Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 0899

 

 

 

 

 

 

                                      

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: П.Болормаа

хохирогч: Ө.Х

шүүгдэгч: Б.Ү  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Ц овогт Б Ү  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906021850980  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Б Ү, 19 оны 3 дугаар  сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй,  ХХК-д хамгаалалтын албаны дарга ажилтай, ам  бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Ү нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө.Х маргалдаж түүний хүзүүн тус газарт нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч   Б.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

          Хохирогч Ө.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 00.02 цаг өнгөрч байхад Буянгийн зам дээрх баарны үүдэн дээр такси дуудлага өгөхөөр нь очиход 4 залуу суусан. Эхлээд захын тэнд Ахмадын хороолол орж хүн авна гэж хэлсэн. Тэгээд урд замаараа явна гэтэл шүүгдэгч намайг доромжилж шороон замаар явна гээд байсан. Тэгээд би ер нь эвгүй хүмүүс байна гэж мэдрээд харанхуй замаар явахгүй гэж хэлээд маргаж эхэлсэн. Тэгээд цагдаа дуудахад 40-50 минутын дараа ирсэн. Намайг эхлээд машин дотор боосон, гарч ирэхэд дахин нэг боосон. Намайг түлхэх үед замын хайс тээглээд унахдаа машины карлан мөргөж, унах үед куртикны тохой зулгарсан. Намайг компьютерт томогафикт харуулах шаардлагатай гэж хэлсэн. Хүн боолтоос болж сүүлд нь эмгэг илэрдэг гэж хэлсэн боловч надад мөнгө байгаагүй тул үзүүлж чадаагүй гэв.

        Шүүгдэгч  Б.Ү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр болоод би найз О, С, Б нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэг бааранд орсон. Баарнаас гараад такси дуудсан. Манай гэр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр захын ард Нарт хороололд байдаг юм. Би таксины урд суудал дээр суугаад явж байсан. Тэгээд халдвартын уулзвар дөхөөд би чигээрээ явчих гэтэл жолооч шороон замаар явахгүй гэсэн. Тэгээд замын асуудлаас болоод бид нар маргаж манай найзууд таксинаас буусан. Би жолоочтой заамдалцаад автал С ирж салгасан. Бид гурав салах гэж байхдаа гурвуулаа унасан. Гэтэл Октябрь, Батзориг хоёр ирж бид 3-ыг босгосон. Тэгтэл таксины жолооч чи миний машины урд гупер эвдчихлээ цагдаа дуудна гэхээр нь би дууд гэсэн. Би таксины жолоочийг түлхэж цохисон зүйл болоогүй. Жолоочтой заамдалцаад байж байхад С ирж салгасан. С салгаж байхад бид гурав гурвуулаа газар унасан өөр асуудал гараагүй гэжээ. /хх-ийн 13/

         Хохирогч Ө.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 30-ны шөнө 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Халдварын уулзвар дээр дуудлагаар таксинд явж байхад буюу 4 залууд үйлчилж байхад шороон замаар явахгүй чигээрээ явна гэхэд чи миний заасан замаар явна өөр хэний заасан замаар явах гээд байгаа юм гээд хэл амаар доромжлоод араас нэг залуу нь хоолой боохоор нь машинаа зогсоогоод цагдаа дуудаж байтал намайг боосон залуу ирээд чи цагдаа дууддаг хэн бэ гээд дахин боосон. Би унахдаа машины кирло мөргөөд унасан. Нэг залуу нь надтай маргалдаад нэг залуу нь салгах гээд нөгөө 2 нь хараад зогсож байсан гэжээ.  / хх-н 4-10/          

          Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 30-ний шөнө би найз Ү, С, З нарын хамт М гэх бааранд үйлчлүүлж байгаад гэртээ харих болоод бид нар такси дуудсан. Бид нар баарны гаднаас дуудлагын таксинд суугаад эхлээд Ү гэрлүүгээ буюу Өгөөмөр рүү явж байсан. Тэгтэл халдвартын уулзвар дээр иртэл Ү чигээрээ явчих гэхэд таксины жолооч чигээрээ явахгүй наад зам чинь шороотой гээд урагшаа эргээд явган хүний гарцны орчим зогссон. Тэгтэл Ү урдуураа явахад бас шороон замтай би гэрээ мэдэж байна чигээрээ явчих гээд ширүүхэн хэлтэл явахгүй та нар бууцгаа гэсэн. Ү машины хойд суудлаас буугаад таксины жолоочийг чи яасан овоо юм бэ гээд машинаас заамдаад гаргасан. Тэгтэл жолооч нь мөн харилцан заамдалцсан. С тэр хоёрыг салгах гэж байхдаа тэр 3 гурвуулаа газар унасан. Тэгээд тэд нарыг салгасан. Гэтэл жолооч одоо цагдаа дуудлаа гээд байсан. Цагдаа ирэхгүй байхаар нь би явсан гэжээ. /хх-н 15-17/

          Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 30-ний шөнө манай хэдэн найзууд бааранд орсон. Тэндээс гараад таксинд сууцгаасан. Эхлээд Ү хүргэх байсан. Тэгээд халдвартын уулзвар луу дөхөж байхад Нарантуулын араар чигээрээ орчих гэж Ү гэрээ зааж өгсөн. Гэтэл жолооч нь шороон замаар явахгүй гэсэн. Тэгээд шороон замаар явна явахгүй гээд маргаан үүссэн. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Үнэнбат таксины жолоочтой зууралдсан зогсож байсан. Бид нар салгасан. Жолооч залуу цагдаа дуудчихсан байсан. Өөр маргаан зодоон болоогүй. Бид нар бол ганцаараа явж байгаа хүнийг зодож дээрэлхэх хүмүүс биш  гэжээ. /хх-н 18-20/

         Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21,29/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4061 тоот дүгнэлт:

1.Ө.Х биед хүзүүний зулгаралт, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 23/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24-25,30-31/

           Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: /хх-н 27/ куртка, цамцыг нийтэд нь 134.400 төгрөгөөр үнэлжээ.

          Б.Ү иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 36 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 19/,

          Б.Ү хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 50/

          Б.Ү Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 43/, прокурорын тогтоол /хх-н 44-45/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-49/ зэрэг болно.

          Б.Ү нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө.Х маргалдаж түүний хүзүүн тус газарт нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...  Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4061 тоот дүгнэлтээр Ө.Х биед хүзүүний зулгаралт, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж тогтоожээ. /хх-н 23/

         Хохирогч Ө.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... 4 залууд үйлчилж байхад шороон замаар явахгүй чигээрээ явна гэхэд чи миний заасан замаар явна өөр хэний заасан замаар явах гээд байгаа юм гээд хэл амаар доромжлоод араас нэг залуу нь хоолой боохоор нь машинаа зогсоогоод цагдаа дуудаж байтал намайг боосон залуу ирээд чи цагдаа дууддаг хэн бэ гээд дахин боосон. Би унахдаа машины кирло мөргөөд унасан. Нэг залуу нь надтай маргалдаад нэг залуу нь салгах гээд нөгөө 2 нь хараад зогсож байсан гэсэн мэдүүлэг / хх-н 4-10/, гэрч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны үед өгөсөн ...халдвартын уулзвар дээр иртэл Үнэнбат чигээрээ явчих гэхэд таксины жолооч чигээрээ явахгүй наад зам чинь шороотой гээд урагшаа эргээд явган хүний гарцны орчим зогссон. Тэгтэл Үнэнбат урдуураа явахад бас шороон замтай би гэрээ мэдэж байна чигээрээ явчих гээд ширүүхэн хэлтэл явахгүй та нар бууцгаа гэсэн. Ү машины хойд суудлаас буугаад таксины жолоочийг чи яасан овоо юм бэ гээд машинаас заамдаад гаргасан. Тэгтэл жолооч нь мөн харилцан заамдалцсан. С тэр хоёрыг салгах гэж байхдаа тэр 3 гурвуулаа газар унасан гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/, гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Нарантуулын араар чигээрээ орчих гэж Ү гэрээ зааж өгсөн. Гэтэл жолооч нь шороон замаар явахгүй гэсэн. Тэгээд шороон замаар явна явахгүй гээд маргаан үүссэн. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Ү таксины жолоочтой зууралдсан зогсож байсан. Бид нар салгасан гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/, шүүгдэгч  Б.Ү мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... халдвартын уулзвар дөхөөд би чигээрээ явчих гэтэл жолооч шороон замаар явахгүй гэсэн. Тэгээд замын асуудлаас болоод бид нар маргаж манай найзууд таксинаас буусан. Би жолоочтой заамдалцаад автал С ирж салгасан. Бид гурав салах гэж байхдаа гурвуулаа унасан. Гэтэл О, Б хоёр ирж бид 3-ыг босгосон. Тэгтэл таксины жолооч чи миний машины урд гупер эвдчихлээ цагдаа дуудна гэхээр нь би дууд гэсэн. Би таксины жолоочийг түлхэж цохисон зүйл болоогүй. Жолоочтой заамдалцаад байж байхад С ирж салгасан. С салгаж байхад бид гурав гурвуулаа газар унасан өөр асуудал гараагүй гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Б.Ү холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

         Б.Ү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

         Хохирогч Ө.Х нь  такси үйлчилгээнд явдаг байсан, цохиулсанаас болоод явж чадаагүй хугацааны орлогоо нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.            

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Б Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Ү 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                             Б.Ү нь  торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ү нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Б.Ү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ү авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ү нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

8. Хохирогч Ө.Х нь ажилгүй байсан хугацааны зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ү авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН