах үед Т.Чулуунбаатар нь тус аж ахуйд ажиллаад үлдсэн” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Т.Чулуунбаатар нь 1998 он хүртэл Ой, ангийн аж ахуйд тракторчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Ой, ангийн аж ахуйн даргын 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, гэрч Х.Цэвгээ, Ч.Энхээ нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь 1994 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Т.Чулуунбаатар нь 1978 оны 7 дугаар сарын 06-наас 1979 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 1982 оны 8 дугаар сарын 19-нөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэл болон Түргэн сумын Түргэн хоршоололд тракторчнаар, Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр, Ой агнуурын аж ахуй болон Байгаль орчныг хамгаалах газарт тракторчин, грушик, оосорлогчоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар “Зарим хүмүүсийг ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1979 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаар “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Барилга угсралтын 4 дүгээр трестийн даргын тушаалын хуулбар, Түргэн сумын Социализмын зам нэгдлийн даргын 1985 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн 1985 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 344 дугаар “Ажилд шилжүүлэх мэдэгдэл”, Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар “Тракторчин ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1986 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар “Ажилчин албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр “Ажилчин албан хаагчдыг ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар “Ажил өөрчлөх тухай” тушаал, Увс аймгийн Ой, ангийн аж ахуйн даргын 1994 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаар “Ажлаас чөлөлөх тухай” тушаал, Увс аймгийн Ой, ангийн аж ахуйн даргын 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Т.Чулуунбаатарын ажил байдлын тодорхойлолт, анкет, таван жилийн төлөвлөгөөт ажлын үзүүлэлт, түрээсийн гэрээ, гэрч Х.Цэвгээ, Ч.Энхээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Чулуунбаатарын хүсэлтийг хангаж, түүний 1978 оны 7 дугаар сарын 06-наас 1979 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд тракторчнаар 11 сар 17 хоног, 1982 оны 8 дугаар сарын 19-нөөс 1983 оны 3 дугаар сарыг дуустал Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр 7 сар 11 хоног, 1983 оны 4 дүгээр сараас 1985 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Түргэн сумын Түргэн хоршоололд тракторчнаар 2 жил 2 хоног, Ой агнуурын аж ахуйд 1985 оны 5 дугаар сарын 16-наас 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторчнаар 1 жил 3 сар 29 хоног, 1986 оны 9 дүгээр сарын 15-наас 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл грушикаар 1 жил 3 сар 16 хоног, 1988 оны 1 дүгээр сарын 01-нээс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Байгаль орчныг хамгаалах газарт оосорлогчоор 2 жил 5 сар, 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1994 оныг дуустал Байгаль орчныг хамгаалах газар болон Ой, ангийн аж ахуйд тракторчнаар 4 жил 7 сар, нийт 13 жил 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Чулуунбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1692 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь “шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Хар товорцог овогт Тогтохын Чулуунбаатарын 1978 оны 7 дугаар сарын 06-наас 1979 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд тракторчнаар 11 сар 17 хоног, 1982 оны 8 дугаар сарын 19-нөөс 1983 оны 3 дугаар сарыг дуустал Барилга угсралтын трестэд өрлөгчнөөр 7 сар 11 хоног, 1983 оны 4 дүгээр сараас 1985 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Түргэн сумын Түргэн хоршоололд тракторчнаар 2 жил 2 хоног, Ой агнуурын аж ахуйд 1985 оны 5 дугаар сарын 16-наас 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тракторчнаар 1 жил 3 сар 29 хоног, 1986 оны 9 дүгээр сарын 15-наас 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл грушикаар 1 жил 3 сар 16 хоног, 1988 оны 1 дүгээр сарын 01-нээс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Байгаль орчныг хамгаалах газарт оосорлогчоор 2 жил 5 сар, 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1994 оныг дуустал Байгаль орчныг хамгаалах газар болон Ой, ангийн аж ахуйд тракторчнаар 4 жил 7 сар, нийт 13 /арван гурав/ жил 15 /арван тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Чулуунбаатар нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ